| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Болормаа |
| Хэргийн индекс | 119/2026/0002/з |
| Дугаар | 119/ШШ2026/0006 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Тендер, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 119/ШШ2026/0006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “***” ХХК /гүйцэтгэх захирал ***/
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***, ***, ***
Гуравдагч этгээд: “***” ХХК
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: ***нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: ““Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/10770 дугаартай шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “***” ХХК-ийн хооронд байгуулсан ЭҮТӨҮГ/20250102426 тендерийн дугаартай, Ган туйван /нүүрстөрөгчит ган/ нэртэй худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу тендерт дахин үнэлгээ хийлгэхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах, Улсын орлогод хураагдсан 7.294.173,0 төгрөгийн тендерийн баталгааг буцаан олгуулахыг даалгах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, ***, ***, гуравдагч этгээдийн өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “***” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/10770 дугаартай шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “***” ХХК-ийн хооронд байгуулсан ЭҮТӨҮГ/20250102426 тендерийн дугаартай, Ган туйван /нүүрстөрөгчит ган/ нэртэй худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу тендерт дахин үнэлгээ хийлгэхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах, Улсын орлогод хураагдсан 7.294.173,0 төгрөгийн тендерийн баталгааг буцаан олгуулахыг даалгах” -ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэгч “***” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас зарласан ЭҮТӨҮГ/20250102426 дугаартай “Ган туйван /нүүрстөрөгчид ган/”тендер шалгаруулалтад оролцсон бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/10770 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “***” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь заалтын дагуу эрэмбийн 2 дугаарт эрэмбэлэгдсэн болно. Тус тендер шалгаруулалтад 1 дүгээрт шалгарсан “***” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон” гэсэн мэдэгдэл хүргүүлжээ.
“***” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан байх ба Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 02/9830 дугаартай албан бичгээр “Шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудлаар гаргасан гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.8 дахь хэсэгт зааснаар хянан үзэж хариу хүргүүлснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгч “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “Ган туйван нүүрстөрөгчит ган” ЭҮТӨҮГ202501014260301 дугаартай тендерт манай компани оролцсон. Тендерийн материалыг 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нээсэн. 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн М-ДБ-112-12/1070 тоот мэдэгдэлд манай компани 2 дугаар байр, “***” ХХК 1 дүгээр байр эзэлж шалгарсан тухай мэдэгдэл манай компанид ирсэн. Уг мэдэгдлийг эс хүлээн зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам нь манай компанийн гаргасан гомдлыг хүчингүй болгосон. Үндэслэлгүй болгосны улмаас тухайн тендерт хуурамч материалтай компани шалгарсан. Тэгээд манай компанийн тендерийн баталгаанд байршуулсан 7,294,173 төгрөгийг улсын орлогод хураалгасан.
Тухайн тендерт шалгарсан “***” ХХК нь барааны тохирлын гэрчилгээ хуурамчаар үйлдсэн болохыг нотолж Сангийн яаманд хүргүүлсэн байсан. Сангийн яам тухайн хуурамч материалыг эцэслэн шалгахгүйгээр манай гаргасан гомдлыг хүчингүй болгосон. Сангийн яамны мэдэгдэл хүлээн авсан даруй тухайн гэрчилгээг Польш улсын байгууллага болох “ICR Сertification center center (ICR гэрчилгээжүүлэлтийн төв)-рүү ICR/VC/HE240704” дугаартай гэрчилгээг үнэн зөв эсэхийг тодруулж мэйл бичсэн. Үүний хариуд тус гэрчилгээг хуурамчаар үйлдэгдсэнийг анхааруулсан бүртгэлийг өөрсдийн цахим сайтад баталгаажуулж байршуулсан болохыг бидэнд мэдэгдсэн. Мэйл болон тухайн сертификатыг хуурамчаар үйлдсэн болохыг баталгаажуулсан холбоосыг энэ шүүхэд гаргасан нэхэмжлэлд нотлох баримтын хавсралтаар хүргүүлсэн байгаа. Хуурамч бичиг баримттай компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг, Монгол улсын хууль тогтоомжийг зөрчиж тендерт шалгарч, улмаар гэрээ байгуулсан байна. Тэгээд үүнтэй холбоотой нэхэмжлэл гаргасан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/1070 дугаартай шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “***” ХХК хооронд байгуулсан “Ган туйван нүүрстөрөгчит ган” нэртэй худалдах авах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу дахин үнэлгээ хийлгэх, улсын орлогод хураагдсан 7,294,173 төгрөгийн тендерийн баталгааг буцаан олгуулах гэсэн үндэслэлтэй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа.” гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хамгийн бага үнийн саналаар “***” ХХК шалгарсан. Захиалагч Үнэлгээний хорооны шийдвэрийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр баталгаажуулсан. 10 дугаар сарын 20-ны өдөр Сангийн яамнаас 029482 тоот албан бичиг ирсэн. Тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл “***” ХХК-ийн гомдлыг хянан шалгах хугацаанд 10 дугаар сарын 31-ний өдөр Сангийн яамнаас дахин албан бичиг ирсэн. Гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн. “***” ХХК-ийн гомдолд дурдсан асуудал нотлогдоогүй.
Ийнхүү тендер шалгаруулалтыг үргэлжлүүлж, захиалагч шийдвэрээ гаргасан. Үүний дараа Сангийн яамны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/9857 тоот “Гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн тул тендерийн баталгааг улсын орлогод оруулах тухай” албан бичиг ирсэн. Үүний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-с Худалдаа хөгжлийн банканд тендерийн баталгааг улсын орлого болгох төрийн санд төвлөрүүлэх албан бичгийг явуулсан. Эдгээр албан бичгүүдийг бүгдийг нь хэрэгт нотариатаар баталгаажуулж, мөн архивын хуулбар үнэн гэсэн тамга тэмдэг дарж хавсаргасан байгаа. Худалдах худалдан авах гэрээ захиалагчийн шийдвэрийг үндэслээд 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “***” ХХК-тай байгуулагдсан. Үүний дараа 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “***” ХХК-иас ирүүлсэн бичиг худалдан авах ажиллагааны мэргэжилтэн ***эд цахимаар хуваарилагдаж ирсэн. Тендер шалгаруулахтай холбоотой гомдлыг тендерийн захиалагчийн шийдвэр гарсны дараа хүлээж авах боломжгүй учраас энэ гомдлыг шийдвэрлээгүй. Дээр дурдсан үндэслэлийг харгалзан үзэж нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгох хүсэлтийг тавьж байна.”гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тендер нээлт хийсний дараа 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Үнэлгээний хороо эцсийн үнэлгээ хийх хурлаа хийсэн. Энэ хурлаас 2 компани шалгарсан. “***” ХХК-ийг хамгийн бага үнийн саналаар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахаар шийдвэр гарсан. Сайтаар ороод тухайн гэрчилгээний дугаарыг хийж шалгахад хүчин төгөлдөр буюу бүх он сар, огноо, олгосон байгууллагын нэр дугаар бүгд таарч байсан. Ирүүлсэн гэрчилгээтэйгээ шаардлага нийцсэн гэж үзсэн. Бусад оролцогч биш Үнэлгээний хорооны гишүүдээс шаардлагад нийцэхгүй байгаа талаар ямар нэгэн санал гаргаагүй. Тухайн гэрчилгээн дээр байгаа барааны дугаартай материалын дугаарыг бүгдээрээ тулгаж үзээд ингээд шаардлага нийцэж байна гэж Үнэлгээний хорооны хурал дээр үзсэн. Энэ талаар хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Сангийн яаманд нэхэмжлэгч гомдол гаргаж “***” ХХК-д Сангийн яамны гомдол хянасан албан бичиг 10 дугаар сарын 31-ний өдөр ирсэн ба гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэдгийг тайлбарласан байсан тул Сангийн яамны бичгийн дагуу бид цааш үргэлжлүүлэн гэрээгээ байгуулаад явсан. Харин “***” ХХК-иас 11 дүгээр сарын 14-ний өдөр ирсэн бичиг дээр тухайн тохирлын гэрчилгээг олгосон байгууллагын сайтаар орж шалгахад хүчингүй болсон, хуурамч байсан талаар тэмдэглэгдсэн байгаа гэсэн бичиг манайд ирүүлсэн. Тухайн үед болбол гэрээ байгуулагдаад 4-5 хоносон байсан. Сайтаар нь орж шалгахад “***” ХХК-ийн гаргасан 11 дүгээр сарын 12-ны өдрийн огноотойгоор хүчингүй болгосон тэмдэглэл сайт дээр бүртгэгдсэн байсан. Бид 10 дугаар сарын 06-ны өдөр үнэлгээ хийх явцад тухайн тохирлын гэрчилгээг хуурамч гэсэн тэмдэглэл байгаагүй.” гэв.
6. Гуравдагч этгээд “***” ХХК-ийн өмгөөлөгч ***шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ анх удаа ийм тендер явуулсан юм биш. Маш олон удаа бараа бүтээгдэхүүн худалдан авсан байгаа. Мэргэжлийн хүмүүс шалгаад тохирлын гэрчилгээ таарч байна гэж хүлээж авсан байна. Сангийн яам бас нэхэмжлэгчийн гомдлыг хүчингүй гэсэн хариу өгсөн байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэл муутай бөгөөд хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна.” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “***” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/10770 дугаартай шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “***” ХХК-ийн хооронд байгуулсан ЭҮТӨҮГ/20250102426 тендерийн дугаартай, Ган туйван /нүүрстөрөгчит ган/ нэртэй худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу тендерт дахин үнэлгээ хийлгэхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах, Улсын орлогод хураагдсан 7.294.173,0 төгрөгийн тендерийн баталгааг буцаан олгуулахыг даалгах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
3. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас зарласан ЭҮТӨҮГ/20250102426 дугаартай “Ган туйван /нүүрстөрөгчид ган/” тендерийг 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зарлаж, 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тендерийг нээсэн ба тус тендерт 10 оролцогч тендерийн материалыг ирүүлсэн байна.
4. Үнэлгээний хороо 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн дагуу тендерт ирүүлсэн баримтуудыг хянан үзэж, нийт 10 оролцогчдоос “***” ХХК, “***” ХХК-иудын тендерийг 100 хувийн саналаар шаардлагад нийцсэн тендер гэж үнэлэн, хамгийн бага үнийн саналтай “***“ ХХК-ийн тендерийг “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж захиалагчид дүгнэлт хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.
5. Дээрхи шийдвэрийг тендерт оролцогч “***” ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан боловч Сангийн яам 2025 оны 10 дугаар 31-ний өдрийн 02/9830 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр “ ...гомдол үндэслэлгүй байна. Иймд тус тендер шалгаруулалтыг хууль тогтоомжид заасны дагуу цааш үргэлжлүүлнэ үү. ...” гэж шийдвэрлэжээ.
6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т “үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих”, 48.2.4-д “энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах”, 48.2.6-д “худалдан авах гэрээ байгуулах” тус тус заасны дагуу захиалагч “***” ХХК-тай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн захиалагчийн шийдвэр гарч, “***” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/10769 дугаартай мэдэгдлийг, “***” ХХК-д М-ДБ-112-12/10770 дугаар мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна.
7. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/10770 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “ ...танай ирүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн 2 дугаарт эрэмбэлэгдсэн болно. Тус тендер шалгаруулалтад 1 дүгээрт шалгарсан “***” ХХК-д дараах нөхцөлөөр гэрээ байгуулах эрх олгосон. ... ” гэж мэдэгджээ.
8. Нэхэмжлэгч “***” ХХК нь “***” ХХК-ийн тендерт ирүүлсэн барааны тохирлын гэрчилгээг хуурамчаар үйлдсэн” гэх үндэслэлээр маргасан.
9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д “тендер шалгаруулалтын баримт бичиг” гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг”, 4.1.18-д “техникийн тодорхойлолт” гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаварыг тодорхойлсон бүрдүүлбэрийг”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана.” гэж заасны дагуу захиалагчаас “техникийн тодорхойлолт”-ыг гаргадаг.
10. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална.” зааснаар “Ган туйван /нүүрстөрөгчид ган/” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын баримт бичгийг захиалагч боловсруулан баталсан ба Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ-ны 17-ийн 17.3-т “Оролцогчийн санал болгож буй бараа нь III бүлэгт заасан техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлох баримтыг өгөгдлийн хүснэгтэд зааснаар тендерт ирүүлнэ.”, Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.4-ийн 1-т “Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ.”, 2-т “Санал болгож байгаа барааны тохирлын гэрчилгээг тендерт хавсарган ирүүлнэ.” гэж тус тус тодорхойлжээ.
11. Тодруулбал, “Ган туйван” /нүүрстөрөгчид ган/ нийлүүлэгчийн сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн тендерт оролцогчид өгөх зааварчилгаа /ТШЗ/-ны 17.41-т “ ...барааны тохирлын гэрчилгээг хавсарган ирүүлнэ.” гэж заасан.
12. Тендерт шалгарсан “***” ХХК-ийн ICR/VC/HE240704 дугаар бүхий барааны тохирлын гэрчилгээ нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан эсэх нь эргэлзээ үүсгэж байгаа нь шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэх үндэслэлд хамаарах бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул захиргаа дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
13. Учир нь “***” ХХК-ийн ICR/VC/HE240704 дугаартай тохирлын гэрчилгээг үнэлгээний хороо cert.icrpolska.com цахим холбоосоор шалгахад гэрчилгээний дугаар, компанийн нэр, хэзээ олгогдсон, хүчинтэй байх хугацаа зэргийг шалгахад тохирч байсан, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дээрхи цахим холбоосоор дахин ороход ICR/VC/HE240704 дугаартай тохирлын гэрчилгээг “хуурамч” гэсэн тэмдэглэл 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөр огноологдон хийгдсэн байсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** тайлбарлаж байгаагаас үзэхэд ICR/VC/HE240704 дугаартай тохирлын гэрчилгээ тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг захиалагч дахин хянан үзэж, дахин шинэ акт гаргах үндэслэл болж байна.
14. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “ ...өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” заасан худалдан авах ажиллагааны зарчимд нийцнэ.
15. Тодруулбал, тендерт оролцогчид нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангахын тулд батлагдсан шаардлагын дагуу тендерийн баримтаа бүрдүүлэх, шударгаар тэгш өрсөлдөх, өөрийн тендерийн үнэн зөвийг хариуцах, хариуцлагатай байх, захиалагч, тендерийн үнэлгээний хорооны зүгээс тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангасан тендерт оролцогчийг шалгаруулах, гэрээ байгуулах зэргээр худалдан авах ажиллагааны үр ашигтай, хариуцлагатай байх зарчмыг хангах нь зүйн хэрэг юм.
16. Иймд тухайн ICR/VC/HE240704 дугаартай тохирлын гэрчилгээ нь тендерийн баримт бичигт тавигдах шаардлагыг эргэлзээгүй хангасан байх шаардлагатай тул тендерийг дахин хянан үзэж, дахин шинэ акт гаргах нь зүйтэй гэж дүгнэв.
17. Харин ICR/VC/HE240704 дугаартай тохирлын гэрчилгээг хуурамч эсэх нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, маргаан бүхий захиргааны актыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн тул ““***” ХХК-ийн “дахин үнэлгээ хийлгэхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах”, “улсын орлогод хураагдсан 7.294.173 төгрөгийг буцаан олгуулахыг даалгах” нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
18. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***“...гэрээг эцэслэн дүгнээгүй байгаа, Сангийн яаманд “***” ХХК-ийг хуурамч баримт бүрдүүлсэн гэдэг үндэслэлээр гомдол гаргах гэж байгаа...” гэж тайлбарласныг дурьдах нь зүйтэй.
19. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга, журмын талаар. Захиалагч нь “***” ХХК-ийн тендерт шалгарсан тохирлын гэрчилгээтэй холбоотой асуудлыг дахин хянан үзэж, шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.13 дахь заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4, 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтуудыг баримтлан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/10770 дугаартай шийдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “***” ХХК-ийн хооронд байгуулсан 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2025/14-Н- дугаартай худалдах, худалдан авах гэрээг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох “хууль тогтоомжийн дагуу тендерт дахин үнэлгээ хийлгэхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах”, “Улсын орлогод хураагдсан 7.294.173,0 төгрөгийн тендерийн баталгааг буцаан олгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102426 дугаар тендерийн захиалагчийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/10770 дугаартай мэдэгдэл, 2025/14-Н- дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүйд тооцсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч нь гуравдагч этгээд “***” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичигт ирүүлсэн ICR/VC/HE240704 дугаартай тохирлын гэрчилгээ шаардлага хангаж буй эсэхийг нягтлан хянан үзэж, 1 /нэг/ сарын дотор дахин шинэ акт гаргахыг даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА