Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 279

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн

улсын яллагч Н.Дамбадаржаа

шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Л.Г

хохирогч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Г

гэрч Ц.Ариунжаргал

нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705010740077 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Ж 2017 оны 7 дугаар сарын 28-наас 29-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Бд “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, “О гэдэг хүнд зуучилж өгсөн” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ХААН банкны 5845449889, 5720479474 тоот дансуудаар 1.700.000 төгрөгийг шилжүүлэн авч “залилах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би Б-ийг Солонгос улс руу явуулна гэж, түүнээс 1.7 сая төгрөг авсан нь үнэн. Гэхдээ би түүнийг залилан мэхлээгүй. Өмнө нь манай дүү яг тиймэрхүү байдлаар Солонгос руу явж байсан юм. Гэтэл манай хүүхэд гэнэт өвчлөөд, бид нарт мөнгөний хэрэгцээ гараад мөнгийг нь хувьдаа хэрэглэчихсэн.

Мөнгө шилжүүлж авсан ХААН банкны 2 данс, мөн хохирогч руу залгаж ярьсан гар утасны дугаар зэрэг нь бүгд надтай холбоотой.

Анх 6 дугаар сарын 15-ны үед намайг дүүтэйгээ утсаар ярьж байхыг Батгэрэл сонсчихоод та намайг гаргаад өгөөч гээд байсан. О гэх хүн огт байхгүй. Надад уг нь Б-ийг Солонгос улс руу гаргаж өгөх бодит боломж байсан. Би Батгэрэлээс 1.700.000 төгрөгийг эхлээд 500.000 өөрийн данс руу, 1.200.000 төгрөгийг нөхрийнхөө данс руу шилжүүлж авсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлөх болно гэв.

 

Хохирогч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Ж бид хоёр 2017 оны 5 дугаар сард 11 дүгээр хороололд, сауны газар хамт ажиллаж байсан юм. Ж надад хэлэхдээ “О гэх хүн Солонгос улс руу явах виз гаргаж өгдөг” гэхээр нь би “намайг тэр хүндээ хэлээд виз гаргуулаад өг” гэж хэлээд 500.000 төгрөг өгсөн. Дараа нь 1.200.000 төгрөгийг өгсөн. Надад их худлаа ярьж байсан байна лээ. Би О гэх хүний данс руу 500.000 төгрөг болон 1.200.000 төгрөгийг 2-3 хоногийн зайтай шилжүүлсэн. Нийт 1.700.000 төгрөгийг өгсөн. Би Ж-д “О гэх хүнтэй уулзмаар байна” гэж хэлэхэд Ж “... элчинд ажилладаг том хүн байгаа юм. Хаа хамаагүй хүнтэй уулзахгүй байх гэж хэлсэн. 8 дугаар сард виз чинь гарчихсан гэж надад хэлэхэд нь би дахин дахин үнэн юм уу гэж асуухад үнэн, яасан хүнд итгэдэггүй хүүхэд вэ гэж худал хэлж байсан.

Надад нийт 1.700.000 төгрөгийн хохирол учирсан. Мөн 2.000.000 төгрөгийг гэрээ байгуулж Ж-д зээлсэн. Жг худлаа ярьж байсанд нь их гомдолтой. Одоо 1.7 сая төгрөгөө, мөн зээлээр өгсөн гэх 2 сая төгрөгөө нийт 3.7 сая төгрөгийг энэ шийдвэрээр гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Гэрч Ц.Ашүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Батгэрэл бол манай найз эмэгтэйн дүү нь юм билээ. Тэрээр дүүгийнхээ асуудлыг хөөцөлдөөд өгөөч гэхлээр нь би хөөцөлдсөн. Түүнээс биш садан төрлийн холбоо байхгүй.

2017 оны 9 сарын эхээр Батгэрэл над дээр ирээд Солонгос улс руу явах гээд хүнд мөнгө өгсөн байгаа. Та тэр хүнтэй утсаар яриад өгөөч гэж хэлэхээр нь утсаар ярьсан. Энэ хүн бол надад би гаргаж өгнө гэж О гэж хүнд өгсөн байгаа. Чи тэр хүнийг нь таних юм уу гэхэд би сайн таньж мэдэхгүй, ямар ч байсан бичиг баримтыг өгсөн байгаа гэсэн. Тэгэхээр нь би чи яагаад хүүхэд хуураад яваад байгаа юм бэ гэхэд би мэдэхгүй тэр хүнд бичиг баримтуудыг нь өгсөн байгаа гэсэн. Дараа Ж гэж хүний гэрт нь очиход та нар шүүхдээд олоод аваарай гэж хэлсэн. Чи яагаад ингэсэн юм бэ бичиг баримтыг нь өгөхгүй юм уу гэхэд мэдэхгүй гээд байсан. Батгэрэлийн ярьж байгаагаар 2017 оны 8 сард бичиг баримтаа өгсөн гэсэн. Мөнгийг нь бол Солонгос улс руу гаргаж өгнө гэж авсан байсан. Солонгос улс руу явахад виз бүрдүүлдэг газар байгаа тэнд очоод шүүж үзэхэд Батгэрэлийн материал байхгүй байсан. Тэгээд би Жгаас яагаад материалыг нь өгөөгүй юм бэ гэхэд мэдэхгүй гэсэн.

Би Жтай ярьсан яриагаа утсан дээрээ бичээд СD-нд хуулж мөрдөн байцаагчид өгсөн гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ж-ны Б “... 2017 оны дундуур надтай саунд хамт ажилладаг байсан Ж гэдэг эмэгтэй өөрт нь таньдаг хүн байгаа Солонгос улс гаргадаг солонгосын элчинд ажилладаг гэсэн. Тэгээд надад Солонгос улсын виз гаргадаг хүн нь дүүд нь бас виз гаргаж өгсөн найдвартай хүн гэж ярьж байсан. Тэр яриа гарсны дараа Ж надаас 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 5845449889 дугаар данс руу виз гаргаж өгөх О гэдэг хүний данс виз гаргахад чинь цуглуулах материалд хэрэгтэй байна гэж хэлээд 500.000 төгрөг хийлгүүлсэн. Дараа нь 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 94925695 гэсэн дугаартай О гэдэг хүн надтай холбогддог байсан утаснаас эрэгтэй хүн над руу утсаар залгаад өөрийгөө Солонгосын элчингийн газраас ярьж байна, визний мөнгө 1.2 сая төгрөгийг 5720479474 дугаар данс руу хий гэсэн. Тэгэхээр нь би Ж эгчид хэлсэн чинь Ж эгч надтай хамт яваад Өргөө кино театрын замын эсрэг талд байдаг ХААН банкны АТМ-ээс Ж эгч мэддэг болохоор шилжүүлсэн. Урд өдөр нь бас 500.000 төгрөг шилжүүлэхэд Ж эгч тус АТМ-ээс шилжүүлж байсан. Тэгээд Ж эгч болон 94925695 дугаар утаснууд нь холбогдохгүй байж байгаад 2017 оны 8 сарын 10-д гаргаад Ж надтай холбогдоод би тэдний гэрт очиж хамт байхаар болсон. Тэгээд хамт байх хугацаанд Ж надад их зовлон ярьдаг байсан. Тэгээд гэр авах гэсэн юм мөнгө зээлээч гэхээр нь би тус болохоор болоод 1 сая төгрөг зээлээд гэр авч өгсөн. Гэр авахад Ж эгч бид хоёр хамт Нарантуул захаар явж байгаад хуучин гэр олоод би Нарантуул захын ХААН банкны АТМ-ээс бэлнээр 1 сая төгрөг гаргаад гэр авч өгсөн. Дараа нь дахин дахин мөнгө нэхээд уйлж унжаад гуйгаад байхаар нь би ахиад уван цувуулж 1 сая төгрөг өгсөн. Тэгж цувуулж мөнгө өгөхдөө зарим үед би картаа өгөөд явуулчихдаг байсан.

Тэгээд 8 сар гарсны дараа 94925695 дугаар утаснаас залгаад визний хариу гарсан гэсэн. Гэхдээ ирж ав гэж хэлдэггүй байсан. Гэхдээ дээрхи дугаараас болон өөр дугаараа нууцалсан дугааруудаас бас залгаж виз гарсан гэж хэлдэг байсан. Тэгээд би хөдөө явчихаад 9 сарын 10-ны үед ирсэн чинь нөгөө 94925695 дугаар утаснаас залгаад Элчингээс ярьж байна өөрийгөө Солонгосоор танилцуулаадах гэсэн. Тэгэхээр нь би автобусанд явж байна гэсэн чинь утсаа тасалсан. Тэгээд би орой Жгийн гэрт очоод болсон асуудлыг хэлсэн чинь Ж намайг чи хүн ярьж байхад утсаа тасалсан байна гэсэн. Тэгээд маргааш нь нөгөө дугаартай О гэдэг хүн нь өөрөө яриад намайг Баянгол Монгол хорооллын тэнд байдаг элчингийн газар хүрээд ир гэхээр нь би Солонгосын элчинд нь очоод О гэдэг хүн асуусан чинь тийм хүн танихгүй, байхгүй гэсэн. Тэгээд би О руу нь ярихад өөрөө олоод ир гэсэн. Тэгээд намайг иймэрхүү байдлаар худал үнэн ярьж одоог хүртэл төөрөгдөлд оруулж надад виз гаргаж өгнө гэж хэлж Ж нь худлаа нөхрийнхөө дугаараас над руу ярьж мөн өөрийн болон нөхрийн дансаар Солонгосын Элчингийн данс мөн Оын данс гэж худал хэлж 1.7 сая төгрөгийг залилсан. Би эхлээд Чингэлтэй дүүргийн цагдаад надад хэлж байсан шигээ О гэдэг хүнд давхар залилуулсан гэж ярьж байсан атлаа Баянгол дүүргийн цагдаад өргөдөл гаргасны дараа О гэдэг хүн огт байхгүй, намайг галзуурсан мэтээр одоо ярьдаг болсон. Би өөрийн өгсөн 1.7 сая төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Мөн Ж-д зээлсэн 2 сая төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна” /хх-н 14-16/ гэж,

гэрч Д-н М “... миний охин Батгэрэл 2016 оны эхээр Улаанбаатар хотод ганцаараа ирж хамаатныхаа эгчийнд амьдарч, ажил хийх болсон. 2017 оны 8 сарын сүүлээр Батгэрэл нутагтаа ирээд солонгос явахаар болсон, хотод байдаг Ж гэдэг эгч миний визийг хөөцөлдөж өгч байгаа гэж ярьсан. Тэгээд виз гарчихсан одоо буцаж хотод очоод солонгос явна гэхээр нь би охиноо гаргаж өгөхөөр Увс аймгаас дагаж ирсэн. Улаанбаатар хотод ирээд Ж гэдэг эмэгтэйтэй нь уулзахад өөрсдөө очиж О гэдэг хүнтэй нь уулз, би яаж мэддэг юм гээд уурлаад, би завгүй гээд маргах болсон. Тэгэхээр нь би Жгаас чи миний охиноос хэдэн төгрөг авсан юм бэ гэсэн чинь би охиноос чинь 2 сая төгрөг зээлсэн. Тэр мөнгөө өгнө хүнээс авсан юм чинь буцаагаад өгнө гэсэн. Харин визний 1.7 сая төгрөгийг Ж би мэдэхгүй тэр солонгосын элчинд ажилладаг О гэдэг хүнтэйгээ уулз гээд байсан. Тэгэхээр нь би аргаа бараад цагдаад өгсөн чинь сүүлдээ О гэдэг хүн байхгүй болчихсон. Миний охинд Оын данс гэж өгсөн данснууд нь Жгийн болон нөхрийнх нь данс болж таарсан. Дараа нь бүр нөгөө О гэдэг хүн ярьдаг байсан гэх дугаар нь хүртэл Жгийн нөхрийн дугаар болж таарсан” /хх-н 22-23/ гэж,

гэрч Д-н Т “... Батгэрэл гэх миний эхнэр Ж-тай хамт ажилладаг эмэгтэйгээс эхнэр бид хоёр 2 сая төгрөгийг гэр авах гэж 2017 оны 7 дугаар сарын сүүлээр зээлсэн. Гэхдээ Б өөрөө анх мөнгө зээлэхдээ та 2 нялх хүүхэдтэй юм чинь надаас мөнгө зээлчих, харин Жг өөрийг нь Солонгос явахад туслаад өг гэж хэлж зээлүүлсэн. Тэгээд Ж, Батгэрэл нар 2 дахь өдөр болгон хамт гараад хамт ирдэг байсан гэхдээ гадуур солонгос явах талаар нь хөөцөлдлөө л гэж ярьдаг байсан. 94925695 дугаар нь миний нэр дээр байдаг дугаар. 5845449889 дугаарын данс нь миний эхнэр Ж-гийн ХААН банкны данс. Харин 5720479474 дугаар данс нь миний эзэмшлийн данс. 94925695 дугаарыг надаас өөр хүн барьдаггүй, яагаад энэ дугаараас О гэдэг хүн ярьсныг мэдэхгүй байна.

Б-с эхлээд миний ХААН банкны дансаар 1.2 сая төгрөг гэр авахаар, дараа нь эхнэрийн ХААН банкны дансаар 500.000 төгрөгийг гэрт гэрийн эд хогшил авахаар явсан. Мөн дараа нь бэлнээр нийт 300.000 төгрөг авсан. Гэхдээ дээрх мөнгөнүүдийг манай эхнэр Ж, Б хоёр л хоорондоо ярилцаж өгч авалцдаг байсан. Ж Б-ийг Солонгос улс руу явуулна гэж мөнгө авсан талаар би мэдэхгүй” /хх-н 24-29/ гэж,

гэрч Ц-н А “... 2017 оны 8 дугаар сарын эхээр миний танил дүү Батгэрэл надтай ирж уулзаад солонгос явах гэж байгаа, виз ерөнхийдөө бүтэж байгаа гэж хэлж ярьж их баяр хөөртэй явсан. Тэгж ярьснаас хойш нилээн удаан сураггүй байж байгаад 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Батгэрэл надтай ирж уулзаад, аниа визний хүний утас руу залгахаар утсаа авахгүй байна, уг нь виз гарсан гэж хэлсэн. Би гайхаад нэг виз хөөцөлддөг газар очоод өөрийнхөө нэрийг шүүлгэсэн чинь миний нэр солонгос явах хүмүүсийн нэрэнд байхгүй байна, би яах вэ гэсэн сандарсан байдалтай ирж уулзсан. Тэгэхээр нь би нөгөө виз хөөцөлдөхөд чинь тусалсан гээд байгаа хүнтэй яръя гээд Ж гэх хүний 80540854 дугаар утсаар холбогдож ярихдаа тус яриагаа өөрийн гар утсан дээр бичлэг хийж ярьсан. Тэгэхэд надад О гэх хүний дугаар гэж 94925695 дугаар утсыг өгөөд наад хүнтэйгээ л ярь гээд байсан.

Тэгэхдээ Б-ийг өөрөө арчаагүй, солонгос явуулах гэж зөндөө хөөцөлдөж өгсөн гэж ярьж байсан. Ж гэх хүн нь өөрөө 2 сая төгрөг авсан гэдгээ хүлээдэг. Би визнийх нь мөнгө төгрөгийг хэнд өгсөн, яасан талаар Жгаас тодруулж асуугаагүй. Батгэрэл надад хэлэхдээ О гэдэг хүн надтай утсаар ярьж визний мөнгө гэж нийт 1.7 сая төгрөгийг 2 өөр дансаар авсан гэж ярьдаг юм” /хх-н 20-21/ гэж тус тус мэдүүлсэн мэдүүлгүүд,

ХААН банкны дансны хуулгууд /хх-н 50, 72/, MobiCom утасны ярианы лавлагаа /хх-н 58-67/ зэргээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Залилах” гэмт хэрэг үйлдэгдсэн, уг гэмт хэргийг шүүгдэгч Б-н Ж үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн эрх зүйн онолын хувьд “Залилах” гэмт хэргийн онцлог нь өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг нь өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагддаг.

 

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд “Залилах” гэмт хэргийн обьектив талын нэмэгдэл шинж болох үйлдлийн аргыг диспозицид /заах хэсэгт/ дэлгэрэнгүй заасан байгаа нь уг гэмт хэргийг иргэний эрх зүйн маргаанаас ялгах ач холбогдолтой юм.

 

Тухайлбал; 2002 оны Эрүүгийн хуульд “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг “хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан ...” гэж тодорхойлсон бол

2015 оны Эрүүгийн хуулиар залилах үйлдлийн аргуудыг нэг бүрчлэн задлан тоочиж тухайн гэмт хэргийн үндсэн шинжид нь оруулж (гэмт хэргийн бүрэлдэхүүн болгож) хуульчилжээ.

 

Түүнчлэн онолын хувьд “залилах” гэмт хэргийн хуурах арга нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг.

“идэвхтэй” хэлбэр нь өмчлөгч буюу эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлж үйлдэгддэг бол

“идэвхгүй” хэлбэр нь хохирогч эд зүйлс, өмч хөрөнгөө шилжүүлж байгаа үйлдлийн бодит байдлын хууль зүйн үр дагавар нь түүнд хохиролтой байгаа байдлыг гэмт хэрэгтэн хэдийгээр мэдэж байсан атал зориудаар үл мэдээлэх, нуун дарагдуулсан эс үйлдлээр илэрхийлэгддэг.

 

Цаашлаад хохирогчийн зүгээс гэм буруутай этгээдэд итгэж буюу хуурагдаж өөрийн эд зүйлс, хөрөнгийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдгаараа өмчийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялгагдах онцлогтой.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Жг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ж-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал: Эрүүгийн хээлийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “... торгох, ... нийтэд тустай ажил хийлгэх, ... зорчих эрхийг хязгаарлах, ... хорих” гэсэн ялын санкцуудтай байна.

 

Эдгээр ялуудаас бусдад учруулсан хохирлоо төлөөгүй этгээдэд шүүхээс торгох ял оногдуулах нь зохимжгүй буюу эрүүгийн хариуцлагын зорилгод үл нийцнэ.

Зорчих эрхийг хязгаарлах ялын хувьд одоогоор хуулийн зохицуулалтаар хэрэгжүүлж эхлээгүй байгаа болно.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгч Б.Ж-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь нийгэмшүүлэх ач холбогдолтой хэдий ч, түүний ар гэр, ахуйн амьдралаас үзвэл тэрээр ганцаараа ажил хийдэг гэх байдалд нь сөрөг нөлөөтэй.

Өөрөөр хэлбэл гэр бүл дотроо ганцаараа ажил хийж, ам бүл, бага насны хүүхдүүдээ тэжээж байгаа эмэгтэй хүнд дээрх ялыг оногдуулах нь бодит байдалд нийцэхгүй.

 

Харин хорих ял нь хэдийгээр хамгийн хүнд төрлийн ял боловч шүүгдэгч Б.Ж-гийн эрх зүйн байдлыг доордуулахгүй, түүний хувийн байдал буюу;

“2012 оны 11 дүгээр сарын 07-нд төрсөн, хүү Төрмөнхийн Мөнх-Эрдэнэ,

2015 оны 09 дүгээр сарын 23-нд төрсөн, хүү Төрмөнхийн Мөнх-Оргил”

гэсэн бага насны хүүхдүүдтэй байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд заасан “хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” тухай заалтад хамаарах тул

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын санкцыг шүүх сонгсов.

 

Хохирол төлбөрийн хувьд:

 

Шүүгдэгч Б.Ж “залилах” гэмт хэрэг үйлдэж, нийт 1.700.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Энэ 1.700.000 төгрөгийг шүүгдэгч Б.Жгаас гаргуулж хохирогч Ж.Бд олгохоор шийдвэрлэлээ.

 

Хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Б.Ж, Ж.Б нарын хооронд хийгдсэн “Баталгаа” гэх нэртэй мөнгө зээлсэн баримтын дагуух 2.000.000 төгрөгийг залилах гэмт хэргийн хохиролд оруулан тооцуулах тухай хүсэлт гаргаж байгааг хүлээн авах боломжгүй юм.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу материаллаг хохирол шаардахгүй боловч нотариатчаар баталгаажуулсан иргэд хоорондын зээлийн гэрээг залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй.

Харин хохирогч Ж.Б шүүгдэгч Б.Жд зээлсэн 2.000.000 төгрөгийн асуудлаа Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлүүлбэл зохино.

 

Прокуророос хэргийн хамт шүүхэд ирүүлсэн “гэрч Ц.Ариунжаргал, шүүгдэгч Б.Ж нарын хооронд ярьсан ярианы бичлэг” гэх 1 ширхэг CD-ийг /хх-н 77/ хэрэгт хавсарган үлдээв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Ж цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

1. __ овогт Б-н Ж-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Б.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Б.Ж-д оногдуулсан 6 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хүртэл хугацаагаар хойшлуулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жгаас 1.700.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Бд олгосугай.

 

6. Ж.Б нь Б.Ж-д зээлсэн 2.000.000 төгрөгийн асуудлаа Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Б.Ж цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

8. Прокуророос хэргийн хамт шүүхэд ирүүлсэн “гэрч Ц.А, шүүгдэгч Б.Ж нарын хооронд ярьсан ярианы бичлэг” гэх 1 ширхэг CD-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Ж-гийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

 

      

                                ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.ЖАНЧИВНЯМБУУ