| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00514/И |
| Дугаар | 303/ШШ2025/00538 |
| Огноо | 2025-08-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 303/ШШ2025/00538
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1970 онд Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн. 55 нас хүрч малчнаар өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1987 оноос 1989 он хүртэл Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр баргадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 26-ы өдрийн 51 дугаартай тодорхойлолт, нийгмийн даатгалын 0987933 дугаартай дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 120 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 1988 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаар тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2165, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 104 дугаартай лавлагаанууд, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Засаг даргын тамгын газраас малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, малчин мэргэжлийн 64220008 дугаартай үнэмлэх, Батлан хамгаалах яамны төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08/004 дугаартай хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, МХЗЭ-ийн гишүүний 404321 дугаартай бат илэрхийлэхийн хуулбар, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 13/640 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч *******ийн ХААТР-1/А/ маягтын хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2. Хүсэлт гаргагч *******ийн 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх баримтыг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 26-ы өдрийн 51 дугаартай тодорхойлолт, сар бүрийн цалингаасаа татвар төлдөг байсан талаарх МХЗЭ-ийн гишүүний 404321 дугаартай бат илэрхийлэхийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч *******ийн талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 059 дүгээр бүртгэлд: овог, нэр-Дагва овогтой Дорж, ажилладаг байгууллага-Жаргалын зам нэгдэл, эрхэлдэг ажил-ямаачин, эрхэлж эхэлсэн он-1987 он, оршдог сум-Баянцагаан гэж тэмдэглэжээ.
5. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч *******ийн ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Өвгөн овогт Дагвын Доржийн 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА