Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 308

 

З аймгийн А сумын МАН-ын х-ны нэхэмжлэлтэй, З

аймгийн А сумын ИТХ болон СХ-нд тус тус

холбогдох захиргааны хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                    Танхимын тэргүүн М.Батсуурь

       Шүүгчид:                       Л.Атарцэцэг

                                             Д.Мөнхтуяа

                                             Ч.Тунгалаг

       Илтгэгч шүүгч:             Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг,

Нэхэмжлэлийн шаардлага: "А сумын ИТХ-ын дахин сонгуулийн зардал төсвийг хэлэлцэн шийдвэрлэж батлахыг сумын ИТХ-д даалгуулах, уг дахин сонгуулийг сумын хэмжээнд явуулахыг сумын ИТХ болон А сумын СХ-нд даалгуулах”

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0335 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ю.Д, өмгөөлөгч О.М, хариуцагч М.Э, түүний өмгөөлөгч Б.Д, хариуцагч Ч.О-ийн өмгөөлөгч С.Э нарыг оролцуулан,

Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 б, Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан З аймгийн А сумын ИТХ-ын ээлжит 2016 оны сонгуулийн дахин сонгуулийн зардлын төсвийг хэлэлцэж батлахыг А сумын ИТХ-д, Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.13, 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан З аймгийн А сумын ИТХ-ын ээлжит 2016 оны сонгуулийн дахин сонгуулийг товлон зарлаж, тус сумын хэмжээнд зохион байгуулж явуулахыг А сумын СХ /З аймгийн СХ-ны 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан/-нд тус тус даалгаж, Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 33 дугаар зүйлийн 33.10, 34 дүгээр зүйлийн 34.1.13, 39 дүгээр зүйлийн 39.2, 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан З аймгийн А сумын ИТХ-ын ээлжит 2016 оны сонгуулийн дахин сонгуулийг зохион байгуулж явуулахыг А сумын ИТХ-д даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0335 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 118/ШШ2019/0008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч З аймгийн А сумын СХ-ны дарга, түүний өмгөөлөгч болон тус сумын  ИТХ-ын дарга нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3 аймгийн А сумын МАН-ын х-ны нэхэмжлэлтэй, З аймгийн А сумын ИТХ болон СХ-нд холбогдох захиргааны хэргийн хариуцагч М.Э, Ч.О нараас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0335 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Магадлалыг эс зөвшөөрч байгаа үндэслэл нь, нэхэмжлэлийг З аймгийн А сумын МАН-аас гаргасан бөгөөд нэхэмжлэлд З аймгийн А сумын МАН-ыг төлөөлж дарга Ю.Д гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “захиргааны байгууллагыг хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр, эсхүл хуулиар эрх олгогдсон удирдах албан тушаалтны шийдвэрээр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө”, мөн зүйлийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, бусад этгээд олгосон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө” гэж тус тус зохицуулжээ. Улс төрийн намын тухай хууль, Монгол Ардын намын дотоод дүрэм журмууд, Сонгуулийн тухай хуулиар сумын намын хорооны дарга нь сумын намын хороог итгэмжлэлгүйгээр төлөөлөх буюу хуульд зааснаар төлөөлөх эрхийг олгоогүй байна. Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт “Нам энэ хуульд нийцүүлэн өөрийн онцлогт тохирсон зохион байгуулалтын бүтцийг төв, орон нутгийн түвшинд байгуулан ажиллуулна” гэж зааснаас үзвэл  А сумын МАН-ын хороо  нь тус намын зохион байгуулалтын бүтцийн байгууллага буюу салбар байгууллага, А сумын МАН-ын хороо  нь МАН-ын х-с зөвшөөрөл авахгүйгээр бие дааж нэхэмжлэл гаргах эрхтэй субъект мөн эсэх нь тодорхойгүй байна.

5. Гэтэл анхан шатны шүүх нь Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-т заасан зохицуулалтын нөхцөлийг төсөөтэй хэрэглэх боломжтой байна” гэж үзэн Ю.Д-г А сумын СХ-г шүүхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн нь Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шүүхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх асуудал дээр анхан шатны шүүхээс төсөөтэй хэрэглэсэн заалт болох Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт "Сонгуульд оролцох хүсэлтэд намын салбар байгууллагын дарга гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна” гэж заасныг шүүхээс намын салбар хорооны дарга шүүхэд намыг итгэмжлэлгүйгээр төлөөлж болно гэж төсөөтэй хэрэглэсэн нь уг хуулийн заалтын агуулгыг хэт гажуудуулсан, хэргийн нэг талд хүчээр, ашигтай байдлаар шийдвэрлүүлэхийн тулд төсөөтэй харилцааг зохицуулаагүй заалтыг хамаатуулж хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль хэрэглэх зарчмуудыг үл хүндэтгэсэн зүйл болж байна.

6.  А сумын МАН-ын хороо ны 2016 оны 04 тоот тогтоолоор Ю.Д-г сумын намын хорооны даргаар сонгосныг баталсан, харин шүүхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг холбогдох хуулиудад зааснаар сумын намын хорооны даргад олгоогүй байгаа юм. Анхан шатны шүүх нь Ю.Д-г  А сумын МАН-ын хороо г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй байсан гэсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгэхдээ хавтаст хэрэгт байхгүй нотлох баримтуудыг үндэслэн, мөн хавтаст хэрэгт байгаа баримтуудыг мушгин гуйвуулж нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт эргэлзээ төрж байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс гомдлын энэ хэсэгт дүгнэлт хийгээгүй. Гомдлын 1 дэх хэсэгт дурдсан Ю.Д нь  А сумын МАН-ын хороог шүүх итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэх нотлох баримтаа гаргаж өгөөгүй, эсвэл эрх бүхий этгээдээс олгосон итгэмжлэлээ шүүхэд гаргаж өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-д заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эсхүл нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэлгүйгээр бүрдүүлбэр дутуу нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь процессын хуулийг зөрчсөн, давж заалдах шатны шүүхээс үүнийг зөвтгөсөн нь хуулийг нэг мөр зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна.

7. Хариуцагч А сумын СХ-г давж заалдах шатны шүүхээс одоог хүртэл эрх зүйн чадамжтай гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

З аймгийн СХ-ны 2016 оны 01 дүгээр тогтоолоор орон ИТХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулах үүрэгтэйгээр байгуулсан, энэ нь Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт нийцэж байна. Харин А сумын ИТХ-дахин сонгууль зохион байгуулах асуудал нь сумын ИТХ-ын ээлжит сонгууль зохион байгуулах асуудлаас хууль зүйн хувьд тусдаа өөр асуудал бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг нь сумын хурлын дахин сонгуулийг зохион байгуулахад төсөөтэй хэрэглэгддэг болох нь гэрч Б.О-ийн мэдүүлгээр тогтоогддог. Энэ зохицуулалтын дагуу А сумын ИТХ-ын Тэргүүлэгчид нь 2018 оны 09 тоот тогтоолоор сумын ИТХ-ын дахин сонгууль зохион байгуулах Сонгуулийн хороог байгуулсан боловч сонгуулийн хорооны төсөв батлагдаагүй үндэслэлээр, мөн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 13 тоот тогтоолоор уг Сонгуулийн хороог татан буулгасан. Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсгийн дагуу дээрх сумын хурлаас дахин сонгууль зохион байгуулах сонгуулийн хороог байгуулсан нь хуульд нийцэж байна гэж үзэж байна.

А сумын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахаар байгуулагдсан СХ нь 1 удаагийн шинжтэй эрх, үүргээ хэрэгжүүлсэн учраас одоо эрх үүрэг нь дуусгавар болсон, түүнд дахин сонгуулийг зохион байгуулах эрх зүйн чадамж байхгүй, сумын сонгуулийн хороо нь байнгын үйл ажиллагаатай сонгуулийн байгууллага биш гэж үзэж байна.

8. Мөн анхан шатны шүүхээс тус хэргийг Захиргааны ерөнхий хуулийн 112 дугаар зүйл, Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлд тус тус зааснаар шийдвэрлэх маргаан гэж үзэж, тусгай журмаар шийдвэрлэж, түүнийг нь давж заалдах шатны шүүхээс зөвтгөснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Сонгуулийн маргаантай огт хамааралгүй, дахин сонгууль зохион байгуулахыг даалгах, мөн сонгуулийн төсөв батлахыг даалгах тухай шаардлагууд нь Захиргааны байгууллагаар Захиргааны акт гаргуулахыг даалгах тухай асуудал юм. Иймд энэхүү хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ердийн журмаар шийдвэрлэх боломжтой байхад анхан шатны шүүх хэргийг тусгай журмаар богино хугацаанд, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангуулалгүй дутуу дулимаг, үндэслэл муутай шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх алдааг нь зөвтгөж шийдвэрлэсэнд гомдолтой.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь дахин сонгуулийг сумын хэмжээнд зарлан явуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа “Дахин сонгуулийг зарлаж, санал авах өдрийг товлон тогтоож явуулахыг А сумын СХ-нд, бусад техник зохион байгуулалтын арга хэмжээг зохион байгуулж явуулахыг тус сумын ИТХ-д даалгуулах” гэж өөрчилсөн тухайгаа шүүх хуралдаанд тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан мэтээр дүгнэсэн нь энэхүү хэргийг шүүх шийдвэрлэхдээ үндэслэл муутай шийдвэрлэсэн нь харагдаж байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тухайд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй байдаг.

10. Одоо үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуульд заагаагүй хэдий ч өмнөх Сонгуулийн тухай хуульд ээлжит сонгуулийн жил эхлэхээс 1 жилийн өмнөөс эхлэн дахин болон нөхөн сонгууль зохион байгуулахгүй байх талаар хуульчилсан байдаг.

Өмнөх хуулийн энэхүү зохицуулалтыг буцаан хэрэглэх боломжтой бөгөөд 2020 онд ээлжит сонгууль явагдах гэж байхад өмнө нь А суманд өндөр өртөгтэй сонгууль зохион байгуулж, орон нутгийн төсөвт төсөвлөгдөөгүй их хэмжээний мөнгийг гаргуулах нь хуулийн энэ зохицуулалтын агуулгад нийцэхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс дахин сонгуулийн төсөв болох 30.000.000 төгрөгийг сумын татвараас давсан орлого, бусад орлогоос гаргах боломжтой гэж байгаа хэдий ч эдгээр орлогууд нь эхний хагас жилд зарцуулагдсан, мөн эдгээр орлогуудыг Төсвийн тухай хуульд зааснаас өөрөөр зарцуулж болохгүй бөгөөд хэрэв зориулалтын бусаар зарцуулсан тохиолдолд эргээд орон нутгийн удирдлагуудад акт төлбөр тавигдах эрх зүйн зохицуулалттай юм. Өөрөөр хэлбэл, А суманд 2019 онд дахин сонгууль явуулах төсөв огт байхгүй.

11. Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал илт үндэслэл муутай, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, нэхэмжлэгчид хэт давуу байдал олгосон нь шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль хэрэглэх зарчмуудад нийцээгүй зэргээс шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

12. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

14.  Хариуцагч Завхан аймгийн А сумын СХ нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар тогтоолоороо 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явагдсан сумын ИТХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг хүчингүй болгож, уг тогтоолын 2 дахь заалтаар дахин сонгуулийг товлон зарлахыг өөртөө даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг тогтоолтой холбогдуулан үүссэн шүүхийн маргааныг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 237 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, сонгуулийн хорооны 17 дугаар тогтоолыг хэвээр үлдээсэн байна. Гэтэл энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш өнөөдрийг хүртэл А сумын СХ нь өөрийн гаргасан тогтоолоо хэрэгжүүлээгүй, түүнийхээ шалтгааныг ИТХ “сонгуулийн зардлыг шийдэж өгөөгүй” гэж тайлбарлаж байгаа нь, ийнхүү дахин сонгуулийг хийгээгүйгээс бодит байдал дээр 2012 онд сонгогдсон ИТХ-ын гишүүд /Тэргүүлэгчид/ өнөөдрийг хүртэл үндсэндээ 7 жилийн хугацаанд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа нь зөвхөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулиар /Арван зургадугаар зүйлийн 9/ хамгаалагдсан /тухайн сумын/ иргэдийн сонгох, сонгогдох эрхийг /Тавин есдүгээр зүйлийн 3/, мөн төрийн үйл ажиллагааны “ардчилсан ёс, хууль дээдлэх” зарчмыг /Нэгдүгээр зүйлийн 2/ ноцтой зөрчсөн гэж үзнэ.

15. Иймээс хариуцагч нарын “нэхэмжлэгч шүүхэд төлөөлөх эрхгүй, хариуцагч СХ нь татан буугдсан тул эрх зүйн чадваргүй, шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” зэрэг тайлбар, гомдол нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байсан ч дээр дурдсан Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиар хамгаалагдсан иргэдийн сонгох, сонгогдох эрх болон төрийн үйл ажиллагааны “ардчилсан, хууль ёсны байх” зарчим нь илүү хамгаалагдах ёстой эрх зүйт төрийн үнэт зүйл болохыг хяналтын шатны шүүхээс онцгойлон дурдаж байна.

16. Хариуцагч нараас гаргасан хяналтын гомдол нь дараах хууль зүйн болон бодит үндэслэлээр үгүйсгэгдэж байна. Үүнд:

17. Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт “Сонгуульд оролцох хүсэлтэд намын салбар байгууллагын дарга гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна” гэж заасан ба үүний дагуу нэхэмжлэгч Завхан аймгийн  А сумын МАН-ын хороо  нь тус намыг орон нутгийн түвшинд төлөөлөх зорилгоор байгуулагдсан “намын салбар байгууллага” бөгөөд /Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6/ тухайн салбар байгууллага буюу хорооны даргаар дамжуулж сонгуульд оролцсон, иймд сонгуулийн дүнтэй холбоотой аливаа маргаанд, тухайлбал шүүхийн маргаанд салбар хорооны дарга нь намын хорооны гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж оролцох эрхтэй гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Нөгөө талаар, Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “захиргааны байгууллагыг хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр ... төлөөлнө” гэсэн байх ба Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсгээр “сонгуулийн харилцаа”-нд намын салбар байгууллагын /хорооны/ даргад өөрийн байгууллагыг төлөөлөх эрхийг олгосон гэж үзэхээр байна. Түүнчлэн, МАН-ын намын удирдах дээд байгууллагын зүгээс  А сумын МАН-ын хороо  нь, хорооны дарга Ю.Д-г нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж маргаагүй, энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй.

18. Иймээс тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-6-д заасан “шүүх Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-ын агуулгыг хэт гажуудуулан хэрэглэсэн, хэргийн нэг талд хүчээр хэт ашигтай байдлаар хэрэглэсэн нь шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль хэрэглэх зарчмыг зөрчсөн, Ю.Д-г намыг шүүхэд төлөөлөх эрхгүй, гэтэл түүний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь процессын ноцтой зөрчил гаргасан” гэсэн агуулгатай хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

19. Шүүхүүдийн дүгнэсэнчлэн, Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д зааснаар “Сонгуулийн төв байгууллагаас бусад сонгуулийн байгууллага нь байнгын бус ажиллагаатай байх бөгөөд энэ хуульд өөрөөр заагаагүй бол байгуулсан этгээд татан буулгах тухай шийдвэр гаргаснаар үйл ажиллагаа нь дуусгавар болно” гэж заасан, харин хариуцагч А сумын СХ нь З аймгийн СХ-ны 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ба түүнийг татан буулгасан эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүйгээс гадна А сумын СХ-ны 2016 оны 17 дугаар тогтоол хүчин төгөлдөр бөгөөд /шүүхийн шийдвэрээр/ уг тогтоолын 2 дахь заалтаар тус хороо нь дахин сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй хэдий ч өнөөдрийг хүртэл уг үүргээ хэрэгжүүлээгүй байгаа тул тус хороог “нэг удаагийн шинжтэй, эрх үүргээ хэрэгжүүлээд дууссан тул эрх зүйн чадваргүй гэж үзнэ” гэсэн /Тодорхойлох хэсгийн 7-д/ хариуцагч нарын хяналтын гомдол үндэслэлгүй юм. 

20. Энэхүү маргааны гол агуулга нь дахин сонгуулийг зохион байгуулахгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйтэй холбоотой бөгөөд нэхэмжлэгчээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд дахин сонгууль явуулахыг А сумын СХ-нд даалгах, дахин сонгуулийн зардал төсвийг хэлэлцэж шийдвэрлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах шаардлага гаргасан байх ба шүүхүүд уг хэргийн үндсэн маргаан нь “сонгуулийн маргаан” гэж үзэж /Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.1-ийн дагуу/ тусгай журмаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Хариуцагч нарын маргаж байгаачлан “захиргааны акт гаргуулахад чиглэгдсэн тул ердийн журмаар шийдвэрлэх ёстой” /Тодорхойлох хэсгийн 9-д/, эсвэл хариуцагчийн өмгөөлөгчийн маргаж байгаачлан “Сонгуулийн хороонд холбогдох маргааныг тусгай журмаар, харин ИТХ-д холбогдох маргааныг ердийн журмаар салгаж шийдвэрлэх ёстой байсан” гэж үзэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан сонгуулийн маргааныг хурдан шуурхай шийдвэрлэхэд чиглэгдсэн тусгай журмын зорилгод нийцэхгүй юм.

21. Мөн “одоо үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуульд заагаагүй хэдий ч өмнөх Сонгуулийн тухай хуульд ээлжит сонгуулийн жил эхлэхээс 1 жилийн өмнөөс эхлэн дахин болон нөхөн сонгууль зохион байгуулахгүй байх талаар хуульчилсан байдаг, үүнийг буцаан хэрэглэх боломжтой бөгөөд 2020 онд ээлжит сонгууль явагдах гэж байхад өмнө нь А суманд өндөр өртөгтэй сонгууль зохион байгуулж, орон нутгийн төсөвт төсөвлөгдөөгүй их хэмжээний мөнгийг гаргуулах нь хуулийн энэ зохицуулалтын агуулгад нийцэхгүй.., А суманд 2019 онд дахин сонгууль явуулах төсөв огт байхгүй” гэх тогтоолын Тодорхойлох хэсгийн 10-т заасан хяналтын гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь, “хүчингүй болсон хуулийг хэрэглэх” нь хуулийг буцаан хэрэглэх тухай ойлголтод хамаарахгүйгээс гадна “төсөв байхгүй” гэсэн шалтгаан нь хариуцагч нараас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байхыг зөвтгөх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч А сумын ИТХ нь дахин сонгуулийн зардлын төсвийг хэлэлцэж батлах, харин СХ нь дахин сонгуулийг товлон зарлаж зохион байгуулах үүрэгтэй.

22. Түүнчлэн, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, тодруулбал, А сумын ИТХ-ын Т-ийн зүгээс “2019 оны орон нутгийн төсвөөр сонгуулийн зардлыг бүрдүүлж, дахин сонгуулийг зохион байгуулж явуулах” тухай хариуг удаа дараа нэхэмжлэгчид өгч итгэл төрүүлсээр байсан, гэвч хариуцагч нарын хэн алин нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй үргэлжилсээр байсан учир нэхэмжлэл гаргасныг “хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна.  

23. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0335 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

             ШҮҮГЧ                                                                Г.БАНЗРАГЧ