Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/42

 

                                                        

 

 

 

 

 

 

    2024        06        12                                        2024/ДШМ/42

 

С.Бад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Э.У, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М,

Нарийн бичгийн дарга: М.Мөнгөнтуяа нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/124 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор С.Бад  холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Т овогт Сийн Б, ....оны .... дүгээр сарын ...-ны өдөр Хөвсгөл аймгийн Осуманд төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Осумын 3 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, регистрийн 000 дугаартай.

Яллагдагч С.Б нь 2024 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Осумын 3 дугаар багт өөрийн эзэмшлийн 000ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дэлгэрмөрөн голыг гатлах үед мөс цөмөрч болгоомжгүй үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэлд зорчин явсан Д.М живэлтийн улмаас нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2024ШЗ/324 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч С.Бад холбогдох эрүүгийн 000 дугаар хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, Хавтаст хэрэг прокурорт очтол яллагдагч С.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  Эрүүгийн 000 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: “Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2024\ШЗ\324 дугаартай “Прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...Яллагдагч С.Бад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөгч, прокурор нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа бүрэн биш хийгдсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг дараахь үндэслэлээр буцаах нь зүйтэй гэж үзлээ...” гэсэн нь үндэслэлгүй. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдсэн байж болзошгүй гэх бодит үндэслэл байгаа бол хэргийн нотлох баримтыг олж тогтоох,  хэрэгт ач холбогдол байдлыг тодруулах зорилгоор орон байр, бусад газар, нийтийн эзэмшил газрын тодорхой хэсгийг хэргийн газраар тогтоон үзлэг хийнэ” гэж хуульчилсан. Дээр дурдсанчлан миний үйлчлүүлэгч С.Бад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Хнь анх хэргийн газар очин нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр “...хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох...” гэмт хэргээс өөр гэмт хэрэг тус газар үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдсэн байж болзошгүй гэж үзэх бодит үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн байдаг. Тийм ч учраас өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурласан үндэслэл бүхий сэжиг бий болоогүй тул хэргийн газраас олдсон гэх Өргөө нэрт архи, Мяков нэртэй архины шил зэргийг хэрэгт ач холбогдол бүхий баримт биш гэж үзэн зөвхөн хэргийн газрын үзлэгт дурдах байдлаар бичиж, эд мөрийн баримтаар хураан авах ажиллагааг хийж гүйцэтгээгүй нь хуульд үл харшлана. Тийм ч учраас мөн тээврийн хэрэгслийн эд ангийн гэмтэл, жолоочийн суудлын бүрээс ар талаасаа урагдсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажидлагааны явцад зайлшгүй шалган тогтоох ёстой нотолбол зохих байдалд хамаарахгүй болно. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож С.Б осол гаргасан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулаагүй байна..” гэж үзсэн нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд мөрдөгчийн магадлгааа гаргах онцгой эрхийгхуульчлан бататлгаажуулсан байх бөгөөд тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгчийн хувьд захирамжид дурдсан асуудлаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзсэн, мөн өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд магадлагаа гаргах нь тухайлсан хэрэгт ач ходбогдолгүй гэж үзсэн тул 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлййн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай саналаа Хөвсгөл аймгийн Прокурорын газарт бичгээр гаргасан байна. Тус хэрэгт хяналт тавин ажйлласан, хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Уын тухайд ч гэсэн шүүхийн хэлэлцүүлэгт санал, дүгнэлтээ гаргахдаа “...тус хэргийн яллагдагч С.Быг замын хөдөлгөөнд оролцож байсан буюу замаар зорчиж явсан гэж үзэх боломжгүй...” гэх байдлаар яллаж буй хэргийн зүйлчлэлээ нотлон, байр сууриа илэрхийлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ёстой. Иймд улсын яллагчийн хуулийн үндэслэл, хэргийн бодит байдал, нотлох баримтад тулгуурлан өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон шүүхэд шилжүүлсэн үйл баримттай миний үйлчлүүлэгч болоод өмгөөлөгчийн хувьд огт маргаагүй бөгөөд тус хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хэлж, тайлбарлаад байгаа шиг эргэлзээ бүхий үндэслэл үйл баримт тогтоогддоггүй болно. Харин минйй үйлчлүүлэгч С.Б болон амь хохирогч Д.М нарын хамт явсан маршрутыг шалган тогтооход гэрчээр асуугдвал зохих ёстой гэх н.П нь ач холбогдол бүхий мэдээллийг өгөх боломжгүй юм. Тодруулбал, хохирогч А.Ды мэдүүлэгт \хх-ийн 17-18-р тал\ “...Аймгийн төвөөс өчигдөр буюу 03 сарын 03-ны өдөр Б болон түүний эхнэр Ц, талийгаачийн төрсөн ах П нар... ирцгээсэн юм... Манай нөхөр 3 хундага уучихаад мотоциклио янзлахаар гарсан...Тэгсэн чинь Б, П хоёр машинаа асаагаад айл руу явчихаад ирье гэж явснаа удалгүй 2 шил архи бариад ирсэн... Тэр гурав эхний шил архиа хувааж уугаад дуустал П ах тасраад унтсан...” гэж, Гэрч Д.Цийн мэдүүлэгт “...2024 оны 3 дугаар сарын 03-ны орой би нөхөр С.Б, төрсөн ах Д.П нарын хамт Мөрөн сумаас гарч хөдөө гэртээ харьсан юм... Тухайн орой бид Д.М ахын гэрт хоол идчихээд манай гэрт ороод нөхөр С.Б, талийгч Д.М ах, Д.П нар согтууруулах ундаа хэрэглэсэн...эхний 2 шил архийг дууссаны дараа Д.П ах унтчихсан...” гэж тус, тус тодорхой мэдүүлсэн байдаг тул С.Б болон амь хохирогч Д.М нарын хамт явсан маршрутыг Д.П нь мэдэх ямар ч боломжгүй учир түүнийг гэрчээр асуух нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдолтой биш юм. Түүнчлэн “...цагаан эмжээртэй улаан гутал...” гэж хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болоод гэрэл зургийн үзүүлэлтээр авагдаагүй, гэрчийн мэдүүлэгт огт дурдагдаагүй асуудлыг хохирогчийн хууль ёсны төлөөлегчийн өмгөөлөгч Э.У нь мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтдээ дурдаж буй нь бодит үйл баримт буюу хуульд заасан хэм хэмжээнд үндэслэгдээгүй, таамаг төдий зүйлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах ноцтой үр дагавар үүсгэж буйг анхан шатны шүүх анзаарсангүй. Иймд миний үйлчлүүлэгчийн холбогдсон “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг нь хэргийн газрын үзлэг болон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангащтай нотлогдон тогтоогдож байгааг харгалзан үзэж Хөвсгөл аймаг Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2024\ШЗ\324 дугаартай “Прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шиидвэрлэж өгнө үү.” гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ “...Анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт ажиллагааг хийлгэхээр буцаасан захирамжид заасан үндэслэлүүд нь хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй, ач холбогдолгүй байна гэж үзлээ.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Мөрдөгч гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдсэн байж болзошгүй гэх бодит үндэслэл байгаа бол хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор орон байр, бусад газар, нийтийн эзэмшил газрын тодорхой хэсгийг хэргийн газраар тогтоон үзлэг хийнэ... гэж заасны дагуу мөрдөгч хэргийн газар, тээврийн хэрэгсэлд үзлэгийг хийж гэрэл зургаар бэхжүүлжээ. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд ...Өргөө нэртэй архины шил дотроо дүүрэн шингэнтэй, ,...”мягков” нэртэй архины шил хоосон байсныг зургаар бэхжүүлэв гэж тэмдэглэлд тусгаж өөр зүйл тусгаагүй. Хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй гэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл Өргөө нэртэй архины шил дотроо дүүрэн шингэнтэй, ...."мягков” нэртэй архины шил хоосон шил зэрэг нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэж мөрдөгч хурааж аваагүй, мөн хойшлуулшгүй тохиолдол гэж үзэж хүчинтэйд тооцсон баримт хэрэгт авагдаагүй байхад дээрх эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн яллагдагч С.Б, амь хохирогч Д.М нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан талаар гэрчүүд хангалттай мэдүүлсэн байхад дээрх хоосон болон дотроо шингэн бүхий архины шилнүүд хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой байгаа болон нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар ямар ажиллагаа хийх нь тодорхойгүй байгаа нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2.Яллагдагч С.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан хэдий ч гэмт хэрэг гарсан шалтгаан болон амь хохирогчийн үхлийн шалтгаан нь живэлтийн улмаасаа амьсгал болон хоол боловсруулах замаар ус орж амьсгал бүтэлтэд орж нас барсан болох нь тогтоогдсон. Тодруулбал С.Б нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замаа олохгүй усруу орсон нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон ба харин Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн буюу зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал С.Бын үйлдэл нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн үр дагаврыг мэдсэн хэдий боловч түүнийг бий болгохгүй байж чадна гэж өөртөө найдсан, эсхүл үйлдлийнх нь улмаас нийгэмд аюултай хор уршиг учирч болохыг урьдчилан харах ёстой, боломжтой ч харж чадалгүйгээр хор уршигт хүргэсэн нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхад Анхан шатны шүүхээс Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3. Яллагдагч С.Б болон амь хохирогч Д.М нарын хамт явсан маршрутыг тогтоох үүднээс н.Пг гэрчээр асуух шаардлагатай гэжээ. Хавтаст хэрэгт цугларсан: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ды “...Бын гэрт архиа ууж эхэлсэн, Ц бид хоёр бол архи уугаагүй. Тэр гурав эхний шил архиа хувааж уугаад дуустал П ах тасраад унтсан. Харин би гэр лүүгээ орж унтахаар гарсан. Гарахынхаа өмнө нь би "одоо архиа хэтрүүлж болохгүй шүү, болцгооно доо" гэж хэлсэн..” гэх мэдүүлэг, /хх-н 17-18 -р хуудас/ Гэрч П.Лгийн “...2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр шилжих шөнө 04 цаг өнгөрч байхад гэртээ унтаж байтал гаднаас зүс таних Бөхөө гэх залуу мөлхсөөр амь авраарай, цагдаа дуудаарай, хүн усанд алчихлаа гэж хэлсээр мөлхсөөр орж ирсэн....” гэх мэдүүлэг, Үхлийн шалтгаан, нь дээрх онош болон задлан шинжилгээний тэмдэглэл зэргээр батлагдаж байна...” гэх дүгнэлт /хх-н 35-38-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар гэрч П нь яллагдагч болон амь хохирогч нартай хамт яваагүй болох нь тогтоогдсон байхад түүнээс яллагдагч хохирогч нарын явсан маршрут тогтоох зорилгоор мэдүүлэг авах гэх заалт үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.У хүсэлтдээ “...хэрэг болсны дараа миний үйлчлүүлэгч тухайн айлуудаар очиж уулзахад Баттуяа гэх айл шөнө чимээтэй,  нохой боргож,  хүмүүс хоорондоо муудаж байсан талаар ярьсан,  ...цагаан эмжээртэй гутлын талаар ярьсан байдаг... гэх тайлбар хүсэлтийг гаргасан боловч хавтаст хэрэгт дээрх нөхцөл байдлын талаар баримт авагдаагүй буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт бусдын ярьсан гэх зүйлийн талаар дурдсаныг үндэслэн захирамжийн тодорхойлох хэсэгт дурдаж шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар, 34.14 дүгээр зүйлийн 1.Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасан байхад хэрэгт авагдаагүй буюу “амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Уын хэлэлцүүлэгт гаргасан тайлбарыг үндэслэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ. Иймд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/324 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах эсэргүүцлээ дэмжиж оролцож байна.” гэв.

  Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа “...Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/324 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 128 дугаартай яллах дүгнэлтээр С.Быг 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр шилжих шөнөх согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Осумын 3 дугаар багт өөрийн эзэмшлийн 000ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дэлгэрмөрөн голыг гатлах үед мөс цөмөрч болгоомжгүй үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэлд зорчин явсан Д.М живэлтийн улмаас нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гарсан байдлыг нарийн шалгаж тогтоогоогүй. Тухайлбал 000ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явсан жолооч С.Б нь осол  гаргасан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулаагүй” гэж үзсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон тохиолдлыг хууль тогтоогч 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн бие даасан нэг шинж болгон хуульчилсан байдаг.

Шүүгдэгч С.Бын тухайд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн эсэх асуудал нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой тул дээрх байдлыг тодруулсны дараа хэргийг шийдвэрлэх зүйтэй гэж үзнэ.

Харин анхан шатны шүүхийн “...Өргөө нэртэй архи, мяков нэртэй архины шил үзлэгээр бэхжүүлэгдсэн мөртлөө хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, тээврийн хэрэгслийн ямар эд анги юунаас шалтгаалж гэмтсэн болох тодорхойгүй, машины суудлын бүрээс ар талаасаа урагдсан нь гэмт хэргийн ул мөр байгаа эсэхийг шалгаагүй, яллагдагч С.Б болон амь хохирогч Д.М нарын хамт явсан маршрутыг нарийн шалгаж тогтоох үүднээс н.Пгээс гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хүсэлтэд дурдагдсан цагаан эмжээртэй, улаан гутал хэнийх болохыг шалгаж тодруулах шаардлагатай” гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь өргөө нэртэй архи, мяков нэртэй архины шил үзлэгээр бэхжүүлэгдсэн атал хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, ...тээврийн хэрэгслийн ямар эд анги юунаас шалтгаалж гэмтсэн болох тодорхойгүй байх хэдий ч үүнийг нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна. Өөрөөр хэлбэл хэргийн газарт үзлэг хийх үед тухайн эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан аваагүй, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр ямар эд зүйл гэмтсэн талаар нарийвчлан заагаагүй байх тул одоо дээрх эд зүйлсийг олж эд мөрийн баримтаар хураан авах, тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийх  боломжгүй нөхцөл байдал үүсэх юм.

Яллагдагч, хохирогчийн хэн аль нь согтуу байсан талаар маргаагүй байх ба Өргөө нэртэй архи, мяков нэртэй архины шил зэргийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул үүнийг дахин шалгах шаардлагагүй гэж үзлээ.

Мөн “машины суудлын бүрээс ар талаасаа урагдсан нь гэмт хэргийн ул мөр байгаа эсэхийг шалгаагүй” гэх үндэслэлийн тухайд яллагдагч, хохирогч нар нь гэрчүүдийн мэдүүлгээр хоорондоо ямар нэгэн үл ойлголцол гаргаагүй болох нь тогтоогдсон ба энэхүү асуудлыг нэмж шалгах шаардлагагүй гэж үзэхээр байна.

н.Пгээс гэрчээр мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь мөн адил ач холбогдолгүй гэж үзлээ. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хүсэлтэд дурдагдсан цагаан эмжээртэй, улаан гутал хэнийх болохыг шалгаж тодруулах шаардлагагүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл энэхүү асуудал нь хэргийн газрын үзлэг болон гэрчүүдийн мэдүүлэгт огт тусгагдаагүйн дээр бусдын ярьсан таамаг төдий зүйлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах үр дагавар үүсгэж байна гэж үзсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлын энэ хэсэг үндэслэл бүхий гэж үзлээ.

Энэхүү  гутлын талаар шүүгдэгч нь шүүх хуралдаанд “...зам дээрээс олсон. Тэгээд хүүхдийн алаг пүүзэн гутал сайн байдаг гэхээр нь машиндаа авч хийсэн тухайн гутлыг амь хохирогчийн эхнэр харснаас биш өөр хүн хараагүй байсан...” гэж мэдүүлсэн зэргээс үзвэл энэхүү гутал нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэх юм.

Иймд прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/324 дугаартай захирамжийг хэвээр үлдээсүгэй.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.ЭРДЭНЭБАТ

                           ШҮҮГЧИД                                    Б.СОСОРБАРАМ

                                                                                Н.БАЯРХҮҮ