Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 119/ШШ2026/0005

 

                                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “***” компани /Ерөнхий захирал ***/

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***

            Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо /дарга ***/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***, ***, ***

Гуравдагч этгээд: “***” ХХК /захирал ***/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***, ***,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: *** нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага:“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10885 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах”, “Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зөвлөмж, тэмдэглэлийн “***” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ХАХМ/20251063 дугаар “Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлт”-ийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “***” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10884 дугаар захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “***” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/15-10-0491 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч “***” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер болохыг тогтоолгох-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч Үнэлгээний хорооны дарга ***, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, ***, ***, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, ***, гуравдагч этгээдийн өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “***” компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарыг 22-ны өдрийн М-ДБ-112-12/10885 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зөвлөмж, тэмдэглэлийн “***” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ХАХМ/20251063 дугаар “Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлт”-ийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “***” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10884 дугаар захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “***” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/15-10-0491 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч “***” компанийн тендерийг хамгийн сайн тендер болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.  

2. Нэхэмжлэгч “***” компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас зарласан “Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг” нийлүүлэгчийг шалгаруулах тендер сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10885 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “***” компанийн ирүүлсэн тендерээс “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу шаардлага хангаагүй” гэж зааснаар татгалзсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн.   

***” компани нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан байх ба Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/9781 дугаартай албан бичгээр “Танай албан бичигт ерөнхий захирал ***ын гарын үсгийг эх хувиар хэрэглээгүй байх тул Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 2.4-т заасны дагуу гомдлыг буцааж байна” гэсэн хариу өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

3. Нэхэмжлэгч “***” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар зохион байгуулахаар зарласан ЭҮТӨҮГ/20250102440 дугаартай “Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг нийлүүлэх” тендерийн бараа худалдан авах тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 16.3-д “Гадаадын этгээд оролцох эрхтэй” гэж заасны дагуу Оросын Холбооны Улсын хуулийн этгээд болох *** компани материалаа явуулсан. Уг тендер нь Өрмийн машины сэлбэг хэрэгсэл, тодруулбап Оросын Холбооны Улсын *** үйлдвэрийн СБШ-250 МНА-32 загварын өрмийн машины 85 нэр төрлийн сэлбэг, эд анги нийлүүлэгчийг сонгон шалгаруулах зорилготой байсан. *** компани нь 2015 оноос хойш СБШ-250 МНА-32 өрмийн машин болон түүний сэлбэг эд анги, дагалдах хэрэгслийн үйлдвэрлэгч *** компанийн албан ёсны дилерээр ажилладагын хувьд СБШ-250 МНА-32 өрмийн машины бүх сэлбэг эд анги, дагалдах хэрэгслийг *** үйлдвэрлэгчээс шууд худалдан авах эрхтэй төдийгүй өөр бусад үйлдвэрлэгч нараас ч энэ төрлийн сэлбэг, хэрэгсэл, эд ангиудыг авч, харилцагч байгууллага, хэрэглэгчдэд нийлүүлэх бүрэн боломжтой тендер шалгаруулалтад дурдсан шаардлагыг хамгийн сайн хангах компанийн нэг юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102440 дугаартай тендерийн төсөвт өртөг нь 6,426,955,302 төгрөг байсан бөгөөд бидний хувьд худалдан авах ажиллагаанд хамгийн бага үнийн саналыг буюу 4,834,996,032 төгрөгийн санал хүргүүлсэн. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн М-ДБ-112-12/10424 тоот мэдэгдэлдээ:

“***” компани нь ТШЗ 20.1-ийн шаардлага хангахгүй буюу тодруулбал, Захиалагчийн шаардсан Автомат iЕк ВА47-100 бараанд холбогдох үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон гэрээт борлуулагчийн зөвшөөрлийн аль нэгийг ирүүлээгүй тул шаардлагад нийцээгүй хэмээж, уг тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн тендер ирээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасны дагуу тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах болсныг мэдэгдсэн билээ. Нэхэмжлэгч уг мэдэгдлийг эс хүлээн зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан. Гомдлын хариу болгон Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02/9261 тоот албан бичгээр Орос хэл дээрх баримтын орчуулгыг хавсаргаагүй, гомдолд гарын үсэг зурсан этгээд нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх тодорхойгүй гэх үндэслэлээр буцааж шийдвэрлэсэн.

Энэ хугацаанд тендерт оролцогч нөгөө хуулийн этгээд болох “***" ХХК нь Сангийн яаманд захиалагчийн мэдэгдэлтэй холбогдуулан гомдол гаргасан ба Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02/9416 дугаартай захиргааны актаар “***" ХХК-д ашигтай байдлаар шийдвэрлэж, улмаар “***” ХХК нь тендерт шалгарч, гэрээ байгуулсан үйл баримт тогтоогддог. Улмаар “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр М-ДБ-112-12/10885 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актаар нэхэмжлэгчийн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.

ТШЗ 20.1-ийн шаардлага хангахгүй, захиалагчийн шаардсан Автомат iЕк ВА47-100 бараанд холбогдох үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон гэрээт борлуулагчийн зөвшөөрлийн аль нэгийг ирүүлээгүй гэж үзсэн. Нэхэмжлэгч байгууллагаас тендерийн материалд *** компани нь 2015 оноос хойш СБШ-250 МНА-32 өрмийн машин болон түүний сэлбэг эд анги дагалдах хэрэгслийн үйлдвэрлэгч *** компанийн албан ёсны дилерээр ажилладагын хувьд СБШ-250 МНА-32 өрмийн машины бүх сэлбэг эд анги, дагалдах хэрэгслийг *** үйлдвэрлэгчээс шууд худалдан авах эрхтэй төдийгүй өөр бусад үйлдвэрлэгч нараас ч энэ төрлийн болон тендерт дурдсан сэлбэг, хэрэгсэл, эд ангиудыг авч, харилцагч байгууллага, хэрэглэгчдэд нийлүүлэх бүрэн боломжтойг албан бичгээр илэрхийлсэн.

Тендерээс татгалзах үндэслэл болсон Автомат iЕк ВА47-100 сэлбэг нь хүчний шугамыг богино залгаа ба хэт ачааллаас хамгаалах зорилгоор ашигладаг автомат салгуур, гал хамгаалагч юм. !Ек брэндийн ВА47-29 хамгаалан таслах төхөөрөмжүүд нь дотроо ВА47-29, ВА47-60, ВА47-100 гэсэн төрлүүдээр үйлдвэрлэгддэг бөгөөд цахилгааны тоноглол эдгээр нь бөөний болон жижиглэнгийн худалдааны цэгүүд, онлайн, худалдааны платформуудаар дамжуулан чөлөөтэй худалдаалагддаг, их хэмжээгээр үйлдвэрлэдэг өргөн хэрэглээний зах зээлд түгээмэл худалдан борлуулагддаг сэлбэг хэрэгсэл мөн. Нэхэмжлэгчийн албан ёсны дилерээр нь ажилладаг *** үйлдвэрлэгч нь ВА47-100 автоматыг бусад сэлбэг эд ангийн хамтаар захиалсан тоо хэмжээ, техникийн үзүүлэлт, шаардлагын дагуу нийлүүлэх үүргийг хүлээж, өөрийн итгэмжлэлд хамруулсан болно.

“***” компанийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр М-ДБ-112-12/10885 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг эс зөвшөөрч, Монгол Улсын Сангийн яаманд 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргахад Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/9781 тоот албан бичгээр Ерөнхий захирал *** гарын үсгийг эх хувиар хэрэглээгүй гэх үндэслэлээр гомдлыг хянан шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч Оросын Холбооны Улсын “***” компанийн зүгээс дээрх албан бичгийг Монгол Улсын Сангийн яамнаас шуудангаар 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Оросын Холбооны Улс, Санкт-Петербург рүү илгээснийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч шүүхэд хандаж байгаа болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”-оор заасан. Гэтэл тендерт шалгарсан “***” ХХК нь 6,157,000,000 төгрөгийн санал буюу бусад оролцогч байгууллагуудаас илт зөрүүтэй, хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн. Мөн Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд “***” ХХК-ийн Тендерийн баримт бичгийг байршуулсан байсан бөгөөд тэдгээр бичиг баримт дотор “Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг нийлүүлэх *** компаниас 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгээр Ерөнхий захирал *** нь “Монгол Улсын “***”ХХК-д СБШ машинд зориулсан сэлбэг, хэрэгсэл нийлүүлэх тендерт оролцох, цаашид гэрээ байгуулах үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг өгч байгаа" гэх агуулгатай хуурамч нотлох баримтыг хавсарган ирүүлсэн байхад “***” ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулахаар болсныг бидний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Энэ албан бичигт гарын үсэг зурсан гэх Ерөнхий захирал *** нь *** компанид ажиллахаа больсон бөгөөд *** компани нь “ООО УК ***” нэртэй болж өөрчлөн байгуулагдсан ба “***” ХХК-ийн тендерийн баримт бичигт хавсарган өгсөн албан бланкийг ашигладаггүй. Бид энэхүү компанитай байнгын бизнесийн харилцаатай ажилладагын хувьд “***” ХХК нь хуурамч мэдэгдэл ирүүлснийг ийнхүү мэдсэн. Тиймээс тендерт шалгарсан “***” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.3-т “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Захиалагчийн шаардлагын 18.1.2.2-т Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээ, баримтыг шаардсан. 18.1.2.2.3-т “Ижил төстэй гэдэгт Өрмийн машины сэлбэг нийлүүлж байсныг ойлгоно" гэж заасан. “***" ХХК-иас ирүүлсэн тендерийн баримт бичгийн Ижил төстэй ажлууд гэх V бүлэгт “***” ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг, хэрэгсэл нийлүүлэх гэрээ”-г хавсаргасан. Уг гэрээний хавсралт 33 нэр төрлийн сэлбэг, хэрэгсэл, эд ангиуд дотор тендерийн гол Өрмийн машины сэлбэг, эд ангид хамаарах сэлбэг, хэрэгсэл байхгүй.

Захиалагчийн шаардлагын 17.5-д “Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ” гэж заасан. Техникийн тодорхойлолтод заасан харьцуулах хүснэгт дээр захиалагчийн техникийн тодорхойлолтыг хуулахгүй байхыг анхааруулсан болно. “***” ХХК-ийн хувьд захиалагчийн өгөгдлийг нэг бүрчлэн хуулбарласан бөгөөд хүснэгтийн Тайлбар хэсгийг орхигдуулж, тодруулбал нотлох баримт бичиг танилцуулгыг хавсаргаж ирүүлээгүй.

Мөн “***” ХХК-ийн техникийн тодорхойлолтын 2-6, 9-12, 14-36, 38, 39, 41-43, 45, 48- 51, 53, 54, 58-60, 62, 64-68, 84, 85 дугаартай хүснэгтэд *** үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг санал болгосон боловч үйлдвэрлэгчээс зөвшөөрөл аваагүй тул “***” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл “***” ХХК нь Захиалагчийн тавьсан Чадавхын болон туршлагын шаардлага, Техникийн чадавхи болон туршлагын шаардлагыг шаардлагыг хангаагүй. Захиалагчийн тендерийн баримт бичигт заасан *** үйлдвэрээс нийлүүлэх дийлэнх сэлбэг, хэрэгсэл, эд ангийг нийлүүлэх бодит боломжгүй байгаа юм.

Нэхэмжлэгч тендерт 4,834,996,032,000 төгрөг буюу хамгийн бага үнэ санал болгосон байхад тендерт шалгарсан “***" ХХК нь 6,157,000,000 төгрөгийн үнийн саналыг ирүүлсэн буюу биднээс даруй 1,322,003,968 төгрөгөөр өндөр үнийн санал ирүүлсэн байдаг. Улмаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална", 25.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгоно", 26.4.1-д “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан эсэх”-ийг хянах, 26.4.4-д “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан эсэх”-ийг хянана. 26.10.3-т “тендер шалгаруулалтын баримт бичигт... мэдэгдлийг үнэн зөвөөр гаргаагүй тохиолдолд шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана” гэж заасныг тус тус зөрчсөн.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан хуульд үндэслэх, үр нөлөөтэй байх зарчимд нийцээгүй. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.5-д “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д заснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ” гэж заасан.

Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер хянан үзэх нийтлэг журам"-ын 10.5-д “Тендерийн харьцуулах үнийг тодорхойлсоны дараа хуулийн 27.5, 27.6-ийн аль тохирохыг үндэслэн эрэмбэлнэ” гэж тус тус зохицуулсан. Нэхэмжлэгч “***” компанийн тендер хамгийн бага үнийн санал илгээсэн, ЭҮТӨҮГ/20250102440 дугаартай тендерт заасан *** компанийн албан ёсны дилер болохын хувьд хамгийн сайн тендер гэж үзэх бүрэн боломжтой байсан.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр М-ДБ-112-12/10885 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актад биднийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу ТШЗ 20.1-ийн шаардлага хангахгүй, захиалагчийн шаардсан Автомат iЕк ВА47-100 бараанд холбогдох үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон гэрээт борлуулагчийн зөвшөөрлийн аль нэгийг ирүүлээгүй гэсэн боловч бид холбогдох баримт бичгүүдийг хавсарган хүргүүлсэн байсан. Захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102440 дугаартай тендер шалгаруулалтын баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн 20.1-д Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэх эсэх дээр Захиалагч дараах шаардлагыг шалгуур болгосон.

Тодруулбал,

Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл:

1.1. Оролцогч нь үйлдвэрлэгч бол нотлох баримтыг ирүүлнэ (нотлох баримт гэдэгт албан ёсны цахим хуудас, компанийн танилцуулга эсхүл тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон баримтыг ойлгоно).

1.2. Оролцогч нь үйлдвэрлэгчээс зөвшөөрөл авсан бол үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ.

Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл гэдэгт дараах баримтуудын аль нэг нь байж болно. Үүнд: албан бичиг, хамтын ажиллагааны гэрээ, бусад нотлох баримт,

1.3. Оролцогч нь үйлдвэрлэгчийг төлөөлөх албан ёсны этгээд бол дараах нотлох баримтыг ирүүлнэ (нотлох баримт гэдэгт албан ёсны цахим хуүдас, эсхүл тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон баримт (албан бичиг эсхүл гэрээ)-ыг ойлгоно).

1.4. Оролцогч нь үйлдвэрлэгчийг төлөөлөх албан ёсны эрхтэй этгээдээс зөвшөөрөл авсан бол дараах нотлох баримтыг ирүүлнэ (Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл олгох албан ёсны эрхтэй болохыг нотлох Компанийн дүрэм эсхүл Улсын бүртгэлийн гэрчилгээ эсхүл албан бичгийг ойлгоно).

Борлуулагчийн зөвшөөрөл: Оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчаас зөвшөөрөл авсан бол дараах нотлох баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ. Үүнд:

2.1. Гэрээт борлуулагч нь үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан ёсны гэрээт борлуулагчийн гэрчилгээний хуулбар эсхүл албан бичиг,

2.2. Оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан бичиг гэж тодорхой, ойлгомжтой тусгасан. Бид дээрх шаардлагыг хангаж, тендерийн баримт бичгийг бүрдүүлсэн билээ.

Өөрөөр хэлбэл тендер шалгаруулалтын зааварчилгаанд 85 нэр төрлийн сэлбэг, эд анги тус бүрд үйлдвэрлэгчийн итгэмжлэл ирүүлэхийг шаардаагүй бөгөөд тус тендерт дурдсан нийт бараанд “***" үйлдвэрлэгчийн итгэмжлэл үйлчлэх болохыг онцгойлон үзэж хавсаргасан. Автомат ВА47-100 барааны хувьд мөн л Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг”-т хамаарах, тухайн багцад багтаж байгаа тул тендерийн материалд ирүүлсэн *** үйлдвэрлэгчийн итгэмжлэл үйлчилнэ. Гэтэл тендерт гомдол гарган шалгарсан “***” ХХК нь манай албан ёсны дилерээр нь ажилладаг Оросын Холбооны Улсын *** компанийн баримт бичгийг хуурамчаар үйлдэн энэ шаардлагад нийцсэн гэж нотлох баримтаар гарган өгчээ. “***” ХХК нь хууль, хуульчилсан актад заасан үүргээ зөрчиж хууль бусаар тендер сонгон шалгаруулалтад оролцон, бусад оролцогчдоос хамгийн өндөр үнийн санал өгсөн байхад “***” ХХК-ийг шалгаруулсан нь захиргааны үйл ажиллагаа үр нөлөөтэй, үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Захиалагч захиргааны байгууллагын шийдвэрээр нэхэмжлэгч гадаад улсын хуулийн этгээд сонгон шалгаруулалтад оролцох, шалгарч гэрээ байгуулах хуулиар олгогдсон ашиг сонирхол хөндсөн.

Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-2/10885 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.

Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02/9416 тоот албан бичгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн М-ДБ-112-12/10426 тоот албан бичгийг хүчингүй болгож, улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2-т зааснаар тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг захиалагчид мэдэгдсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар тендерийг үнэлэх, хянан үзэх эрх зөвхөн захиалагч, үнэлгээний хороонд байдаг. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102440 дугаартай Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг нийлүүлэх тендерийн Үнэлгээний хороо нь 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дахин үнэлгээ хийхдээ Тендер ирүүлсэн 3 компанийн материалыг дахин үнэлэх 3 компани тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан эсэх талаар зөвлөмж гаргах эрхээ бодитоор хэрэгжүүлээгүй. Зөвхөн Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн “***” ХХК-ийн тендерийн материалын талаар хэлэлцэн, шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2-т “тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх” 50 дугаар зүйлийн 50.10.”Үнэлгээний хорооны дарга үнэлгээний хорооны үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах...” гэж заасныг тус тус зөрчсөн.

Тухайлбал “***” ХХК нь Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагын 66 дахь хүснэгтэд заасан Шүүрний нарийн ноосон эд анги /Эсгий/ СБШ 250-г нийлүүлэх эсвэл түүнтэй дүйцэх эд ангийг нийлүүлэх гэж байна уу гэдэг саналаа тендер ирүүлэхдээ тодорхой илэрхийлэх ёстой байтал “***” ХХК нь Шүүрний нарийн ноосон эд анги /Эсгий/ СБШ 250-г нийлүүлэх үү эсвэл түүнтэй дүйцэх өөр үйлдвэрийн эд ангийг нийлүүлэх үү гэдэгт тодорхой хариулт өгөөгүй. Өөрөөр хэлбэл Тендерийн тодорхойлолтод заасан ямар төрлийн эд ангийг захиалагчид нийлүүлэх гэж байгаагаа, хоёрдмол санаагүйгээр ойлгомжтой илэрхийлээгүй.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон уг тендерийн Үнэлгээний хороо энэ асуудлыг тодруулах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана”; мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “Тендер хянан үзэх, үнэлэхэд энэ хуульд заасан үндэслэлээр холбогдох этгээдээс тодруулга авах шаардлагатай гэж үзвэл үнэлгээний хорооны хурлыг хойшлуулж болно”, Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журмын 4.1-т “Хуулийн 51.4-т заасан үндэслэлээр үнэлгээний хорооны хурлыг  хойшлуулсан бол холбогдох тодруулга авах хүсэлтийг холбогдох этгээдэд яаралтай хүргүүлж, хариу авна” гэж хууль тогтоомжид заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл “***” ХХК-иас тодруулга авалгүйгээр өөрсдийн санаачлагаар тендерт ирүүлсэн баримтыг шаардлага хангасан гэж үзэж, цаашид байгуулах гэрээндээ Шүүрний нарийн ноосон эд анги /Эсгий/ СБШ 250 гэж оруулахаар болсон үндэслэлгүй байна.

Захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т “үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих” гэж заасныг зөрчсөн.

Мөн “***” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасан шаардлагыг хангаагүй байхад шалгаруулж, гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн. Тодруулбал захиалагч тендерийн баримт бичгийг батлах эрхтэй ба ЭҮТӨҮГ/20250102440 дугаартай “Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг нийлүүлэх” тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн 18.1.2-т “Оролцогчид техникийн болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан байх ёстой” гэжээ. Улмаар 18.1.2.2-т “Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлагад 2022-2024 оны аль нэг жилд ижил төстэй бараа нийлүүлсэн бөгөөд тухайн бараа нь оролцогчийн тендерт оролцогчийн санал болгож байгаа үнийн дүнгийн 45 хувиас багагүй байна” гэж тусгасан.

Уг туршлагыг ижил төстэй гэрээ гэдэгт Өрмийн машины сэлбэг нийлүүлэх гэрээ байна гэж заасан. Гэтэл “***” ХХК-ийн гэрээний туршлагыг нотлох үүднээс ирүүлсэн гэрээ нь “***” ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх гэрээ” гэх нэртэй. Энэ гэрээний дагуу нийлүүлсэн сэлбэг хэрэгсэл нь тендерт дурдсан Өрмийн машины сэлбэг хэрэгсэлээс өөр сэлбэг хэрэгсэл байна. Иймд Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зөвлөмж, тэмдэглэлийн “***" ХХК-ийг хамгийн сайн тендер гэж шалгаруулсан хэсэг, уг зөвлөмжийг хянасан Захиалагчийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ХАХМ/20251063 дугаар Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлт”, дээрх зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн гаргасан 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112/12/10884 дугаар захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож өгнө үү.

Захиалагчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-БД-112/12/10884 дугаар хууль бус захиргааны актыг үндэслэн байгуулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/15-10-0491 дугаартай “Худалдах-худалдан авах тухай” гэрээ нь хууль бус тендер зохион байгуулалтын үндсэн дээр байгуулагдсан тул мөн гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-т “захиалагчийн энэ хуульд заасан бусад зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн буюу Захиалагч тендерийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 17 дугаар зүйлийн 17.4, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.4.2, 48 дугаар зүйлийн 48.2.3-т заасныг тус тус зөрчсөний улмаас талуудын хооронд байгуулагдсан гэрээ илт хууль бус болсон. Иймд шүүхээс 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн захиргааны гэрээг хууль тогтоомж зөрчсөн илт хууль бус гэрээ болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч ОХУ-ын “***” ХХК-ийн тендер нь хамгийн бага үнийг санал болгосон Тендерийн баримт бичигт заасан бүх шаардлагыг хангасан. Энэ тендер нь Тэсэлгээний цооногийн Өрмийн машины сэлбэг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах зорилготой. Бид өрмийн машины анхны үйлдвэрлэгч болох ***аас итгэмжлэл авч оролцож байгаа. Тендер нь өрөмдлөгийн машины сэлбэг хэрэгслийн хувьд зориулагдсан бөгөөд тендерийн техникийн тодорхойлолтод жагсаасан зүйлийг өрөмдлөгийн машины өөрийн бүрэлдэхүүн хэсэг гэж үзэх ёстой бөгөөд тусдаа зүйл биш юм. Тиймээс зөвхөн тоног төхөөрөмжийг хөгжүүлэгч, үйлдвэрлэгч *** нь нийлүүлсэн сэлбэг хэрэгслийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжид тохирох эсэхийг баталгаажуулж чадна. Тиймээс тоног төхөөрөмж үйлдвэрлэгчээс сэлбэг хэрэгсэл нийлүүлэх итгэмжлэл нь iЕк ВА-47-100 цахилгаан салгуурт бүрэн хамаарна. Иймд “***” компанийн тендерийг хамгийн сайн тендер болохыг тогтоолгоно.

“Нэхэмжлэл гаргах болсон шалтгаан бол *** компани нь манай хамтарч бизнес эрхэлдэг, бие биенээ сайн мэддэг компани байгаа. Гэтэл өмнө ажиллаж байсан Забота гэдэг хүний гарын үсэгтэй үйлдвэрлэгийн зөвшөөрөл байсан. Захиалагч нотлох баримтын үнэн зөв эсэхийг нягтлах үүрэг хүлээдэггүй гэж байна. Үнэн зөвөөр шийдвэр гаргах үүрэг хүлээж байгаа, Тендерийг хянан үзэх эрх зөвхөн захиалагч болон Үнэлгээний хороонд байгаа. Тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага хангаагүй гэж үзэж захиалагчаас татгалзах боломжийг тендерийн тухай хуулиар олгосон. Хуулийн гол зорилго бол ил тод, үр ашигтайгаар, нээлттэйгээр тендер шалгаруулах юм. Гэтэл хуурамч баримт бүрдүүлээд оролцож байхад би нотлох үүрэг хүлээгээгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Захиалагч талаас өөрөө шалгах боломжтой. Албан бичгээр хүсэлт лавлагаа авах эрх нь байгаа. Энэ эрхээ хэрэгжүүлэх боломж байгаа. 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэлд гомдол гаргаагүй гээд байгаа. Сангийн яам “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрыг дахиад тендерээ үнэл гээд өмнөх шийдвэрийг хүчингүй болгоод явуулсан. Энэ нь дахиж шийдвэр гаргаж болохгүй гэдэг агуулга биш. Дахиж хийгээрэй гэж даалгаж байгаа. 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гарсан мэдэгдлийг манайх эс зөвшөөрч гомдол гаргасан. Сангийн яам дээд шатны байгууллага болохын хувьд гомдлоо гаргасан. Ингээд манайх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нотлох баримт шинжлэн судлахад гуравдагч этгээд “***” ХХК-ийн зүгээс *** компанийн үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн болох нь улсын бүртгэлийн лавлагаа, тухайн байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Забота нь эрхгүй этгээд, өөрөө гараар бичиж өгсөн өргөдөл зэргээр тогтоогдож байгаа. Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээнд заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзсэн албан бичиг нь Монгол улсад хүчин төгөлдөр байхаар заасан албан бичиг, баталгаат орчуулгаар орчуулж өгсөн байгаа. Манайх мэдэгдлийг хүчингүй болгуулъя гэж нэхэмжлэл гаргасан. Захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Үнэлгээний хороог ямар хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа вэ гэвэл Тендерийн хуулийн 5.1 зарчим, 17.4 заасан шардлага хангаагүй байхад “***” ХХК-ийг шалгаруулсан, хянан үзэх эрхээ хангалттай сайн хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, ***, *** нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20250102440 дугаартай цахим тендерийн урилгыг Төрийн худалдан авах ажиллагааны tender.gov.mn цахим системд зарлаж, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тендерийн нээлт хийхэд “***” ХХК, “***” ХХК, “***” ХХК-иуд тендер ирүүлсэн. Үнэлгээний хороо 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж, “***” ХХК, “***” ХХК, “***” ХХК-иудын ирүүлсэн тендерийн материалыг хянан үзэж, үнэлгээ хийж, хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар “***” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэж, DDР-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлэх 4,834,996,032.00 төгрөгийн тендерийн гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. /хурлын тэмдэглэл № 2/

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид “хууль” гэх)-ийн 48.2-т “Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх, үүрэг хүлээнэ:” гэж заасан бөгөөд захиалагч хуулийн 48.2.3. дахь заалтад “үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих;” эрхийн дагуу үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хийсэн. Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ХАХМ/202509112 дугаар дүгнэлтээр дараах 2 үндэслэлээр шаардлагад нийцэхгүй гэж үзсэн. Үүнд:

1. Оролцогч “***” ХХК болох гадаадын этгээдийг ТШЗ-ны 16.2 эсвэл ТШЗ-ны 16.3-д заасны алинаар нь хянаж, үнэлсэн талаар дурьдаагүй байх тул Үнэлгээний хорооны хуралдаанаар шийдвэрлэсэн нь зүйтэй болно гэж дүгнэлээ, 

2. Оролцогч “***” ХХК нь iЕк брэндийн ВА47-100 барааг санал болгож байгаа боловч үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлээгүй тул шаардлагад нийцэхгүй гэж дүгнэсэн.

Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/254 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам”-ын 5.7-д “Үнэлгээний хороо захиалагчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдрийн дотор хуралдаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж, захиалагчид хүргүүлнэ.” гэсэн бөгөөд 5.7.1. дэх заалтад “захиалагчаас ирүүлсэн шаардлага үндэслэлтэй гэж үзвэл хууль тогтоомжид нийцүүлэн зөрчлийг арилгаж, зөвлөмжийг дахин гаргах, эсхүл өөрчлөлт оруулах” гэж заасан.

Үнэлгээний хороо 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж, Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ХАХМ/202509112 дугаар дүгнэлтийн “Оролцогч “***” ХХК нь iЕк брэндийн ВА47-100 барааг санал болгож байгаа боловч үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлээгүй тул шаардлагад нийцэхгүй” гэсэн шаардлагыг хүлээн авч, шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж, дахин зарлахаар шийдвэрлэсэн. /хурлын тэмдэглэл № 3/

Үнэлгээний хорооны дээрх зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж, 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ХАХМ/202509121 дугаар дүгнэлтийг үнэлгээний хороонд ирүүлсэн. Тус дүгнэлтэд “Оролцогч “***” ХХК-ийн тендерийн баримт бичгийн санал болгож байгаа барааны “техникийн тодорхойлолт № 66 дугаар барааг харьцуулсан хүснэгтээр ирүүлсэн байх бөгөөд хүснэгтэд захиалагчийн шаардсан “загвар” /модел/ *** СБШ 250, Үйлдвэрлэгчийн код: Шүүрний нарийн тоосон эд анги ТА (ГОСТ288-72)-ыг хангаж ирүүлсэн байтал үнэлгээний хороо “... ямар бараагаар дүйцүүлж санал болгож байгаа нь тодорхойгүйгээр ирүүлсэн ...” гэж үнэлсэн нь үндэслэлгүй байна.”, дахин нягтлах шаардлагатай гэж үзсэн.

Үнэлгээний хороо 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, “***” ХХК-ийн тендерийг дахин хянан үзэж, үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж, дахин зарлахаар шийдвэрлэсэн. /хурлын тэмдэглэл № 4/

Үнэлгээний хорооны дээрх зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ХАХМ/202510002 дугаар дүгнэлтээр үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэлтэй гэж үзсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын даргаас 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “ ... Уг тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасны дагуу тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах болсон тухай” мэдэгдлийг М-ДБ-112-12/10424 дугаар албан бичгээр “***” ХХК-д, М-ДБ-112-12/10426 дугаар албан бичгээр “***” ХХК-д тус тус хүргүүлсэн.  Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор, ... тус тус хүлээн авна.” гэж заасан бөгөөд оролцогч “***” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан. Оролцогч “***” ХХК-аас Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаагүй.  

Монгол Улсын Сангийн яамнаас 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай” 02/9084 дугаар албан бичиг “Танай байгууллагаас зарласан ЭҮТӨҮГ/20250102440/02/01 дугаартай “Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон “***” ХХК-аас хуулийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргасан тухай”-ийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ирүүлсэн. Монгол Улсын Сангийн яамнаас “***” ХХК-аас гаргасан гомдлыг хянан үзээд, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 02/9416 дугаар шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ирүүлсэн. Сангийн яамны 02/9416 дугаар шийдвэрт:

1. “... “***” ХХК техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд "*** СБШ 250 (эсхүл түүнтэй дүйцэх) гэж заасан байх бөгөөд “*** ***-***” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлсэн байна. Дээрх үйлдвэрлэгчийн зөвшөөрөлд “... Бид ... СБШ цувралын өрмийн машинууд болон тэдгээрийн сэлбэг хэрэгслийн үйлдвэрлэгч байгууллага юм. Энэхүү албан бичгээр Монгол Улсын “***” ХХК-д СБШ машинд зориулсан сэлбэг хэрэгсэл нийлүүлэх тендерт оролцох, цаашид гэрээ байгуулах зөвшөөрлийг олгож байна...” гэж дурдсан байх бөгөөд “***” ХХК нь тендерт *** СБШ 250 загвартай дүйцэх бараа бус захиалагчийн шаардсан "*** СБШ 250” загварын барааг нийлүүлэхээр санал болгосон байгааг нягтлах нь зүйтэй байна. Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн М-ДБ-112-12/10426 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна. Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье” гэж тус тус заасан.

Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 1.3 дахь хэсэгт “Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ.” гэж хуульчилсан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 98.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох байгууллага заавал биелүүлнэ.” гэж заасан байдаг.

Үнэлгээний хороо 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 02/9416 дугаар шийдвэрийг хянан хэлэлцэж, тус шийдвэрийг журам болон хуульд заасны дагуу хүлээн авч, хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтад заасан хамгийн сайн тендер ирүүлсэн “***” ХХК-ийг DDР-Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлэх 6,157,000,000.00 төгрөгийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. /хурлын тэмдэглэл № 5/

Үнэлгээний хорооны дээрх зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж, 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ХАХМ/20251063 дугаар дүгнэлтээр үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэлтэй гэж үзсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн даргын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112/12/10884 дугаар албан бичгээр оролцогч “***” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг, М-ДБ-112/12/10884 дугаар албан бичгээр оролцогч “***” ХХК-д “Захиалагчийн шаардсан Автомат iЕк ВА47-100 бараанд холбогдох үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон гэрээт борлуулагчийн зөвшөөрлийн аль нэгийг ирүүлээгүй нь ТШЗ 20.1-ийн шаардлага хангахгүй тухай” мэдэгдлийг тус тус хүргүүлсэн.

Хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг цахим системд нийтэлснээр мэдэгдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд тендерийн үр дүн /“***” ХХК шалгарсан тухай, “***” ХХК, “***” ХХК-иуд хасагдсан тухай/-г 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны tender.gov.mn цахим системд нийтэлсэн. Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор, ... тус тус хүлээн авна.” гэж заасан бөгөөд гомдол гаргах хугацаанд оролцогчдоос Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаагүй. Хуулийн 59.1-д заасан хугацаанд захиалагчийн шийдвэрт оролцогчдоос гомдол гараагүй тул “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “***” ХХК-тай 2/470-25 дугаартай “Худалдах-худалдан авах” гэрээг байгуулсан.

“***” ХХК нэхэмжлэлдээ: ... Автомат iЕк ВА47-100 бараанд холбогдох үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон гэрээт борлуулагчийн зөвшөөрлийн аль нэгийг ирүүлээгүй гэж татгалзсан захиалагчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10885 дугаар мэдэгдэл нь хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан шаарлагыг хангаагүй тухайд: Захиалагчаас тендерийн баримт бичигт заасан 85 нэр төрлийн бараанд үйлдвэрлэгчийн болон гэрээт борлуулагчийн зөвшөөрлийн аль нэгийг шаардсан.

Тендерийн баримт бичгийн ТШЗ-ын 20.1-д:

1. Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл:

1.1. Оролцогч нь үйлдвэрлэгч бол нотлох баримтыг ирүүлнэ (нотлох баримт гэдэгт албан ёсны цахим хуудас, компанийн танилцуулга эсхүл тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон баримтыг ойлгоно.)

1.2. Оролцогч нь үйлдвэрлэгчээс зөвшөөрөл авсан бол үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ. Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл гэдэгт дараах баримтуудын аль нэг нь байж болно. Үүнд: албан бичиг,  хамтын ажиллагааны гэрээ, бусад нотлох баримт.

1.3. Оролцогч нь үйлдвэрлэгчийг төлөөлөх албан ёсны этгээд бол дараах баримтыг ирүүлнэ (нотлох баримт гэдэгт албан ёсны цахим хуудас, эсхүл тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон баримт (албан бичиг эсхүл гэрээ)-ыг ойлгоно.

1.4. Оролцогч нь үйлдвэрлэгчийг төлөөлөх албан ёсны эрхтэй этгээдээс зөвшөөрөл авсан бол дараах нотлох баримтыг ирүүлнэ (үйлдвэрлэгчийн зөвшөөрөл олгох албан ёсны эрхтэй болохыг нотлох Компанийн дүрэм эсхүл Улсын бүртгэлийн гэрчилгээ эсхүл албан бичгийг ойлгоно).

  1. Борлуулагчийн зөвшөөрөл: Оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчаас

зөвшөөрөл авсан бол дараах нотлох баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ. Үүнд:

2.1. Гэрээт борлуулагч нь үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан ёсны гэрээт борлуулагчийн гэрчилгээний хуулбар эсхүл албан бичиг,

2.2. Оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан бичиг.

ТӨХ-д шаардсан материалуудын аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно.” гэж заасан.

Оролцогч “***” ХХК нь тендер ирүүлэхдээ Автомат iЕк ВА47-100, үйлдвэрлэгчийн код: МVА40-3-100-С бараанд үйлдвэрлэгчийн болон гэрээт борлуулагчийн зөвшөөрлийн аль нэгийг ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл тус компанийн ирүүлсэн цахим тендерийн материалын 3 дугаар хэсэг 111 дүгээр хуудас - ***ХХК-аас 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “***” ХХК-д олгосон Үйлдвэрлэгчийн итгэмжлэлд СБШ-250 МНА-32 өрмийн машины сэлбэгт үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, 116 дугаар хуудас-2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “***” ХХК-д олгосон Дилерын гэрчилгээнд СБШ-250 МНА-32 болон түүний сэлбэг эд ангийг Монгол Улсад борлуулах эрх олгосон боловч, Автомат iEк ВА47-100, үйлдвэрлэгчийн код: МVА40-3-100-С бараанд үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон гэрээт борлуулагчийн зөвшөөрөл олгогдоогүй байна. Харин оролцогч “***” ХХК нь дээрх бараанд “***” ХХК-аас борлуулагчийн зөвшөөрлийг авч ирүүлсэн (тендерийн материалын 5 дугаар файл-8 хуудас) нь *** ХХК нь Автомат iЕк ВА47-100 барааг үйлдвэрлэдэггүй болох нь батлагдаж байна. Иймд захиалагчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10885 дугаар мэдэгдэл нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

“***” ХХК нэхэмжлэлдээ: *** компаниас 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “***” ХХК-д үйлдвэрлэгчийн зөвшөөрөл хуурамч баримтыг ирүүлсэн байхад “***” ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулсан гэх асуудлын тухайд: Үнэлгээний хороо нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20250102440 дугаар тендерт “***” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг хүрээнд хянан үзэж, үнэлгээ хийсэн. *** ***-*** ХХК-аас 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “***” ХХК-д олгосон үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлсэн тул шаардлага хангасан гэж үзсэн. Хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийн хариуцна.” гэж заасан бөгөөд захиалагч үнэн зөвийг нотлохгүй.

“***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагадаа хавсаргаж ирүүлсэн баримтыг судлан үзэхэд “***” ХХН-аас 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 30/8-1337/1 дугаар албан бичгээр “***” ХХК-ийн хуурамч баримт үйлдсэн асуудлаар Монгол Улсын сангийн яаманд хандсан байна. “***” ХХК нь 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2025/10-295 дугаар албан бичгээр “***” ХХК нь үйлдвэрлэгчийн хуурамж итгэмжлэл ирүүлсэн гэх асуудлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хандсан байдаг. Хуулийн 57 дугаар зүйлийн 57.7-д “Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гарснаас хойш гомдол хүлээн авахгүй.” гэж заасан тул “***” ХХК-ийн тендерийн материалтай холбоотой баримтыг нотлох баримтын шаардлага хангаж ирүүлснээр хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.10 дахь заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлэх талаар 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ДБ-112-12/4387 дугаар албан бичгээр хариуг “***” ХХК-д хүргүүлсэн.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ДБ-112-12/4603 дугаар албан бичгээр “***” ХХК-ийн тендерийн материал хуурамчаар үйлдсэн гэх баримтуудыг шалгуулахаар Монгол Улсын Сангийн яаманд хүргүүлсэн. Хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Улсын байцаагч оролцогчтой холбоотой дараах нөхцөлийн талаар дүгнэлт гаргана:” 56.5.1.-д “худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхийн шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн” талаар дүгнэлт гаргахаар заасан. Мөн хуулийн 56.6-д “Улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэх бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 56.6.1-д “энэ хуулийн 56.5-д заасан тохиолдолд ороолцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах” гэж заасан байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийн 5.1-д “Улсын байцаагч нь хяналт шалгалтыг улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу хийнэ.”, 5.3-т “Хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа 30 хоногоос хэтрэхгүй байна. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр 30 хүртэл хоногоор сунгаж болно”, 5.11-т “Улсын байцаагч хяналт шалгалтын талаарх дүгнэлтийг 2 хувь үйлдэн гарын үсэг зурж, тэмдгээр баталгаажуулж шалгуулсан этгээдэд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар хүргүүлэх арга хэмжээ авна.” гэж тус тус заасан байх тул “***” ХХК нь үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн гэх асуудлаар захиалагч болон оролцогч, шүүх дүгнэлт гаргахгүй нь дээрх хууль болон журмаар зохицуулсан байна. “***” ХХК нь тендерт оролцохдоо хуурамч баримт бичиг бүрдүүлсэн эсэх асуудлаар гаргах Улсын байцаагчийн дүгнэлт нь уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд шууд хамааралтай, ач холбогдолтой байна.

“***” ХХК нэхэмжлэлдээ: “***” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “***” ХХК-тай байгуулсан “Үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг, хэрэгсэл нийлүүлэх” гэрээний хавсралт 33 нэр төрлийн сэлбэг , хэрэгсэл, эд ангиуд нь ижил төстэй гэрээний туршлагын шаардлагыг хангаагүй тухайд: Үнэлгээний хороо 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж, “***” ХХК, “***” ХХК, “***” ХХК-иудын ирүүлсэн тендерүүдийг хянан үзэж, үнэлгээг хийсэн. Уг хурлын эхэнд “***” ХХК-ийн тендерийг хянан үзэж, үнэлгээ хийсэн бөгөөд ус компаниас ижил төстэй гэрээний туршлагад тооцуулахаар ирүүлсэн Өрмийн машин болон өрмийн машины сэлбэг нийлүүлэх гэрээнүүдийг ирүүлсэн бөгөөд тус гэрээнүүдийг шаардлага хангасан гэж үзсэн бөгөөд “***” ХХК-аас ижил төстэй гэрээний туршлагад тооцуулахаар ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “***” ХХК-тай байгуулсан “Үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг, хэрэгсэл нийлүүлэх” гэрээ болон гэрээ дүгнэсэн акт, гэрээний хавсралт 33 нэр төрлийн сэлбэг , хэрэгсэл, эд ангиудаас №1, №2-т заасан бараа нь ижил төстэй гэрээний туршлагыг хангасан.

“***” ХХК нэхэмжлэлдээ: “***” ХХК нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлэхдээ техникийн тодорхойлолтыг хуулсан, хүснэгтийн тайлбар хэсгийг орхигдуулж ирүүлсэн тухайд: Тендерийн баримт бичгийн ТШЗ-ын 17.5-д “Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ. /Нотлох баримт нь үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас эсхүл албан бичиг байж болно./” гэж заасан. /ТБОНӨХБАҮХАТ хуулийн 12.5-д зааснаар “эсхүл түүнтэй дүйцэх” гэсэн тодотгол хэрэглэсэн техникийн тодорхойлолтод өөр бараа санал болгосон оролцогч техникийн тодорхойлолтод заасантай дүйцэх болохыг энэ хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан баримт бичгээр, эсхүл бусад хэлбэрээр нотолсон бол техникийн тодорхойлолтыг хангасан гэж үзнэ/ Оролцогч “***” ХХК нь захиалагчийн 85 нэр төрлийн барааны техникийн тодорхойлолттой дүйцэх өөр барааг санал болгосон бол тус бараанууд нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа талаар тайлбар бусад нотлох баримтыг ирүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл “***” ХХК нь дүйцэх бараа санал болгоогүй тул нэмэлт тайлбар шаардахгүй, мөн ирүүлэхгүй.

“***” ХХК нэхэмжлэлдээ: “***” ХХК-ийн техникийн тодорхойлолтын 2-6, 9-12, 14-36, 38, 39, 41-43, 45, 48-51, 53, 54, 58-60, 62, 84, 85 дугаартай хүснэгтэд *** үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг санал болгосон боловч үйлдвэрлэгчээс зөвшөөрөл аваагүй тухайд: Оролцогч “***” ХХК нь дээрх бараануудыг ОХУ-ын *** ***- *** ХХК-аас 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “***” ХХК-д олгосон үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлсэн.

“***” ХХК  нэхэмжлэлдээ:  Нэхэмжлэгч           тендерт 4,834,996,032.00 төгрөг буюу хамгийн бага үнийн санал болгосон байхад тендерт шалгарсан “***” ХХК нь 6,157,000,000.00 төгрөгийн саналыг ирүүлсэн буюу биднээс даруй 1,322,003,968.00 төгрөгөөр өндөр үнийн санал ирүүлсэн тухайд: Хамгийн бага үнийн саналтай тендер ирүүлсэн оролцогчийг шалгаруулах талаар хуулиар зохицуулаагүй, харин шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэхэд харьцуулах үнэ байхыг хуулийн 27.5 дахь хэсэгт заасан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “Тэсэлгээний цооногийн  өрмийн   машины сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20250102440 дугаартай тендер шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн хууль зүйн үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох журмын зүйл, заалтуудыг өөрт ашигтайгаар тайлбарласан, хуулийг зөрүүтэй ойлгосон гэж үзэхээр байна.” гэв.

5. Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны дарга *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ерөнхийд нь манай хуульч бүгдийг нь хэлчихлээ. Хамгийн сүүлд хэлсэн 10 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэл энэ 3 компанид гурвууланд нь нэгэн зэрэг хүргэгдсэн байгаа. Үүний дагуу энэ компани Сангийн яаманд 5 хоногийн дотор гомдол гаргах бүрэн эрхтэй. Гэхдээ энэ 5 хоногийн дотор Сангийн яам руу мэдэгдээгүй харин манайх руу 8 хоногийн дараа нэг албан бичиг бичсэн байдаг. Сангийн яаманд хуулийн хугацаандаа гомдол гаргасан бол Сангийн яамнаас албан тоот ирээд Үнэлгээний хорооны хурал зохих журмын дагуу дахиж хуралддаг. Гэтэл энэ хуулийнхаа заалтыг биелүүлээгүй. Ерөнхий шаардлага эхлээд хангаж байж хамгийн сүүлд үнийн дүн яригддаг учиртай. Илтэд хямдхан байхад манайх өндөр үнэтэй компанийг сонголоо гэсэн зүйл хэлчих шиг боллоо. Хамгийн түрүүнд оролцож байгаа компаниуд тендерийн ерөнхий шаардлага гэдэг зүйлийг биелүүлэх ёстой. Үүнийгээ биелүүлээгүй байсан. Тэгж байж дараа нь үнэ яригддаг ёстой. Автомат гэдгийг мэргэжлийн гэлтгүй бусад бүх хүмүүс мэдэж байгаа байлгүй дээ. Өргөн хэрэглээний бараа гэж сая “***” компанийн төлөөлөгч хэлж байна. Энэ бол өргөн хэрэглээний бараа биш. IEK гэдэг тусдаа олон улсад зөвшөөрөгдчихсөн брэнд компани байгаа. Хуулийнхаа хүрээнд энэ автомат буюу “IEK BA 47-100” бараанд холбогдох үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон гэрээт борлуулагчийн зөвшөөрөл ирүүлээгүй гээд манайх 10 дугаар сарын 01-нд мэдэгдэл өгсөн. Ингэхдээ “***” ХХК болон өөр нэг компани хоёулаа яг энэ бараан дээр шаардлага хангаагүй байгаа. Үнэлгээний хороо 7 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. “***” ХХК ижил төстэй ажлууд дээр ерөнхий нөхцлийн 1.1-д “Гүйцэтгэгч нь захиалагчийн хүсэлтийг үндэслэн *** аймгийн *** сумын нутагт байрлах гантигийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж Бүгд найрамдах Турк улсаас өөрөө явагч гинжит өрмийн машин, сэлбэг хэрэгслийн хамт 33 нэр төрлийн ийм бараа нийлүүлнэ” гэж байгуулсан гэрээг тендерийн материалд ирүүлсэн байгаа. Өрмийн машин, сэлбэг хэрэгслийн хамт нийлүүлэх гэрээ нь 9.1 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй байсан. Энэ нь  шаардлага хангасан.” гэв.

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг хуурамч гэж үзээд 2 нотлох баримтаар няцааж байх шиг байна. Нэг нь *** гэдэг хүний гарын үсэгтэй баримт байгаа. Энэ нь хэзээ хаана үйлдсэн нь тодорхойгүй. Гадаад пасспорт дээрх гарын үсгээс зөрдөг. ОХУ нотариатаар гэрчлүүлж ирсэн атлаа зөвхөн энэ баримт болон гадаад пасспортыг баталгаа хийлгээгүй байдаг. Энэ нь харин өөрөө хуурамч баримт гэдэг нь харагдаж байна. Манайд гаргаж өгсөн компанид *** ажилладаг эсэхийг улсын бүртгэлд байхгүй гэвэл өөр хэрэг, гэтэл өөр нэг төстэй нэртэй компанийн захирлыг ажилладаггүй гэдэг тодорхойлолт гаргаж өгөх эрх зүйн үндэслэл байхгүй. Өөрийнх нь гаргаж өгсөн нотлох баримтаар няцаагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, түүнтэй холбогдолтой хариуцагчийн тайлбарыг сонслоо. Ер нь бол үнэн. “***” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн үеэс л шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа ийм нөхцөл байдал үүсээд байгаа. Өнөөдөр шүүх хуралдаан дээр гаргаад байгаа энэ нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн хүсэл зоригийн үндэслэл нь хангагдах боломжтой юм уу гэдэг агуулгыг тодорхойлъё. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг шүүхэд гаргана, энэ хүрээнд Захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргана гээд заачихсан. Тэгэхээр 106 дугаар зүйлийн яг хэдэд заасан агуулгаар энэ 6 шаардлагаа гаргаж байгаа агуулга нь тодорхойлогдохгүй байна. Захиргааны байгууллагаас гаргаж байгаа аливаа нэгэн шийдвэр буюу захиргааны актын шинжийг зөвхөн хууль бус байгаа юм уу, нэг бол илт хууль бус байгаа юм уу гэдэг шинжийг тодорхойлоход хуулийн урьдчилсан нөхцөлийг заавал хэрэглэнэ. Илт хууль бус гэдэг нь огт байхгүй, чиг үүрэг нь олгогдоогүй байгаа зүйл дээр ямар нэгэн байдлаар эрх бүхий байгууллага нь өөр байгууллага байгаа тохиолдолд энэ илт хууль бус байх шаардлагыг хангана. Гэтэл өнөөдөр манай тендерийн хороо хууль зүйн дагуу буюу энэ тендерийг зохион байгуулахад тодорхой захиалагчийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа юм. Үүнийг илт хууль бус гэж яриад байгаа агуулга нь маш том зөрчил үүсгээд байна. Хоёрдугаарт манай захиргааны байгууллагын авч хэлэлцэх асуудал дээр захиргааны байгууллагад харьяалагдан шийдвэрлэгдэх нэхэмжлэл байх ёстой. Хуулийн 54-д заасан тодорхой хүрээнд байгаа зөрчлүүд байвал, энэ зөрчил тогтоогдохгүй бол нэхэмжлэлийг үүсгэдэг. Гэтэл өнөөдөр энд яригдаад байгаа асуудал дээр хамгийн том агуулга нь юу вэ гэвэл нэхэмжлэгч энэ захиргааны байгууллагын гаргасан шийдвэр гэх зүйлээ яг шийдвэр гэж маргахгүй байгаад байгаа юм. Шийдвэр байхын хувьд нарийвчилсан хууль тогтоомжид заагдчихсан 3 агуулгын аль нэг нь байх юм бол захиргааны байгууллагын шийдвэр, энэ агуулга байхгүй бол татгалзана гэдэг асуудал яригдах гээд байна. Аль нөхцөлөөр маргаад байгаа нь нэхэмжлэлийн 6 шаардлага дээр тодорхой бус байгааг анхааран үзэх нь зүйтэй. Мөн хариуцагчийн тайлбарлаад байгаа тайлбарын үндэслэлээр бол “***” ХХК тендерийн нийтлэг шаардлагыг хангаж байна. Үүнтэй холбогдолтой баримт бичгийн бүрдэл дээр тодорхой дүгнэлтийг хийсэн байна. Тендерийн Үнэлгээний хороо нотлох баримт ирүүлснээр 5 удаа хуралдсан байна. Энэ 5 хурлынхаа бүх тэмдэглэлээс харахад захиалагчийн хяналт хэрэгжүүлээд хүргүүлдэг юм байна. Захиалагч хүлээж аваад тендерийн баримт бичигт нийцсэн байна гэдэг агуулга дурдсан байгаа учраас хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар “***” ХХК-д гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлсэн байна. Ямар нэгэн байдлаар өнөөдөр бидний дунд байгаа маргаан бүхий тендер Захиргааны ерөнхий хуулийн хууль бус байх, илт хууль бус байх аль нэг шаардлагад бол хамаарагдаж байгаа нөхцөл байдал нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдохгүй байна. Гэхдээ нэхэмжлэгч тайлбартаа хэд хэдэн удаа “***” ХХК шалгарах боломжгүй нөхцөл байдал нь хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж гол агуулгыг тодорхойлж тайлбарлалаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зорилго нь оролцогч нар өөрсдөө тэр хууль бус нотлох баримт гэдэг агуулгынхаа хүрээнд үүнийгээ нотлох ёстой. Хэрвээ хууль бус нотлох баримт тендерт ирүүлчихсэн байгаа бол үүнийг улсын байцаагчийн дүгнэлтээр хар жагсаалтад оруулах үр дагавартай. Энэ үр дагаврыг ойлгож байгаа учраас үнэн зөв тендерийн баримт бичгийг л тендерийн хороонд ирүүлнэ гэдэг агуулгыг тендерт оролцож байсан компаниуд маш сайн мэдэж байгаа. “***” ХХК одоо л тендерт оролцоод байгаа асуудал биш. 2017 оноос хойш л Монгол Улсын хэмжээнд зарлагдаж байгаа томоохон тендерүүдэд оролцоод ирсэн компани байдаг. Энэ компани өмнө тендерийн баримт бичиг дээр ямар нэгэн байдлаар хууль бус нотлох баримт бүрдүүлээд шалгарсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Үүнтэй холбогдолтойгоор манайх яг энэ тендерт зохих ёсны, тендерийн баримт бичигт тавигдсан шаардлагадаа нийцүүлж оролцоод шалгарчихсан. Энэ нөхцөл байдлыг хариуцагч тодорхой дурдсан. Үүнийг дэмжиж байгаа. Харин гагцхүү нэхэмжлэгчийн яриад байгаа асуудал нь тогтоогдохгүй байна. Хууль зүйн хувьд хууль бус байх болон илт хууль бус байх шаардлагын хүрээнд маргаж байгаа гэж ойлгоод байгаа. Тэгэхээр илт хууль бус, хууль бус байх шаардлагынхаа хууль зүйн зохицуулалтаа сайтар ойлгох ёстой. Үүнийг шүүх хүлээж аваад шууд хууль бус байх шаардлагыг хангаж байна гэж шийдвэрлэх нөхцөл үүсэхгүй. Тендерийн баримт бичигтэй холбогдолтой гомдлоо хүргүүлчихсэн байгаа гэдэг асуудалд хариуцагчийн тайлбар зөв байна. Сангийн яаманд гомдол гаргаад шийдвэрлэсэн хариу хавтаст хэрэгт байхгүй. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал, мөн гомдлын шаардлагыг хангах хугацааны асуудал нарийвчилсан хууль тогтоомжид заагдсан шаардлагыг хэрэгжүүлэх асуудал зөрчигдөөд байна. Үүн дээр шүүх анхаарч үзэх нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

8. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Оросын Холбооны Улсын хуулийн этгээдийн нээлттэй мэдээллийн сан гэж байдаг юм байна. Энэ сайтаас *** гээд хайгаад үзэх юм бол ОО ***,  *** гэх зэрэг *** гэдэг  нэр орсон нэлээд олон компани гарч ирнэ. Жишээлбэл зөвхөн нэхэмжлэгчийн гэрээ байгуулсан *** гэдэг компани л ганцхан *** техник хэрэгслийн үйлдвэрийг эрхлэн явуулдаггүй юм байна гэдгийг нээлттэй мэдээллийн сайтаас тодорхой харж байна. Хоёрдугаарт *** гэдэг хүний гарын үсгийг одоо дуурайлган зурсан гэдэг асуудлыг ярьсан. Ямар нэгэн байдлаар “***” ХХК-ийн зүгээс хуурамч нотлох баримтыг бүрдүүлээгүй, Нотариатын тухай хуульд заасны дагуу эх хувиас нь хуулбар үнэн даруулаад тендерийн материалдаа хавсаргаж өгсөн. Үүнийг гэрчилсэн нь *** гэдэг нотариатч байсан. Хэрэгт энэ талаарх баримтууд тодорхой байсан. Тендерийн баримт бичигт “***” гэдэг компанитай байгуулсан гэрээ бол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байсан. “***” ХХК шаардлагыг хангаагүй гэдэг зүйл ярьж байна. Гэвч тендерийн баримт бичгийн 18.1.2-ын 2.3-т “Ижил төстэй бараа гэдэгт өрмийн машины сэлбэгийг ойлгоно” гэж заасан байна.  “***” ХХК-ийн зүгээс тендертээ хавсаргаж өгсөн ижил төстэй ажлууд, туршлага дээрээ бол “***” компанитай байгуулсан гэрээгээ хавсаргасан. Гэрээний хавсралтын 1 дүгээрт хүснэгтүүд байгаа. Хүснэгтийн 1 дүгээр хэсэгт өрмийн машин 3 ширхэг, нэг бүр нь 1,950,000,000 нийт 5 тэрбум 850 сая төгрөг гээд ийм гэрээг явуулсан. Энэ нь захиалагчийн тендерийн баримт бичигт заасан ижил төстэй бараа гэдэг шаардлагыг бүрэн хангаж байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 12/10885 тоот мэдэгдэлтэй нэхэмжлэгч маргадаг. Үүнтэй холбоотой хүсэлтийн үе шатанд хэлсэн тайлбараа бүрэн дэмжиж байна. Нэгдүгээрт шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа дууссан асуудал байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хамгийн сайн тендер гээд л нөгөө зүйлээ дурдаад байна. Мэдээж хэрэг хариуцагчийн төлөөлөгч нар үүн дээр маш сайн тайлбар хэлчихсэн. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны А/335 дугаар тушаалаар баталсан тендер хянан үзэх нийтлэг журам гэж байгаа. Хууль журмаас үзэхэхэд оролцогч нарын тендерийг баталгаажуулна, ерөнхий шаардлагыг хангасан эсэхийг хянана, мөн тендерийн баримт бичигт заасан тусгайлсан чадавх, санхүү, туршлагыг хянана, хамгийн сүүлд нь тендерийн үнийг ингэж харьцуулна гэдэг агуулга байна. Нэхэмжлэгч компанийн зүгээс тендерийн баримт бичигт заасан техникийн болон бусад шаардлагыг хангахгүй ТШЗ-ын 20.1-д заасан шаардлагыг хангахгүй учраас тендерээс татгалзсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд бүрэн нотлогдож байна. Хариуцагчийн төлөөлөгчийн ярьсан 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10/424 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн асуудалтай бүрэн санал нийлж байна. “Мэдэгдэл хүргүүлэх тухай” энэ албан бичигтэй “***” ХХК маргаагүй. Магадгүй гаргасан гомдлыг нь хангаж шийдвэрлээгүй Сангийн сайдын гаргасан аливаа шийдвэртэй шүүхэд нэхэмжлэл гаргах юм уу гомдол гаргах байдлаар хандаж яваагүй. Үүнийг асуулт хариултын үе шатанд тодорхой тогтоох боломжтой гэж харж байна. Дараагийн үндэслэлүүд бол албан ёсны дилерийн хувьд бид шалгарах үндэслэлтэй гэдэг зүйлийг яриад байгаа юм. Гэтэл өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд албан ёсны дилер байгаа нь мэдээж хэрэг. Холбогдох бичиг баримтын бүрдүүлэлт хангах бүрэн боломжтой. Гэвч нэхэмжлэгч компанийн тендерийн баримт бичиг дээр бүрдүүлж өгөөд байгаа “IEA BA 47-100” гэдэг таславч бол яг энэ тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангахгүй байгаа. Энэ талаар хариуцагчийн төлөөлөгч нэлээд сайн дэлгэрэнгүй тайлбар хэлчихсэн учраас давтаж ярихгүй. Ер нь Хюндай, Тоёота гэдэг шиг тусдаа 2 өөр сэлбэг хэрэгслийн брэнд байгаа гэсэн үг. IEК-ийн албан ёсны дилер нь Монгол улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн таславчийг ирүүлэх техникийн тодорхойлолтыг захиалагчаас өгсөн. Түүний дагуу бол “***” ХХК-ийн  зүгээс бол “***” буюу үндсэн Орос компанийн албан ёсны борлуулагч байгууллагаас борлуулагчийн зөвшөөрлийг авч тендерийн материалдаа тусгасан байгаа юм. Үүн шиг ийм шаардлага хангасан баримт ирүүлээч л гэдэг шаардлагыг тавиад байгаа юм. Гэтэл нэхэмжлэгч компанийн тендерийн материал дотор “***” эсвэл *** компаниас нь аливаа байдлаар зөвшөөрөл авсан баримт байдаггүй юм байналээ. Мөн нэмэгдүүлсэн шаардлага дээрээ хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах бол шаардлагыг тавьсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйл бол нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна гээд өөрөөр хэлбэл захиргааны акт гэрээг хүчингүй болгуулах гэдэг нэг шаардлага тусдаа байна. Илт хууль бус болохыг тогтоолгох гэдэг шаардлага байна. Эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгоно гэж шаардлага байдаг. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага өөрөө тодорхойгүй гэж яриад байгаа нь хууль бус болохыг тогтоолгоод хүчингүй болгуулах гээд захиалагч, Үнэлгээний хорооны үйлдсэн баримт бичгүүдийг эс үйлдэхүй гэж үзээд байгаа юм уу? эсвэл шийдвэр гэж үзээд байгаа юм уу? Энэ нь тодорхойгүй гэсэн үг. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой дэлгэрэнгүй үндэслэл агуулга огт дурдагдаагүй асуудал байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах зайлшгүй шаардлагатай. Хүчингүй болгуулах гэж маргаж байгаа юм уу, эсвэл эс үйлдэхүй гэж үзээд байгаа юм уу? Хамгийн сайн тендер болохыг тогтоолгох буюу нийтийн эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгох гэдэг шаардлагыг хуульд бол тодорхой заасан. Аливаа байдлаар хүчингүй болгуулах, даалгах, эс үйлдэхүй болохыг тогтоолгох, илт хууль бус болохыг тогтоолгох гэх зэрэг шаардлагууд гаргах боломжтой. Энэ тохиолдолд тогтоолгох шаардлагыг гаргах хууль зүйн үндэслэл байхгүй гэдэг хуулийн тайлбар байна. Тэгэхээр хамгийн сайн тендер болохыг тогтоолгох гэдэг шаардлага нь өөрөө өнөөдрийн энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шийдвэрлэгдэх боломжгүй шаардлага байна гэж үзэж байгаа юм. Иймээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага бүрэн нотлогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн “***” ХХК нь техникийн тодорхойлолтод тавигдах шаардлагын 66 дахь хэсэгт шүүрний нарийн ноосон эд анги, эсгий СБШ 250-г нийлүүлэх юм уу эсвэл түүнтэй дүйцэхийг нийлүүлэх юм уу гэдэг асуудал яригдаад байгаа. Гэтэл энэ талаар 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичигт маш тодорхой дурдсан байгаа. Тухайлбал “***” ХХК-ийн зүгээс шүүрний нарийн ноосон эд анги СБШ-250 гэдэг барааг санал болгож байгаа учраас түүнтэй дүйцэх биш гэдгийг дүгнээд үнэлэлт дүгнэлт өгчихсөн байгаа юм. Үнэлгээний хорооны тэмдэглэл дээр тодорхой дурдаад байгаа тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 1.3-т “Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлэх үүрэгтэй” гэж байгаа. Нэгэнт гомдол хянасан тухай Сангийн яамны хариу хүчинтэй хэвээр байгаа. Үүнтэй нэхэмжлэгч ямар нэгэн байдлаар эс зөвшөөрч маргасан зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс Сангийн яамны энэ албан бичиг бүрэн биелэгдэх шаардлагатай гэж үзсэн. Үнэлгээний хорооны тэмдэглэл, зөвлөмжүүд хуульд нийцсэн байна.” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн талаар:

1.1. Нэхэмжлэгч “***” компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарыг 22-ны өдрийн М-ДБ-112-12/10885 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.

 1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зөвлөмж, тэмдэглэлийн “***” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ХАХМ/20251063 дугаар “Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлт”-ийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “***” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10884 дугаар захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “***” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/15-10-0491 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч “***” компанийн тендерийг хамгийн сайн тендер болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг” нийлүүлэгчийг шалгаруулах ЭҮТӨҮГ/20250102440 дугаартай нээлттэй тендерийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог Ерөнхий захирлын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/57 дугаар “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар байгуулсан. /I хавтаст хэргийн 138-139 дэх тал/

2.2. Үнэлгээний хороо нь тухайн тендер гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах чиг үүрэгтэй, байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдсан захиргааны байгууллагад, мөн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна.” гэж зааснаар Үнэлгээний хороог байгуулсан эрх бүхий этгээд болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь түүний эрх зүйн үр дагаврыг хариуцах бөгөөд мөн захиалагчийн хувьд Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн тендер сонгон шалгаруулалтын шат дараалсан ажиллагааг явуулдаг онцлогоороо захиргааны байгууллагад тус тус хамаарна.

2.3. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг” нийлүүлэгчийг шалгаруулах ЭҮТӨҮГ/20250102440 дугаартай нээлттэй тендерийг нээхэд “***” ХХК, “***” компани, “***” ХХК-иуд тендер ирүүлсэн байжээ. /II хавтаст хэргийн 22 дахь тал/

2.4. Үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай тэмдэглэлээр тендерт оролцогч “***” ХХК, “***” ХХК-иудын ирүүлсэн тендерээс татгалзах, “***” компанийн тендерийг “шаардлагад нийцсэн хамгийн сайн” гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Үнэлгээний хорооны шийдвэрт захиалагчийн хяналт хэрэгжүүлж, Үнэлгээний хорооны зөвлөмж “үндэслэлгүй” гэж тендерийг дахин хянуулахаар шийдвэрлэсэн байна. /II хавтаст хэргийн 23-55 дахь тал/

2.5. Үнэлгээний хороо 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дахин хуралдаж, 03 дугаартай тэмдэглэлээр бүх тендерээс татгалзаж, тендерийг дахин зарлахаар шийдвэрлэсэн байх бөгөөд захиалагчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн М-ДБ-112-12/10424 дугаартай мэдэгдлийг “***” компанид, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн М-ДБ-112-12/10426 дугаартай мэдэгдлийг ***” ХХК-д тус тус хүргүүлсэн. /II хавтаст хэргийн 56-75 дахь тал/

2.6. Тендерт оролцогч “***” ХХК, “***” ХХК-иуд нь захиалагчийн тендерээс татгалзсан шийдвэрийг хянуулахаар Сангийн яаманд гомдол гаргажээ. Нэхэмжлэлд дурдсанаар Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг 02/9261 дугаартай албан бичгээр “***” компанийн гомдлыг “Гомдолд гарын үсэг зурсан этгээд нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй” гэх үндэслэлээр буцааж, харин “***” ХХК-ийн гомдлыг Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02/9416 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр хянан шийдвэрлэж, хариуг хүргүүлжээ. /II хавтаст хэргийн 214-217дахь тал/

2.7. Гомдлыг хянаад Сангийн яамны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02/9416 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр “***” ХХК-ийн тендерээс татгалзсан 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн М-ДБ-112-12/10426 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгож, тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийлгэхээр шийдвэрлэсэн байна. 

2.8. Үнэлгээний хороо 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай тэмдэглэлээр тендерийг дахин хянан үзэж, “***” ХХК-ийн тендерийг “шаардлагад нийцсэн хамгийн сайн” гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Үнэлгээний хорооны шийдвэрт захиалагчийн хяналт хэрэгжүүлж, Үнэлгээний хорооны зөвлөмж “үндэслэлтэй” гэж дүгнэсэн тул захиалагчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10884 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг ***” ХХК-д, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10885 дугаартай тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг ““***” компанид тус тус хүргүүлсэн. /II хавтаст хэргийн 82-95 дахь тал/

2.9. Захиалагчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10884 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “***” ХХК-ийн хооронд 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 2025/15-10-0491 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ” байгуулагдсан. /II хавтаст хэргийн 97-108 дахь тал/

2.10. “***” компани нь захиалагчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10885 дугаартай мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдлоо гаргасан боловч Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/9781 дугаартай албан бичгээр “Гомдолд гарын үсгийг эх хувиар хэрэглээгүй...” гэх үндэслэлээр гомдлыг буцаасан тул шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. /I хавтаст хэргийн 51-58 дахь тал/

3. Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар:

3.1. Нэхэмжлэгч “***” компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ХАХМ/20251063 дугаар “Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлт”-ийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, бусад нэхэмжлэлийн шардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухайд:

3.2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ХАХМ/20251063 дугаар “Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлт” нь захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актад хамаарахгүй. Тодруулбал, энэхүү дүгнэлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т “Үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих” гэж заасан захиалагчийн шийдвэр гаргах ажиллагааны нэг хэсэг бөгөөд бие даасан захиргааны акт биш, эрх зүйн шууд үр дагавар бий болгох захирамжилсан шинжгүй байна.

3.3. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ХАХМ/20251063 дугаар “Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулахгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх тухайд:

3.4. Үнэлгээний хороо болон захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “***” компанийн ирүүлсэн тендерээс татгалзахдаа “ТШЗ 20.1.  1.Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл:..., 2.Борлуулагчийн зөвшөөрөл” гэсэн шаардлага хангаагүй буюу “Захиалагчийн шаардсан Автомат iEk BA47-100 бараанд холбогдох үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон гэрээт борлуулагчийн зөвшөөрлийн аль нэгийг ирүүлээгүй тул шаардлагад нийцээгүй” гэжээ.

3.5. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана”,  50 дугаар зүйлийн 50.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 50.2.2.тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх; 50.2.3.захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” гэж заасан бүрэн эрхийг хуульд нийцүүлэн хэрэгжүүлсэн.

3.6. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: 26.4.1.энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх;” гэж тус тус зааснаар тендерийг хянан үзэж холбогдох шийдвэрүүдийг гаргажээ.

3.7. “***” компанийн ирүүлсэн тендер нь “ТШЗ 20.1.  1.Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл:..., 2.Борлуулагчийн зөвшөөрөл” гэсэн шаардлага хангаагүй буюу “Захиалагчийн шаардсан Автомат iEk BA47-100 бараанд холбогдох үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон гэрээт борлуулагчийн зөвшөөрлийн аль нэгийг ирүүлээгүй тул шаардлагад нийцээгүй” гэх үндэслэлээр тухайн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр, захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

3.8. Тодруулбал, тендерт оролцогч “***” компани нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бүх нөхцөл шаардлагыг хангасан тендерийг илгээх учиртай бөгөөд “Захиалагчийн шаардсан Автомат iEk BA47-100 бараанд холбогдох үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон гэрээт борлуулагчийн зөвшөөрлийн аль нэгийг ирүүлээгүй” нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: 26.4.1.энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх;” гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

3.9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д "Тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, Өгөгдлийн хүснэгт /ӨХ/, техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаарна.

3.10. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана” гэж зааснаар Тендер шалгаруулалтын баримт бичиг, Тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, Өгөгдлийн хүснэгт /ӨХ/-д  заасан нөхцөл, шаардлагын дагуу тендерийг хянан үзэж, үнэлгээ хийсэн байна. /I хавтаст хэргийн 140-250, II хавтаст хэргийн 1-21 дэх тал/

3.11. Иймд тендерт оролцогч нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл шаардлага болох ТШЗ 20.1-д зааснаар “Автомат iEk BA47-100 бараанд холбогдох үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон гэрээт борлуулагчийн зөвшөөрөл”-ийн аль нэгийг ирүүлэх нөхцөл шаардлагыг хангаагүй болох нь “***” компанийн ирүүлсэн тендерийн баримтуудыг шинжлэн судлахад тогтоогдсон. /“***” компанийн тендерт ирүүлсэн flish disk дэх баримт/

3.12. Нэхэмжлэгчээс “Автомат iEk BA47-100 нь тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэгт хамаарахгүй дагалдах хэрэгсэл учраас үйлдвэрлэгч, борлуулагчийн зөвшөөрөл шаардлагагүй” гэж, хариуцагч нь “Автомат iEk BA47-100 нь тусдаа бренд бүтээгдэхүүн тул тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага нэгэн адил хамаарна” гэж, гуравдагч этгээдээс “Манай компани нь захиалагчийн шаардсан Автомат iEk BA47-100 бараанд борлуулагчийн зөвшөөрлийг авч ирүүлсэн, энэхүү шаардлагыг хангах ёстой” гэж тус тус тайлбарлаж маргасан бөгөөд хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

3.13. Иймд дээрх үндэслэлээр “***” компанийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр, уг шийдвэрийг үндэслэн гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10885 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиалагчийн шийдвэр нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэв.

3.14. Нэхэмжлэгч “***” компанийн тендерээс татгалзсан дээрх шийдвэр нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул “***” компанийн тендерийг хамгийн сайн тендер болохыг тогтоолгох” нэхэмжлэл хангагдах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд “***” компанийн ирүүлсэн тендерээс тендерийг хянан үзэх шатанд татгалзсан энэ нөхцөлд хамгийн бага үнийн санал ирүүлсэн хамгийн сайн тендер гэж үнэлэх ажиллагаа хийгдэхгүй.

3.15. Нэхэмжлэгч нь “***” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн тендер гэж үнэлсэн Үнэлгээний хорооны зөвлөмж, захиалагчийн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр болон уг шийдвэрүүдийг үндэслэн байгуулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “***” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Худалдах, худалдан авах”-г илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан.  

3.16. Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ” гэж зааснаар “***” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

3.17. Нэхэмжлэгчээс ““***” ХХК нь Техникийн тодорхойлолт, түүнд тавигдах шаардлагын 66 дахь хүснэгтэд заасан “Шүүрний нарийн ноосон эд анги /Эсгий/ СБШ 250-г нийлүүлэх эсхүл түүнтэй дүйцэх эд анги нийлүүлэх гэж байна уу гэдэг саналаа тодорхой илэрхийлээгүй нь шаардлага хангаагүй” гэж, хариуцагч, гуравдагч этгээдээс “ Техникийн тодорхойлолтод “Шүүрний нарийн ноосон эд анги /Эсгий/ СБШ 250” гэж заасны дагуу Родгормаш СБШ 250 загварын барааг нийлүүлэхээр санал болгосон нь шаардлагад нийцсэн” гэж тус тус маргав.

3.18. Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ-ийн 17.5-д “Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ. ...” гэж зааснаар “***” ХХК нь техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтийг бараа тус бүр дээр гаргаж ирүүлсэн байх бөгөөд Шүүрний нарийн ноосон эд анги /Эсгий/ СБШ 250” гэж заасны дагуу Родгормаш СБШ 250 загварын барааг нийлүүлэхээр санал болгосон нь нотлогдож байна. /”***” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт, flish dick, “Илгээх тех.тод 61-85 pdf” файл 6 дахь тал/

3.19. Иймд тендерийн Үнэлгээний хороо тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл, шаардлагын дагуу “***” ХХК-ийн тендерийг хянан үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ” гэж зааснаар үнэлгээ хийсэн нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл шаардлага, техникийн тодорхойлолтод заасныг зөрчөөгүй гэж үзэв.

3.20. Нэхэмжлэгчээс ““***” ХХК нь “Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний шаардлага хангаагүй, “***” ХХК-тай байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх гэрээ” нь өрмийн машины сэлбэг хэрэгслээс өөр байна” гэж, хариуцагчаас “Өрмийн машин нь өрөмдөх, цохих бутлах зэргээр ажиллах зориулалт өөр өөр байдаг учраас түүний сэлбэг хэрэгсэл өөр өөр байна. Энэ тендерт худалдан авахаар заасан сэлбэг хэрэгсэл “***” ХХК-тай байгуулсан гэрээгээр нийлүүлсэн сэлбэг хэрэгсэл тухайн өрмийн машины онцлогоос хамаарч өөр өөр байгаа” гэж, гуравдагч этгээдээс “Манай компани нь “***” ХХК-тай байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх гэрээ”-гээр 9,100,000,000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл нийлүүлсэн нь ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагын хангаж байгаа” гэж тус тус тайлбарлан маргав.

3.21. “***” ХХК-тай байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх гэрээ”-гээр 9,100,000,000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл нийлүүлсэн нь ижил төстэй бараа нийлүүлсэн туршлага нь Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ-ийн 18.1.1.1-д “Оролцогчийн 2022, 2023, 2024 оны борлуулалтын орлого нь аль нэг жилд тендерт оролцогчийн санал болгож байгаа үнийн дүнгийн 70 хувиас багагүй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

3.22. Мөн Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ-ийн 18.1.2.2.3-т “Ижил төстэй гэдэгт Өрмийн машины сэлбэг нийлүүлж байсныг ойлгоно” гэж заасан байх бөгөөд “***” ХХК-ийн “***” ХХК-тай байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх гэрээ”-гээр ““MKS” брендийн “Dilmer makina”-ийн өөрөө явагч гинжтэй өрмийн машин, сэлбэг хэрэгсэлийн хамт нийлүүлэх”-ээр гэрээ байгуулжээ. Иймд хариуцагчийн “өрмийн машины төрлөөс шалтгаалан сэлбэг хэрэгсэл өөр өөр байна” гэсэн тайлбар үндэслэлтэй бөгөөд “***” ХХК нь өрмийн машины сэлбэг нийлүүлж байсан ижил төстэй ажлын туршлагын шаардлага хангасан гэж дүгнэсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй. /”***” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт, flish dick, “Илгээх 4 pdf” хуудас дахь гэрээ/

3.23. Нэхэмжлэгчээс ““***” ХХК нь “***” компаниас үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг хуурамчаар бүрдүүлсэн, уг зөвшөөрөлд гарын үсэг зурсан *** нь *** компанид ажиллахаа больсон бөгөөд *** компани нь “***” нэртэй болж өөрчлөгдсөн” гэж, хариуцагчаас “Үнэлгээний хороо, захиалагч нар нь баримт бичгийг хуурамч гэдгийг тогтоох боломжгүй” гэж, гуравдагч этгээдээс “Манай компани хуурамч баримт бүрдүүлээгүй, “***” гэсэн нэртэй олон компани ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг” гэх үндэслэлүүдийг тайлбарлаж маргав.

3.24. Үнэлгээний хороо тендерийг хянан үзэх шатанд тендерт ирүүлсэн баримт бичиг хуурамч болох нь тогтоогдоогүй, тендерийн баримт бичгийг хуурамчаар үйлдэж ирүүлсэн талаар ямар нэгэн гомдол тендерт оролцогч нараас гараагүй тул хуурамч баримт үндэслэн шийдвэр гаргасан гэж Үнэлгээний хорооны шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

3.25. Мөн нэхэмжлэгч нь үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн гэж маргаж, түүнд хамаарах нотлох баримтуудыг гаргаж маргаж байгаа байгаа боловч шүүх эдгээр баримтыг үндэслэн “***” ХХК-ийн тендерт ирүүлсэн “***” компанийн үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг эрх бүхий этгээд гарын үсэг зурж ирүүлээгүй гэдгийг тогтоох, энэ үндэслэлээр уг баримтыг хуурамч гэж дүгнэх боломжгүй юм.

3.26. Учир нь ОХУ-ын “***” гэх нэртэй хуулийн этгээд нэг эсхүл ялгаа бүхий хэд хэдэн хуулийн этгээд байдаг эсэх нь тодорхой бус, “***” компанийн үйлдвэрлэгчийн итгэмжлэлд гарын үсэг зурсан *** гэх хүн тухайн компанийг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх, гарын үсэг зураагүй гэсэн Сангийн яаманд гаргасан *** гэх гарын үсэг бүхий гомдолд өөрөө тухайн хүн гарын үсэг зурсан эсэх нь тодорхой бус, эдгээр гадаад улсад үйлдэгдсэн баримтууд, түүнд зурагдсан гарын үсэг, тамга тэмдэг үнэн зөв эсэх нь нотлогдохгүй байна.

3.27. Тодруулбал, “Гадаадад албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай” 1961 оны конвенцид зааснаар “баталгаажуулалт” гэж бичиг баримтад зурсан гарын үсэг жинхэнэ эсэх, гарын үсэг зурсан этгээд нь ийм эрх мэдэлтэй эсэх, шаардлагатай тохиолдолд бичиг баримтад дарсан тамга, тэмдэг үнэн зөв болохыг тухайн бичиг баримт хэрэглэгдэх орны дипломат буюу консулын төлөөлөгч нотлон гэрчлэх албан ёсны үйлдлийг ойлгох, эсхүл гарын үсэг жинхэнэ эсэх, гарын үсэг зурсан этгээд нь ийм эрх мэдэлтэй эсэх, шаардлагатай тохиолдолд бичиг баримтад дарсан тамга, тэмдэг үнэн зөв болохыг нотлон гэрчлэхийн тулд тухайн бичиг баримт үйлдэгдсэн улсын эрх бүхий байгууллагаас Апостиль /Apostille/ гэрчилгээ олгогдсон байвал тухайн баримт бичиг, гарын үсэг, тамга тэмдэгийг үнэн зөв гэж шууд хүлээн зөвшөөрөх боломжтой байдаг.

3.28. Дээрх заасан шаардлага бүхий баримт бичиг байхгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Улсын байцаагч оролцогчтой холбоотой дараах нөхцөлийн талаар дүгнэлт гаргана: 56.5.1.худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн” гэж заасан шийдвэр гараагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Сангийн яаманд хуурамч баримт бүрдүүлсэн талаар гомдлоо гаргасан байх бөгөөд хяналт шалгалтын ажиллагааг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эхлүүлсэн байх боловч хяналт шалгалтын дагуу ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа энэ нөхцөлд “***” ХХК-ийг хуурамч баримт бүрдүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй болно.

3.29. Иймд Үнэлгээний хороог хуурамч баримтад үндэслэн тендерийг хянан үзэж, үнэлгээ хийсэн гэж буруутгах үндэслэлгүй, Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2-т “тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх;”, 50.2.3-т “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх.”, 51 дүгээр зүйлийн 51.7-д “Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.” гэж тус тус зааснаар шийдвэр гаргасан байх тул Үнэлгээний хорооны  2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зөвлөмж, тэмдэглэлийн “***” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хууль бус гэж хүчингүй болгох үндэслэлгүй байна.

3.30. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан. Тухайлбал: Хуулийн 26 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, 27 дугаар зүйлд “Тендер үнэлэх”, 30 дугаар зүйлд “Гэрээ байгуулах” гэжээ. Уг зохицуулалтын дагуу тухайн тендерийг хянан үзэхэд мөн зүйлийн 26.9-д заасан шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Тендер үнэлэх”,  30 дүгээр зүйлийн 30.1-д заасан “Гэрээ байгуулах” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульчлагдсан.

3.31. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28.1.1.хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох;”, 28.2-т “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ.”, 48 дугаар зүйлийн 48.2.3-д “үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих”, 48.2.4-д “энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах”, 48.2.6-д “худалдан авах гэрээ байгуулах” гэж тус тус зааснаар  захиалагч нь Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, гэрээ байгуулах зэрэг тендер сонгон шалгаруулалтын шат дараалсан ажиллагааны шийдвэрүүдийг гаргасан.

3.32. Захиалагчаас Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн “***” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр хүргүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “***” ХХК нарын хооронд 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/15-10-0491 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ” байгуулсан нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул “***” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10884 дугаар шийдвэрийг хүчингүй болгох, “Худалдах худалдан авах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй байна.

3.33. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “***” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/15-10-0491 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ”-г байгуулах үндэслэл болсон Үнэлгээний хорооны шийдвэр, захиалагчийн шийдвэр хууль зөрчөөгүй тул “Худалдах худалдан авах гэрээ”-г Захиргааны ерөнхий хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан захиргааны гэрээг илт хууль бусад тооцох үндэслэлгүй болно.

3.34. Иймд дээрх үндэслэлүүдээр тендер сонгон шалгаруулалтын ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэж заасан зарчмууд хангагдсан гэж дүгнэв.

3.35. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Улсын байцаагч оролцогчтой холбоотой дараах нөхцөлийн талаар дүгнэлт гаргана: 56.5.1.худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн” гэж зааснаар “***” ХХК-ийн маргаж буй ОХУ-ын “***” компанийн үйлдвэрлэгчийн зөвшөөрөл хуурамч болох нь тогтоогдсон тохиолдолд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлыг улмаас дахин хянуулах хэргийн оролцогчдын эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14, 109 дүгээр зйлийн 109.2 дахь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “***” компанийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ХАХМ/20251063 дугаар “Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлт”-ийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 30 дугаар зүйлийн 30.1, 48 дугаар зүйлийн 48.2.3, 48.2.4, 48.2.6, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3, 51 дүгээр зүйлийн 51.7, 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “***” компанийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарыг 22-ны өдрийн М-ДБ-112-12/10885 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны акт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10884 дугаар захиргааны акт, Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зөвлөмж, тэмдэглэлийн “***” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “***” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/15-10-0491 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч “***” компанийн тендерийг хамгийн сайн тендер болохыг тогтоолгох” нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            3. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 119/ШЗ2026/0023 дугаар захирамж хүчинтэй байхыг дурдсугай.

            4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 351000 /гурван зуун тавин нэгэн мянга/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 П.УУГАНЦЭЦЭГ