Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 304/ШШ2025/00518

 


 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч:  М******* к******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Д.Б*******ад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 945,769.32 /есөн зуун дөчин таван мянга долоон зуун жаран есөн мянган төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* к******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 43406766 тоот Үйлчилгээний гэрээ болон Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулан 94941984 дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Honor 90 5g blue утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зуйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 859,755 төгрөг, торгууль 85,950 төгрөг, нийт 945,769.32 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М******* к******* ХХК-ийн нэхэмжилсэн 945,769.32 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******* к******* ХХК нь хариуцагч Д.Б*******ад холбогдуулан 945,769.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Б******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч М******* к******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Б*******ад холбогдох 945,769.32 /есөн зуун дөчин таван мянга долоон зуун жаран есөн мянган төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Б******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,248 /хорин долоон мянга хоёр зуун дөчин найм/ төгрөгөөс 13,624 /арван гурван мянга зургаан зуун хорин дөрөв/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 13,624 /арван гурван мянга зургаан зуун хорин дөрөв/ төгрөгийг, хариуцагч Д.Б*******аас 13,624 /арван гурван мянга зургаан зуун хорин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ