| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2018/0069/Э |
| Дугаар | 87 |
| Огноо | 2018-04-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзийгөөр хөтлүүлж
Улсын яллагч: Б.Батсайхан
Хохирогч: Д.С
Шүүгдэгч: Б.П нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ха овгийн Б-ийн П-д холбогдох ,,,дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.П нь 2017 оны 07 дугаар сарын 21-ээс 26-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Д.С гаас 5.000.000 төгрөг залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Д.С шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгсэн нэг өдөр эгчдээ 5.000.000 төгрөг зээлчих, эгч нь аялал жуулчлал компани дансанд түр байршуулаад өгнө, тэр мөнгийг хэзээ ч гаргаж өгөхөд бэлэн байгаа шүү гэж хэлэхээр нь би надад хэрэглээний мөнгө, энэ тэндэхийн өрөө дарах гээд мөнгө хэрэгтэй байгаа гэж хэлсэн чинь жижиг дэлгүүр ажиллуулж байгаа хэзээ ч гаргаж өгч болно шүү гэж хэлэхээр нь 2017 оны 07 сарын 21-ний өдөр хүнд итгэлтэй байя, хоорондоо харилцаа холбоотой байя, хүнд тусалъя гэж бодоод 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр өдрөөс удаагүй, хэд хоногийн дараа нь 2017 оны 07 сарын 26-ны өдөр “чи рашаан ороод ирнэ биз дээ намайг мартав аа нөгөө мөнгөө шилжүүлээд өгөөрэй” гэж хэлсэн. 2017 оны 07 сарын 21-ний өдрийн мөнгийг шилжүүлэхдээ охинтойгоо ярилцаж байгаад шилжүүлсэн. Охин минь Улаанбаатар хотод амьдардаг учраас ганцаараа, гэрээ нүүлгэсэн үед нь Б.П эгч тусалсан юм билээ. Тэгээд манай охин надад тусалсан юм чинь зээлүүлчих ээ ээж гэхээр нь зээлүүлж байсан. Тэгээд дараа нь 5.000.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь энэ хүнд 5.000.000 төгрөг л хэрэгтэй байгаа юм бэ, надад ямар илүү мөнгө байх биш гэж бодоод нэг мөсөн зээлье гэж байгаа 5.000.000 төгрөгийг нь явуулъя гэж бодоод 3.500.000 төгрөг явуулсан...Би энэ хүнд мөнгө зээлүүлснээс болоод маш их хохирсон. Эрүүл мэндэд, сэтгэл санаагаараа ч хохирсон. Б.П эгчээс мөнгө авъя гэхээр намайг маш их дээрэлхсэн байдалтай, миний мөнгийг өгөхгүй гэсэн санаатай, энэ хүүхэн хоёр хүүхэдтэйгээ амьдарна биз гэсэн санаа зорилготой надад хандаж байна. Би итгэл төрүүлэхээр хүн байсан учраас танд итгэж мөнгөө өгсөн. 7 хоногийг дараа мөнгөө авна шүү гэдгээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Б.П шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэгтээ: “...Надад мөнгөний хэрэг гарч 1.500.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн чинь тэг тэг надад байгаа гэж хэлээд надад өгсөн. Түүний дараа надад 3.500.000 төгрөг хэрэг болсон байхад Д.Сби 7 хоногоор рашаанд явах гэж байна гэж хэлээд 3.500.000 төгрөг өгөх боломж байна уу, чиний хүмүүст өгөх өр чинь болохоор байна уу? хүрэхээр байна уу, надад энэ мөнгийг өгчихөөр дараа нь боломж байна уу гэж асуусан болно, би тэтгэвэрт гараад 9 юм уу 10 сард хотод охин дээр очиж охинтойгоо хамт амьдарна, тэр үед би наад мөнгийг чинь авна шүү гэж хэлсэн. 7 хоногийн хугацаатай гэж Д.Сөөрөө андуураад байх шиг байна. 7 хоногийн хугацаатай сувилалд яваад ирнэ гэж надад хэлж байсан. Тухайн үед би өгөх гэж байсан боловч “Жи тайм” гэдэг зүйлд 10.280.000 төгрөг оруулсан байсан. Хүнээс 3.500.000 төгрөг авсан байсан чинь Чинбат гэх хүн нөгөө мөнгөө нэхээд Чинбатын мөнгийг өгсөн... Би өөрөө хүүтэйгээ нийлээд Саппород банш буузны үйлдвэрлэл, хэрчсэн гурилын цех ажиллуулдаг байж байгаад гэртээ ойрхон болгох гэж 21 дүгээр хорооллын тэнд оруулаад ирсэн чинь орох байр нь бэлэн болоогүй учраас үүнээс болж хугацаа алдаж орж ирэх орлого, тухайн үеийн боломж бололцоо хүрээгүй учраас өнөөдрийг хүртэл явсан. Д.С бид хоёр дотно харилцаатай байсан, гэхдээ би энэ хүнийг ямар нэгэн байдлаар дарамталж, хүнд өртэй ч гэсэн надад мөнгөө өг гэдэг асуудлаар хандаагүй, боломж ямар байна гэдэг өөрийнх нь байрь суурийг тухайн үед сонсож байгаад энэ мөнгийг авсан. Түүнээс хойш үйлдвэрлэл явуулах гэсэн ажлын байр болон бусад байдлаар боломж бололцоо хүрсэнгүй. Д.С гийн мөнгийг өгөх тулд надад 3 айлын 0.7 га газар байгаа, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж байгаа, түүнийг зарна, мөн энэ оны 6 сард тэтгэвэр авах боломжтой болно тэр үеэрээ төлнө гэж бодож байгаа, тэр ч байтугай би Д.С г өдий хүртэл хохироосондоо дээр нь мөнгө нэмж өгнө би энэ талаар өөрт нь хэлж байсан... Би Д.С д 1.000.000 төгрөг өгмөөр байна гэж хэлсэн чинь Д.С бөөнөөр нь 5.000.000 төгрөгөө авмаар байна гэж хэлсэн учраас надад тийм боломж олдоогүй юм...би Д.С гийн итгэлийг эвдэж залилж аваагүй, залилах гэмт хэрэг хийгээгүй..” гэсэн мэдүүлэг
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Д.С гийн өгсөн: ...Б. П гэгч эмэгтэй 2015 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт байх 21 Дарь эхийн өргөөнд ажилтай ирсэн байх үед нь би анх танилцаж байсан. Түүнээс хойш байнга холбоотой байдаг болсон юм. Би тэтгэвэрт гараад тэтгэмжийн мөнгө авсан талаар миний ярианаас мэдсэн юм шиг байгаа. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 18, 19-ний өдөр байх хэдний өдрийг би сайн санахгүй байна. Эгчдээ 5.000.000 төгрөг зээлүүлээч эгч нь аялал жуулчлалын компанитай, хүнсний үйлдвэртэй юм дансандаа мөнгө байршуулах шаардлагатай болчихоод эгчийнх нь мөнгө хүрэлцэхгүй байна гээд гуйгаад байхаар 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ХААН банк 5ееееееее1 дугаартай данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ өдрөөс хойш 5 хоногийн дараа буюу 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дахиад 5.000.000 төгрөг зээлүүлээч гэхээр нь 3.500.000 төгрөгийг зээлүүлсэн. Би мөнгөө зээлүүлэхдээ 7 хоногийн хугацаатай л зээлүүлнэ. Тэрнээс илүү удаах боломжгүй гэдгээ хэлтэл болно. Эгч нь чамд хэрэгтэй үед чинь гаргаад өгнө санаа зоволтгүй гэсэн. Би рашаанд явж ирчхээд 10 гаран хоног хүлээгээд өөрөө ярихаа болчихоор нь утас руу нь залгасан чинь утсаа ерөөсөө авахгүй болчихсон. Нилээн хэд хоног залгаад нэг удаа утасаа аваад өгнө гэж хэлээд өгөөгүй. Би аргаа бараад Улаанбаатар байдаг охин Янжинлхамдаа хэлээд Ренбүчи хийдэд суудаг талаар өмнө нь ярьж байсан болохоор очуулсан боловч тэнд байгаагүй. Төв гандан дээр хурал болж байгаа тэнд байж магадгүй гээд очтол тэнд тааралдаад гэрт нь очиж хаягийг мэдэж авсан юм. Тэгээд би 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн 27 дугаар хороо 48-р байрны 10 тоотод байх гэрт нь очиж уулзахад 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр надаас зээлсэн 5.000.000 төгрөгөө ирж очих унааны зардалтай хамт өгнө гэж баталгаа гаргаж өгсөн боловч одоог хүртэл өгөөгүй бөгөөд сүүлдээ утсаа ч авахаа больсон. Тэгээд аргаа бараад би өргөдөл өгсөн. Намайг мөнгөө авъя гэхээр манай компаний дансанд мөнгө байгаа гэхдээ 3 хүний гарын үсэг зурж байж мөнгө гардаг, манай 2 гадаад явчихаад ирэхгүй байгаа болохоор мөнгө гаргах боломжгүй байгаад байна гэсэн зүйл ярьдаг юм... .Би Б.Пд зээлүүлсэн мөнгөө 2017 оны 09 дүгээр сард авна гэж хэлээгүй... .Би 2017 оны 09 дүгээр сард гэрт нь очиж мөнгөө нэхсэн юм. Тэгэхэд манай компаний дансанд мөнгө байгаа, тэр мөнгийг авахад 2,3 хүний гарын үсэгтэй байх ёстой. 2 хүн нь байхгүй гадагшаа гараад явчихсан болохоор гарын үсэг байхгүй банкнаас мөнгө гаргаж болохгүй байна гэсэн зүйл яриад байсан. Саяхан нэгдүгээр сар гаргаад ярихад эгч нь Жи таймд 10.000.000 төгрөг оруулчихсан. Тэр мөнгөө авахаар 01 дүгээр сарын 15-20-ны дотор өгнө гэж хэлж байсан. Ер бол мөнгийг чинь өгнө л гэдэг юм. Тэгээд утас нь холбогдохоо байчихсан. Мөн мөнгө зээлүүлснээсээ хойш утас руу зөндөө залгаж байсан утсаа ерөөсөө авдаггүй заримдаа бол холбогдохгүй байдаг. Би утас руу нь мессеж хүртэл зөндөө явуулж байсан. Таны утас чинь холбогдохгүй байна гээд хааяа нэг авахаар нь хэлэхээр хөдөө утсаа орхичихсон, удахгүй утастай болно л гэдэг юм. Би 2017 оны 08 дугаар сарын сүүлээр зээлүүлсэн мөнгөө нэхээд утасдахад эгч нь мөнгийг нь өгнө гэж хэлээд миний данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн байсан. Б.Паас мөнгөө нэхэхэд эгч нь мөнгийг нь хүүтэй нь өгнө чамайг хохиролгүй болгоно гэсэн зүйл ярьдаг юм. Маш их гомдолтой байна. Миний хохирлыг яаралтай барагдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 28-35/
Гэрч Б.Я-ын өгсөн: .... ээж надад Б.П мөнгө зээлчих гээд гуйгаад байна яах вэ гэхээр нь 7 хоногийн хугацаатай юм бол өгчих гээд хэлсэн. Тэрнээс хойш 2-3 хоног гуйгаад салахгүй байхаар нь 3.500.000 төгрөг дансаар нь шилжүүлж өгсөн. 7 хоногийн дараа өгнө гэсэн боловч өгөөгүй. Сүүлдээ утсаа авахаа больсон. Энэ мөнгийг өгөхөөс өмнө ээж Б.П эгчид 1.500.000 төгрөг өгсөн байсан. Одоо нийт 5.000.000 төгрөг авах ёстой ч мөнгө өгөөгүй. Б.П эгч Ринбүчигийн хийдийн хажуугаар гарахад эгч нь энэ сүмд ажиллаж байгаа. Нэлээн том албан тушаал хашдаг гэж байсан болохоор дараа нь очиж сураглахад тийм хүн байдаггүй гэж байсан... Аялал жуучлалын компанитай дансанд байхад л боллоо, дансны үлдэгдэл харуулчихаад л өгнө гэсэн. Мөнгө залилахад Б.П ганцаараа явсан. Өгч чадахгүй ийм байдалд хүрчихлээ гэж Мөнхзул нь ярьж байсан. Тэр мөнгө ээжийн 36 сарын тэтгэмжийн мөнгө байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 хуу/,
Гэрч Ц.С-гийн өгсөн: ...Манай хийдэд Б.П гэж эмэгтэй манай хийдэд байдаггүй. Манай хийд эмэгтэй хүн үзмэрчийг хийдэд ажилуулдаггүй. Б.П гэж хүн огт ажиллаж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/,
Б.П-ын яллагдагчаар өгсөн: ...Би 2017 оны 07 дугаар сард 17, 18-ны өдөр Д.С над руу залгаад миний тэтгэмжийн мөнгө дансанд орчихсон байсан байна. Манай хүү миний виза картыг аваад Улаанбаатар хот орсон юм. Тэгээд охин тэр хоёр миний виза картнаас мөнгө авсан чинь нэлээн их мөнгө орсон юм шиг байна. Манай 2 хоёулаа утас аваад надад хүртэл утас авсан байна. Миний тэтгэмжийн мөнгө орчихсон юм шиг байна гэж ярьсан. Би тэгэхээр нь ашгүй дээ миний дүү өр ширээ өгөөд сэтгэл тайван хоно доо гэж хэлж байсан юм. Тэрнээс хойш 2 хоногийн дараа Д.Снад руу ярихад нь эгчид нь 1.500.000 төгрөгийн хэрэгцээ байна. Миний дүүд ямар бололцоо байна вэ гэж асуусан. Д.Снадад болно гэж хэлээд тэр дор нь миний данс руу шилжүүлсэн юм. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 25-ны орой над руу залгаад дүү нь гараатай байна маргааш буугаад рашаанд 7 хоногоор явна гээд ярьсан. Яг тэр үед миний өмнө өртэй байсан Чинбат гэх хүн 3.500.000 төгрөгөө нэхээд байсан болохоор нь би Д.С гаас 3.500.000 төгрөг зээлүүлэх боломж бололцоо байна уу гэж асуусан. Тэгээд Д.Снадад тэгье маргааш дүү нь рашаанд 7 хоногоор явна тэрнээсээ өмнө шилжүүлье, та надтай хамт рашаанд хамт явчихгүй юм уу гэж байсан. Би Д.С г өмнө нь өр зээлтэй гэдгийг нь мэдэж байсан учраас мөнгө зээлэх үедээ өөрөөс нь зээлүүлэх боломж бололцоо байгаа эсэхийг асууж байгаад зээлсэн. Би эхний авсан 1.500.000 төгрөгийг надад хувийн хэрэгцээтэй асуудал гараад авсан. Сүүлд авсан 3.500.000 төгрөгийн өмнө Жи таймд элсэх гээд Чинбат гэж хүнээс зээлсэн байсан өр нэхэгдээд л Д.С гаас зээлсэн. Би Д.С гаас анх мөнгө зээлэхдээ миний дүү хэзээ эгчээсээ мөнгөө авах юм. Наана чинь байгаа өр шир юу болж байна гэж асуухад Д.Сдүү нь өрөө өгөөд 5, 6 сая төгрөг үлдэх юм шиг байна. Тэтгэвэрт гарч байгаа юм чинь 9 сар Улаанбаатар хот орж охинтойгоо Улаанбаатар хотод амьдарна. Тэр үедээ наад мөнгийг авна шүү гэсэн. Би Д.С гаас мөнгө зээлэхдээ Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэгт байх гэртээ байсан. Намайг гэртээ байж байхад Д.Сзалгасан юм. Тухайн үед мөнгөний хэрэгцээ гараад байсан учраас 1.500.000 төгрөг зээлүүлээч гэж гуйсан. Тэр өдрөө Д.Снь миний ХААН банк 5ееееееее1 дугаарын данс руу Архангай аймгаас шилжүүлсэн. 2017 оны 07 дугаар 25-ны орой байхаа өдрийг /сайн санахгүй байна/ Д.Снадруу залгаад би гараатай байна өглөө буугаад 7 хоногоор рашаанд явах гэж байгаа гээд ярьсан юм. Тэгэхээр нь би эгчид нь 3.500.000 төгрөгийн хэрэгцээ байна миний дүү эгчдээ зээлүүлвэл бололцоо байна уу гэсэн. Тэгэхэд Д.Сдүү нь маргааш буугаад рашаанд явна тэрнээсээ өмнө шилжүүлье гэсэн. Тэгээд 2017 оны 07 дугаар 26-ны өдөр миний 5ееееееее1 дугаарын данс руу шилжүүлсэн. Би тухайн үед Улаанбаатар хотод байсан. Би дээрхи 2 мөнгийг зээлэх үедээ Д.С тай Архангай аймагт ирж уулзаагүй Улаанбаатар хотоос утсаар яриад өөрийн ХААН банк дансаар шилжүүлж авсан юм. Надад зээлсэн мөнгөө өгөх боломж байгаагүй. Би анх Д.С гаас мөнгө зээлэх үедээ Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн Саппорогийн ард талд байх /хаягийг тодорхой хэлж мэдэхгүй байна/ 3 давхар хувийн хаусны подвольд бууз, банш, хэрчсэн гурилын цех ажиллуулдаг байсан юм. Манай цехээс гардаг бүтээгдэхүүн “Ар үр” гэж нэртэй байсан. Тэгээд хүүхдүүдтэйгээ ярьж байгаад 7 дугаар сарын сүүлчээр ажлын байраа сольж, гэрийн ойролцоо болгоё гэж шийдээд нэг түрээсийн байр олчихоод өмнөх түрээсийн байрнаасаа гарчихсан юм. Тэгээд яг орох болсон чинь түрээсийн хөлс мөнгөн дээрээ тохирч чадахгүй, дахиад байр хайж явсаар байгаад үйл ажиллагаа маань зогсчихсон. Тэгээд саяхнаас нэг байр олоод үйл ажиллагаагаа эхлүүлэх гээд л байж байгаа юм. Энэ жижиг цех маань манай амьдралыг залгуулдаг байсан юм. Би тухайн үед Д.С гаас мөнгө зээлэхдээ энэ цехийнхээ үйл ажиллагаанаас олсон ашгаараа төлөөд барагдуулчихна гэж бодож байсан юм. Ийм шалтгааны улмаас Д.С гаас зээлсэн мөнгөө өдийг хүртэл өгч чадахгүй байна. Надад миний нэр дээр бүртгэлтэй, хувь нийлүүлсэн компани аж ахуйн нэгж байхгүй.Тухайн үед би өөр хүнд энэ талаар хэлээгүй. Би С-гаас дээрх мөнгийг авахдаа утсаар ярьж байгаад ХААН банк дансаар шилжүүлж авдаг байсан. Сүүлд 3.500.000 төгрөг зээлэх үед манай охин А.М мэдсэн байна лээ. Тэгээд би охиндоо өмнө нь бас 1.500.000 төгрөг зээлсэн талаараа хэлсэн юм. Чинбат Солонгос улс руу гарсан байгаа. Одоо хаана байгааг нь хэлж мэдэхгүй байна. Бараг харласан байх. Би түүнд хэлэхдээ энэ мөнгийг өгөх боломж байна уу гэж асууж байгаад л авсан. Өөр ямар нэгэн шалтгаан хэлээгүй. Надад 3.500.000 төгрөг хэрэг болоод байна гэж хэлээд л авсан өөр ямар нэг зүйл хэлээгүй. Би түүнээс надад чи 7 хоногийн дараа рашаанд явж ирээд өгөх юм уу, одоо өгөх юм уу гэж асуугаад л авсан. Ийм ажил хийнэ, тийм ажил хийнэ гэж түүнд тайлбарлаж хэлээгүй. Би мөнгө зээлэхээс бүр өмнө нь Д.С тай утсаар манайх бууз баншны цех ажиллуулдаг гэж Д.С д ярьж л байсан. Надад мөнгө байхгүй болохоор түүнд өгч чадахгүй өдийг хүрсэн. Би Д.С гаас зээлсэн мөнгөө 14 хоногийн дараа гэхэд төлж барагдуулна гэж бодож байна. Би Д.С д 2017 оны 08 дугаар сарын дундуур 400.000 төгрөг өгсөн. Би одоо Улаанбаатар Сонгино хайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хорооллын 103-177 тоотод өөрийн охин А.М, миний 85 настай аав Буян, 2 оюутан, зээ охин нарын хамт амьдарч байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 56-61 хуу/
Д. С-ийн ХААН банкин дахь 5135542751 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 9-10, 14 хуу/
Б.Пын ХААН банкин дахь 5ееееееее1 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 26-27 хуу/
Б.П нь ХААН банкинд 5ееееееее1 дугаарын данс эзэмшдэг болохыг тодорхойлсон ХААН банкны Архангай аймаг дахь салбарын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 615 дугаартай албан бичиг /хх-ийн 25 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-22/
Б.Пын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө болон хуулийн этгээд байхгүйг тодорхойлсон Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1041 дугаартай албан бичиг /хх-ийн 65 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66 хуу/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 67 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 68-69 хуу/
Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны10 дугаар сарын 14-ний өдрийн 672 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 72 хуу/
Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 75-76 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Пд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.П нь хохирогч Д.С гаас 2017 оны 07 сарын 21-ний өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 07 сарын 26-ны өдөр 3.500.000 төгрөг нийт 5.000.000 төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Хаан банкин дахь өөрийн 5ееееееее1 дугаарын дансаар шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.П нь хохирогчоос мөнгө шилжүүлэн авсан үйлдлийн хувьд хүлээн зөвшөөрч байгаа боловч итгэл эвдэж залилж аваагүй өөрийнх нь боломж бололцоог нь асууж байгаад зээлж авсан гэж мэдүүлэг өгчээ.
Гэвч хохирогч Д.С гийн өгсөн... Б. П гэгч эмэгтэй 2015 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт байх 21 Дарь эхийн өргөөнд ажилтай ирсэн байх үед нь би анх танилцаж байсан. Түүнээс хойш байнга холбоотой байдаг болсон юм. Би тэтгэвэрт гараад тэтгэмжийн мөнгө авсан талаар миний ярианаас мэдсэн юм шиг байгаа. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 18, 19-ний өдөр байх хэдний өдрийг би сайн санахгүй байна. Эгчдээ 5.000.000 төгрөг зээлүүлээч эгч нь аялал жуулчлалын компанитай, хүнсний үйлдвэртэй юм дансандаа мөнгө байршуулах шаардлагатай болчихоод эгчийнх нь мөнгө хүрэлцэхгүй байна гээд гуйгаад байхаар 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ХААН банк 5ееееееее1 дугаартай данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ өдрөөс хойш 5 хоногийн дараа буюу 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дахиад 5.000.000 төгрөг зээлүүлээч гэхээр нь 3.500.000 төгрөгийг зээлүүлсэн. Би мөнгөө зээлүүлэхдээ 7 хоногийн хугацаатай л зээлүүлнэ. Тэрнээс илүү удаах боломжгүй гэдгээ хэлтэл болно. Эгч нь чамд хэрэгтэй үед чинь гаргаад өгнө санаа зоволтгүй гэсэн... мэдүүлэг,
яллагдагч Б.Пын... Тухайн үед мөнгөний хэрэгцээ гараад байсан учраас 1.500.000 төгрөг зээлүүлээч гэж гуйсан. Тэр өдрөө Д.Снь миний ХААН банк 5ееееееее1 дугаарын данс руу Архангай аймгаас шилжүүлсэн. 2017 оны 07 дугаар 25-ны орой байхаа өдрийг /сайн санахгүй байна/ Д.С надруу залгаад би гараатай байна өглөө буугаад 7 хоногоор рашаанд явах гэж байгаа гээд ярьсан юм. Тэгэхээр нь би эгчид нь 3.500.000 төгрөгийн хэрэгцээ байна миний дүү эгчдээ зээлүүлвэл бололцоо байна уу гэсэн. Тэгэхэд Д.С дүү нь маргааш буугаад рашаанд явна тэрнээсээ өмнө шилжүүлье гэсэн. Тэгээд 2017 оны 07 дугаар 26-ны өдөр миний 5ееееееее1 дугаарын данс руу шилжүүлсэн. Би тухайн үед Улаанбаатар хотод байсан. Би дээрхи 2 мөнгийг зээлэх үедээ Д.С тай Архангай аймагт ирж уулзаагүй Улаанбаатар хотоос утсаар яриад өөрийн ХААН банк дансаар шилжүүлж авсан юм. Надад зээлсэн мөнгөө өгөх боломж байгаагүй...гэсэн мэдүүлэгээс үзэхэд Б.Пын үйлдэл нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.П-ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иймд Б.П-ыг залилах гэмт хэргийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.П нь хохирогч Д.С д 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг өгсөн болох нь хохирогч Д.С гийн “Би 2017 оны 08 дугаар сарын сүүлээр зээлүүлсэн мөнгөө нэхээд утасдахад эгч нь мөнгийг нь өгнө гэж хэлээд миний данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуу /, шүүгдэгч Б.П-ын “Би Д.С д 2017 оны 08 дугаар сарын дундуур 400.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 60 хуу/ зэрэг мэдүүлгүүдээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Пыг нь хохирогч Д.С д 4.600.000 /дөрвөн сая зургаан зуун мянга/ төгрөгийн төлбөртэй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.2 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Пд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Б.П энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Б-ийн П-ыг залилах гэмт хэргийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.П-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.П нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай
4. Шүүгдэгч Б.П нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгч Б.П-аас 4.600.000 /дөрвөн сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.С д олгосугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд заасны дагуу шүүгдэгч Б.Пд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо 2 /хоёр/ сарын дотор төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
7. Шүүгдэгч Б.П нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч Б.П-д хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
9. Шүүгдэгч Б.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ