Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/46

 

 

 

 

 

 

Н.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Э.У,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,

Нарийн бичгийн дарга: Б.Баяржаргал нарыг оролцуулан

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/370 дугаартай захирамжийг эс зөвшөөрч прокурорын гаргасан эсэргүүцлээр Н.Бд холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ...оны .... дүгээр сарын .... -ний өдөр Хөвсгөл аймгийнТ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хөвсгөл аймгийн Т сумын .... дүгээр баг ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х” ургийн овогт Нийн Б /.................... регистрийн дугаартай/.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Б нь .... оны 3 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Нсумын 2 дугаар багийн нутаг Шгэх газраас түлээ бэлтгэх зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг 3м3 босоо шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж, өөрийн эзэмшлийн 000ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж экологи эдийн засагт 505,965 төгрөгийн хохирол учруулсанд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/370 дугаартай захирамжаар шүүгдэгч Н.Бд холбогдох эрүүгийн 000 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, Хавтаст хэрэг прокурорт очтол яллагдагч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн 000 дугаар хэрэгт 43 ширхэг 3м3 шинэс төрлийн мод, КIA Сегез маркийн .... ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхгийг хэргийн хамт прокурорт буцаахыг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ...Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүсэлт гаргасан. Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хянаад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, гэмт хэргийн улмаас Экологи эдийн засгийн үнэлгээ 505,965 төгрөг, дээрх үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн үнэлгээ 1,517,895 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэг, битүүмжилсэн 43 ширхэг 3м3 шинэс төрлийн мод, KIA сегез маркийн .... ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгох саналыг тодорхой бичиж танилцуулахад яллагдагч зөвшөөрч гарын үсэг зурсан тул яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд даруй шилжүүлсэн. Гэвч шүүгдэгч Н.Б нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан KIA сегез маркийн ..... ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг төлж авах саналтай байна... гэж мэдүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан ...энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу прокурорт буцаах нь зүйтэй... гэжээ. Хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан буюу шүүгдэгч Н.Б нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт биеийн байцаалт өгөхдөө “бүрэн дунд боловсролтой, бичиг үсэг мэддэг гэх ба яллагдагчид оногдуулах ялын төрөл, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай прокурорын саналтай танилцаж гарын үсэг зурсан, мөн шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас хэргийг шүүхэд шилжүүлж яллах дүгнэлт гардуулах, ялын саналыг нэг бүрчлэн уншиж танилцуулсан талаарх тодруулах асуултад шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, албадлагын арга хэмжээний талаарх саналтай танилцаж үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн байна.Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан ...энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ, мөн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол прокурорт буцааж шийдвэрлэхээр хуульчилсан байхад шүүхээс шүүгдэгчийг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЗ/370 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

 Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүхэд гаргасан эсэргүүцлээ дэмжиж оролцож байгаа тул хангаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ойлголт муу байснаас болсон тул хуульд заасны дагуу хянаж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

1. Прокуророос: Яллагдагч Н.Б нь .... оны 3 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Нсумын 2 дугаар багийн нутаг Шгэх газраас түлээ бэлтгэх зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг 3м3 босоо шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж, өөрийн эзэмшлийн .... ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж экологи эдийн засагт 505,965 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаржуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

2. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.6 дах хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх”, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлгүй болжээ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дах хэсгийн “...прокурорт буцаах шийдвэр гаргана... гэснийг “хэргийг прокурорт буцаах эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ...” гэж өөрчилсөн бөгөөд шүүх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх боломжтой байжээ.

Хэрэв шүүх 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүгчийн захирамжид хэргийг хянан шийдвэрлэхэд саад болж байгаа зүйлийг нэрлэн зааж, ямар ажиллагаа хийх талаар тодорхой, ойлгомжтой тусгаж захирамжийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичих шаардлагатай.      

 4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн яллагдагч Н.Бд  холбогдох хэргийг хянахад, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 6 дах хэсэгт тус тус зааснаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

5. Шүүгчийн захирамж дээрх шаардлага хангаагүй байх тул энэ талаар гаргасан прокурор Э.Уын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 2024/ШЗ/370 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

                                     ШҮҮГЧИД                                Н.БАЯРХҮҮ

                                                                                      Л.ЭРДЭНЭБАТ