Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 327

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалан,

шүүгдэгч: А.Лх, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /2260/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лхд холбогдох эрүүгийн 1705 0157 90210 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Лх.

             Шүүгдэгч А.Лх нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Э.Эрхыг “...үсчний газар нээхэд мөнгө шаардлагатай байна. Үсчний газраа нээхдээ кассчинаар ажилд авна” гэж хуурч, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Капитал банкнаас тэтгэврийн зээл авахуулж, 2 800 000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-А.Лх мэдүүлэхдээ:

Эрх ах бид хоёр 10 дугаар сарын 19-ны өдөр зээл авахаас 2-3 хоногийн өмнө байрны урд тааралдаад, юм ярьсан. Эрх ах “чи залуу хүн, юм хийх хэрэгтэй” гэж надад хэлээд “юу хэрэгтэй байна, ах нь туслах уу” гэсэн. Би “та надад яаж туслах вэ” гэхэд “ах нь тэтгэврийн зээл авч өгөх үү” гэхээр нь би зөвшөөрсөн. Би Эрх ахыг мөнгөтэй гэж мэдээгүй. Би Эрх ахаас “надад зээл авч өгч болох юм уу” гэж асуухад “болно, маргааш банк орж, судлаад болох бол туслая” гэж хэлсэн. Тэгээд би “баярлалаа, дүү нь танаас авсан мөнгөө буцааж өгнө. Сар бүр тэтгэврийг нь чинь өгнө, таныг ямар ч байсан хохироохгүй, сард 200 000-300 000 төгрөг өгье” гэж хэлсэн. Эрх ах тэтгэврийн зээл аваад, надад мөнгөө өгсөн. Тэр үед нь би баярлаад “үсчиний газар нээвэл таныг ажилд авна” гэж хэлсэн. Түүнээс хойш 1-2 сарын дараа Эрх ахын ээж нь “манайх байраа барьцаанд тавьсан, мөнгөө авъя” гэж хэлсэн. Би анх Эрх ахаас мөнгө авахдаа “нотариатаар орж, гэрээ хийе” гэхэд тэр ах “хэрэггүй” гэж хэлсэн. Би эхлээд хууль зүйн мэдлэггүй байсан. Эрхаас 2 800 000 төгрөгийг авахдаа “үсчиний салон нээнэ” гэж авсан боловч салон нээж чадаагүй бөгөөд найз Түвшинбатын машиныг би унаж яваад Скай ресорт орох замдаа мөргөлдүүлсэн тул бусдад төлөх төлбөртэй байсан. Энэ үед Түвшинбат надаас мөнгөө нэхэж байсан. Тэгээд  2 300 000 төгрөгийг хүний машины төлбөрт өгч, үлдсэн мөнгийг нь ээжийн эмчилгээний төлбөр болон гэртээ зарцуулаад дууссан. Хохирогчоос 2 800 000 төгрөгийг аваад буцааж төлөхдөө сард авдаг тэтгэврийн хэмжээгээр өгнө гэж хэлсэн. Эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө хохирогчид төлбөр төлөөгүй. Гэхдээ одоогийн байдлаар хохирогчоос авсан 2 800 000 төгрөгөөс 1 230 000 төгрөгийг буцаан төлсөн. Эхлээд 280 000 төгрөгийг 1-2 дугаар сард өгсөн. 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 100 000 төгрөг, 3 дугаар сарын 05-ны өдөр 180 000 төгрөг, 3 дугаар сарын 22-ны өдөр 800 000 төгрөг өгсөн. 8 хоногийн өмнө хохирогчтой уулзаж үлдэгдэл мөнгийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний дотор төлнө гэж зээлийн гэрээ хийсэн. Би анхнаасаа залилан хийе гэж бодоогүй. Өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би сургуулиа сайн төгсөөд, ажилд орж, хохирогчийн мөнгийг хугацаанд нь төлнө гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.Эрх мэдүүлэхдээ:

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр танил дүү болох А.Лх ПС тоглоомын газар надтай таараад 3 000 000 төгрөг надад зээлүүлээч. Эсвэл та группын зээлээ аваад өгчих гэж хэлэхээр нь би болохгүй байхаа гэж хэлэхэд А.Лх тэр өдөр надаас салахгүй гуйгаад байсан. Тэгэхээр нь би хоёулаа манай гэрт очоод ээжээс асууя гэж хэлэхэд тэгье гэж хэлээд замдаа А.Лх өөрийнхөө мөнгөөр сүү, чихэр, бэлэн хоол 2 ширхэг зэргийг аваад ээжид өгчихөөд, би гэртээ ороод ээжийн өрөөнд ороход миний тэтгэмжийн дэвтэр ил байхаар нь би авч гараад, А.Лхтэй шууд банк ороод шаардлагатай материалуудыг бүрдүүлчихээд тухайн өдрийнхөө орой 17 цагт Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Капитал банкнаас очиж мөнгөө аваад би тэр мөнгөнөөс 200 000 төгрөгийг аваад үрсэн. Тэгээд үлдэгдэл 2 800 000 төгрөгийг А.Лх өөрөө аваад үсчиний газраа нээхдээ намайг кассчингаар ажилд авна гэж хэлээд бид хоёр А.Лхгийн гэрт 4-5 хоночихоод би гэртээ харьсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа манай гэрт ирэхдээ А.Лх би таны мөнгөнөөс 1 000 000 төгрөгөөр тоглоод алдчихлаа гэж хэлээд ирэхээр нь би уурлаад чи яаж байгаа юм бэ гэж хэлэхэд би буцаагаад олоод хийчихнэ гэж надад хэлсэн. Би түүнээс хойш 3 хоногийн дараа надад 200 000 төгрөг өгчих, яаралтай хэрэгтэй байна гэж очиход би мөнгөө авахаараа таньд өгье гэж хэлээд түүнээс хойш ор сураггүй алга болсон. Мөнгөө авахаар очиход намайг тэр шорондоо хийгээд аваарай гэж хэлдэг байсан. Лх намайг түрээслэх гэж байгаа гэх үсчиний газраа дагуулж очиж байгаагүй. Гэхдээ миний хажууд тэр газрынхаа хүнтэй утсаар ярьдаг байсан. 2016 оноос эхлэж А.Лх надад мөнгө хэрэгтэй байна. Хэрвээ надад мөнгө байх юм бол би юм хийгээд төлнө гэж ярьдаг байсан. А.Лх мөрийтэй тоглодог байсан. Өөрийнхөө гар утсан дээр данснаас мөнгө хийж байгаад байнгын тоглодог байсан. 20 болон 50 доллар тавиад алдчихлаа гэж надад хэлж байсан. Тэр тоглоомыг тоглож хожоод мөнгө авсан талаараа 2-3 удаа ярьж байсан. Тэр тоглоом нь анх 200-300 хүн тоглоод хамгийн сүүлд үлдсэн нэг хүн нь бүх мөнгийг авдаг гэсэн гэжээ. (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч- Н.А мэдүүлэхдээ:

Лх гэртээ байгаа. Одоо ажил дээрээ байгаа байх. Ажлын газрыг нь сайн мэдэхгүй байна. Эрх манайд хонох үед Лх бид хоёр маргалдаж, муудсан асуудал байхгүй. Эрх гэх залуу 3 000 000 төгрөг зээлүүлсэн гэж хэлж байсан гэжээ. (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч- С.С мэдүүлэхдээ:

Харилцагч Э.Эрх нь өөрийн биеэр зээл авах хүсэлт гаргасан. Тухайн үед таваас дээш сар зээл авах тохиолдолд батлан даагч шаарддаг, батлан даагч нь ойр дотны хүн байх ёстой. А.Лх гэх хүнийг Э.Эрх нь миний өөрийн холын хамаатан, яаралтай эмчилгээ хийх шаардлагатай учраас хэрэгтэй байна гэж гуйж байсан. Хаан банкны сүүлийн 6 сарын дансны хуулга, ажлын газрын тодорхойлолт, түрээсийн гэрээ зэрэг нь батлан даагч А.Лхг орлого олдог гэдгийг тодорхойлж байсан. Э.Эрх нь насанд хүрсэн, өөрийн бичиг баримттай, өөрийн тэтгэвэрийг барьцаалж зээл авах чадамжтай хүн. Хөдөлмөрийн чадвар алдалтын талаар би мэдэхгүй. Тухайн үед Лх, Эрх нар өөрсдөө хүсэлт гаргаж яаралтай эмчилгээ хийлгэнэ гэж байсан. Миний олгосон зээлийг захирал Ганзориг хянадаг, зээл олголт хийсний дараа хувийн хэргийг шалгаж зээл олголт хийхээс өмнө өргөдөлийг хянаж үздэг. Эрх нь өмнө зээл авч байсан. Гэхдээ журамд заасны дагуу таваас доош сараар зээл авч байсан учраас батлан даагч шаардаж байгаагүй. Ээж нь өмнө дандаа цуг ирж зээл авдаг байсан. Тухайн үед ээжтэй нь холбогдох гэж оролдсон боловч утсаа авахгүй байсан. Ээж чинь зээл авах гэж байгааг мэдэж байгаа юу гэж асуухад мэдэж байгаа гэж хэлсэн гэжээ. (хавтаст хэргийн 26 дугаар хуудас)

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 112 дугаар дүгнэлтэд:

1. Э.Эрхын тархины судасны бусад өвчин /iG7/ оношоор 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалт 90 хувиар тогтоогдож группэд орж байсан байна. Э.Эрхын энэ өвчин нь түүний эрх зүйн чадвар чадамжинд сөргөөр нөлөөлөх, сэтгэцийн эмгэг шинж тэмдэг одоогоор илрээгүй байна. Э.Эрх нь эрх зүйн чадвар чадамжтай байна.

2. Э.Эрх нь сэтгэцийн хувьд ямар нэг өвчингүй байна. Э.Эрх нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна гэжээ. (хавтаст хэргийн 33 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

А.Лх нь ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 43 дугаар хуудас)

   

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч А.Лх нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Э.Эрхыг “...үсчний газар нээхэд мөнгө шаардлагатай байна. Үсчний газраа нээхдээ кассчинаар ажилд авна” гэж хуурч, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Капитал банкнаас тэтгэврийн зээл авахуулж, 2 800 000 төгрөгийг нь авч, залилах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Эрх, гэрч Н.А, С.С нарын мэдүүлэг, Капитал банкны зээлийн дансны хуулга, тэтгэвэрийн зээлийн гэрээний хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, бэхжүүлсэн тул хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Лхгийн гэмт  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгчийг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч А.Лхгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч А.Лхгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч А.Лхд ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Лхд оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

А.Лх нь хохирогчид 1 230 000 төгрөг төлсөн тул үлдэх 1 570 000 төгрөгийг гаргуулах үндэстэй болно.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.Лх нь 7 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Лхг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Лхг хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Лхд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахыг үүрэг болгосугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, А.Лх нь 7 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар А.Лхгээс 1 570 000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Эрхт олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6-д зааснаар шүүгдэгч А.Лх нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

           

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээ авсугай.

           

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Лхд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ОЮУН