Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/39

 

 

 

 

 

     2024        06        12                                        2024/ДШМ/39

 

  Ч.Гд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Э.У,

Нарийн бичгийн дарга: М.М нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/116 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Ч.Гд  холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, УЧулуугийн Г, 000 оны 000 дүгээр сарын ...-ны өдөр Хөвсгөл аймгийн Д суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Д сумын 4 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн ..........................дугаартай.

Ч.Г нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөл аймгийн Д сумын 4-р багийн нутаг дэвсгэр Н гэх газарт өөрийн гэртээ малын хашаа барих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө ашиглан 16.7072 м3 хэрэглээний нойтон мод бэлтгэж экологи эдийн засагт 17.148.083 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2024 оны 04  дүгээр сарын 02-ны өдрийн 2024ШЦТ/116 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч УЧулуугийн Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Чулуугийн Гг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Гд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ч.Гд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ч.Ггээс 51,444,249 (тавин нэгэн сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун дөчин ес) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь ................... тоот дансанд оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан прокурорын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 16.7072 м3 хэмжээтэй шинэс төрлийн 17,148,083 (арван долоон сая нэг зуун дөчин найман мянга наян гурав) төгрөгийн үнэлгээ бүхий нойтон шинэс модыг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн 000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий хуучин цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр давж заалдах гомдолдоо: “Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яамны сайдын 2022 оны тушаалаар 2023 онд Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас буюу Хөвсгөл аймгийн Д сумын 4 дүгээр баг, Н гэх газраас иргэдийн хүсэлтийг үндэслэн малын хашаа хороог засаж сэлбэх, орон сууцаа засаж тохижуулахад нь зориулж хэрэглээний мод авахыг зөвшөөрсөн бөгөөд тэдгээр хүмүүсийн нэр, тоонд Ч.Ггийн нэр орсон юм.

Зөвшөөрлийн хүрээнд тус аймгийн Д сумын Засаг дарга, түүний тамгын газар болон эрх олгогдсон ойн мэргэжлийн байгууллага болох “Д Уул” уг модыг бэлтгэж зохих эздэд нь өгөх үүрэгтэй боловч энэ үүргээ жилийн хугацаанд биелүүлээгүй, хийх ёстой ажлаа хийгээгүй бөгөөд харин ч эсрэгээр он дуусах мөчид буюу уг зөвшөөрлийн хугацаа дуусахад ердөө 2 хоногийн өмнө та нар өөрсдөө огтолж ав гэсэн зөвшөөрлийг тус сумын байгаль орчны байцаагч Б, Сумын засаг даргын орлогч Мнар өгсөн байдаг юм. Гэвч цагаа тулахаар эдгээр хүмүүс өөр мэдүүлэг өгсөн байдаг юм. Нөгөө талаар Ч.Г болон Д.Б нарыг та нарын авах ёстой хэрэглээний модыг зөвшөөрөлд дурдсан Н гэх газар талбай тусгаарлалт хийсэн, эрхийн бичгийн буюу гоожингийн /гоожин дээр Г гэж бичсэн/ мөнгийг хамтад нь болон нөхөн сэргээлтийн төлбөр, дээр нь огтлох модыг тэмдэглэсэн тэмдэглэгээний үнэ зэргийг гаргуулж уг ойн байгууллага болон байгаль орчны байцаагч, хамгаалагч нар авсан байдаг юм. Анхнаасаа эдгээр хүмүүст та нарын авах ёстой өөрсдийн чинь мод, та нар модоо авахгүй бол зөвшөөрлийн хугацаа дуусаж дахин ийм боломж олдохгүй гэж ойлгуулсан, дээр нь зөвшөөрөлтэй, дээр дурдсан бүх төлбөрийг төлүүлсэн байсан бөгөөд гагцхүү хөрөөчин байхгүй, хөрөөчинд мэдэгдээгүй байсан нь Гд ял зэм халдаах үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасныг анхаарах ёстой байсан. Энэ хэрэгт хохирол, хор уршиг учраагүй гэдгийг эрх бүхий байгууллагаас уг модыг огтлох зөвшөөрөл өгсөнтэй холбоотой юм.

Гэвч Ч.Г нь тусгай хамгаалалттай газар нутгаас мод огтолж болохгүйг мэдэх бөгөөд энэ үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, үүнээс учирсан үр дагаврыг мөн сайтар ойлгож байгаа бөгөөд өмгөөлөгч миний хувьд энэ хэргийн бодит байдалтай холбогдуулан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/116 дугаар бүхий шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасан зөвшөөрлийн баримт бичигтэй, мод огтлох тусгаарласан талбайтай, нөхөн сэргээлт хийх төлбөрийг хураалгасан, уг ажлыг хийх ёстой, огтлох модыг тэмдэглэсэн, тэмдэглэсэн тооноос дутуу модыг огтолсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог бөгөөд мод огтолсон үйлдэлдээ ял зэм авлаа гэхэд нэгэнт зөвшөөрөлтэй модыг экологи эдийн засгийн үнэлгээгээр үнэлж 17.148.083 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж гурав нугалж төлүүлэхээр тогтоосныг хүчингүй болгож анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/116 дугаар бүхий шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ч.Гг хууль бусаар мод бэлтгэсэн буюу Д уул ХХК-д өгсөн зөвшөөрөлтэй байхад Ч.Г дур мэдэн хууль бусаар мод бэлтгэсэн байна гэж үзэж хариуцлага хүлээлгэсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 335 дугаартай яллах дүгнэлтээр Ч.Гг 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөл аймгийн Д сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Н” гэх газарт өөрийн гэртээ малын хашаа барих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө ашиглан 16.7072 м3 хэрэглээний нойтон мод бэлтгэж, экологи эдийн засагт 17,148,083 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсон байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Тухайлбал Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 000 дугаартай Эрүүгийн хэргийн тусгаарлах тухай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг удирдлага болгон яллагдагч Б.Б, Ч.Б, Ч.Г, Б.Б нарт холбогдох 2338000770324 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татсан “яллагдагч Ч.Г нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөл аймгийн Д сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Н” гэх газарт өөрийн гэртээ малын хашаа барих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө ашиглан 16.7072 м3 хэрэглээний нойтон мод бэлтгэж, экологи эдийн засагт 17,148,083 төгрөгийн хохирол учруулсан” гэх хэргийг тусгаарласан байна.

Энэхүү прокурорын тогтоолд яллагдагч Ч.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татсан гэсэн байх    боловч   энэ   зүйл хэсэг  заалтаар  эрүүгийн  хэрэг  үүсгэж яллагдагчаар татсан

 

талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг удирдлага болгосон байх ба энэ нь “Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч яллагдагчийн холбогдсон зарим эрүүгийн хэрэг нь нотлогдоогүй бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тусгаарлан хэрэг бүртгэлтэд буцаана.” гэсэн заалт байна.

Дээрхээс дүгнэж үзвэл прокурор эрүүгийн хэргийг буруу тусгаарласныг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоолын 3 дахь заалтад “Хэрэгт мөрдөн байцаалтын хийлгэхээр Мөрдөн байцаах тасагт хүргүүлсүгэй.” гэсэн атлаа энэхүү тогтоол гарсан өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь ойлгомжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл прокурорын даалгаснаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй нь мөрдөгч хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4-т заасныг зөрчсөн зөрчилд тооцогдоно.

Хяналтын прокурор Э.Уламбаярын “Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл”-д яллагдагч Ч.Б, Ч.Г, Б.Б нарт холбогдох “хууль бусаар мод бэлтгэсэн” гэх хэргүүдийг тусгаарлан, эх хувиар нь авах боломжгүй гэх үндэслэлээр 2338000770324 дугаартай хэргийг бүхэлд нь буюу нотлох баримтуудыг хуулбарлан шүүхэд ирүүлжээ.

Прокурор нь нотлох баримтын жинхэнэ эхийг шаардан авах боломжгүй тохиолдолд дээрх ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой хэдий ч энэхүү прокурорын тэмдэглэл нь хэзээ үйлдэгдсэн нь тодорхойгүй, огноо, дугаар байхгүй, хуулбарласан ажилтан гарын үсэг зураагүйн дээр хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй бусад оролцогчдод холбогдох нотлох баримтыг хуулбарласан, Ч.Гд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг эх хувиар бүрдүүлэх боломжтой байхад хуулбарласан зэрэг алдаа гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3-т “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна.” гэж заасан ба мөрдөгч, прокурор нь тухайн шүүгдэгчид холбогдох нотлох баримтыг эх хувиар бүрдүүлэх боломжтой байхад хуулбарлаж ирүүлсэн нь буруу.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ.” гэж заасан ба Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2023.02.15-ны өдрийн 38 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2023.01.30-ны өдрийн 13 дугаартай албан бичиг, шинжээчийн дүгнэлт, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтний 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлт, Хаан банкны орлогын мэдүүлгүүд, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт талбай тусгаарлуулсан ч ойн арга хэмжээ зохион байгуулах холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн ажиллагаа явуулсан иргэн, ойн анги, ойн мэргэжлийн байгууллагын үйлдлийг хянан шалгах ажлын удирдамж, Барьдаг царам, жиглэгийн ам, хорхойт бэрх гэх газруудад ажилласан 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн илгэх хуудас дагалдах баримтууд зэргийг тухайн байгууллагаас нь хуулбарлан гаргуулж авах боломжтой байна.Мөн хуулбар баримтаас дахин хуулбарлаж прокурорын газрын хуулбар үнэн тэмдэг дарж нотлох баримтаар хэргийн материалд хавсарган ирүүлсэн зарим баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор баталсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ыг зөрчсөн гэж үзэх юм.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн     хэрэг     хянан    шийдвэрлэх     тухай     хуулийн     40.1    дүгээр зүйлийн    1, 2-т    зааснаар    шүүхийн     хууль     хэрэглээний    зөрүүг арилгах, Эрүүгийн    хэрэг      хянан     шийдвэрлэх    тухай      хуулийг      ноцтой      зөрчсөн    нь   шүүхийн   шийдвэрт    нөлөөлсөн,    хуулийг    Улсын    дээд    шүүхийн    тогтоол, тайлбараас   өөрөөр   хэрэглэсэн,   эрх  зүйн   шинэ    ойлголт,     эсхүл     хууль хэрэглээг  тогтооход  зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах

шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ЭРДЭНЭБАТ

                                        ШҮҮГЧИД                                    Б.СОСОРБАРАМ

                                                Н.БАЯРХҮҮ