Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 17

 

                                   

 

 

 

 

 

 

 

 

Ч.Ганзориг, Д.Баатарням нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                          Ц.Сонинмөнх

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Ч.Болдбаатар

Хохирогч                                           Б.Энхбаяр

Иргэний хариуцагч                                    Н.Батноргай

Шүүгдэгч                                           Д.Баатарням

Нарийн бичгийн дарга                 Б.Байгалмаа  нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 127 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн улсын яллагчийн эсэргүүцлээр Ч.Ганзориг, Д.Баатарням нарт холбогдох эрүүгийн 2014 0107 0169 дугаартай 5 хавтас 1204 хуудас хэргийг 2016 оны 06 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын харьяат, 1974 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Тээвэр-Ачлал” ХХК-нд Улаанбаатар-Багануурын чиглэлд нийтийн тээврээр зорчигч тээвэрлэдэг жолоочоор ажилладаг байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Хоршооллын 9-5 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 198 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 150,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай Юншибуу овгийн Чинбаатарын Ганзориг,  /РД:ХИ74042812/.

 

Монгол Улсын харьяат, 1964 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхч мэргэжилтэй, "Тээвэр-Ачлал" ХХК-ний захирал, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хорооллын 73-58 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Дугарын Баатарням, /РД:ХП64051079/.

 

Шүүгдэгч Ч.Ганзориг нь Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг "Дөтлүүрийн даваа" гэх газар 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хот хоорондын зорчигч тээврийн "Тээвэр ачлал" ХХК-ний эзэмшлийн Хьюндай нью-аеро маркийн 57-75 УБГ улсын дугаартай том оврын автобусыг жолоодож яваад Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага МS55012:2011 стандартын 8 дугаар зүйлийн 8.2.2, 8.2.3 дахь заалтыг зөрчснөөс уг автобусны урд тэнхлэгийн баруун талын гарны татуурга нь арлаас салсан хуучин 0,8 см хуучин цав, 25*9 см хэмжээтэй зэвэрсэн байхад хөдөлгөөнд оролцсоноос автобусны ур-тэнхлэгийг баруун талын дагуу гарны татуургыг бэхэлсэн үндсэн рамны суурийн хэсэг тасарч улмаар урд тэнхлэгийн байрлал өөрчлөгдөн автобусны жолоодлого алдагдаж замын хажуу руу онхолдож зам тээврийн ослын улмаас уг автобусанд зорчиж явсан Д.Дорждамба, Б.Энхбаяр нарын бие махбодид хүнд, А.Намуун А.Алтантуяа, О.Аюуш, П.Чулуунцэцэг нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг,

 

Шүүгдэгч Д.Баатарням нь Монгол Улсын Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.2, 10.2.6 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйгээс Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага МN35012:2011 стандартын 5 дугаар зүйлийн 5.5, 6 дугаар зүйлийн 6.2, 6.9. Аатотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага N84598:2011 стандартын 5.14.1 дэх заалтууд тус тус зөрчигдөж нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулснаас Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Дөтлүүрийн даваа гэх газар 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар-Багануур чиглэлд зорчигч тээвэрлэж явсан "Тээвэр ачлал" ХХК-ний эзэмшлийн Хьюндай нью-аеро маркийн 57-75 УБГ улсын дугаартай том оврын автобусны урд тэнхлэгийг баруун талын дагуу гарны татуургыг бэхэлсэн үндсэн рамны суурийн хэсэг тасарснаас жолоодлого алдагдаж замын хажуу руу онхолдож автобусанд зорчиж явсан Д.Дорждамба. Б.Энхбаяр нарын бие махбодид хүнд, А.Намуун, А.Алтантуяа, О.Аюуш, Чулуунцэцэг нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирч хүнд хор уршиг учруулан албан үүрэгтээ хайнга хандсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны 127 дугаар шийтгэх тогтоолоор:  -Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Юншибуу овгийн Чинбаатарын Ганзориг, Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Дугарын Баатарням нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Ганзориг, Д.Баатарням нарыг цагаатгаж,

-Шүүгдэгч Ч.Ганзориг, Д.Баатарням нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Ч.Ганзориг нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд Д.Дорждамбад  780.000 төгрөгийг, Б.Энхбаярт 4.360.000 төгрөг, Б.Нямдарьд 200.000 төгрөг, А.Алтантуяад 540.000 төгрөгийг тус тус төлсөн, “Тээвэр-Ачлал” ХХК-ний ажилчдаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд Д.Дорждамбад 2.000.000 төгрөг Б.Энхбаярт 1.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдаж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Дорждамбын эрүүл мэндийн хохирлын 8.016.000 төгрөгийг, хохирогч Б.Энхбаярын эрүүл мэнд, унаа болон бусад зардалын нийт 11.177.226 төгрөгийг, Иргэний нэхэмжлэгч М.Жаргалсайханы эмчилгээний зардлын 697.400 төгрөгийг, хохирогч А.Алтантуяагийн эрүүл мэндийн хохирлын 321.200 төгрөгийг шүүгдэгч Ч.Ганзориг 150.000 төгрөг төлсөнг дурьдаж 171.200 төгрөгийг, хохирогч О.Аюушийн эрүүл мэнд болон унааны зардлын 316.000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч А.Намууны эрүүл мэндийн хохирлын 1.795.900 төгрөгийг тус тус “Тээвэр ачлал” ХХКомпаниас гаргуулж,

-Хохирогч Д.Дорждамба, Б.Энхбаяр, П.Чулуунцэцэг, О.Аюуш нар нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хохирлоо жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж, хохирогч Б.Энхбаярын нэхэмжлэлийн шаардлагаас хоол хүнсний зардал болох 462.898 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, насанд хүрээгүй хохирогч Б.Нямдарь нь нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг тус тус дурьдаж,

-Иргэний бичиг баримтаар Ч.Ганзоригийн 0001274 дугаартай мэргэшсэн жолооны үнэмлэх, 178054 дугаартай жолооны үнэмлэх зэрэг хураагдаж ирснийг Ч.Ганзоригт буцаан олгож, 00540621 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 0079232 дугаартай автомашины албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ зэргийг хууль ёсны эзэмшигч “Тээвэр-Ачлал” ХХК-нд буцаан олгож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2014 оны 10 сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжлэгдсэн 57-75 УБГ улсын дугаартай Hyudai Nеw Аего маркийн автобусын битүүмжлэлийг хүчингүй болгож,

-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ч.Ганзориг, Д.Баатарням  нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

-Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар цагаатгах тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ч.Ганзориг, Д.Баатарням нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч бичсэн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаа хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн дээрх зүйл хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нт хэргийн нөхцөл байдалтай тохироогүй байна. гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь: “Тээвэр Ачлал” ХК нь Автотээврийн үндэсний төвтэй “Хот хооронд зорчигч тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан зорчигч тээвэрлэх ажил үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, Ч.Ганзориг нь “Тээвэх Ачлал” ХК-ний нэрийн өмнөөс Улаанбаатар-Багануур чиглэлд зорчигч тээвэрлэж замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч өөрөөр хэлбэл хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах үйл ажиллагааг эрхэлж байгаа онцгой нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй гэж дүгнэж байна. Энэ утгаараа зорчигч тээвэрлэлтийн ажил үйлчилгээг эрхэлж байгаа аж ахуйн нэгж, тухайн үйлчилгээг үзүүлж буй жолооч нар нь зорчигчийг аюул, осолгүй, тав тухтай үйлчилгээг үзүүлэхийн тулд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн бадлыг хангаж, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Яллах дүгнэлтэнд дурьдагдсан Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага МNS5012:2011 стандарт, Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартууд нь Монгол Улсын Стандарчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд заасны дагуу заавал мөрдөгдөх үндэсний стандартууд бөгөөд дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах объетэд тогтоосон үндэсний стандартыг заавал мөрдөнө” гэж заасан байдаг. Шүүхийн цагаатгах тогтоолд: “Шүүгдэгч Ч.Ганзоригийг Ангилал ба үйлчилгээнд тавих шаардлага  МNS5012:2011 стандартын 8.2.2 буюу “нийтийн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, ариун цэвэр, гэрэлтүүлэх, дулаацуулах систем, шил арчигч буюу төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хариуцна” гэснээр 8.2.3 буюу “ шугамд гарахын өмнө тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий үзлэг хийж үйлчилгээнд гарах ба шугамаас буухдаа тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг шалгах механикаар шалгуулна..” гэснээр тус тус яллаж байгаа нь үндэслэлгүй байна... Шүүгдэгч Ч.Ганзориг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй болох нь 2014 оны 9 сарын 30-ны өдрийн 9/03 тоот шинжээчийн дүгнэлтийн 1-д “Хьюндай маркийн 57-75 УБГ улсын дугаартай автобусны жолооч Ч.Ганзориг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл алга байна...”  Гэтэл эрүүгийн хуульд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас гэж хуульчилсан болохоос Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс гэж зааж өгөөгүй бөгөөд шүүгдэгч Ч.Ганзориг нь зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэхдээ тээврийн хэрэгслийн ашиглалтын журмыг зөрчсөн гэж улсын яллагчийн зүгээс үзэж яллах дүгнэлтийг үйлдсэн гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй буюу мөрдөн байцаалтыг гүйцэд биш хийсэн байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэн, хаана, яаж үйлдсэн болон бусад байдлын талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд шалгаагүй орхигдуулсан байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь:

“Тээвэр ачлал” ХХК-д тээвэр зохицуулагч, механик ажилтай Э.Сүрэндулам нь 2014 оны 06 сарын 10-ны өдрөөс 06 сарын 14-ны өдрүүдэд ажлаасаа албан ёсоор чөлөө авсан эсэх, хэрэв байгууллага чөлөө олгосон бол түүний ажил үүргийг хэн орлон гүйцэтгэхээр байгууллага зохицуулалт хийсэн болох, тэр хугацаанд түүнийг орлон  ажилласан Н.Батноргайд  тээвэр зохицуулагч, шалгах механикийн ажил хийхийг даалгасан эсэх, эсвэл 06 сарын 10-ны өдрөөс 06 сарын 14-ны өдрүүдэд тухайн ажлын байр эзэнгүй байсан эсэх талаар шалгах ажиллагааг дутуу хийсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн өдрүүдэд Баянзүрх авто вокзалын тээвэр зохицуулагч, механикийн ажлыг хэн гүйцэтгэх үүрэгтэйг  тодруулах шаардлагатай.

Түүнчлэн гэрч П.Даваажаргалын...“шалгах механик Э.Сүрэндулам замын хуудсан дээр хэд хоногийн өмнө гарын үсэг зураад надад өгчихдөг, уг замын хуудсыг осол болохоос өмнө ойролцоогоор 14 хоногийн өмнө Сүрэндуламаас авсан байх. 2014.06.13-ны өдөр Улаанбаатар Багануурын чиглэлд явсан  13 тээврийн хэрэгслийн бүх замын хуудсанд шалгах механик  Э.Сүрэндуламын гарын үсэг адилхан байгаа” гэсэн мэдүүлэг, Э.Сүрэндуламын... “2014.06.12-ны өдөр 57-75 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн би шалгаагүй, хамгийн сүүлд 2014.03.29-нд оношлогоонд ороход л үзсэн. Сонгинохайрхан авто вокзал дээр тээвэр зохицуулагчийн ажлыг давхар хийдэг болохоор өдөр бүр шалгах боломжгүй”  гэсэн өөрийнх нь мэдүүлэг, №0192671 зорчигч тээвэрлэлтийн замын хуудас, бусад гэрчийн мэдүүлгээс дүгнэхэд Э.Сүрэндулам нь шалгах механикийн ажлаа өдөр бүр зохих ёсоор гүйцэтгэдэггүй байсан болох нь тогтоогдсон байна. Түүний  2014.03.29-с хойш 57-75 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шалгаагүй, замын хуудсанд ажилд гарахыг зөвшөөрсөн гарын үсэг урьдчилан  зурсан /зурдаг/ энэ үйлдэл, эс үйлдэхүй,  хор уршиг хооронд шалтгаант холбоотой эсэх,  энэ байдлыг  “Тээвэр ачлал” ХХК мэддэг байсан эсэхийг тодруулах нь зүйтэй байна.

Хьюндай нью-аеро маркийн 57-75 УБГ улсын дугаартай автобусны урд тэнхлэгийг баруун талын дагуу гарны татуургыг бэхэлсэн үндсэн рамны суурийн хэсэг тасарснаас жолоодлого алдагдаж замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдсон байх ба дээрх техникийн эвдрэл гэмтэл нь техникийн оношлогоо хийсэн 2014 оны 03 сард илэрсэн эсэх, түүнийг мэдсэн эсэх, мэдэх боломжтой эсэхийг шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байна.

Өөрөөр  хэлбэл жолооч болон шалгах механик нар нь  уг техникийн зэврэлт, гэмтлийг  мэдэх боломжтой байсан уу, жолооч болон шалгах механик нь ямар хүрээнд техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах үүрэгтэй болохыг тодруулах шаардлагатай.

Мөн шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан хэрнээ  гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэснээрээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  291 дүгээр зүйлийн  291.2.2 дах хэсэгт заасан “шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй орхих” заалтыг зөрчсөн байна.

            Дээрх байдлууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан шүүх нь тухайн хэрэгт хамааралтай хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл боллоо.

            Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан “мөрдөн байцаалтыг гүйцэд биш хийсэн, тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан” гэсэн үндсэлэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Монгол улсийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  313, 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 318 дугаар зүйлийн 318.1, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 127 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасугай.       

2.Улсын яллагчийн  бичсэн эсэргүүцлийг  хүлээн авсныг дурьдсугай.

3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.

 

 

           

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                            ШҮҮГЧИД                            Т.ЭНХМАА

                                                                                  Г.БОЛОРМАА