Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 119/ШШ2026/0007

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “***” ХХК /гүйцэтгэх захирал ***/

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***

            Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***, ***, ***

Гуравдагч этгээд: “***” ХХК /гүйцэтгэх захирал ***/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***, *** нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102714 дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “***” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны М-ДБ-112-12/10682 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11198 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”, ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102714 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, “***” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоор шалгарсан болохыг тогтоохыг даалгах-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, ***, ***, гуравдагч этгээд “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал ***, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “***” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102714 дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “***” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны М-ДБ-112-12/10683 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11198 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102714 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, “***” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоор шалгарсан болохыг тогтоохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.

2. “***” ХХК-ийн Монгол Улсын Сангийн яаманд гаргасан гомдлыг Сангийн яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана” гэж зааснаар буцаасан тул шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 08 сарын 27-ны өдөр зарласан ЭҮТӨҮГ/20250102714 дугаар бүхий “Төрөл бүрийн гагнуурын электрод” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер сонгон шалгаруулалтын Багц 1, Багц 2-т оролцсон. Улмаар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 09 сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/9849 тоот албан бичгээр багц 1-т оролцсон манай тендерийн саналаас ТБОНӨХБАҮХАтХ-н 26.4 дахь хэсэгт заасан үндэслэлээр татгалзаж, /мэдэгдлийг хавсаргав/

2025 оны 09 сарын 05 өдрийн М-ДБ-112-12/9849 тоот албан бичгээр багц 2-т оролцсон манай тендерийн санал ТБОНӨХБАҮХАтХ-н 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн 3 дугаарт Үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг эс зөвшөөрч бид Сангийн яаманд хандан 2025 оны 09 сарын 10-ны өдрийн 01/114 тоот албан бичгээр гомдол гаргасныг Сангийн яамнаас хүлээн авч, 2025 оны 09 сарын 26-ны өдрийн 02/8833 тоот албан бичгээр ТБОНӨХБАҮХАтХ-н 59.10.2-т заасан үндэслэлээр гомдлыг хангаж, дахин үнэлгээ хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Улмаар, Үнэлгээний хороо үнэлгээг дахин хийж, 2025 оны 10 сарын 12-ны өдрийн М-ДБ-112-12/10683 тоот албан бичгээр багц 1-т оролцсон манай тендер саналаас ТБОНӨХБАҮХАтХ-н 26.4-т заасан үндэслэлээр татгалзаж, багц 2-т оролцсон манай тендерийн санал ТБОНӨХБАҮХАтХ-н 27.5 дахь хэсэгт зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн 2 дугаарт эрэмбэлэгдсэн болохыг 2025 оны 10 сарын 12-ны өдрийн М-ДБ-112-12/10683 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Дээрх шийдвэрийг бид эс зөвшөөрч дахин Сангийн яаманд хандан 2025 оны 10 сарын 17-ны өдрийн 01/127 тоот албан бичгээр гомдол гаргасныг Сангийн яамнаас Багц 1-т гаргасан гомдлыг 2025 оны 10 сарын 22-ны өдрийн 02/9554 тоот албан бичгээр ТБОНӨХБАҮХАтХ-н 59.1-д заасан үндэслэлээр дээр буцааж, Багц 2-т гаргасан гомдлын хариуг 2025 оны 10 сарын 30-ны өдрийн 02/9779 тоот албан бичгээр ТБОНӨХБАҮХАтХ-н 59.10.2-т заасан үндэслэлээр хангаж, дахин үнэлгээ хийхийг Үнэлгээний хороонд даалгаж шийдвэрлэсэн.

Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Үнэлгээний хороо 2025 оны 11 сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11198 тоот албан бичгээр манай компанид хандан 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн М-ДБ-112-12/10683 дугаартай албан бичгээр хүргүүлсэн захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болохоо мэдэгдсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын Үнэлгээний хорооны 2025 оны 11 сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11198 тоот албан бичгийг хүлээн авснаас хойш хуулийн хугацаанд дээд шатны захиргааны байгууллага болох Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 02/10218 тоот албан бичгээр ТБОНӨХБАҮХАтХ-н 59.5 дахь хэсэгт “Санүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана” гэж заасны дагуу манай компанийн 2025 оны 11 сарын 11-ний өдрийн 01/137 тоот гомдлыг буцаасан. Тиймээс

1. Сангийн яамны 2025 оны 10 сарын 30-ны өдрийн 02/9779 тоот албан бичгээр шаардлага хангахгүй тендер болохыг нь тогтоосон этгээдийг дахин шалгаруулсан.

2. Нэхэмжлэгч компанийн ТБОНӨХБАҮХАтХ-д заасан тендер шалгаруулалтанд шударгаар өрсөлдөх, шаардлага хангасан тендер ирүүлсэн этгээдийн хувьд тендер шалгаруулалтад шалгарч, гэрээ байгуулах эрхийг зөрчсөн хууль бус үйл ажиллагаа боллоо.” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компанийн хувьд Эрдэнэт үйлдвэрээс зарласан тендерт оролцсон байгаа. Үүний үнэлгээг нийтдээ 3 үеэр гаргасан байгаа. Эхний үнэлгээ дээр “***” ХХК хамгийн сайн оролцогчоор шалгарсан. Хавтаст хэрэгтэй танилцаад Үнэлгээний хорооны тэмдэглэлийг уншихад “***” ХХК бол эхний сонгон шалгаруулалтаар шалгараагүй шаардлага хангахгүй гэж үзсэн. Харин захиалагчийн мониторингийн хүрээнд дахин үнэлгээ хийж “***” ХХК гэдэг компанийг сонгон шалгаруулсан байгаа. 2 дахь Үнэлгээний хорооны шийдвэр нь “***” ХХК-ийг сонгон шалгаруулсан, үүний хариуд манай компани Сангийн яаманд Тендерийн хуулийн дагуу дахин үнэлгээ хийлгэх гомдол гаргаж шийдвэрлэсэн байгаа. Үүний хариуд Үнэлгээний хороо нь өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн, үүний хариуд мөн Сангийн яаманд гомдол гаргаж Сангийн яамнаас өмнө нь шийдвэрлэсэн асуудлыг шийдвэрлэхгүй гэсэн тайлбарыг өгсөн учраас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад явж байгаа. Үүнтэй холбоотойгоор тулгарч байгаа асуудал бол шаардлага хангахгүй байхад Үнэлгээний хороо, захиалагч тус компанийг сонгон шалгаруулсан байна гэж нэхэмжлэл гаргасан.

Манайх нэхэмжлэлийн шаардлага дээрээ үндсэн 3 шаардлагыг тавьсан байгаа. Эхнийх нь бол “***” ХХК-г шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус байсныг тогтоолгох байгаа, үүний албан бичгийнх нь дугаар дээр техникийн алдаа гарсан байна, энэ бол 83 биш 82 дугаартай албан бичиг буюу захиалагч “Эрдэнэт үйлдвэр” нь “***” ХХК-г хамгийн сайн оролцогчоор шалгаруулсан мэдэгдлийг хүчингүй болгуулах, хууль бус болохыг тогтоолгохоор гаргасан байгаа. 2 дахь шаардлага нь захиргааны акт нь Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар захиргааны акт болж байгаа. Шаардлага хангаагүй компани шалгарснаар манай байгууллага шаардлага хангаж гэрээ байгуулах боломжоо алдсан учраас 11198 дугаартай албан бичгийг хууль бус болгохыг тогтоолгох нэхэмжлэлээ гаргасан байгаа. Мөн 3 дахь нь манайх 10682 гэдэг мэдэгдлийн дагуу Сангийн яаманд гомдол гаргасан байгаа. Сангийн яам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу дахин үнэлгээ хийх буюу шалгаруулсан мэдэгдлийг хүчингүй болгосон. Үүний дагуу Үнэлгээний хороонд дахин хийхийг даалгасан байтал ялгаа байхгүй өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хууль бус үйлдэл болж байна гэж үзэж байгаа. Мөн захиалагч бол тендерийн баримт бичигтээ хэд хэдэн стандартуудыг нэгэн зэрэг хангахаар заасан боловч тендерийн Үнэлгээний хороо зөвхөн нэг стандартыг барьж шийдсэн нь хууль бус шийдвэр байна гэж үзэж байгаа. Оросын холбооны улсын ГОСТ стандарт болон ТУ стандартыг хангасан байх ёстой” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, ***, *** нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “....1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102714 дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “***” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон тухай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын М-ДБ-112-12/10683 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг болон үйлдвэрийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11198 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хүчингүй болгох шаардлагын тухайд: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, гэрээ байгуулах, тайлагнах, хяналт тавих, гомдол шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу (цаашид тендерийн хууль гэнэ) өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмыг баримтлан тендер шалгаруулалтыг зохион байгуулдаг. Тус хуулийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/57 дугаартай тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо “Төрөл бүрийн гагнуурын электрод”-ын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлаж 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 09.00 минутад цахим худалдан авах ажиллагааны системээр ирүүлсэн тендерүүдийг нээсэн. Тус тендер шалгаруулалтад Багц-1-т 3 (гурав) компани, Багц-2-т 7 (долоо) компани тендер ирүүлсэн.

Үнэлгээний хороо нь тендер шалгаруулалтыг хурлыг 2025 оны 09 дүгээр сарын 01, 09 дүгээр сарын 4-ний өдөр хуралдаж, захиалагчийн баталсан баримт бичгийн дагуу ирүүлсэн тендерийг хянан үзэж, Багц-1 тендер шалгаруулалтад “***” ХХК-ийн ирүүлсэн тендерийг, Багц-2-т “***” ХХК-ийг ирүүлсэн тендерийг “Хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж үзэж зөвлөмжийг Захиалагчид хүргүүлсэн тул Захиалагчаас тендерт оролцогчдод мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч тендерт оролцогчдоос уг шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан. Гомдлыг Сангийн яамнаас хянаж үзээд 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн албан бичгүүд ирүүлсэн тул гомдол хянасан тухай шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо нь 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар ирүүлсэн тендерүүдийг дахин үнэлэхэд Багц-2-т “***” ХХК-ийг ирүүлсэн тендерийг “Хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж үзсэн.

Харин тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6 дугаар хурлаар “Төрөл бүрийн гагнуурын электрод” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн багц 1-д шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзан, дахин тендер шалгаруулалт зарлахаар шийдвэрлэсэн. Тиймээс Үнэлгээний хорооны зөвлөмжийн дагуу Захиалагчаас “***” ХХК-д 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/10683 дугаар албан бичгийг хүргүүлсэн.

Гэвч “***” ХХК уг шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан тул Сангийн яам гомдлыг хянаж, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 02/9779 дугаартай албан бичгээр гомдлын заримыг үндэслэлгүй гэж үзэж, харин дараах асуудлыг нягтлан үзэхийг даалгасан. Үүнд:

1. Түншлэлээс ОХУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нийлүүлэхээр санал болгож ирүүлсэн хэдий ч захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан ОХУ-ын ГОСТ, ТУ стандартыг нэгэн зэрэг хангаагүй болон АWS стандартад дүйцэх эсэхийг нягтлан үзэх, 

2. Үйлдвэрлэгч “***” ХХК-ийн бүтээгдэхүүнд олгосон РОСС RU.НЕ06.НО8556 дугаартай тохирлын гэрчилгээнд заасан мэдээлэл захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан техникийн үзүүлэлтийг нотлох эсэхийг нягтлан үзэх.

Түүнчлэн захиалагчийн 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн М-ДБ-112- 12/10682 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж, тендерийн хуулийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн. Тиймээс тус албан бичгийн дагуу Үнэлгээний хороо 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хуралдан “***” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэж, үнэлж, захиалагчид зөвлөмж хүргүүлснээр Захиалагчаас “***” ХХК-д "Мэдэгдэл хүргүүлэх тухай" М-ДБ-112-12/11198, “***” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11197 албан бичгүүдийг тус тус хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл “***” ХХК-тай холбоотой Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрт өөрчлөлт ороогүй тухай захиалагч 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн.

Үйлдвэрийн газрын захиалагчаас “***” ХХК-д 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11198 дүгээр мэдэгдэл нь тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлийн Шийдвэрлэсэн хэсгийг үндэслэсэн, өөрөөр хэлбэл тухайн мэдэгдэлд дурдсан асуудлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шийдвэрлээгүй, харин тендерийн Үнэлгээний хорооны гаргасан эрх зүйн үр дагавар бүхий шийдвэрийг дамжуулан “мэдэгдсэн” агуулгатай байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “захиргааны акт”-ын шинжийг агуулаагүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан “хүчингүй болгох” нэхэмжлэлийн зүйл болохгүй тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

 

2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102714 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, ”***” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоор шалгарсан болохыг даалгах шаардлагын тухайд: Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11,4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ гэж заасны дагуу “***” ХХК-ийг “Хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж Үнэлгээний хороо үзэж, гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг Захиалагчид хүргүүлсэн тул Захиалагч тус компанид мэдэгдэл хүргүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “***” ХХК ХХК хооронд 2025 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр 2025/15-Н-0484 дугаартай гэрээ байгуулагдсан. Тиймээс тендерийн хуулийн дагуу тендерт оролцогчдын тендерийн хүчинтэй хугацаанд тендер шалгаруулалтыг зохион байгуулж, хамгийн сайн тендер ирүүлсэн компанийг шалгаруулсан тул үнэлгээг дахин хийх, хоёрдугаарт эрэмбэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчийг буюу ”***” ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хуулъ ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т "... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлох” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол захиргааны акт гаргахыг захиргааны байгууллагад даалгах нэхэмжлэл гаргахаар байна. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үнэлгээний хороо нь Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дугаар зүйлийг үндэслэн шийдвэр гаргасан ба эс үйлдэхүй гаргаагүй, мөн “***” нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар үндэслэлээ тодорхойлоогүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр ”***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч хууль бус байна гэж үзсэн үндэслэлээ тодорхой тайлбарласангүй гэж ойлгож байна. Мөн даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг ямар тохиолдолд гаргах вэ гэхээр нэхэмжлэгчийн ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд нэхэмжлэл гаргана. Гэхдээ захиргааны байгууллага ямар нэгэн шийдвэр гаргаагүй орхигдуулсан тохиолдолд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. Тэгэхээр энэ тохиолдолд Үнэлгээний хороо ямар нэгэн эс үйлдэхүй гаргаагүй, шийдвэрээ тухай бүрдээ хуульд заасан хугацаанд гаргаж байсан учраас даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Мөн Сангийн яамны 9779 дугаартай гомдол хянасан шийдвэрийг хянаж үзэхэд “***” компанийн ирүүлсэн тендер нь ийм асуудлаараа захиалагчийн шийдвэр буюу Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлгүй байна гэсэн талаар огт дурдаагүй. Сангийн яамны бичиг дээр стандарт хэрэглэсэн тохиолдолд энэ стандарт нийцэж байна уу, үгүй юу гэдгийг дахиж хянаж үзээч гэсэн шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн хүрээнд Үнэлгээний хороод хуралдаад техникийн даалгаварт дурдсан энэ олон стандартуудын яг алийг нь хангасан тохиолдолд шаардлагад нийцсэн гэж үзэх юм бэ гэдгийг Үнэлгээний хороогоор ярьсан. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл дээр тодорхой бичсэн байгаа. Манайхаас ийм стандартуудыг тавьж өгсөн гэдгээ тодорхой бичсэн байгаа. Тухайн компани Оросын холбооны улсаас бараа нийлүүлэхээр санал ирүүлсэн байна. Оросын холбооны улсын ГОСТ стандарт буюу манай техникийн даалгаварт тавигдсан стандартыг ирүүлсэн байна. Энэ стандартууд нь хоорондоо нийцэх юм байна гэдгийг мэргэжлийн гишүүн тайлбарлаад Үнэлгээний хороо олонхоороо саналаа хураагаад шийдвэрээ гаргасан. Тэгэхээр Үнэлгээний хороо хууль бус шийдвэр гаргаагүй учраас нэхэмжлэгчийн яриад байгаа нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах ямар нэгэн үндэслэл байхгүй байна. Сангийн яамны шийдвэрээр гэрээ байгуулах эрх олгосон өмнөх нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа мэдэгдлийг хүчингүй болгочихсон. Дараа нь Үнэлгээний хороогоор хуралдаад дахиж шийдвэрлээд бид нар агуулгын хувьд өмнөх шийдвэрээ хэвээр үлдээж байна гэж шийдвэрээ гаргасан. Нэхэмжлэгчийн гаргаад байгаа эхний шаардлагуудыг Сангийн яам шийдээд хүчингүй болгоод тухайн Үнэлгээний хороо нь Сангийн яамны шийдвэрийн дагуу хуралдаад өмнөх шийдвэр нь хэвээр байна, бид нар зөв үнэлсэн байна гээд шийдвэрээ хүргүүлсэн.

Нэхэмжлэгч өөрийнхөө онцгой эрх ашиг нь зөрчигдсөн гэдэг талаараа тодорхой үндэслэл гаргаж ирээгүй гэж үзэж байна. Өмнө нь өгсөн 10683 дугаартай мэдэгдэлтэй холбоотойгоор Сангийн яаманд гомдол гаргасан. Цаашлаад зөвхөн “***” ХХК-ийн тендерийг хянаж үзсэн байгаа. Гэтэл тухайн компанитай холбогдуулан Сангийн яамны шийдвэр хэвээр үлдсэн байгаа. Тэрэн дээр маргаагүй байгаа гэхээр тухайн компанийн ямар нэгэн ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байна гэдэг нь тогтоогдож байна. Нотлох баримт шинжлэн судлахад манай тендер шалгаруулалтын баримт бичигт заасан ГОСТ стандартыг хангаж ирүүлсэн материалыг “***” ХХК ирүүлсэн байгаа нь тогтоогдож байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Даалгах нэхэмжлэлийн шаардлага бол хангагдах боломжгүй. Учир нь даалгах нэхэмжлэлийн шаардлага нь бол захиргааны байгууллага үйл ажиллагаандаа хийгээгүй эс үйлдэхүй гаргасан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагддаг учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ““Эрдэнэт үйлдвэр” нь 48 жилийн хугацаанд ажиллаж байна. Уг 48 жилийн хугацаанд Орос Монголын хамтарсан үйлдвэр гээд 35 жил ажиллаж байсан. Бид нар Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн электротууд хэрэглэж байгаа. Үүнийхээ хүрээнд Үнэлгээний хорооны даргын хувьд манайх ГОСТ стандарт батлагдсан техникийнхээ дагуу Үнэлгээний хороо үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд удирдан зохион байгуулсан. Үйлдвэрийн газрын батлагдсан техникийн тодорхойлолтын дагуу үнэлж зөвлөмжүүдээ хүргээд явсан. Энэ дотор манай техникийн даалгаврыг хангасан стандарт ГОСТ нь шаардлагыг хангасан тул Үнэлгээний хороо шаардлагад нийцсэн болохыг тодорхойлсон. Манайх техникийн даалгавар дээр Оросын стандарт ГОСТ 946675, ГОСТ 1052 гээд захиалагчийн техникийн даалгаврыг өгсөн. “***” ХХК бол ГОСТ стандартуудыг манай техникийн даалгаварт тодорхойлсон байгаа шиг ижилийг өгсөн. Үнэлгээний хороо хуралдаанд эдний стандарт бол нийцэж байна. “***” бол Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн Судловский гэдэг заводны үйлдвэрийн электротуудыг манайд санал болгосон. Стандартаар бол 10052 ГОСТ 946675, 9467 гэсэн ГОСТ-ууд манай шаардлагуудыг хангаж байгаа. Энэ шаардлагуудыг хангасан болохоор бид нар шалгаруулсан. Бид нар стандартад нэг шаардлага тавихгүйгээр олон боломжтой хувилбаруудыг оруулж ирээд хэрвээ Оросын холбооны улсын электротуудтай дүйцэх хэмжээний Хятад, Америк, Японых оролцохоор боломж олгож тухайн стандартуудаас сонголт хийгээд алийг нь нийлүүлэх юм, аль улсаас нийлүүлэх юм гэдэг стандартуудаа гаргаад өгчихсөн. “***” ХХК болохоор Оросын холбооны улсын ГОСТ-р орж ирсэн болохоор ГОСТ-ыг нь шалгаруулаад стандартад нийцэж байна гэж шалгаруулсан байгаа.” гэв.  

8. Гуравдагч этгээд “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. Нэхэмжлэгчээс гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102714 дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “***” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны М-ДБ-112-12/10683 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11198 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг эс зөвшөөрч байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ЭҮТӨҮГ/20250102714 дугаар бүхий “Төрөл бүрийн электрод” тендерийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр зарлаж, мөн оны 08 дугаар сарын 27-ны өдөр нийт 7 аж ахуйн нэгж тендерийн Багц 2-т санал ирүүлж, тендер сонгон шалгаруулалтанд оролцсон. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/57 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо “Төрөл бүрийн гагнуурын электрод”-ын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр цахим худалдан авах ажиллагааны системээр ирүүлсэн тендерүүдийг нээсэн байна. Хэрэгт авагдсан материалаар Үнэлгээний хороо 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 14:00 цагт хуралдаж 02 дугаартай тэмдэглэл хөтлөн хурлын шийдвэрээ гаргажээ. Тус хурал 86 хувийн ирцтэйгээр явагдаж, “Төрөл бүрийн гагнуурын электрод” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн ..., Багц 2-д шаардлагад нийцсэн материал ирүүлсэн “***” ХХК-ийг DDР-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлэх 1.746.000.000.00 төгрөгийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэж, захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэв” гэсэн шийдвэр гаргажээ.

Хурлын тэмдэглэлд тэмдэглэгдсэнээр Багц-2 тендер сонгон шалгаруулалтанд оролцсон 7 аж ахуйн нэгжээс “***” ХХК, “***” ХХК, “***” ХХК-иудын тендерийн материал шаардлагад нийцсэн гэж дүгнээд “...хамгийн бага үнийн санал ирүүлсэн “***” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох саналыг захиалагчид хүргүүлье” гэсэн санал дээр санал хурааж, хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн байна. Өөрөөр хэлбэл, Багц-2 тендерийн сонгон шалгаруулалтанд оролцсон 7 аж ахуйн нэгжээс шаардлага хангасан тендерийн материал ирүүлсэн “***” ХХК 1.746.000.000.00 төгрөгний, “***” ХХК 2.518.980.800.00 төгрөгний, “***” ХХК 2.482.700.000.00 төгрөгний үнийн санал ирүүлснийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт зааснаар үнэлж1, хамгийн бага үнийн санал ирүүлсэн “***” ХХК-ийг “хамгийн сайн” тендер ирүүлснээр тооцож, шийдвэр гаргасан.

Манай компани нь “***” ХХК-ний ирүүлсэн үнийн саналаас 772.980.000.00 төгрөгөөр буюу 30.6 хувиар, “***” ХХК-ний ирүүлсэн үнийн саналаас 736.700.000.00 төгрөгөөр буюу 29.6 хувиар тус тус бага үнийн санал хүргүүлсэн байгаа юм. “***” ХХК-с үнэлгээний хорооны Багц-1-д гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 01/114 дугаартай албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамнаас 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 02/8833 дугаар албан бичгээр дахин үнэлгээ хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийхдээ 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, 05 дугаартай тэмдэглэл үйлдсэн байна.

Тус хурал гишүүдийн 86 хувийн ирцтэйгээр хуралдаж “Төрөл бүрийн гагнуурын электрод” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Багц-2-д шаардлагад нийцсэн, материал ирүүлсэн “***” ХХК-ийг DDР-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлэх 1.746.000.000.00 төгрөгийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэж, захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэв” гэх шийдвэрийг 100 хувийн саналтайгаар дахин гаргажээ. Дээрх шийдвэрийг хүргүүлсэн М-ДБ-112-12/10683 дугаартай албан бичгээр “***” ХХК-д тус компанийг ЭҮТӨҮГ/20250102714 дугаартай тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн 2 дугаарт эрэмбэлэгдсэн, мөн “***” ХХК тендерт нэгдүгээрт шалгарч, гэрээ байгуулах эрх олгогдсон талаар тус тус мэдэгдсэн.

Манай компаний зүгээс ЭҮТӨҮГ/20250102714 дугаар сонгон шалгаруулалтын багц-1-д тендерийн материал хүргүүлээгүй, харин багц-2-т шаардлагад нийцсэн тендерийн материал хүргүүлсэн. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн М-ДБ-112-12/10682 дугаартай албан бичгээр манай компанийг ЭҮТӨҮГ/20250102714 дугаартай тендерт “Хамгийн сайн” үнэлэгдсэн тул гэрээ байгуулах эрх олгож байгааг мэдэгдэж, мэдэгдлийг хүлээн авснаас хойш 6 хоногийн дараа худалдан авах гэрээг баталгаажуулж ирүүлэхээр заасан.

Гэтэл “***” ХХК-с 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/127 дугаартай албан бичгээр Сангийн яаманд дахин гомдол гаргаж, улмаар Сангийн яамнаас 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 02/3554 дугаартай албан бичгээр тэдний багц-1-д оролцсон тендерийн саналтай холбоотой гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна. Харин “***” ХХК-с баг-2-д холбогдуулан гаргасан гомдлыг Сангийн яамнаас хянаж үзээд, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/9779 дугаартай албан бичгээр дахин үнэлгээ хийхийг үнэлгээний хороонд даалгасан байна.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/9779 дугаартай албан бичигт дурдсан асуудлаас дүгнэхэд “***” ХХК-ний “...түншлэлийн тендерт үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлээгүй, санал болгосон Т-650 4мм, 5мм хэмжээтэй электрод захиалагчийн техникийн тодорхойлолтын ГОСТ 9467-75, ТУ25.93.15-45-16302447-2018 стандартыг, УОНИ 13/45 Змм, 4мм, 5мм, ЦОНИ 13/55 Змм, 4мм, 5мм, АНО-4 Змм, 4мм, 5мм хэмжээтэй электродууд захиалагчийн техникийн тодорхойлолтын ТУ 25.93.15-045-16302447-2018 стандартыг, ОЗЛ-8 Змм, 4мм, 5мм хэмжээтэй электродууд захиалагчийн техникийн тодорхойлолтын ТУ 25.93.15-045-16302447-2018 стандартыг тус тус хангахгүй ...” гэх гомдлыг хянаж үзээд гаргасан шийдвэрээ тусгасан байна.

Сангийн яамны дээрх албан бичигт “1.Түншлэлээс үйлдвэрлэгч “***” ХХК-с гэрээт борлуулагч “***” ХХК-д олгосон гэрээт борлуулагчийн гэрчилгээ, “***” ХХК-с “***” ХХК-д олгосон борлуулагчийн зөвшөөрлийн албан бичигт тус тус үндэслэн тендер шалгаруулалтын баримт бичгийн хүснэгтийн ТШЗ 20.1-д заасан “2.Борлуулагчийн зөвшөөрөл: Оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчаас зөвшөөрөл авсан бол дараах нотлох баримт бичгийн нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ. Үүнд: 2.1.Гэрээт борлуулагч нь үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан ёсны гэрээт борлуулагчийн гэрчилгээний хуулбар, албан бичиг. 2.2.Оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, эсхүл албан бичиг” гэсэн шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй. Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлээгүй тухай “***” ХХК-ний гомдол үндэслэлгүй” гэж тодорхой дүгнэсэн байна. Манай компаний зүгээс “***” ХХК-с гэрээт борлуулагч “***” ХХК-д олгосон гэрээт борлуулагчийн гэрчилгээ, “***” ХХК-с “***” ХХК-д олгосон борлуулагчийн зөвшөөрлийн албан бичиг зэрэг материалыг тендерийн материалдаа хавсаргасан тул Сангийн яамнаас үнэн зөв хянасан байсан.

Харин Сангийн яамнаас дээрх ирүүлсэн бичигтээ дараах асуудлуудыг дахин хянан үзэх нь зүйтэй гэж дүгнэсэн байсан. Үүнд:

1. Түншлэлээс ОХУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нийлүүлэхээр санал болгож ирүүлсэн хэдий ч дээр дурдсан захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан ОХУ-ын ГОСТ, ТУ стандартыг нэгэн зэрэг хангаагүй байгааг болон АWS стандартад дүйцэх нийцэх эсэхийг нягтлан үзэх нь зүйтэй;

2. Түншлэлээс ирүүлсэн харьцуулсан техникийн тодорхойлолтод санал болгож буй бүтээгдэхүүний мэдээллийг тусгаж, захиалагчийн шаардлагыг бүрэн хангасан гэсэн боловч эдгээр өгөгдлийг нотлох үйлдвэрлэгчийн тохирлын гэрчилгээнээс өөр баримт бичиг ирүүлээгүй байна;

3. Үйлдвэрлэгч “***” ХХК-ийн бүтээгдэхүүнд олгосон РОСС RU.НЕ06.Н08556 дугаартай тохирлын гэрчилгээнд заасан мэдээлэл захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан техникийн үзүүлэлтийг нотлох эсэхийг нягтлан үзэх нь зүйтэй гэж 3 асуудлыг дурдсан байна.

Монгол Улсын Их Хурлаас 2017 онд батлагдаж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:” гээд 4.1.2-т “стандарт" гэж тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж баталсан, сонгон хэрэглэх баримт бичгийг;” ойлгохоор заасан бөгөөд мөн зүйлийн “Тайлбар хэсэг”-т “Энэ зүйлийн 4.1.2-т заасан “сонгон хэрэглэх баримт бичиг” гэж хүчин төгөлдөр стандартаас хэрэглэхэд тохирох стандартыг сонгохыг ойлгоно” гэж заасан. Иймд манай компани дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд ОХУ-ын ГОСТ стандартыг сонгож, тухайн стандартад нийцсэн бараа, бүтээгдэхүүнийг санал болгосон. Нөгөөтэйгүүр, захиалагчаас тавьсан хэд хэдэн стандартаас ОХУ-ын ГОСТ стандартыг сонгосон нь бусад стандартыг үгүйсгээгүй бөгөөд хуульд зааснаар сонгон хэрэглэсэн гэж ойлгохоор байна.

ОХУ болон дэлхийн улс орон бүр өөр өөрийн бараа, бүтээгдэхүүндээ стандарт тогтоодог бөгөөд ЗХУ-ын хувьд анх 1925 онд ОСТ стандарт буюу “общесоюзный стандарт”, 1940 оноос ГОСТ стандарт буюу “государственный общесоюзный стандарт” гэх стандартууд хэрэглэгдэж байсан бол тэдгээрийг өвөлсөн буюу Росстандарт гэх өөр өөр бичиглэлтэй болсон байна. Гэвч ГОСТ стандарт хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. Захиалагч техникийн тодорхойлолтондоо хэд хэдэн улсын (ОХУ, АНУ гэх мэт) стандартыг бичиж, дунд нь тавьсан байгаа нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “сонгон хэрэглэх” утгыг агуулсан гэж үзнэ. Учир нь Монгол хэлний дүрэмд “...зэрэгцсэн тусгагдахууныг таслалаар зааглана” гэж2 заасан байдаг.

Үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаар хуралдааны 14, 15 дахь хуудсанд “***-Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн, Бараа, материал худалдан авах ажиллагааны хэлтэс: ”...”*** компаний санал болгож байгаа тендер дээр бол ГОСТ стандартаа санал болгож байгаа учраас энэ бусад AWS болон ТУ-тай стандартууд нь хамаарахгүй гэж ойлгох уу? Энэ дээр манай мэргэжлийн гишүүд нэг сайн тодорхой тайлбар хэлээд явчихвал энэ нь цаашдаа үргэлжлээд явчих учраас нэг юм бараан дээр нь нилээн сайн тайлбар хэлчихье” гэхэд ***-Ерөнхий инженер, Удирдлага: “За яахав, миний хувьд бол одоо энэ тендер анх зарлахдаа энэ олон стандартуудыг тавиад аль 1-тэй нь нийцэх ёстой гэдэг ийм шаардлага л тавьсан шүү дээ” гэжээ. Иймд захиалагч байгууллагаас тавьсан техникийн тодорхойлолтод нийцсэн бараа, бүтээгдэхүүн санал болгосон гэж үзэхээр байна. 

Захиалагчийн техникийн тодорхойлолтын “нэмэлт шаардлага” хэсэгт “Хэрэв өөр стандарт хэрэглэсэн тохиолдолд бараа материалын шинж чанар нь энэ стандартад нийцэж буйг илэрхийлсэн нотлох бичиг баримтыг ирүүлнэ” гэж заасны дагуу бид нэгэнт өөр стандарт хэрэглээгүй тул ГОСТ стандартын барааны шинж чанар нь техникийн тодорхойлолтод заасан ТУ болон АWS стандартад хэрхэн дүйцэж буйг нотлох шаардлагагүй байсан болно. Мөн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Тохирлын баталгаа нь тохирлын гэрчилгээ болон нийлүүлэгчийн мэдэгдэл хэлбэртэй байна”, мөн зүйлийн 14.4 дэх хэсэгт “Тохирлын гэрчилгээ нь Монгол Улсад болон Монгол Улсаас олон улс, бүс нутгийн байгууллага, худалдааны түнш орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрээр тохирсон улс орнуудад хүчин төгөлдөр байна” гээд мөн зүйлийн 14.6 дахь хэсэгт “Нийлүүлэгчийн мэдэгдэл нь энэ хуулийн 14.4-т заасан тохирлын гэрчилгээний нэгэн адил хүчин төгөлдөр байна” гэж заасан тул үйлдвэрлэг чийн тохирлын гэрчилгээнээс өөр баримт бичиг нэмэлтээр хүргүүлээгүй болно.

Дээрх эрх зүйн зохицуулалтын хүрээнд Үйлдвэрлэгч “***” ХХК-ийн бүтээгдэхүүнд олгосон РОСС РU.НЕ06.Н08556 дугаартай тохирлын гэрчилгээнд заасан мэдээлэл захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан техникийн үзүүлэлтийг нотлох эсэхийг нягтлан үзэх шаардлагагүй юм. Нөгөөтэйгүүр, техникийн тодорхойлолтын нэмэлт шаардлага хэсэгт “Хэрэв өөр стандарт хэрэглэсэн тохиолдолд бараа материалын шинж чанар нь энэ стандартад нийцэж буйг илэрхийлсэн нотлох бичиг баримтыг ирүүлнэ” гэж заасны дагуу бид өөр стандарт хэрэглээгүй тул барааны шинж чанар нь техникийн тодорхойлолтод заасан ОХУ-ын ТУ болон АWS стандартын шаардлагыг хангах буюу дүйцэж буйг нотлох бусад баримт бичиг ирүүлэх шаардлагагүй байна. Мөн ОХУ-ын хүчин төгөлдөр үйлчилж байгаа стандартуудыг шүүж үздэг http://etr-torgi.ru/  сайтад захиалагчийн техникийн тодорхойлолтод тусгагдсан ГОСТ 9467-75 зэрэг ГОСТ стандартуудыг шүүж үзэхэд хүчин төгөлдөр гэж харуулж байсан бөгөөд ТУ25.93.15-45-16302447-2018 зэрэг ТУ стандартыг шүүхэд хүчин төгөлдөр төлөв илрэхгүй байна.

Үнэлгээний хороо 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж, 07 дугаартай тэмдэглэл үйлдсэн бөгөөд “Төрөл бүрийн гагнуурын электрод тендерийн Сангийн яаманд гаргасан гомдлыг үнэлгээний хороо хянаж үзээд өмнөх шийдвэрийг оролцогчдод хүргүүлэхээр шийдвэрлэлээ” гэсэн шийдвэрийг гаргасан. Дээрх хурлын шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11197 дугаар албан бичгээр “***” ХХК-д “...”Төрөл бүрийн гагнуурын электрод” тендер шалгаруулалтад оролцогчоос гаргасан гомдлыг Сангийн яам хянан үзэж, дахин үнэлгээ хийхийх мэдэгдсэн. Танай компанид 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн М-ДБ-112-12/10682 дугаартай албан бичгээр хүргүүлсэн захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээснийг мэдэгдэж байна” гэж мэдэгдсэн.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11198 дугаар албан бичгээр “***” ХХК-д “...тендер шалгаруулалтад оролцогчоос гаргасан гомдлыг Сангийн яам хянан үзэж, дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн. Танай компанид 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн М-ДБ-112-12/10683 дугаартай албан бичгээр хүргүүлсэн захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээснийг мэдэгдэж байна” гэж мэдэгдсэн байна. Иймд Тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1-т зааснаар худалдан авах ажиллагаанд шударга, ил тод, өрсөлдөх, тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмыг баримталж үнэлсэн гэж манай компаний зүгээс үзэж байна.

Нэхэмжлэгч “***” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15-17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын шаардлага, захиалагчаас тогтоосон бусад нэмэлт шаардлагыг хангасан байж болох боловч хамгийн бага үнийн санал ирүүлээгүй байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ буюу захиалагчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11198 дугаартай мэдэгдэл нь Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлийн “Шийдвэрлэсэн” хэсэгт дурдсан асуудлыг дамжуулан мэдэгдсэн агуулгатай байгаа юм. Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хороо шийдвэрээ гаргаж, хурлын тэмдэглэлдээ тусгасан, харин тухайн мэдэгдлээр зөвхөн шийдвэрийг уламжилсан гэж ойлгоно. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын М-ДБ-112-12/11198 дугаартай мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын шинжийг агуулаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т заасан “Хүчингүй болгох” нэхэмжлэлийн зүйл болохгүй. Мөн "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102714 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, “***” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоор шалгарсан болохыг тогтоохыг даалгах” шаардлагыг эс зөвшөөрч байна. Учир нь нэхэмжлэгч “***” ХХК-ний тендерээс татгалзсан дээрх шийдвэрүүд хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Үнэлгээний хороог хуульд нийцүүлэн дахин тендерийг хянан үзэж, үнэлэхийг даалгах нэхэмжлэл хангагдах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хоёр.Гэрээний хэрэгжилтийн талаар: Манай компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11197 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдэгдлийн дагуу 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн М-ДБ-112-12/10682 дугаартай албан бичгээр ирүүлсэн захиалагчийн шийдвэрийг хэрэгжүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 25/15-Н-0484 дугаартай гэрээ байгуулж, тус гэрээгээр өөрийн хүлээсэн үүргийг бүрэн гүйцэтгэсэн. Дээрх гэрээг хэрэгжүүлэх зорилгоор ОХУ-ын “***” ХХК-тай 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан 25/15-Н-0484 дугаартай гэрээний зүйлд заасан бараа, материалыг 2025 оны 12 дугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд Монгол Улсын хилээр оруулсан. Улмаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын агуулахад 2025 оны 12 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд бүрэн хүлээлгэж өгч, зарлагын баримтыг бүрэн үйлдэж, гарын үсэг зурсан. Гэрээний дагуу нийлүүлсэн бараа, материал нэг бүр дээр Чанарын хяналтын хэлтсийн дүгнэлт гарч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын орлогод авсан актыг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үйлдэж дууссан. Иймд манай компаниас ЭҮТӨҮГ/20250102714 дугаар тендер сонгон шалгаруулалтын хүрээнд нийлүүлэхээр санал болгосон болон нийлүүлсэн бараа, материал нь захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангаж байсан тул “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-с бүх шатны хяналт шалгалтын шаардлагыг хангаж, орлогод авагдсан гэж үзэхээр байна.

Нэмэлт, “***” ХХК, “***” ХХК-ний түншлэлийн зүгээс түншлэлийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэх зорилгоор ***наас 870 сая төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй, “***” ХЗХ-с 25 сая төгрөгийг сарын 3,6 хувийн хүүтэй, Иргэн ***ээс 120 сая төгрөгийгсарын 3,5 хувийн хүүтэй тус тус зээлж, гэрээний үүргээ бүрэн хэрэгжүүлсэн болно. Мөн манай түншлэлийн зүгээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор тээврийн компанитай гэрээ байгуулан бараа, материалын аюулгүй байдлыг бүрэн хангаж, нийлүүлсэн, гааль, тээврийн зардлуудыг бүрэн хариуцаж төлсөн зэрэг их хэмжээний зардлуудыг гаргасан болохыг анхааран үзнэ үү.” гэжээ.

9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн тайлбартай бүрэн санал нийлж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас төрөл бүрийн электрод тендерийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр зарлаж мөн оны 08 дугаар сарын 27-ны өдөр нийт 7 аж ахуйн нэгж тендерийн багц 2-т санал ирүүлж тендер сонгон шалгаруулалтад оролцсон. Тус тендерийн Үнэлгээний хороог “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Ерөнхий захирлын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А-57 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо нээлттэй сонгон шалгаруулалт явуулж 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр цахим худалдан авах ажиллагааны системээр ирүүлсэн тендерүүдийг нээсэн байна. Хэрэгт авагдсан материалаар Үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цагт хуралдаж 2 дугаартай тэмдэглэл хөтлөн хурлын шийдвэрээ гаргасан. Уг хурлын шийдвэрт хурал 86 хувийн ирцтэйгээр явагдаж төрөл бүрийн гагнуурын электрод нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн багц 2-т шаардлагад нийцсэн материал ирүүлсэн “***” компанийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гэрээ байгуулах нөхцөлөөр нийлүүлэх тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэв гэсэн шийдвэр гарсан байгаа юм. Хурлын тэмдэглэлд тэмдэглэснээр багц 2 тендер сонгон шалгаруулалтад оролцсон 7 аж ахуйн нэгжээс “***” ХХК, “***”, “***” компаниудын тендерийн материал шаардлагад нийцсэн гэж дүгнээд хамгийн бага үнийн саналыг ирүүлсэн “***” компанид гэрээ байгуулах эрх олгох саналыг захиалагчид хүргүүлье гэсэн санал дээр санал хураагаад хуралд оролцсон нийт гишүүдийн 100%-ийн саналтайгаар дэмжсэн байна. Өөрөөр хэлбэл багц 2 тендерт тендерийн сонгон шалгаруулалтад оролцсон 7 аж ахуйн нэгжээс шаардлага хангасан тендерийн материал ирүүлсэн “***” компани нь 1,746,000,000 төгрөгийн, “***” компани нь 2,518,980,800 сая төгрөгийн, “***” компани нь 2,482,700,000 төгрөгийн үнийн санал ирүүлснийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт зааснаар үнэлж хамгийн бага үнийн санал ирүүлсэн “***” ХХК-г хамгийн сайн тендер ирүүлснээр тооцож шийдвэрлэсэн байна. Манай компанийн үнийн санал нь “***” ХХК-ийн ирүүлсэн үнийн саналаас 772,980,000 төгрөгөөр буюу 30,6 хувиар, “***” компанийн ирүүлсэн саналаас 736, 700,000 төгрөгөөр буюу 29,6 хувиар тус тус бага үнийн санал ирүүлсэн байгаа юм. “***” компаниас Үнэлгээний хорооны багц нэгт гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 07 дүгээр сарын 10-ны өдөр гомдол гаргасан байгаа. 01114 дугаартай албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргаад энэхүү гомдлыг авч хэлэлцээд манай компанийг хамгийн сайн тендерээр шалгаруулаад бүх үйл ажиллагаанууд явагдаад бараагаа хүлээлгээд өгсөн байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа 2 албан бичиг нь М-ДБ-112-12/10683, 11198 гэсэн энэ 2 мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг байгаа. Энэ бол Захиргааны ерөнхий хуулийн 37.1-т заасан захиргааны актын шинжгүй, мэдээлэл хүргүүлэх тухай мэдэгдэл байгаа юм. Захиргааны шийдвэр гаргаад байгаа Үнэлгээний хорооны шийдвэр нь ондоо зүйл. Харин манайд ирүүлсэн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг бол 82 дугаартай, 97 дугаартай 2 өөр бичиг эцсийн байдлаар акт үйлдэгдээд мэргэжлийн байгууллагууд нь хүлээж аваад дүгнэлтээ гаргаад бүх үйл ажиллагаа явагдсан. Тэгэхээр нэхэмжлэгчийн гаргаад байгаа шаардлагад дурдсан мэдэгдэл хүргүүлэх тухай энэ албан бичгүүдээр нэхэмжлэгч талын эрх ашиг нь хэрхэн зөрчигдөөд байгаа юм бэ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-т заасан заалтын аль алийг нь хангахгүй байна гэж үзэж байна. Ямар шаардлагаар ингэж нэхэмжлэл гаргаж байгааг нь ойлгохгүй байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2024 оны байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5,8%, нийт экспортын 8%, улсын төсвийн 7,2%-ийг дангаараа бүрдүүлдэг томоохон үйлдвэр бөгөөд тухайн үйлдвэрийн үйл ажиллагаа нь доголдсон тохиолдолд нийтийн ашиг сонирхол ноцтой зөрчигдөх нөхцөл байдал үүснэ. Иймээс манай компани нь Эрдэнэт үйлдвэрээс ирүүлсэн мэдэгдэл, гэрээнийх нь дагуу нэн яаралтай горимоор бүх бараа нийлүүлэлтийн үйл ажиллагааг явуулаад бүх актууд нь үйлдэгдээд төлбөр тооцоо дууссан.

Мөн М-ДБ-112-12/10682 дугаартай албан бичгийг түрүүн хариуцагчаас хэлсэн. Ажил гүйцэтгэсэн манайд ирүүлсэн мэдэгдлийн дугаар бол М-ДБ-112-12/11197 гэсэн дугаартай албан бичиг байгаа. Хурлын шийдвэр нь бол 07 гэсэн шийдвэр байгаа гэдгийг тодруулж хэлье. Стандарттай холбоотой тайлбар хэлье, Монгол Улсын Их Хурлаас 2017 онд баталж хүчин төгөлдөр үйлчилж байгаа Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт, энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доорх утгаар ойлгоно гээд стандартыг тодорхойлсон байна. Стандарт гэдэг нь тодорхой хүрээнд хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцсөн, боловсруулж баталсан сонгон хэрэглэх баримт бичгийг ойлгохоор заасан. Тэгэхээр манай техникийн баримт бичгийн техникийн үзүүлэлт дээр сонгон хэрэглэхээр хэд хэдэн стандартыг заасан байсан. Манай компани дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд Оросын Холбооны улсын ГОСТ стандартыг сонгож тухайн стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг санал болгосон. Нөгөөтээгүүр захиалагчаас тавьсан хэд хэдэн стандартаас Оросын Холбооны улсын ГОСТ стандартыг сонгосон нь бусад стандартыг үгүйсгээгүй бөгөөд хуульд зааснаар сонгон хэрэглэсэн гэж ойлгогдох юм. Оросын Холбооны улс болон дэлхийн улс орон бүр өөр өөрийн бараа бүтээгдэхүүний стандарт тогтоодог бөгөөд Зөвлөлт Холбоот улсын хувьд анх 1925 онд ОСТ стандарт, 1940 оноос ГОСТ стандартуудыг хэрэглэж байсан бол эдгээр нь РОСТ стандарт гээд өөр өөр бичилттэй болсон байна. Гэвч ГОСТ стандарт бол хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. Одоо яг хүчин төгөлдөр байгаа стандартуудыг тодорхой заасан байгаа. Үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 5 дугаар хуралдааны 14, 15 дахь хуудсанд Үнэлгээний хорооны гишүүд хуралдсан байгаа. Үүн дээр “***” компанийн санал болгож байгаа тендерүүд дээр ГОСТ стандартыг санал болгож байгаа учраас бусад AWC болон ТУ стандартууд хамаарахгүй гэж ойлгож болох уу гэж асууж байгаа. Тухайн саналыг Үнэлгээний хорооны гишүүд энэ утгаар нь ойлгоно гэж саналаа гаргаж санал нэгтэйгээр шийдвэрлэсэн байгаа. Эцсийн шийдвэр бол Үнэлгээний хорооны 07 дугаартай хурлын тэмдэглэлээр гарсан шийдвэр байгаа гэдгийг нэмж хэлье. Хариуцагч талын тайлбартай бүрэн санал нийлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн тухайд:

1.1. Нэхэмжлэгч “***” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102714 дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “***” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны М-ДБ-112-12/10683 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11198 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102714 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, “***” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоор шалгарсан болохыг тогтоохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.

1.2. Шүүх хуралдааны өмнө дээрх нэхэмжлэлийн шаардлагаа ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102714 дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “***” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны М-ДБ-112-12/10683 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11198 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102714 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, “***” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоор шалгарсан болохыг тогтоохыг даалгах” гэж өөрчилсөн.

1.3. Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний төлөөлөгч нарт нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болох “хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаа “хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн болохыг мэдэгдэж, нэхэмжлэлийг танилцуулсан.

1.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний төлөөлөгч нараас “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбоотой нэхэмжлэлийн хувийг гардан авч, хариу тайлбар гаргах эсхүл шүүх хуралдаанд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын дагуу тайлбараа гаргаад шүүх хуралдаан үргэлжлүүлэх” талаар асууж тодруулахад хариуцагчийн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний төлөөлөгч нараас “шүүх хуралдаанд тайлбараа гаргаад явах боломжтой, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг гардан авч хариу тайлбар гаргах шаардалагагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлье” гэсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

1.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102714 дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “***” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны М-ДБ-112-12/10683 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг” гэсэн шаардлагаа шүүх хуралдаанд “албан бичгийн дугаарыг “М-ДБ-112-12/10683” гэсэн боловч дугаарыг мэдэхгүй андуурч бичсэн байна, энэ дугаар нь “М-ДБ-112-12/10682” дугаартай албан бичиг юм. Хэдийгээр дугаарыг андуурсан боловч агуулгаараа “***” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус гэж маргаж байгаа” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

1.6. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд “***” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон Үнэлгээний хороо болон захиалагчийн шийдвэр хуульд нийцсэн эсэх, “***” ХХК-ийн тендер нь хоёрдугаарт эрэмбэлэгдсэн тул тендерт шалгараагүй мэдэгдэл хүргүүлсэн нь хуульд нийцсэн эсэх, даалгах нэхэмжлэл хангагдах үндэслэлтэй эсэх, эдгээр шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх сэргэх эсэх, захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэгчийн “онцгой ашиг сонирхол байгаа эсэх”-д дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Төрөл бүрийн гагнуурын электрод” нийлүүлэгчийг шалгаруулах ЭҮТӨҮГ/20250102714 дугаартай нээлттэй тендерийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог Ерөнхий захирлын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/57 дугаар “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар байгуулсан. /I хавтаст хэргийн 86-89 дэх тал/

2.2. Үнэлгээний хороо нь тухайн тендер гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах чиг үүрэгтэй, байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдсан захиргааны байгууллагад, мөн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна.” гэж зааснаар Үнэлгээний хороог байгуулсан эрх бүхий этгээд болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь түүний эрх зүйн үр дагаврыг хариуцах бөгөөд мөн захиалагчийн хувьд Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн тендер сонгон шалгаруулалтын шат дараалсан ажиллагааг явуулдаг онцлогоороо захиргааны байгууллагад тус тус хамаарна.

2.3. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Төрөл бүрийн гагнуурын электрод” нийлүүлэгчийг шалгаруулах ЭҮТӨҮГ/20250102714 дугаартай нээлттэй тендерт “***” ХХК, “***” ХХК болон бусад нэр бүхий компаниуд тендер ирүүлэн оролцсон.

2.4. Үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаартай тэмдэглэлээр тендерт оролцогч “***” ХХК, “***” ХХК-иудын тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж хянан үзэж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн “***” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн байна. /I хавтаст хэргийн 138, 147-181 дэх тал/

2.5. “***” ХХК нь захиалагчийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/9849 дугаартай мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд гомдлыг Сангийн яамны 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02/8833 дугаартай шийдвэрээр хянаад тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийлгэхээр шийдвэрлэсэн байна.  /I хавтаст хэргийн 47-50-51 дэх тал/

2.6. Үнэлгээний хороо 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай тэмдэглэлээр тендерийг дахин хянан үзэж, “***” ХХК-ийн тендерийг “шаардлагад нийцсэн хамгийн сайн” гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн тул захиалагчийн 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн М-ДБ-112-12/10882 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг “***” ХХК-д, 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн М-ДБ-112-12/10883 дугаартай тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг “***” ХХК-д тус тус хүргүүлсэн. /I хавтаст хэргийн 48, 230-231 дэх тал/

2.7. Захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч “***” ХХК Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд гомдлыг хянаад Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/9779 дугаартай шийдвэрээр тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийлгэхээр шийдвэрлэсэн байна. /I хавтаст хэргийн 52-53 дахь тал/

2.8. Үнэлгээний хороо 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаартай тэмдэглэлээр тендерийг дахин хянан үзээд өмнөх шийдвэрийг оролцогчдод хүргүүлэхээр шийдвэрлэсэн тул захиалагчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11197 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг “***” ХХК-д, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11198 дугаартай тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг “***” ХХК-д тус тус хүргүүлсэн. /I хавтаст хэргийн 206-216 дахь тал/

2.9. Захиалагчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11197 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “***” ХХК-ийн хооронд 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2025/15-Н-0484 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ” байгуулагдсан. /I хавтаст хэргийн 139-144 дэх тал/

2.10. “***” ХХК нь захиалагчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11198 дугаартай тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдлоо гаргасан боловч Сангийн яамны 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 02/10218 дугаартай албан бичгээр “...шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана.” гэх үндэслэлээр гомдлыг буцаасан тул шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. /I хавтаст хэргийн 54 дахь тал/

2.11. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “***” ХХК-ийн хооронд 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан 2025/15-Н-0484 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ” нь хэрэгжиж, гэрээнд заасан барааг нийлүүлэн, гэрээг дүгнэсэн үйл баримтууд тогтоогдож байна. /II хавтаст хэрэгт/

3. Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар:

3.1. Нэхэмжлэгч “***” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3.2. Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/9779 дугаартай шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн М-ДБ-112-12/10682 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг  хүчингүй болгож, тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин  хийлгэхээр шийдвэрлэсэн байдаг. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн М-ДБ-112-12/10682 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл буюу уг захиргааны актын эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон гэж үзнэ. /I хавтаст хэргийн 52-53 дахь тал/

3.3. “***” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/9779 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон бөгөөд дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг захиалагч биелүүлж, тендерийг дахин хянан үзэх, үнэлэх ажиллагааг хийсэн. Мөн захиргааны байгууллага дахин шийдвэр гаргасан байх тул дээд шатны захиргааны байгууллагаас хүчингүй болгосон, эрх зүйн үйлчлэлгүй болсон захиргааны актыг хууль бус байсан болохыг шүүхээс тогтоох шаардлагагүй.

3.4. Тодруулбал, захиргааны акт эрх зүйн үйлчлэлтэй байгаа нөхцөлд хууль бус болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох, захиргааны акт хэрэгжсэн, биелэгдсэн нөхцөлд хууль бус байсан болохыг тогтоох нь адилхан захиргааны актын алдааг тогтоож байгаа гэсэн үг юм. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн М-ДБ-112-12/10682 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг  хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

3.5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “***” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон нь хууль бус гэж маргасан тул энэхүү үндэслэлд дүгнэлт өгч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-122-12/11198 дугаартай мэдэгдэл хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

3.6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д "Тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/,Өгөгдлийн хүснэгт /ӨХ/, техникийн тодорхойлолт, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаарна.

3.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.18-д ““Техникийн тодорхойлолт” гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг” ойлгохоор заасан.

3.8. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана” гэж зааснаар “Төрөл бүрийн гагнуурын электрод” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах хүчин төгөлдөр Тендер шалгаруулалтын баримт бичгийн хүрээнд тендер сонгон шалгаруулалтыг явуулжээ. /I хавтаст хэргийн 137 дахь тал/

3.9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана” гэж зааснаар тендерт оролцогчийн нийлүүлэхээр санал болгож буй бараа /элэктрод/ тус  бүр нь тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлтод заасан шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тухайн электрод тус бүрийн техникийн үзүүлэлтээр харьцуулан хянан үзэхээр байна.

3.10. “***” ХХК-ийн Сангийн яаманд гаргасан гомдлыг хянасан 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/9779 дугаартай шийдвэрт “...Түншлэлээс ОХУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нийлүүлэхээр санал болгож ирүүлсэн хэдий ч дээр дурдсан захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан ОХУ-ын ГОСТ, ТУ стандартыг нэгэн зэрэг хангаагүй байгааг болон AWS стандартад дүйцэх эсэхийг нягтлан үзэх нь зүйтэй..., ...РОСС RU.HE06.H08556 дугаартай тохирлын гэрчилгээнд заасан мэдээлэл захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан техникийн үзүүлэлтийг нотлох эсэхийг нягтлан үзэх...” гээд “***” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн М-ДБ-112-12/10682 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг  хүчингүй болгосон.

3.11. Захиалагч нь тендер шалгаруулалтын баримт бичгийн “Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага” гэсэн хэсэгт нийлүүлэх бараа буюу төрөл бүрийн гагнуурын электродын техникийн үзүүлэлтийг барааны нэр төрөл, түүний диаметр, уртын хэмжээ, стандарт, С-Нүүрстрөрөгчийн агуулга, гүйдэл зэрэгт хамаарах стандартын үзүүлэлтүүдийг зааж баталсан байх бөгөөд тендер шалгаруулалтын баримт бичигт тендерт оролцогч нараас гомдол гаргаж, маргаагүй. /I хавтаст хэргийн  100-125 дахь тал/

3.12. Үнэлгээний хороо нь тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: 26.4.2.санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх;...” гэж зааснаар бараа тус бүрийн техникийн тодорхойлолтод заасан техникийн үзүүлэлтээр харьцуулан хянан үзэх нь зүйн хэрэг юм.

3.13. Нэхэмжлэгч нь ““***” ХХК нь ОХУ-ын ГОСТ стандартыг хангаж байгаа боловч ТУ стандартыг хангахгүй байгаа бөгөөд нийлүүлэх бараа тус бүрд ГОСТ, ТУ гэсэн  стандартууд тавигдсан байгаа, Сангийн яамны шийдвэрт зааснаар энэ хоёр стандартыг нэгэн зэрэг хангасан эсэхийг хянан үзээгүй” гэж, хариуцагчаас “ГОСТ гэсэн стандартыг хангаж байгаа, ТУ гэдэг стандарт нь тухайн барааг үйлдвэрлэгчийн өөрийнх нь стандарт учраас өөр өөр байгаа, ГОСТ гэсэн ерөнхий стандартаа хангасан” гэж, гуравдагч этгээдээс “Манай нийлүүлэх бараа нь тохирлын гэрчилгээнд заасан ГОСТ гэсэн стандартыг бүрэн хангаж байгаа” гэж тус тус тайлбарлан маргасан.

3.14. Захиалагчийн тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод электрод тус бүрийн техникийн үзүүлэлт, стандартыг заасан байх бөгөөд стандарт дээр “ГОСТ, ТУ” гэсэн стандарт шаардлагыг аль алийг нь оруулж нийлүүлэх барааны техникийн үзүүлэлтээ баталсан байх тул техникийн тодорхойлолтод зааснаар “ГОСТ, ТУ” гэсэн стандартын холбогдох үзүүлэлт тус бүрээр захиалагчийн шаардлагад тухайн нийлүүлэх барааны стандартын үзүүлэлтүүд нийцсэн эсэхийг хянан үзэхээр байна.

3.15. Иймд Үнэлгээний хороо тендерийг дахин хянан үзэхдээ ОХУ-ын ГОСТ, ТУ стандартыг нэгэн зэрэг хангаагүй “***” ХХК-ийн тендерийг шаардлага хангасан гэж шийдвэрлэсэн нь тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 17.5-д “Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулан ирүүлнэ” гэсэн  шаардлага, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.”, 26.10-д “Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана:” гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэв. /Flish disk дэх “***” ХХК-ийн тендерийн баримт 8-26 дахь тал/

3.16. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан. Тухайлбал: Хуулийн 26 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, 27 дугаар зүйлд “Тендер үнэлэх”, 30 дугаар зүйлд “Гэрээ байгуулах” гэжээ. Уг зохицуулалтын дагуу тухайн тендерийг хянан үзэхэд мөн зүйлийн 26.9-д заасан шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Тендер үнэлэх”,  30 дүгээр зүйлийн 30.1-д заасан “Гэрээ байгуулах” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульчлагдсан.

3.17. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж зааснаар тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан шаардлагад нийцсэн тендерийг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ”, 27.5-д “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ.” гэж зааснаар хамгийн сайн тендер гэж үнэлэхээр хуульд зохицуулжээ.  

3.18. Гэтэл Үнэлгээний хороо нь тендерийг хянан үзэх шатанд тендерийг зохих журмын дагуу хянаагүй алдаатай шийдвэр гаргасан учир дараа дараагийн шат дараалсан тендер сонгон шалгаруулалтын ажиллагаа хууль бус болох бөгөөд улмаар шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх, хамгийн бага үнийн санал бүхий тендерийг шалгаруулах зэргээр шийдвэр гаргах ажиллагаанд зөрчил үүссэн.  Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.”гэсэн зарчмыг зөрчсөн үйлдэл болжээ.

3.19. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28.1.1.хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох;” гэж зааснаар “***” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн Үнэлгээний хорооны зөвлөмж, захиалагчийн мэдэгдэл, “***” ХХК-д тендерт шалгараагүй болохыг мэдэгдсэн мэдэгдлүүд нь хууль бус байсан байх тул нэхэмжлэгчээс уг захиргааны шийдвэрүүдийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

3.20. Нэхэмжлэгч нь “***” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор маргасан боловч захиалагчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11197 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийн огноо, дугаарыг шууд заагаагүй. Гэхдээ нэхэмжлэгчийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-122-12/11198 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдэл хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл хангагдах үндэслэлийн хүрээнд “***” ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх, тухайн шийдвэр хууль бус байсан болохыг тогтоох нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарч байгаа болно.

3.21. Иймд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бүх шаардлагыг нэгэн зэрэг хангаагүй “***” ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан  тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр, түүнийг үндэслэн хүргүүлсэн захиалагчийн шийдвэр болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-122-12/11198 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдэл хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3.22. Үнэлгээний хороо болон захиалагчаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-д “үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих”, 48.2.4-д “энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах”, 50 дугаар зүйлийн 50.2.2-т “тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх;”, 50.2.3-т “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх.” гэж тус тус зааснаар хуульд нийцсэн шийдвэр гаргаагүй нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэв.

3.23. Хүн, хуулийн этгээдийн зүгээс захиргааны хууль бус “эс үйлдэхүй” эсхүл “татгалзсан шийдвэр”-ийн эсрэг “даалгах нэхэмжлэл”-ийн шаардлага гаргадаг. Захиалагчийн “***” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэсэн мэдэгдэл хууль бус байсан болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байгаа энэ нөхцөлд захиргааны байгууллагад “***” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоор шалгарсан болохыг тогтоохыг захиргааны байгууллагад өөрт нь даалгах шаардлагагүй. Учир нь маргаан бүхий захиргааны актууд хууль бус байсан болох нь тогтоогдсоноор хоёрдугаарт эрэмбэлэгдсэн “***” ХХК-ийн тендер хамгийн сайн тендер болох нь тогтоогдохоор байна.

3.24. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “***” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/15-Н-0484 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ” нь хэрэгжиж, гэрээнд заасан барааг нийлүүлэн, гэрээг дүгнэсэн үйл баримтууд тогтоогдож байгаа тул тендер сонгон шалгаруулалтын ажиллагаа бүрэн хэрэгжээд дууссан энэ нөхцөлд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102714 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгах нь хэрэгжих боломжгүй болно.

3.25. Учир нь нэгэнт биелэгдсэн, хэрэгжсэн захиргааны байгууллагын шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн “онцгой ашиг сонирхол” хамгаалагдсан гэж үзнэ. Тодруулбал, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн маргаан бүхий захиргааны акт нь шүүхэд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжээд дууссан байх тул уг захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох нь захиргааны байгууллагаас тендер сонгон шалгаруулалтын ажиллагаанд дахин ийм алдаа гаргуулахгүй байх, тендерийг хянах, үнэлэх ажиллагаанд тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг мөрдөх, улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” зарчмыг сахих, тендерт оролцогч нарыг тэгш өрсөлдөх боломжоор хангах зэрэг нэхэмжлэгчийн хувьд тодорхой эрхийн хамгаалалт үзүүлэх боломжтой гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3, 106.3.13 дахь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 15 дугаар зүйлийн 15.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.9, 26.10, 27 дугаар зүйлийн 27.1, 27.5, 28 дугаар зүйлийн 28.1, 48 дугаар зүйлийн 48.2.3, 48.2.4, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “***” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, “***” ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-122-12/11198 дугаартай мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоож,

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “***” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон М-ДБ-112-12/10682 дугаартай мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102714 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, “***” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоор шалгарсан болохыг тогтоохыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас  70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “***” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 П.УУГАНЦЭЦЭГ