Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00208

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/03306 дугаар шийдвэртэй,

Б.Эын нэхэмжлэлтэй Д.Олд холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 12,895,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүнзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Д.Ол надруу залгаж “15,000,000 төгрөгийг, 5 хувийн хүүтэйгээр зээлээр авъя” гэж хэлж надаас мөнгө аваад 1 сарын дараа хүүгээ бэлнээр өгсөн.

Дараа нь Д.Ол дахиад “10,000,000 төгрөг зээлээч, би бүжгийн заал, зочид буудал, караокедоо завсар хийх гээд Эрээн рүү явах гэж байгаа юм” гэж хэлж нэмж 10,000,000 төгрөг зээлсэн. Үүнээс хойш сарын дараа эсвэл хугацаанаасаа өмнө мөнгө орж ирлээ гээд Д.Ол бэлнээр болон дансаар мөнгө шилжүүлдэг байсан.

Эхний удаа манай дүүгийн дансанд “Б.Э эгч хүү” гэх гүйлгээний утгатайгаар мөнгө шилжүүлсэн. Дараа нь миний эзэмшлийн, “Голомт банк” ХХК-ийн дансанд “Б.Э эгч хүү” гэх утгаар мөнгө шилжүүлсэн.

“Ковид-19” цар тахлаас шалтгаалж Д.Ол мөнгөө хугацаанд нь өгөхгүй утсаар ярихаар “та хүүгээ бодож байгаарай, би тантай тооцоо хийнэ” гэж хэлсэн.

Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай гэрт ирээд өгсөн, өгөөгүй сар гэж тооцоо нийлээд, өмнө өгсөн хүүг өгснөөр нь тооцож орхиод, үлдсэн мөнгийг хүүтэй нь хамт 3 сард багтааж төлөхөөр тохиролцоод гарын үсгээ зурсан.

Д.Ол 4 сарын дараа “зээл төлөлт” гэх гүйлгээний утгаар мөнгө шилжүүлсэн. Зээлийн хүүд дансаар болон бэлнээр нийтдээ 21,500,000 төгрөгийг өгсөн.

Үүнээс хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 3,500,000 төгрөг, мөн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн баталгаанд тусгасан зээлийн хүүгийн өр буу зээл төлөөгүй хугацааны хүү 9,395,000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй. Иймд нийт 12,895,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Ол Б.Эаас 25,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн боловч 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд дансаар нийт 30,595,000 төгрөгийг Б.Эд шилжүүлж буцаан өгсөн. Өөрөөр хэлбэл, Д.Ол, Б.Эаас зээлсэн мөнгөн дээрээ нэмж 5,595,000 төгрөгийг өгсөн байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт талууд хүү тохирч бичгээр гэрээ байгуулаагүй тохиолдолд хүү тооцох эрхээ алддаг.

Хариуцагч Д.Ол, Б.Эд илүү өгсөн 5,595,000 төгрөгийг буцаан шаардахгүй бөгөөд зээлж авсан үндсэн 25,000,000 төгрөг төлөгдсөн гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Олээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 12,895,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б. Энхжаргалд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,270 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 221,270 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тохирсон гэрээг бичгээр байгуулснаас эхлэн хүү бодохоор хуульд заасан байна.

Гэвч талууд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр болон 22-ны өдрүүдэд зээлийн гэрээний харилцаа үүсэхэд бичгээр гэрээ байгуулаагүй байхад шүүх 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр үйлдсэн баримтыг үндэслэж зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, хүү тохирсон зээлийн гэрээг нөхөж байгуулах гэдэг ойлголт хуульд байхгүй тул 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс өмнөх хугацаанд талууд хүү тохирсон гэрээг бичгээр байгуулаагүй гэж үзэх ёстой.

Үүний зэрэгцээ 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн баримт үйлдэхээс өмнө нэхэмжлэгчид хариуцагчаас төлсөн 9,095,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцох нь хуульд нийцэхээр байна.

Хариуцагч нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн баримт үйлдэхээс өмнө нэхэмжлэгчид төлсөн 9,095,000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулна гэж маргаж байхад шүүх энэ асуудалд дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцэхгүй байна.

Хариуцагч нь 9,095,000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулна гэж маргаж байгаа тохиолдолд шүүх 9,095,000 төгрөгийг үндсэн зээлээс хасах эсэх, эсхүл түүнд тооцох эсэх талаар дүгнэлт өгөх замаар хэргийг шийдвэрлэх ёстой. Мөн шүүх хариуцагчаас зээлийн хүүнд 9,395,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэхдээ энэ дүн нь хэрхэн гарсан талаар буюу хэдэн хувийн хүүг ямар хугацаанд бодсон талаар шийдвэрт огт тусгаагүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хүү авах эрхгүй, мөн хариуцагч нь 25,000,000 төгрөгийн зээлж авч, зээлийг 30,595,000 төгрөг болгон төлсөн тул зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Талууд 25,000,000 төгрөгийг зээлсэнд маргадаггүй бөгөөд зээлийн хүүг 5 хувиар тохиролцсон болох нь хариуцагчийн 7 удаагийн мөнгө шилжүүлсэн байдлаар харагддаг. Хариуцагч “зээлийн ...хүүд...” гэж мөнгө шилжүүлсэн байсан учраас шилжүүлсэн төлбөрийг зээлийн гэрээний хүү гэж тооцно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Д.Олд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,895,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Б.Э нь Д.Олд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 15,000,000 төгрөг, мөн сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг зээлсэн талаар талууд маргаагүй бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Д.Ол нь “2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүүгийн нийт өр 9,395,000 төгрөг, нийт 34,395,000 төгрөгийг авсан мөнгө болон хүүг 3 сардаа багтаан төлнө” гэж баримт бичгээр үйлдэж, гарын үсэг зурж Б.Эд өгчээ. хх22/

Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар Д.Олийн гэрээний саналыг Б.Э хүлээн авснаар тэдгээрийн хооронд мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ 25,000,000 төгрөгийн хэмжээнд байгуулагдсан, 9,395,000 төгрөгийн хэмжээнд мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүрэг үүссэн гэж үзнэ. Талуудын хэлцэл хүчин төгөлдөр тул хэлцлийг нэг тал нөгөө талаас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

Д.Ол нь Б.Эд 2020 оны 02 дугаар сараас хойш зээлд 21,500,000 төгрөг төлснийг Б.Эын эзэмшлийн, “Голомт банк” ХХК дахь дансны хуулга, Б.Отгонжаргалын эзэмшлийн, “Хаан банк” ХХК дахь дансны хуулгыг зохигч маргаагүй тул нотлох баримтаар үнэлж анхан шатны шүүх зөв тогтоож, /хх5-21/ 34,395,000 төгрөгийн үүргээс хасч үүргийг 12,895,000 төгрөгөөр тодорхойлсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

4. Д.Ол нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд дансаар нийт 30,595,000 төгрөгийг Б.Эд шилжүүлсэн тул гэрээний үүрэг дуусгавар болсон гэж маргажээ.

 

2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө тэрээр зээлийн хүүг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар хүлээн зөвшөөрч төлсөн тул нэхэмжлэлээс хасч тооцохгүй. Иймд 2020 оны 02 дугаар сарын 28 -ны өдрийн баримт үйлдэхээс өмнө нэхэмжлэгчид төлсөн 9,095,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцуулах тухай хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/03306 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.ЦЭНД

 

                                          ШҮҮГЧИД                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА