Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 304/ШШ2025/00503

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Хүсэлт гаргагч:  Д.Б*******ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай 304/2025/00637/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Д.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Б******* нь цэргийн алба хаасан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие БХЯ-ны сайдын 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар Булган аймгаас 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 022 дүгээр ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1991 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 369 дугаар тушаалаар 1991 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 702192 цэргийн батлахтай халагдсан. Тухайн үеийн цэргийн 702192 дугаартай батлах байгаа боловч овог нэрийн зөрүүтэй байна. Миний цэргийн батлах дээр миний өвөө Ч*******ээр /ээж Д*******гийн аав/ овоглож бичигдсэн.

Харин цэргийн шинэчилсэн бүртгэл болох цэргийн үүрэгтний 0516/378 дугаартай үнэмлэх дээр төрсөн ээж Д*******гээр овоглож бичигдсэн байдаг. Би өөрийн ээж Д*******гээр овоглодог бөгөөд миний бусад бүх баримт бичигт ээж Д*******гээр овоглож байна. Дээрх хугацаанд цэргийн алба хаасан болохоо тогтоолгох тухай хүсэлт гаргаж байна. Иймд намайг БХЯ-ны Барилгын цэргийн 022 дугаар ангид 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагч Д.Б*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Батлан хамгаалахын Төв архивын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11/03 дугаартай лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

-Төрсний бүртгэлтийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хэргийн 6-р хуудас/,

-Төрөл садны лавлагаа /хэргийн 20-21-р хуудас/.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.Б*******ийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу цэргийн алба хаасан болохыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.

Хүсэлт гаргагчийн ээж Д*******гээр овоглодог овгийг цэргийн алба хаасан баримтад түүний өвөө Ч*******ээр овоглож бичсэний улмаас цэргийн алба хаасан байдлыг тогтоох боломжгүй улмаас шүүхийн журмаар тогтоолгох шаардлага үүссэн байна.

2. Хүсэлт гаргагч нь Барилгын цэргийн 022 дугаар ангид 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх цэргийн алба хаасан боловч овгийн зөрүүний улмаас зөрчил үүссэн тул шүүхээр цэргийн алба хаасан болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Хүсэлт гаргагч Д.Б******* нь Барилгын цэргийн 022 дугаар ангид 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болох нь:

Батлан хамгаалахын Төв архивын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11/03 дугаартай Ч*******ийн Б******* БХЯ-ны сайдын 189.09.26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар Булган аймгаас 1989.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 022 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1991.09.04-ний өдрийн 369 дугаар тушаалаар 1991.09.07-ны өдөр 702192 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх лавлагаа, Д*******гийн Б*******ийн ...эцэг /эх/-ийн нэр: Ч*******, өөрийн нэр: Д******* гэж бичигдсэн төрсний бүртгэлийн лавлагаагаар түүнийг өвөө Ч*******ээр овоглосон болох нь тогтоогдож байх бөгөөд 1989 оны 05 дугаар сарын 28-ны өдөр олгосон 702192 дугаартай Ч*******ийн Б*******ийн цэргийн батлахын үнэмлэхэд 1971 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн гэж бичсэн байгаа нь хүсэлт гаргагчийн төрсний бүртгэлийн лавлагааны төрсөн он сар өдөртэй таарч байна.

5. Дээрх бичгийн нотлох баримтаар хүсэлт гаргагч Д.Б******* нь Барилгын цэргийн 022 дугаар ангид 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд хугацаат цэргийн алба хаасан болох нь тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болох цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Б*******овогт Д*******гийн Б******* /......../-ийг Барилгын цэргийн 022 дугаар ангид 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ