Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 273

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,  

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батгэрэл,

шүүгдэгч: Д.Ба, түүний өмгөөлөгч Н.Болормаа /0201/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Шарын овогт Дашдуламын Бад холбогдох эрүүгийн 1705 0166 80225 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хүнсний дэлгүүр ажиллуулдаг, Ба.

 

Шүүгдэгч Д.Ба нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын зүүн талд Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч Г.Мягыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь маргалдан, толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Ба мэдүүлэхдээ:

Би албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдааг цохисон буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Мягтай маргалдаж байхдаа цагдаагийн машины хаалгыг налахад замаск нь ховхороод унасан юм. Түүнийг нь засварын газар янзлуулсан. Мөн Мягын ажлын хувцсыг сольж өгсөн. Нэмж Мягаас уучлалт гуйгаад 200 000 төгрөг өгсөн. Цагдаагийн машины засварт 1 280 000 төгрөг, Мягын хувцасны төлбөрт 200 000 төгрөг, Мягын ажлыг алдагдуулсан гэж 200 000 төгрөг, цагдаагийн машины police гэсэн бичиг наахад 150 000 төгрөг болсон. Би цагдаагийн машиныг засварлахад гарсан зардал болон хохирогчид учирсан хохиролд 1 800 000 төгрөг төлсөн. Албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчид халдаагүй бол ийм байдалд хүрэхгүй байсан. Энэ хэрэг гарахад цагдаагийн албан хаагчийн буруу байгаагүй, миний буруу байсан. Хэрвээ манай автомашиныг цагдаагийн албан хаагч зогсоогоогүй байсан бол зам тээврийн осол гарч болох байсан гэдгийг ойлгосон. Тухай үед согтуу байсан учраас асуудлыг зөвөөр ухамсарлан ойлгох чадвараа алдсан байсан. Цаашид дахин ийм асуудал гаргахгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Мяг мэдүүлэхдээ:

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагаас 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 09 цагийн хооронд цагдаа зохицуулагчийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 05-ны оройны 23 цагийн үед ахлах дэслэгч Мөнхбаатар, дэд ахлагч Оргилын хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, “Петровис” шатахуун түгээх газрын зүүн талын өгсөх зам дээр машин шалгаад, үүргээ гүйцэтгэж байгаад 28-53 УНД улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн “Тоёота приус-20” маркийн автомашины жолооч эмэгтэй Тайван нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлээд, авто машиныг саатуулан ачуулах үед машин дотор байсан нөхөр нь гэх залуу машинаасаа бууж ирээд намайг “муу пизданууд, миний өмч хөрөнгийг хураадаг хэн бэ” гээд хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгээд тэр залуу миний толгой руу нэг хатуу зүйлээр цохисон. Тэр залуутай хамт явсан хоёр эрэгтэй нь миний 2 талаас зуураад байж байтал намайг цохисон. Надтай хамт явсан Мөнхбаатар 102 руу залгаж дуудлага өгөхөд тэр залуу шууд зугтаасан. Д.Ба нь миний толгой, чамархай хэсэг рүү хатуу зүйлээр цохих шиг болсон. Гараараа цохисон байх.

Толгойн зургийг 120 000 төгрөгөөр авахуулсан, мөн тухайн үед дүрэмт хувцас урагдсан байсан учраас би оёдолчинд өгч оёулсан. Нийт 200 000 төгрөгийн зардал гарсныг Д.Ба надад өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хавтаст хэргийн 16-17, 34 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Түв мэдүүлэхдээ:

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 10 жилийн найз Ба, Баын эхнэр Тайван, манай эхнэр Оюунжаргал нарын хамт Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах “Декор” нэртэй караокед суугаад Чингис 0.75 литрийн архи хувааж уусан. Яг хэдэн шилийг ууснаа сайн санахгүй байна. Архиа ууж дуусаад тэндээс гараад Тайван өөрийнхөө “Тоёота приус-20” маркийн автомашиныг жолоодоод Баын гэр рүү явсан. Тэгээд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, KFC-ийн хажууд явж байтал замын цагдаа зогсоогоод шалгасан. Тэгээд цааш нь болсон зүйлийг тодорхой сайн санахгүй байна. Нэг мэдэхэд машин ачна гэж байсан. Тэгээд цааш юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд цагдаа дээр байсан гэжээ. (хавтаст хэргийн 20 дугаар хуудас)

 

      Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15064 тоот дүгнэлтэд:

      1. Г.Мягын биед тархи доргилт, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

      3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. (хавтаст хэргийн 18 дугаар хуудас)

     

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Д.Ба ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Д.Ба нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх газрын зүүн талд Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч, хохирогч Г.Мягыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь маргалдан, толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч Г.Мяг, гэрч Б.Түв нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15064 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

           

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгажээ. 

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Бад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгчийг хохирогчийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч Г.Мяг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой зардлын талаар “толгойн зургийг 120 000 төгрөгөөр авахуулсан, мөн тухайн үед дүрэмт хувцас урагдсан байсан учраас би оёдолчинд өгч оёулсан. Нийт 200 000 төгрөгийн зардал гарсныг Д.Ба надад өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ.    

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Баыг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.Баыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Ба нь торгох ялыг 02 сар /хоёр сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Ба торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН