Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 291

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч: Ц.Эрд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Өөлд овогт Цэрэндоржийн Эрдид холбогдох эрүүгийн 1705 0166 90183 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, Эрд.

 

             Шүүгдэгч Ц.Эрд нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны 17 тоотод өөрийн хамтран амьдрагч иргэн Г.Ганийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ц.Эрд мэдүүлэхдээ:

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр би найзуудтайгаа архи уугаад гэртээ согтуу очиж, эхнэртээ гар хүрсэн. Дахин эхнэртээ гар хүрэхгүй. Би архи уухаараа ухаангүй болдог болохоор архи уухаа больсон. Одоо гэр бүлтэйгээ хэвийн харилцаатай байгаа. Гэм буруугаа хүлээгээд цаашид архи уухгүй сайхан амьдарна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Ган мэдүүлэхдээ:

Би 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ амарч байтал гаднаас Ц.Эрд согтуу орж ирсэн. Тэгээд надаас хэрүүл нэхээд, агсам тавьж байгаад миний шүд рүү цохитол уруул язраад үүдэн хоёр шүд хөдөлсөн. Ц.Эрд гараад явчихаар нь түүний ах Лууяагийн 99170133 дугаар руу залгаад “Ц.Эрд сая согтуу орж ирж надтай маргалдаад, намайг зодчихоод гараад явчихлаа” гээд хэлсэн. Энэ үед Лууяа ах манай үүдээр явж таараад Ц.Эрдийг дагуулаад ороод ирсэн. Тэгснээ Ц.Эрдийг цагдаагийн байгууллагад өг гээд 102-т дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. Ц.Эрд бид хоёр 2013 оноос хойш хамтран амьдарч байгаа, дундаасаа хоёр хүүхэдтэй. Тухайн өдөр Ц.Эрд согтуу орж ирээд учир зүггүй уурлаад эхэлсэн. Би бодохдоо хамт архи уусан хүмүүстэйгээ маргалдсан байсан юм болов уу гэж бодсон. Маргааш нь болсон зүйлийн талаар хэлэхэд юу ч санахгүй байсан. Ц.Эрд миний нүүр рүү гараараа цохисон. Миний дээд уруул язарсан, баруун нүд хөхөрсөн, эрүү бага зэрэг хөхөрсөн, шүд хөдөлсөн байсан. Би шинжээчийн 14630 дугаартай дүгнэлтийг уншиж танилцсан. Дээрх гэмтлүүдийг Ц.Эрд надад учруулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ц.Эрд надаас уучлалт гуйж, бид хоёр эвлэрсэн гэжээ. (хэргийн 39 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 14630 тоот дүгнэлтэд:

1. Г.Ганийн биед тархи доргилт, дээд уруулд шарх, зулгаралт, баруун нүдний дээд зовхи, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 18 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 338 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн гэжээ. (хэргийн 30 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ц.Эрд нь согтуурсан үедээ 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны 17 тоотод хамтран амьдрагч, хохирогч, Г.Ганийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулд шарх, зулгаралт, баруун нүдний дээд зовхи, эрүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Ганийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 14630 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ц.Эрдид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй.

 

Хохирогч Г.Ган нь Ц.Эрдид холбогдуулан гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, тэр надаас уучлалт гуйж, бид хоёр эвлэрсэн гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдлаа. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Эрдийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ц.Эрдийг 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Ц.Эрд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

                                 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Эрдид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН