Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 303/ШШ2025/00539

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1970 онд төрсөн. 55 настай өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1220 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар тушаал, ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 13/638 дугаар албан бичиг, хүсэлт гаргагч *******ийн ******* маягтын хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч *******ийн 1986 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1986 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар  ажиллаж байсан болох нь түүний 1987-1988 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1220 дугаар лавлагаа, ажилд хуваарилах тухай Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар тушаал, 1984-1990 онуудад авч байсан цалин хөлсийг тэмдэглэсэн ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, ******* нарын мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч *******ийн талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 023 дугаар бүртгэлд: овог, нэр-Ойдов овогтой Дашдорж, ажилладаг байгууллага-Коммунизмын төлөө нэгдэл, цех, тасаг, бригад-Салхит 4 дүгээр хэсэг, эрхэлдэг ажил-малчин, эрхэлж эхэлсэн он-1986 он, оршдог сум-Галуут сум гэж тэмдэглэжээ.

5. Харин хүсэлт гаргагч *******ийн 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх баримт болон цалин архиваас гараагүй, бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгов.

6. Иймд хүсэлт гаргагч *******ийн 1986 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Эрдэнэтээл овогт Ойдовын Дашдоржийн 1986 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА