Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 298

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, А.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

иргэдийн төлөөлөгч: Ё.Мөнх-Амгалан

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Одончимэг,

хохирогч: Б.Бая,

гэрч: С.Чи,

шүүгдэгч Д.Алт, түүний өмгөөлөгч Б.Дашдорж /0747/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мэргэд овогт Доржийн Алтд холбогдох 1705 00000 0157 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Алт.

 

Шүүгдэгч Д.Алт нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн орчимд согтуугаар, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 41 дүгээр байрны 167 тоотод зэвсэг /хутга/ хэрэглэн найз Б.Баяын цээжин тус газарт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн, зүрхний үнхэлцэг хальс, зүрхний орой хэсгийг гэмтээсэн шарх, зүрхний үнхэлцэгийн хөндий дэх цус хуралт, зүрх чихэгдэлт” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэнд бичсэнээр)

 

      ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Алт мэдүүлэхдээ:

2000 оны эхээр Б.Бая бид нар нэг байранд байсан бөгөөд түүнээс хойш холбоогүй, тааралдахгүй байж байгаад хэрэг гарахаас өмнө 2 удаа уулзсан. Тухайн үед би согтуу байсан. Өглөө нэг шил архи, дараа нь Баятай хамт дахин нэг шил архи хувааж уусан байсан. Тийм болохоор юу болсон талаар санахгүй байна. Харин Бая өмнөх өдөр нь, өглөө нь бас архи уусан байх шиг байсан. Хэрэг хүлээх болсон шалтгаан нь би эхлээд гадуур байцаагдаж байхад орой байцаагч Сүхбаатар өрөөндөө дуудсан. Очиход байцаагч Сүхбаатар биш өөр эрүүгийн байцаагч байсан. Тэр намайг 2 давхар руу авч гараад “чамайг одоо ачина, манайхан танай гэрт ажлаа хийж байгаа, хэргээ хүлээ, та хоёр хоёулхнаа байсан учраас чамаас өөр хүн байх боломжгүй, хэргээ хүлээвэл гадуур байцаагаад чамд өөр хандаж болно” гэж хэлсэн. Байцаагчийн “та хоёр хоёулхнаа байсан, чамаас өөр хүн байх боломжгүй” гэхээр нь өөртөө эргэлзсэн. Хэргийн газрын үзлэг хийх үед Баяыг хутгалсан хутга тавагтай махан дээр байсан. Цагдаа нар махан дээр байсан бүх юмыг шинжилсэн. Миний анх өгсөн мэдүүлгийн зарим нэг нь санаанаасаа ярьсан зүйл байгаа. Мөрдөгч намайг хэргээ хүлээвэл гадуур байцаана гэж надад хэлсэн талаар би хэн нэгэнд хэлээгүй, энэ талаар гомдол гаргаагүй. Баятай хамт архи ууж байгаад унтсанаас хойш юу болсон талаар сайн мэдэхгүй, санахгүй байна. Хохирогч надаас ямар нэг хохирол нэхэмжлээгүй, би түүнд хохирол төлөөгүй болно. Бас  цагдаа намайг 2 давхар руу авч гарахдаа эхнэр охин хоёр чинь “хутга угаасан биз дээ” гэж байцаасан байсан. Манай ор 2 хүний өргөн ор бөгөөд би баруун талын захаар нь хэвтсэн байсан. Бая намайг татаад байхаар нь хартал түүний цээж битүү цус болсон байсан ба ам руугаа заагаад байхаар нь ус ууя гэж байна гэж бодоод ус өгсөн. Бая надад ямар нэг юм хэлээгүй. Тэгж байтал гаднаас манай охин орж ирсэн. Цагдаад дуудлага өгөхдөө би “бид хоёр хамт архи ууж байсан, цээжнээс нь цус гараад байна” гэж л дуудсан. Мөн эмнэлэг дуудсан. Бая надтай хамт архи ууж байхдаа гэрээс гарч явсан эсэхийг би мэдэхгүй байна. Намайг унтах үед гараагүй байсан. Харин Бая мөрдөн байцаалтанд “...гарч яваад 2 залууд хутгалуулсан” гэж ярьсан байсан. Энэ талаар би сүүлд мэдсэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Б.Бая мэдүүлэхдээ:

Би 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээсээ гараад Алттэй тааралдаж, эхнэрийн нь ажил дээр очиж нэг шил архи аваад, гэрт нь очиж архиа уусан. Архиа уугаад талд нь ороогүй байхад би тамхи авахаар гарсан. Тэгээд орцонд 5 бил үү, 4 давхарт 2 залуу байхаар нь тамхи асуугаад тэр хоёртой маргалдсан. Би “мөнгөөр нь тамхи өгчих” гэхэд байхгүй гэж хэлсэн. Тэгтэл тэр хоёрын нэг нь намайг хатгасан. Би буцаж Алтийн гэрт орж хэвтээд, ухаан алдсан байсан. Нэг мэдэхэд эмнэлэгт ухаан орсон. Би хохирогчоор 3 удаа мэдүүлэг өгсөн. Намайг эмнэлэгт байхад байцаалт авсан. Би сандраад буруу зөрүү мэдүүлэг өгсөн. Намайг эмнэлэгт хэвтэж байхад мөрдөгч орой ирээд хэргийн талаар асуугаад байхаар нь 2 залуутай тааралдсан гэх мэдүүлгийг өгсөн. Үүний дараа манай гэрт ирж мэдүүлэг авсан. Тэр үед мэдүүлэг авахдаа янз бүрийн юм асуугаад байхаар нь худал мэдүүлэг өгсөн. Би Алтийн гэрт 1 цаг ч болоогүй. Архи авч ороод архиа талд нь оруулалгүйгээр тамхи авахаар гарсан. Тэр үед Алтийн охин Хүслэн хичээлээсээ ирээд, буцаад гарсан. Хүслэнг гарч яваад, буцаж орж ирснийг нь мэдэхгүй байна. Мөрдөн байцаагч та хоёр хоёулхнаа байсан юм чинь өөр хэн байх вэ гэх зэргээр асуусан. Би тэр 2 залуутай 5 бил үү, 4 давхарын дунд таарсан. Гэхдээ тэр хоёр залууг одоо харвал танихгүй. Алт энэ хэрэгт шалгагдаж байгаа талаар эмнэлгээс гараад мэдсэн. Алт намайг хутгалаагүй, харин орцонд тааралдсан 2 залуу намайг хутгалсан. Би тэр хоёр залуугаас тамхи асуухад байхгүй гэсэн. Би “мөнгөөр нь тамхи өгчих” гэхэд босож ирээд хэрэлдээд, надтай барилцаж аваад маргалдсан. Тэр маргаан 5-10 минутын хугацаанд болсон байх. Алтийн гэр 6 давхарт байдаг. Маргаан болсны дараа Алтийн гэрт ороод цус гарч байгааг мэдээд Алтийг дуудсан. Тэр үед Алт хэвтэж байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-С.Чи мэдүүлэхдээ:

Намайг ажил дээр байхад байцаагч Сүхбаатар ирээд байцаалт авна гэсэн. Манай охин Хүслэн манай ажил дээр үлдэх гэхэд хамт явах ёстой гээд Хүслэн бид хоёрыг хамт авч явсан. Гэтэл цагдаагийн машинд орцны жижүүр Гэрэлмаа байсан. Эхлээд Хүслэнгээс мэдүүлэг авна гэсэн ба би хажууд нь сууж байхад “чи хутгыг угаасан уу” гэж асуухад “үгүй” гэж хариулсан. Тэгтэл “аав чинь хэргээ хүлээсэн, чи үнэнээ хэл” гээд охиныг зандарсан. Би хууль сайн мэдэхгүй болохоор мөрдөн байцаагчтай холбоотойгоор гомдол гаргаагүй. Хүслэн өрөвдмөөр уйлаад “би ерөөсөө угаагаагүй шүү дээ” гээд байсан. Тэгээд байцаагч Сүхбаатар гарч яваад, буцаж орж ирээд гэртээ байсан хутгыг авчир гээд намайг 2 хүнтэй хамт явуулсан. Намайг хутга авчирсны дараа дахин мэдүүлэг авсан. Алт гэртээ байхдаа  “байцаагч Сүхбаатар та хоёр хоёулхнаа байсан болохоор чамаас гарцаагүй шүү дээ гээд байна лээ” гэж надад хэлэхээр нь би “ямар сонин юм бэ” гэж хариулсан. Тэгтэл Алт “би бүр гайхаад, би ч юм болов уу гээд бодох юм” гэж хэлсэн. Тэрнээс биш Алт би хутгалчихсан гэж хэлээгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч- А.Х мэдүүлэхдээ:

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагийн орчим би хичээлээ тараад гэртээ очтол манай аав Алт найз Баяын хамт архи уугаад, мах идээд сууж байсан. Тэгэхээр нь би архи уугаад байхаар нь хувцсаа солиод ээжийн ажил “Билгүүн” дэлгүүр дээр нь очсон. Тэгээд би ээжийн ажил дээр гоймон идчихээд гэр рүүгээ даалгавараа хийх гээд очсон. Намайг гэр рүү ороход Бая ах дээшээ хараад хэвтсэн, аав Алт, Бая ахад ус уулгаж байхаар нь би “юу болоод байгаа юм” гэж ааваасаа асуухад аав “мэдэхгүй” гээд байсан. Тэгэхээр нь би ээж рүү залгаад Бая ахыг “аймаар цус алдаад байна” гэж хэлээд ярьж байхад гаднаас цагдаа нар орж ирсэн. Тэгээд цагдаа нар орж ирээд намайг нөгөө өрөөндөө байж бай гэж хэлсэн. Удаагүй бас эмч нар орж ирсэн. Намайг гэртээ ороход Бая ах дээшээ хараад хэвтсэн, подболк нь цус болсон байсан. Хаанаас цус гараад байгаа нь мэдэгдэхгүй байсан гэжээ. (хавтаст хэргийн 32 дугаар хуудас)

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13190 тоот дүгнэлтэд:

1. Б.Баяын биед цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн, зүрхний үнхэлцэг хальс, зүрхний орой хэсгийг гэмтээсэн шарх, зүрхний үнхэлцэгийн хөндий дэх цус хуралдалт, зүрх чихэлдэлт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хавтаст хэргийн 62 дугаар хуудас)

 

2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай мөрдөн шалгах туршилт хийсэн тухай тэмдэглэлд:

Мөрдөн шалгах туршилт хийсэн газар нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 41 дүгээр байр, 167 тоот хоёр өрөө орон сууцны том өрөө ба уг өрөөнд орж яллагдагч Д.Алтийг хэрэг гарсан орон дээр суулгаж, гарт нь хутганы оронд бор өнгийн цаас бариулан хохирогч Б.Баяыг яг ямар байдалтай сууж байхад нь хаана нь хутгалсан талаар С.Мөнхбаяр /дадлагын оюутан/-ыг хохирогч Баяын оронд суулгаж байгаад туршилтыг хийхэд яллагдагч Д.Алт нь “би тухайн үед Баятай хамт зэрэгцээд сууж байгаад зүүн гартаа барьсан байсан хутгаар Баяын зүүн талд нь сууж байхдаа түүний зүүн цээж хэсэг рүү нь 1 удаа хатгасан” гэснийг туршилт болгож гэрэл зургаар бэхжүүлж авав гэжээ. (хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Д.Алт ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 85 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Д.Алт нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн орчимд архи ууж, согтуурсан үедээ Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 41 дүгээр байрны 167 тоотод хутга хэрэглэн, хохирогч  Б.Баяын цээжин тус газарт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн, зүрхний үнхэлцэг хальс, зүрхний орой хэсгийг гэмтээсэн шарх, зүрхний үнхэлцэгийн хөндий дэх цус хуралт, зүрх чихэгдэлт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ...Б.Баяын биед цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн, зүрхний үнхэлцэг хальс, зүрхний орой хэсгийг гэмтээсэн шарх, зүрхний үнхэлцэгийн хөндий дэх цус хуралдалт, зүрх чихэлдэлт бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэсэн 13190 тоот дүгнэлт,  

Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 41 дүгээр байр, 167 тоот хоёр өрөө орон сууцны том өрөө ба уг өрөөнд орж яллагдагч Д.Алтийг хэрэг гарсан орон дээр суулгаж, гарт нь хутганы оронд бор өнгийн цаас бариулан хохирогч Б.Баяыг яг ямар байдалтай сууж байхад нь хаана нь хутгалсан талаар С.Мөнхбаяр (дадлагын оюутан)-ыг хохирогч Баяын оронд суулгаж байгаад туршилтыг хийхэд яллагдагч Д.Алт нь “би тухайн үед Баятай хамт зэрэгцээд сууж байгаад зүүн гартаа барьсан байсан хутгаар Баяын зүүн талд нь сууж байхдаа түүний зүүн цээж хэсэг рүү нь 1 удаа хатгасан” гэсэн 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай мөрдөн шалгах туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Цэргийн төв эмнэлэгийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 012659 дугаартай өвчний түүх зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т заасан эрхийн дагуу ...би тухайн үед согтуу байсан. Өглөө нэг шил архи, дараа нь Баятай хамт дахин нэг шил архи хувааж уусан байсан. Тийм болохоор юу болсон талаар санахгүй байна. Хэрэг хүлээх болсон шалтгаан нь би эхлээд гадуур байцаагдаж байхад орой байцаагч Сүхбаатар өрөөндөө дуудсан. Очиход байцаагч Сүхбаатар биш өөр эрүүгийн байцаагч байсан. Тэр намайг 2 давхар руу авч гараад “чамайг одоо ачина, манайхан танай гэрт ажлаа хийж байгаа, хэргээ хүлээ, та хоёр хоёулхнаа байсан учраас чамаас өөр хүн байх боломжгүй, хэргээ хүлээвэл гадуур байцаагаад чамд өөр хандаж болно” гэж хэлсэн. Байцаагчийн “та хоёр хоёулхнаа байсан, чамаас өөр хүн байх боломжгүй” гэхээр нь би өөртөө эргэлзсэн. Миний анх өгсөн мэдүүлгийн зарим нэг нь санаанаасаа ярьсан зүйл байгаа. Баятай хамт архи ууж байгаад унтсанаас хойш юу болсон талаар сайн мэдэхгүй, санахгүй байна. Бая намайг татаад байхаар нь хартал түүний цээж битүү цус болсон байсан ба ам руугаа заагаад байхаар нь ус ууя гэж байна гэж бодоод ус өгсөн. Бая надад ямар нэг юм хэлээгүй. Тэгж байтал гаднаас манай охин орж ирсэн. Цагдаад дуудлага өгөхдөө би “бид хоёр хамт архи ууж байсан, цээжнээс нь цус гараад байна” гэж дуудлага өгсөн гэж мэдүүлж байна.

Гэвч түүний дээрх мэдүүлэг нь мөрдөн байцаалтын үед туршилт хийхэд “би тухайн үед Баятай хамт зэрэгцээд сууж байгаад зүүн гартаа барьсан байсан хутгаар Баяын зүүн талын цээж хэсэг рүү 1 удаа хатгасан гэж хэлсэн туршилтын тэмдэглэлээр үгүйсгэгдэж байна.

Хохирогч нь 2017 оны 10 сарын 20-ны өдөр мэдүүлэхдээ ...бид 2 архи ууж сууж байгаад тамхи дуусахаар нь би ганцаараа тамхинд гарах гээд гэрээс нь гараад шатаар бууж байтал 4-5 давхарын дунд хэсэгт 24-25 орчим  насны 2 залуу надтай зөрсөн ба би тэр 2 залуугаас мөнгөөр нь тамхи өгчих гэхэд тэр 2 залуу байхгүй гэж хэлсэн. Би урдаас нь жаахан хэрэлдсэн. Тэгээд л зөрөөд явсан. Гэтэл миний цамцнаас доошоо цус гоожсон. Тэр 2 залуу хаашаа явсныг мэдэхгүй. Би буцаад Алтийн гэрт ороод, Алтийг сэрээгээд хэлсэн гэж мэдүүлсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт ...архиа уугаад талд нь ороогүй байхад би тамхи авахаар гарсан. Тэгээд орцонд 5 бил үү, 4 давхарт 2 залуу байхаар нь тамхи асуугаад, тэр хоёртой маргалдсан. Би “мөнгөөр нь тамхи өгчих” гэхэд байхгүй гэж хэлсэн. Тэгтэл тэр хоёрын нэг нь намайг хатгасан. Би буцаж Алтийн гэрт орж хэвтээд, ухаан алдсан байсан. Нэг мэдэхэд эмнэлэгт ухаан орсон. Гэхдээ тэр хоёр залууг одоо харвал танихгүй. Алт энэ хэрэгт шалгагдаж байгаа талаар эмнэлгээс гараад мэдсэн. Алт намайг хутгалаагүй, харин орцонд тааралдсан 2 залуу намайг хутгалсан, тэр 2 залууг одоо харвал танихгүй гэж мэдүүлж байна.

Хохирогчийн мэдүүлснээр 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 41 дүгээр байрны 5 дугаар орцонд тэр 2 залуутай маргалдаж, тэд түүнийг хутгалсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, хэрэг гарсан газрын ойр орчимд цагдаагийн хэлтсийн болон хорооны хяналтын камер байхгүй нь мөрдөгч А.Хүдэр-Эрдэнийн илтгэх хуудас, орцонд камер байхгүй, 6 давхарт хүний хамраас цус гарсан юм шиг жаахан цус гоожсон байсан, их цус байгаагүй нь гэрч Ц.Гэрэлмаагийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Түүнчлэн хохирогчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Алт найзтайгаа архи ууж, мах идэж байхдаа хоёулаа тоглож байгаад санамсаргүй байдлаар нэг хутгалсан, миний бие одоогоор сайн байна, миний эмчилгээний зардлыг Алт төлсөн гэж прокурор Э.Одончимэгт өргөдөл гаргаж байсан зэргээс дүгнэхэд түүнийг найз Алтээ өмгөөлж, түүний эрх ашгийн тулд танихгүй 2 залууд хутгалуулсан гэж мэдүүлэг өгсөн гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгажээ. 

 

Иймд шүүгдэгч Д.Алтийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг устгах нь зүйтэй.

 

Д.Алтд холбогдох хэрэг нь нотлогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан өмгөөлөгч Б.Дашдоржийн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5-д “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж заасан тул шүүгдэгчийн эхнэр С.Чи, охин  насанд хүрээгүй гэрч А.Хүслэн нарын мэдүүлгийг шүүх үнэлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Алтийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Алтийг 6 жил /зургаа/ хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Д.Алтийн эдлэх 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Алт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гэм хорын хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний эдлэх ялыг тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Алтд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ОЮУН

 

                                                 ШҮҮГЧИД                           Ч.ОТГОНБАЯР

 

                                                                                               А.АЛТАНХУЯГ