| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00386/И |
| Дугаар | 303/ШШ2025/00514 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 303/ШШ2025/00514
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч:*******
Хүсэлтийн шаардлага: Хүүхэд үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь хүүхэд үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие нь 2002 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүү *******ыг төрүүлсэн. Тухайн үед миний төрсөн эгч ******* нь бөөрний дутагдалтай хүүхэд гаргах боломжгүй байсан тул төрсөн эгч ******* болон хүргэн ах ******* хүү ******* үрчлүүлсэн юм. Хүргэн ах ******* 2008 онд төрсөн эгч Отгончимэг 2010 онд өвчний улмаас нас барсан тул хүүгээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Ийм үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, үрчилсний бүртгэлийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа, Баянхонгор аймгийн Баянговь сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 03-04/4986 дугаар лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 13/602 дугаартай албан бичгийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлт гаргагч ******* хүүхэд үрчилсний бүртгэлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:
2. Хүсэлт гаргагч ******* нь 2002 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүү ******* төрүүлсэн. Тухайн үед миний төрсөн эгч ******* нь бөөрний дутагдалтай хүүхэд гаргах боломжгүй байсан тул төрсөн эгч ******* болон хүргэн ах ******* хүү ******* үрчлүүлсэн юм. Хүргэн ах ******* 2008 онд төрсөн эгч ******* 2010 онд өвчний улмаас нас барсан тул хүүгээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Хүсэлт гаргагч ******* нь 2002 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүү ******* төрүүлсэн. Иймд хүүхэд үрчлэлтийг хүчингүйд тооцуулж өгнө үү гэж хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон боловч хүү М.******* нь насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадвар чадамжтай этгээд байх тул хүсэлт гаргагч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох нь тогтоогдож байна.
4. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар “Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно” гэж заасан бөгөөд хүсэлт гаргагч *******гийн нэхэмжлэлийг шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* хүүхэд үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА