| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00504/И |
| Дугаар | 303/ШШ2025/00537 |
| Огноо | 2025-08-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 303/ШШ2025/00537
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие ******* нь 1987 онд Цэцэрлэгийн багшийн сургуульд суралцаж, 1990 онд төгсөөд тус оныхоо 07 дугаар сарын 01-ний өдрөөс Баянхонгор аймгийн Баацагаан сумын цэцэрлэг яслийн комбинатад багшаар ажилд орж тус цэцэрлэгт 2000 оны 10 дугаар сарыг дуустал ажиллаад жирэмсний амралтаа аваад гарч байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон тул миний 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын цэцэрлэг яслийн комбинатад багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 610 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Баацагаан сумын цэцэрлэг, яслийн комбинатын эрхлэгчийн 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай тушаал, хөдөлмөрийн 368603 дугаартай дэвтрийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2. Хүсэлт гаргагч *******гийн 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын цэцэрлэг яслийн комбинатад багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын цэцэрлэг яслийн комбинатад багшаар ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх баримтыг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 610 дугаар лавлагаа, ажилд томилсон талаарх Баянхонгор аймгийн Баацагаан сумын цэцэрлэг, яслийн комбинатын эрхлэгчийн 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай тушаал, ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн байдлуудыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 368603 дугаартай дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
4. Хүсэлт гаргагч *******гийн хөдөлмөрийн 368603 дугаартай дэвтрийг 1990 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Цэцэрлэгийн багшийн сургуулийн захиргаа нээн сургуулийн тамга дарж баталгаажуулсан, хөдөлмөрийн дэвтэрт дурдагдсан овог, нэр, төрсөн он, боловсрол, мэргэжил зэрэг нь зөрүүгүй, тухайн хөдөлмөрийн дэвтэрт хүсэлт гаргагчийн сурч мэргэжил эзэмшсэн байдал болон ажиллаж байсан байсан байдлыг тэмдэглэн ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалын он, сар, өдөр, дугаар зэргийг бичиж, тухайн ажиллаж байсан газрын тамгыг дарж баталгаажуулсан байх тул хөдөлмөрийн 368603 дугаартай дэвтрийг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
5. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч *******гийн ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын цэцэрлэг яслийн комбинатад багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Л.Ганцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Харчууд овогт Ёндонгийн Болормаагийн 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын цэцэрлэг яслийн комбинатад багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА