Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 293

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг,

хохирогч: Т.Цэ,

шүүгдэгч: Г.Га нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхай овогт Галхүүгийн Гат холбогдох эрүүгийн 1705 0178 80169 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, 70 хувийн группд байдаг, ам бүл 3, Га.

 

             Шүүгдэгч Г.Га нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр согтуугаар Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Цэыг зодож, эрүүл мэндэд нь баруун гарын 3, 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, 1 шүдний паалангийн эмтрэл, баруун гарын 4 дүгээр хуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Га мэдүүлэхдээ:

Би хохирогч Цэын биед хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж, Цэаас уучлалт гуйж байна. Би хааяа унаж татдаг болохоор архи уусан үедээ өөрийгөө хянаж чадаагүй юм. Аав маань тэтгэврийн зээл авч,  миний өмнөөс хохирогчид 500 000 төгрөг төлсөн. Цаашид дахиж ийм асуудал гаргахгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Т.Цэ мэдүүлэхдээ:

Тухайн өдөр би Гат зодуулснаас болж хуруу маань гэмтэж, бүдүүрсэн. Га намайг зодсон байж надаас уучлалт гуйгаагүй. Цагдаа дуудсаны дараа Гаийн охин намайг хэл амаар доромжилсон. Га намайг зодчихоод хажуу талд байсан машины хамрыг хонхойлгосон. Тэр өөрийн үйлдэлд гэмшиж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ надад 500 000 төгрөг төлж, надад учирсан хохирол барагдуулсан учраас одоо гомдол, саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч-Г.Э мэдүүлэхдээ:

Би өдөр 18 цагийн үед хичээлээ тараад явж байхад манай хойд аав Га над руу залгаад хамт ээж рүү чинь явъя, 3, 4 дүгээр хороололд хүлээж байя гэсэн. Тэгээд би автобуснаас буугаад хойд аав Га руу залгахад утсыг нь “цагдаа байна” гэж нэг хүн аваад “баригдсан байна” гэж хэлсэн. Тэгээд би Парадоксын буудал дээр ирэхэд 1 цагдаа зогсож байсан. Тэгээд тэр цагдаатай хамт 3, 4 дүгээр хорооллын хүнсний захын хажуу талын цагдаагийн хэсэг дээр очиход хойд аав Га халамцуу “хөл дээр нь машин гарсан” гээд зогсож байсан. Тэгэхэд тэнд бас 20 орчим насны 1 эмэгтэй миний гарыг мушгисан гэж хэлж байсан. Тэгээд Гаийг цагдаа авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн гэжээ. (хэргийн 14 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.Б мэдүүлэхдээ:

2017 оны 12 дугаар сарын 09-ний орой 18 цагийн үед цагдаагийн ахмад Т.Шархүүгийн хамтаар “Тайшир 113” чиглэлийн машинт эргүүлд үүрэг гүйцэтгэж байхад “Тайшир 10”-аас 18 цагийн үед “Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Алтан төгрөг дэлгүүрийн зогсоол дээр согтуу хүн танхайраад, намайг зодчихлоо” гэсэн дуудлага мэдээллийг хүлээн авч, очиж шалгахад 18-46 УНИ улсын дугаартай, “Тоёота приус-20” маркийн автомашины жолооч эмэгтэй рүү үл таних согтуу эрэгтэй дайраад цохих гээд байхаар нь очиж салгаад, ойрхон “Нарлаг” цагдаагийн хэсэг дээр уг хоёр хүнийг дагуулж ирсэн. Тухайн үед уг жолооч эмэгтэй “баруун гарын хуруу гэмтчихлээ, гомдолтой байна, өргөдөл өгнө” гээд сарвуугаа бариад байсан. Бид хоёр уг залуугийн утсаар хүүхэдтэй нь ярьж “Нарлаг” цагдаагийн тасгийг зааж өгсөн. Тэгээд уг залууг эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн. Тухайн үед жолооч эмэгтэй ирээд өргөдөл гаргаж өгч байсан. Бид хоёрыг дуудлагаар очиход уг жолооч эмэгтэй “миний гар гэмтчихлээ, намайг цохичихлоо” гэж байсан. Бид нар очих үед цохих гээд дайраад байхаар нь салгасан гэжээ. (хэргийн 19 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 46 тоот дүгнэлтэд:

1. Т.Цэын биед баруун гарын 3, 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, 1 шүдний паалангийн эмтрэл, баруун гарын 4 дүгээр хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-Б.Б мэдүүлэхдээ:

Үзүүлэгч Т.Цэын биед учирсан гэмтэл нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 115 дугаар дүгнэлтэд:

  1. Г.Га нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  2. Г.Га нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. (хэргийн 30 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Г.Га нь Сонгинохайрхан дүүргийн шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэжээ. (хэргийн 42 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Г.Га нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр согтуурсан үедээ Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Алтан төгрөг” дэлгүүрийн зогсоол дээр хохирогч Т.Цэыг зодож, эрүүл мэндэд нь баруун гарын 3, 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, 1 шүдний паалангийн эмтрэл, баруун гарын 4 дүгээр хуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Цэ, гэрч Г.Энхзул, М.Буянхишиг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 46 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Гат холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Хохирогч Т.Цэ нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд хурууны чиг тавьсан тухай 9000 төгрөгийн зардал гарсан гэж нотлох баримт гаргаж, 14 дүгээр шүдний паалан хагарсан Zirconia (ZFM) бүрээс хийх зардалд 550 000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь Т.Цэд 500 000 төгрөг төлсөн,  хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалахыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Гаийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Гаийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Г.Га нь торгох ялыг 3 сар /гурван сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Га торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Цэд 500 000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Гат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН