Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 796

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Н  

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс  

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг бүрэн хэмжээгээр гаргуулах”

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хосжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...А.Н миний бие Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016.05.18-ны өдрийн *** тоот тушаал, Төрийн албаны зөвлөлийн 2016.06.23-ны өдрийн *** дугаар бүхий албан тоотыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр уг тушаалыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх

заалтад " Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан

хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад

өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно" гэсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 1 дүгээр

хавсралт "Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм"-ийн 4.1.11 дүгээр хэсэгт

гэсэн заалт нь "аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь энэ

дүрмийн 3.2.2, 3.2.3 дахь заалтад зааснаас бусад эрхийг эдэлнэ" гэсэн заалт

байна.

Миний бие нь 05 дугаар сарын 16-ны орой нь 17:35 цагт ажил тарж явахаар

зэхэх үедээ ажлын байрандаа буюу үйлчлэгч угаагаад орхисон нойтон шалан дээр

гишгэснээс халтирч хөлөө гэмтээсэн тул 2016.05.17-2016.05.24-ний өдрийг хүртэл

хөдөлмөрийн чадвараа алдаж эмнэлгийн магадлагаатай байсан.

Иймд албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэж А.Н миний биетэй

тохиролцож Дорноговь аймгийн Нийгмийн даатгалд шилжүүлээгүй, Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийн 3.2.2, 3.2.3 дахь заалтад зааснаас бусад заалтад хүсэлтээ гаргасан ажилтныг өвчтэй байх хугацаанд нь үүрэгт ажлаас нь чөлөөлж өөр хэлтэс, байгууллагад шилжүүлэх эрх үүргийг нийгмийн даатгалын хэлтсийн даргад үүрэг болгож эрх эдлүүлээгүй байна. Хуулиар олгогдсон миний эрх, Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3 дахь заалтын " хөдөлмөрийн чадвар алдсан тохиолдолд ажлыг байрыг хадгална " гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүй болгож ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бүрэн хэмжээгээр олгуулаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Иргэн А.Нгийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна.

А.Н 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус хэлтэст, 2016 оны 05

дугаар сарын 11-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт тус тус өргөдөл

гаргасан. Өргөдлийг харгалзан А.Нгийн хүсэлтээр шилжүүлэн томилох

тушаал гаргасан.

2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 24-ний

өдрүүдэд өвчтэй байсан гэжээ. Гэвч тухайн өдрүүдэд өвчтэй байснаа нотлох

эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн хуудас манай байгууллагад өгөөгүй бөгөөд

хамгийн сүүлд 2016 оны 04 дүгээр сард өвчний учир эмнэлгийн хуудсаар тэтгэмж

авсан байдаг /Хавсралт-3/.

Нийгмийн даатгалын лавлагаанаас шүүж үзэхэд 2016 оны 05 дугаар сарын

23-наас 2016 оны 06 дугаар сарын 03-ны хоорондох хугацаагаар 2016 оны 06

дугаар сарын 07-ны өдөр сайн дурын даатгал төлөгчөөр эмнэлгийн хуудас авсан

нь тогоогдсон. 

Иймд А.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.11 хөдөлмөрийн дотоод журмын 4.8 гэсэн заалтууд байна. Энэ дээр хамгийн гол нь А-ын Н Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажиллах хүсэлтэй байна. Гэхдээ тэнд ажлын орон тоо гарсан нөхцөлд шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Гэтэл Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ямар ч ажлын орон тоо гараагүй. Бидэнтэй зөвшилцөлгүй Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс рүү тушаал гарган шилжүүлсэн. Албан ажлын шаардлагыг үндэслээд төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцоод өөрийнх нь хүсэлтээр шилжүүлэн ажиллуулж болно гэсэн заалтыг тушаалынхаа үндэслэх хэсэгтээ тавьчихаад үндэслэх хэсэгтэйгээ тохироогүй тушаал шийдвэр гаргасан байна гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 бол ажлын албан шаардлагыг үндэслээд явуулж болно гэтэл энэ хүн хувийн хүсэлт гаргасан байтал тэр газарт нь орон тоо гараагүй, харилцан тохиролцоогүй, зөвшилцөөгүйгээр энэ хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд шилжүүлчихсэн байна гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 бол албан ажлын шаардлагыг үндэслэж хоёр байгууллагын хооронд шилжүүлэх байсан харин нийгмийн даатгалын улсын байцаагчийг шилжүүлэх ямар ч шаардлага байхгүй байсан” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...2016 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл аваачиж өгсөн. Мөн нийгмийн даатгалын ерөнхий газарт 2016 оны 05 сарын 11-ний өдөр өргөдөл гаргаж нөхөр Болдгэрэлийгээ Дорноговь аймгийн Гаалийн Ерөнхий газрын Сайншанд дахь гаалийн улсын байцаагчийн албан тушаалтай 2 жил ажилласан Иймд нөхрийгөө Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлэх хүсэлтэй байх тул зохих журмын дагуу шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. 

Нийгмийн даатгалын Ерөнхий газарт гарсан хүсэлт байгаа. Мөн 2016 оны 5 сарын 09-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргасан. Энэ өргөдлийн дагуу Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс энэ хэргийг хэлэлцсэн Нийгмийн даатгалын Ерөнхий газар цохолтоо хийгээд шийдвэрлэх боломжийг үзье гээд дараа нь цохолт хийсэн байна. Энэ цохолтыг хийхдээ хуулийн дагуу хийгээд мөн Б.А дарга энэ өргөдлийг хүлээж аваад 2016 оны 05 сарын 08-ны *** тоот тушаалаар шилжүүлсэн” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А.Н нь “Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “А.Нг шилжүүлэн ажиллуулах тухай” дугаар *** тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг бүрэн хэмжээгээр гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “А.Нг шилжүүлэн ажиллуулах тухай” дугаар *** тоот тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дүгээр зүйлийн 4.1.11, тус хэлтсийн Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.8 дахь заалтыг тус тус үндэслэсэн байна. 

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дүгээр зүйлийн 4.1.11-д “аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтэс нь энэ дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2.2, 3.2.3 дахь заалтад зааснаас бусад эрхийг эдэлнэ” гэж заасан байна. 

Баянзүрх дүүргийн ниймгийн даатгалын хэлтсийн Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.8-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн захиргааны ажилтныг өөртэй нь тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд сэлгүүлэн ажиллуулж болно. Мөн төрийн захиргааны ажилтныг өөрийнх нь зөвшөөрснөөр Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хугацаагаар төрийн байгууллага хооронд сэлгэн ажиллуулж болно” гэж заасан байна. 

Маргаан бүхий дугаар *** тоот тушаалын нэр нь “А.Нг шилжүүлэн ажиллуулах тухай”, уг тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг үндэслэсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулахаар тушаал гаргасан гэж үзэхээр байх боловч мөн тус тушаалд тус хэлтсийн Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.8-д заасан сэлгэн ажиллуулах талаарх заалтыг баримталсан байгаа нь уг тушаалын нэр, үндэслэсэн заалтууд нь зөрүүтэй, зөрчилтэй, ойлгомжгүй тушаал болох нь харагдаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно….” гэж заасан байна.

Төрийн албаны тухай хуульд сэлгэн ажиллуулах, шилжүүлэн ажиллуулах гэсэн  2 өөр үндэслэл, шаардлага бий болсон тохиолдолд хэрэглэх, 2 өөр ойлголтыг хуульчилсан байна. 

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаас үзэхэд: 

• Албан ажлын зайлшгүй шаардлага бий болсон 

• Төрийн жинхэнэ албан хаагчтай өөртэй нь тохиролцсон гэсэн хоёр нөхцөл байдал бий болсон тохиолдолд л шилжүүлэн ажиллуулахаар хуульчилсан байна. 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд  албан ажлын зайлшгүй шаардлага бий болсон болон төрийн жинхэнэ албан хаагчтай өөртэй нь тохиролцсон гэсэн нөхцөл байдал үүссэн болох нь нотлогдохгүй байна. 

Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаар *** тоот тушаалд “...А.Нгийн Нийгмийн даатгалын Ерөнхий газарт гаргасан өргөдлийг харгалзан үүрэгт ажлаас нь чөлөөлж,... гэж заасан байна.

А.Нгийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн өргөдлөөс  үзэхэд Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст орон тоо гарвал шилжин томилогдох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 

Мөн А.Нгийн Нийгмийн даатгалын Ерөнхий газарт гаргасан өргөдлөөс  үзэхэд Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст шилжин ажиллах хүсэлтэй байгаа учир зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн байна.   

Дээрх өргөдлүүдээс үзэхэд нэхэмжлэгч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст орон тоо гарсан тохиолдолд зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэл зоригтой байсан болох нь нотлогдож байна. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст орон тоо гарсан тохиолдолд л шилжин ажиллах хүсэл зоригтой байжээ. 

Хариуцагч ямар үндэслэлээр гарсан нь тодорхойгүй, зөрүүтэй, ойлгомжгүй тушаал гаргасан байх ба сэлгэн ажиллуулсан эсхүл шилжүүлэн ажиллуулсан аль ч тохиолдлоор авч үзсэн хариуцагч нь нэхэмжлэгчийг хуульд заасан үндэслэл, шалтгаан бий болсон нөхцөлд ажлаас чөлөөлөх үүрэгтэй.  

Зүй нь хариуцагч маргаан бүхий дугаар *** тоот тушаалыг гаргахдаа сэлгэн ажиллуулах эсхүл шилжүүлэн ажиллуулах зайлшгүй, тодорхой шаардлага бий болсон эсэх, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст орон тоо гарсан эсэх, А.Нтай өөртэй нь тохиролцсон эсэх, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга А.Нг авч ажиллуулахыг зөвшөөрсөн буюу тус хэлтсийн даргатай зөвшилцсөн эсэх зэрэг үндэслэл, шалтгаануудыг тодорхой заах ёстой байжээ. 

  Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар сэлгэн ажиллуулах эсхүл шилжүүлэн ажиллуулах зайлшгүй, тодорхой шаардлага бий болсон, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст орон тоо гарсан, А.Нтай өөртэй нь тохиролцсон, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга А.Нг авч ажиллуулахыг зөвшөөрсөн буюу тус хэлтсийн даргатай зөвшилцсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд маргаан бүхий дугаар *** тоот тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг эрх эдэлнэ”, 14.1.5-д “өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах” гэж заасан байна

Иймд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “А.Нг шилжүүлэн ажиллуулах тухай” дугаар *** тоот, тушаалыг шүүхээс хүчингүй болгож, А.Нг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

Түүнчлэн маргаан бүхий дугаар *** тоот тушаалын 1 дэх заалтад “А.Нг .....Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй” гэж монгол хэлний найруулга зүйн хувьд алдаатай, тохиромжгүй үг хэрэглэсэн байгааг дурдах нь зүйтэй. 

Шүүх Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “А.Нг шилжүүлэн ажиллуулах тухай” дугаар *** тоот, тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгах нь зүйтэй байна.

А.Нг ажиллаж байсан хугацааны цалингийн картын дагуу тооцон үзэхэд нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг үндсэн болон нэмэгдэл цалинг оруулан 594,543 (таван зуун ерин дөрвөн мянга таван зуун дөчин гурван ) төгрөгөөр тооцож, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан буюу хүчинтэй болсон 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуусталх нийт 3,567,291 (гурван сая таван зуун жаран долоо мянга хоёр зуун ерэн нэгэн) төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  “Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “А.Нг шилжүүлэн ажиллуулах тухай” дугаар *** тоот тушаалыг хүчингүй болгож, А.Нг урьд эрхэлж байсан Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн сайн дурын даатгал хариуцсан байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан А.Нд 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 10 дүгээр сарын 18-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 3,567,291 (гурван сая таван зуун жаран долоо мянга хоёр зуун ерэн нэгэн) төгрөгийг олгохыг Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       М.БАТЗОРИГ