2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/05609

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 24 191/ШШ2025/05609

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: С тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч байранд байрлах, ******* /РД:*******/,

 

Хариуцагч: Н байранд байрлах, ******* /РД:*******/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 321,891,141 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өлөр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж Багц-2 Мэс заслын тоног төхөөрөмж нийлүүлэх НЗДДЭМГ/202210078-2 дугаартай гэрээ байгуулсан болно. Нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ******* байгуулсан НЗДДЭМГ/202210078-2 дугаартай гэрээний тусгай нөхцөлийн ГЕН 3.12-ийн 2-т Бараа нийлүүлэх хуваарийн дагуу ирсэн барааны гэрээний үнийн 100 хувьтай тэнцэх дүнг бараа ирснээс хойш нэхэмжлэх болон захиалагчийн хүлээн авсан тухай актыг үндэслэн гүйцэтгэлийн материалыг бүрдүүлэн бүрэн төлнө гэж заажээ. НЗДДЭМГ/202210078-2 дугаартай гэрээний захиалагч нь хариуцагч ******* байсан бөгөөд нэхэмжлэгч ******* ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Bbraun/aesculap instruments брэндийн 321,891,141 төгрөгийн үнэ бүхий 108 нэр төрлийн мэс заслийн багажыг хариуцагч д актаар хүлээлгэн өгсөн болно. Нэхэмждэгч ******* ХХК нь хариуцагч *******тэй 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд хариуцагч нь 321,891,141 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталж тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн байна. Нэхэмжлэгч ******* ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 03/135 дугаартай албан бичгээр, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03/010 дугаартай албан бичгээр, 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 03/047 дугаартай албан бичгээр хариуцагч өвөөс НЗДДЭМГ/202210078-2 дугаартай гэрээний төлбөрийг шаардсан боловч нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хариуцагч нар ямар нэгэн төлбөр огт төлөөгүй байна. Нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн боловч хариуцагч нар төлбөр огт төлөхгүй байгаагаас нэхэмжлэгч нь санхүүгийн алдагдалд орж, үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй болоод байна. Хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газар болон нар нь НЗДДЭМГ/202210078-2 дугаартай гэрээний дагуу хүлээн авсан мэс заслын багажны үнэ болох 321,891,141 төгрөгийг төлөхгүй байх тул гэрээний төлбөрийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нартай хурал эхлэхээс өмнө эвлэрэн хэлэлцэхээр ярилцсан. Манайх хариуцагчаар 2 газрыг татсан байсан. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагч *******өөс татгалзаж байна. Улсын төсөвтэй холбоотой асуудал тул бид хоорондоо хугацаа тохироогүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс гарах үр дагаврыг ойлгосон гэв.

 

3. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч тал ******* ХХК нь 2022 онд Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас зарлагдсан тендерт оролцон шалгарч, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 599,776,943 төгрөгийн үнэ бүхий Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж Багц-2 "Мэс заслын Тоног төхөөрөмж" нийлүүлэх НЗДДЭМГ/202210078-2 дугаартай гэрээ байгуулсан байна. ******* ХХК нь Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ашиглагч тал болох Налайх Эрүүл мэндийн төвд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 321,891,141 төгрөгийн үнэ бүхий Bbraun/ aesculap instruments брэндийн 108 нэр төрлийн мэс заслын багажыг нийлүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.5 дахь зүйл заасны дагуу бараа, ажил үйлчилгээг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх, худалдан авах бараа ажил үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж зохион байгуулах эрх үүргийг хэрэгжүүлдэг. Гэтэл ******* нь манай байгууллагын 2022 оны гүйцэтгэлийн санхүүжилтийн төсвөөс хэмнэгдсэн тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэрт тулгуурлан тендерийн үйл ажиллагааг зохион байгуулсан гэх ба цаашлаад хэмнэгдсэн төсвөөс төлбөрийг барагдуулах эрхийг нээж өгөх тал дээр удаашралтай байсан тул тоног төхөөрөмжийн төлбөрийн асуудлаар Нийслэлийн Эрүүл Мэндийн газарт 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 56 тоот, 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 262 тоот, 2023 оны 09 сарын 07-ны өдрийн 409 тоот албан бичгээр тус тус хандаж санхүүжилтийн эрх нээлгэх мөн шаардлагатай байгаа санхүүжилтийг шийдвэрлэж өгөх талаар удаа дараа хандаж байсан. Иймд гэрээний оролцогч тал болох гэрээний үүргийн биелэлтийг хангуулж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай талаас нэхэмжлэлийн үнийн дүнг зөвшөөрөөд эвлэрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс гарах үр дагаврыг ойлгосон гэв.

 

5. Талууд шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас *******, нөгөө талаас ******* ХХК. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ******* ХХК-ийн гаргасан Багц-2 мэс заслын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний төлбөр болох 321,891,141 төгрөгийг ****** гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ******* хүлээн зөвшөөрч сар бүр 10,000,000 төгрөг олгож байхаар эвлэрч байна. Сар бүрийн 25-ны өдөр олгохоор 6 дугаар сараас эхлэв гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 321,891,141 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******өөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага болох 321,891,141 төгрөгийг хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газар нь хүлээн зөвшөөрч 2025 оны 06 дугаар сараас эхлэн сар бүрийн 25-ны өдөр 10,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно, мөн зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж зохицуулсан.

 

Зохигчийн эвлэрэл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******, нарт холбогдох 321,891,141 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******өөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага болох 321,891,141 төгрөгийг хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газар нь хүлээн зөвшөөрч 2025 оны 06 дугаар сараас эхлэн сар бүрийн 25-ны өдөр 10,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,767,406 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч 883,703 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА