Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 275

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,  

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Намдаг,

шүүгдэгч: А.Энх, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /2260/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Зана овогт Адъяагийн Энхд холбогдох эрүүгийн 1805 0076 20228 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ай ти инженер мэргэжилтэй, Энх.

 

Шүүгдэгч А.Энх нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сот 2/2 байрны 16 тоотод хамтран амьдрагч Э.Зотай хүүхэдтэй болох эсэх талаар маргалдан, улмаар цохиж, зодон Э.Зогийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-А.Энх мэдүүлэхдээ:

Зо бид хоёр 2015 оны 5 дугаар сард танилцаад, нэг гэрт хамт амьдарч эхэлсэн. Бид хамт амьдарч байх үедээ хааяа маргалддаг, маргалдах үед Зо над руу дайрдаг байсан. Би түүнийг түлхэж, эсхүл барьж, тэврэх, нөгөө өрөөндөө орж хаалгаа түгжих зэргээр тайвшруулдаг байсан. Би Зотай цаашид гэр бүл болж амьдрах талаар бодож байсан. Гэтэл Зо намайг хуучин эхнэрийнхээ хүүхэдтэй утсаар ярихаар уурлаж, “хүүхэдтэй болъё” гэдэг байсан. Тэр надад “Баянгол дүүргийн эмнэлэгт үр суулгах боломжтой юм байна, тэнд  очиж уулз” гэхэд нь “би очихгүй” гэж хэлээд маргасан юм. Зо хөлөндөө төмөр суулгацтай бөгөөд жин нэмэгдвэл эрүүл мэндэд нь муу байх гэж бодоод хүүхэдтэй болох эсэх талаар дараа больё гэж бодсон юм. Тэгтэл Зо над руу хашгираад байхаар нь түүний гараас барьтал над руу нулимсан. Тэгэхээр нь би уурлаад, түүнийг 2 удаа алгадсан. Үүнээс болж түүнд гэмтэл учирсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1611 тоот шинжээчийн дүгнэлтэнд дурдсан Зогийн биед учирсан гэмтлийг би учруулсан нь үнэн. Би маш буруу зүйл хийснээ ойлгож байна. Одоо бид тус тусдаа амьдарч байгаа бөгөөд Зо бие муутай болохоор түүний түрээслэсэн байрны мөнгийг төлсөн. Би түүнээс уучлалт гуйсан.  Хавтаст хэрэгт авагдсан аюулын зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдал тодорхойлох маягтуудыг үзэж танилцсан. Эдгээр нь бодитой биш гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.Зо мэдүүлэхдээ:

2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хамтран амьдрагч Энх бид хоёр хүүхэдтэй болох талаараа ярилцаж байсан ба Энх утааны дараа хүүхэд суулгах ажил эхлэе гэсэн. Би тухайн үед цалингийн зээл аваад мөнгөтэй болсон байсан учир “би одоо л хүүхэдтэй болмоор байна, үгүй гэж байна” гээд уурлаад орилоод уйлсан. Тэгээд би Энх рүү хэл амаар дайртал намайг Энх алгадсан. Тэр үед миний хамраас цус гарсан. Би  гэрээс гарах гээд хувцасаа өмссөн чинь Энх намайг “цусаа угаагаад гар” гээд угаалгын өрөөнд оруулаад шүршүүрээр ус гоожуулах үедээ миний нүүр рүү шүршүүрийн төмрөөр санаандгүй цохисон. Тэгээд намайг “чи тайвшир” гээд миний гутлыг тайлж өгөөд гэрээс гараад явсан. Би маргааш нь тэр гэрээс нүүгээд явсан.  Надад Энхгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол байхгүй, хэргийг хамгийн хөнгөн байдлаар шийдэж өгөөч гэж хүсэж байна.  Энх надад түр амьдрах байр түрээслэж өгсөн гэжээ. (хавтаст хэргийн 11-14, 50 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Хонг мэдүүлэхдээ:

Би Зотай 14 наснаасаа эхлэн найзалж байгаа багын найзууд юм. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн үед Зо над руу залгасан байхаар нь буцаагаад залгатал ярьж чадахгүй “найз нь яг үхлээ гээд өө өө” гээд сонин авиа гаргаад дугараад байсан. Юм асуухаар урдаас хариулж чадахгүй байхаар нь одоо хамт амьдарч байгаа Энх Зог өмнө нь зодож байсныг мэддэг учир дахиад зодчихлоо гэж бодоод утсаа салгаад, төрсөн эгч Золоо руу нь залгаад “Зо тань руу ярьсан уу” гэтэл “үгүй, яасан” гэхээр нь би “яг юу болсныг нь мэдэхгүй байна. Гэрт нь очиж үзээд танд хэлье” гээд шууд гэр рүү нь явсан. Би хүүхдээ гэр рүүгээ оруулж үлдээгээд 30-аад минутын дараа гэрт нь яваад очтол Зогийн хадам ээж, аав хоёр нь ирчихсэн, ээж нь үүдэнд цус арчаад сууж байсан. Яасан юу болсон гээд асуутал Зо “хоёр ихэр хүүхдийн эс суулгая” гэтэл “чамд хүн гэдгээ харуулах уу, чи дандаа наадхаа ярьдаг” гээд нүүр рүү нь цохиж, зодоод ванны өрөө рүү чирч оруулаад, нүүр лүү нь ус шүршээд таталт өгсөн гэж байсан. Би Энхг Зог зодож байхыг хараагүй. Энхг өмнө нь нэг л удаа харж байсан. Хүний нүүр рүү эгцэлж хардаггүй, их сонин залуу байсан. Гэр рүүгээ хүн оруулах их дургүй байдаг. Зотай уулзаад гэрт нь сууж байхад Зо Энхг ирэх болчихлоо гээд сандраад байдаг юм. Зо Энхд зодуулсан байхыг их олон удаа харж байсан. Ваннд ус гоожуулахдаа чанга ус дугаргалаа гээд зодсон байсан. Мөн саяхан Зог хөөгөөд байхаар нь хувцсаа аваад явах гэхэд явуулахгүй гээд гарыг нь хүлсэн гээд хоёр гарынх нь бугуй улайчихсан ирж байсан. 1 жилийн өмнө эрүү рүү нь шанаадсан гээд амаа хааж чадахгүй, юм ярьж чадахгүй хавдаад хөхөрчихсөн байдалтай манайд ирж байсан. Хоолойг нь бас улайлгасан байсан. Энх Зог гэртээ хувцастай нь явуулдаггүй, тайл гээд бараг нүцгэн байлгадаг гэж өөрөө ярьж байсан. Намайг гэрт нь 2-3 удаа очиход дээгүүрээ нимгэн пудболктай, доогуураа нүцгэн байж байсан. Хувцсаа өмсөөч гэхээр Энх дургүйцээд байдаг юм, найз нь ингээд байж байдаг юм гэж ярьж байсан. Зо өмнө нь хүнтэй уулзаж, үерхэж байгаагүй. Энхтэй уулзаад хамт амьдрах болоод анх удаа эрэгтэй хүнтэй унтсан. Тэгтэл “чи муу надад олигтойдоо охиноороо ирсэн гэж бодож байна уу, чам шиг тахир дутуу хүүхний дээр гарах хүн олдохгүй байсных” гэж хэлээд зодсон гээд уйлаад ярьж байсан. Юнивишиний төлбөртэй кино үзлээ гэж уурлаад кодыг нь сольчихдог. Энх өмнө нь эхнэр хүүхэдтэй байсан. Зо одоо хүүхдийг нь гаргачихвал арай гайгүй болох бай гээд сүүлийн үед үр шилжүүлэн суулгана гэж яваад байсан юм гэжээ. (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Эрд мэдүүлэхдээ:

2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манай том охин Золжаргал над руу утсаар яриад Зог нөхөр нь зодсон байна гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр нь эхнэр бид хоёр Зогийн гэрт иртэл Энх гэр орноо цэвэрлэж, охины цус болсон гэх газрыг цэвэрлээд гэрээсээ зугтаагаад гараад явсан байсан ба Зо нүүр нь хөхөрсөн, хавдсан, гар, хөл нь улайсан байсан гэжээ. (хавтаст хэргийн 52 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Адъяа мэдүүлэхдээ:

2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүү Энх эхнэр Зог зодсон талаар хэлэхээр нь эхнэр бид хоёр гэрт нь очтол баруун билүү, зүүн талын хацар нь хавдсан байсан ба Энх намайг алгадаж зодлоо гэж Зо хэлсэн. Тэгээд бид нар хүүгээ буруу зүйл хийсэн байна гэж хэлсэн ба Зогийн эгч, аав, ээж нь утсаар яриад цагдаагаар явах болсон. Эхнэр бид хоёр байдлыг харж байгаад гэрээс нь гарч явсан гэжээ.  (хавтаст хэргийн 55 дугаар хуудас)

 

      Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1611 тоот дүгнэлтэд:

      1. Э.Зогийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

      3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хавтаст хэргийн 16 дугаар хуудас)

     

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

А.Энх ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 64 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч А.Энх нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сот 2/2 байрны 16 тоотод хамтран амьдрагч, хохирогч Э.Зотай хүүхэдтэй болох эсэх талаар маргалдан, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч Э.Зо, гэрч Г.Хонг, Ц.Эрд, Д.Адъяа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1611 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

           

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгажээ. 

 

Баянгол дүүргийн прокурорын газраас А.Энхд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч Э.Зо нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт гаргаагүй бөгөөд “Энх бид хоёр эвлэрсэн. Надад Энхгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд Энхд гомдол байхгүй, хэргийг хамгийн хөнгөн байдлаар шийдэж өгөөч гэж хүсэж байна” гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ.    

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Энхг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч А.Энхг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар А.Энх нь торгох ялыг 2 сар /хоёр сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.Энх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Энхд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН