Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 304/ШШ2025/00497

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б.Э*******,

Хүсэлт гаргагч:  Б.М*******,

Хүсэлт гаргагч: Б.Н******* нарын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Өв хүлээн авах хугацаа сунгах тухай тухай 304/2025/00597/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч болон хүсэлт гаргагч Б.Н*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******,

Хүсэлт гаргагч Б.М*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Хүсэлт гаргах Б.Э*******, Б.М*******, Б.Н******* нар нь тус шүүхэд өв хүлээн авах хугацааг сунгуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний ах Б*******ын Т******* нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нас барсан бөгөөд түүний нэр дээр Булган аймгийн О******* сумын ... дүгээр баг, ....гэх газарт ...... дугаар бүхий 0.25 мкв га газар, Булган аймгийн О******* сумын ... дүгээр баг, ...... 0 хаягт байрлах, нэгж талбарын ..... дугаар бүхий 707 мкв Гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар мөн түүний Голомт банкны ........ тоот дансанд 7,382,269.06 төгрөгийн үлдэгдэл үлдсэн. Миний ах 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эхнэр Л.Ц*******тай гэрлэсэн бөгөөд эхнэр Ц******* нь 1998 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нас барсан. Ах маань өөрийн гэсэн үр хүүхэдгүй байсан бөгөөд эхнэрээ өнгөрснөөс хойш ганцаараа Булган аймгийн О******* сумын ... дүгээр багт аав, ээжтэй хамт амьдарч байгаад аав, ээжийг өөд болсноос нь хойш ганцаараа амьдарч байсан. Ахыг насан өөд болсны дараа бид өв нээгдснээс 1 жилийн дараа холбогдох байгууллагад өв нээлгэх хүсэлтээ гаргаагүй бөгөөд М******* нь яаралтай хагалгаанд орж, ах дүү нар бид эмнэлэгт сахиж байх хугацаанд уг өвийн хугацаа дууссан байсан. Мөн түүнчлэн бид өв хөрөнгийн асуудалд анхаарах сөхөөгүй байсан ба тухайн үед нотариатаас зөвлөгөө авахад жилийн дараа өв нээлгэх эрх нээгдэнэ гэсэн учир 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өв нээлгэх хүсэлтээ өгөхөөр ирэхэд хугацаа дууссан учир шүүхэд хандаж өв хүлээн авах хугацааг сунгасны дараа өв нээх асуудал яригдана гэж бидэнд хэлсэн. Бидэнд өвтей холбоотой маргаан байхгүй бөгөөд ахынхаа өв хөрөнгийн хууль ёсны дагуу өмчлөх хүсэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 528 дугаар зуйлийн 528.4-т зааснаар Булган аймгийн О******* сумын .. дүгээр баг, ...... гэх газарт .......... дугаар бүхий 0.25 мкв га газар, Булган аймгийн О******* сумын ... дүгээр баг, ........ 0 хаягт байрлах, нэгж талбарын .......... дугаар бүхий 707 мкв Гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар мөн түүний Голомт банкны ............ тоот дансанд 7,382,269.06 төгрөгийн өв хулээн авагч Б.Э*******, Б.М*******, Б.Н******* нарын өв хүлээн авах хугацааг сунгаж өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,

-Хүсэлт гаргагч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /4-6-р хуудас/,

-Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, кадастрын зураг /хэргийн 7-8-р хуудас/,

-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хэргийн 9-р хуудас/,

-Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хэргийн 10-р хуудас/,

-Голомт банкны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10/1155 дугаартай тодорхойлолт /хэргийн 11-р хуудас/,

-Итгэмжлэл /хэргийн 12-р хуудас/,

-Булган аймгийн О******* сумын ..... дүгээр багийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Оршин суугаа газрын тодорхойлолт /хэргийн 13-р хуудас/,

-Б.Т*******ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 14-р хуудас/,

-Б.Т*******ын нас барсны бүртгэлийн лавлагаа /хэргийн 15-р хуудас/,

-З.Б*******ын нас барсны бүртгэлийн лавлагаа /хэргийн 16-р хуудас/,

-Д.Д*******ын нас барсны бүртгэлийн лавлагаа /хэргийн 17-р хуудас/,

-Төрөл садны лавлагаа /хэргийн 18-19, 22-р хуудас/,

-Хүсэлт гаргагч Б.Э*******, Б.М******* нарын төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 20-21-р хуудас/,

-Л.Ц*******гийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хэргийн 23-р хуудас/.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч Б.Э*******, Б.М*******, Б.Н******* нар нь тус шүүхэд талийгаач ах Б.Т*******ын Булган аймгийн О******* сумын .. дүгээр баг, ...... гэх газарт .......... дугаар бүхий 0.25 мкв га газар, Булган аймгийн О******* сумын ... дүгээр баг, ........ 0 хаягт байрлах, нэгж талбарын .......... дугаар бүхий 707 мкв Гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар мөн түүний Голомт банкны ............ тоот дансанд 7,382,269.06 төгрөгийн өв хүлээн авах хүсэлт гаргах хугацаа сунгуулах тухай хүсэлтийг гаргасан.

Хүсэлт гаргагч Б.Э*******, Б.М*******, Б.Н******* нарын төрсөн ах Б*******ын Т******* нь болох нь хэрэгт авагдсан хүсэлт гаргагч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, төрөл садны лавлагаагаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийг дээрх хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагч нарын төрсөн ах Б.Т******* нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нас барснаар Иргэний хуулийн  518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өв нээгдсэн байна

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч байхаар, мөн хуулийн 520.1.2.энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ байхаар заасан тул Б.Э*******, Б.М*******, Б.Н******* нар нь талийгаач ах Б.Т*******ын хууль ёсны өвлөгч байна.

Учир нь талийгаач Б.Т******* нь Булган аймгийн О******* сумын ..... дүгээр багт албан ёсны бүртгэлтэйгээр амьдарч байсан бөгөөд түүнийг нас барах хүртэл хамт амьдарч байсан өвлөгч байхгүй болох нь Булган аймгийн О******* сумын ........ дүгээр багийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн оршин суугаа газрын тодорхойлолтоор тогтоогдож байна.

Мөн талийгаач Б.Т******* нь Л.Ц*******тай 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эхнэр Л.Ц******* нь 1998 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар тус тус нотлогдож байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй гэж тус тус заасан. 

Хүсэлт гаргагч Б.Э*******, Б.М*******, Б.Н******* нар нь хуульд заасан хугацаанд зохих байгууллагад хүсэлтээ гаргаагүй, өв хүлээн авах хугацаа хэтрүүлсэн байх тул өвлөх эрхээ алдсан байна.

Гэвч хүсэлт гаргагч нь өв хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд хуульд заасан хугацаанд гаргаагүй шалтгаанаа ...Б.М*******гийн биеийн байдал муудсан тул өв хүлээн авах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарладаг.

Шүүх хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын шаардлага хангасан бичгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг нотолсон үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж шинжлэн судлан хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т зааснаар хүсэлт гаргагч Б.Э*******, Б.М*******, Б.Н******* нар талийгаач ах Б.Т*******ын өв хөрөнгийг хүлээн авах хүсэлт гаргах хугацааг сунгаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч М******* овогт Б*******ын М******* /......../, М******* овогт Б*******ын Э******* /....../, М******* овогт Б*******ын Н******* /....../, талийгаач ах М******* овогт Б*******ын Т******* /........../-ын өв хөрөнгийг хүлээн авах хүсэлт гаргах хугацааг сунгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ