Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/47

 

 

 

 

 

 

 

    О.Ад холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Б.Т,

Шүүгдэгч О.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Б,

Нарийн бичгийн дарга: Г.Д нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/164 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор О.Ад холбогдох 000дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Бөхчүүд овогт Огийн А, 000 оны 0дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн А суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эгчийн хамт Хөвсгөл аймгийн А сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн .... оны .... дугаар сарын ....-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 01 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн дээрх 01 жил, 02 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны ... дүгээр сарын ....-ны өдрийн .... дугаартай захирамжаар “000 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс, 000 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 05 сар 24 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биеэр эдэлж, 08 сар, 09 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг” хорих ялаар сольсон, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ....дугаартай.

  Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.А нь 000 оны 06 дугаар сард Хөвсгөл аймгийн А сумын 5 дугаар баг Л хороололд байрлах Д.Бын гэрээс 650,000 төгрөгийн үнэлгээ бүхий ОХУ-д үйлдвэрлэгдсэн 2 нүдний дуран 1 ширхэг, 150,000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 килограмм үхрийн борц, 70,000 төгрөгийн үнэлгээ бүхий 7 килограмм үхрийн мах, 210,000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр интернет, 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий нотебүүк 1 ширхэг, 0000,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас 1 ширхэг, нийт 1,700,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, авдар дотор байсан 520.000 төгрөгийг нийт 2.220.000 төгрөгийн эд хөрөнгийг хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/164 дугаар шийтгэх тогтоолоор Шүүгдэгч Бөхчүүд овогт Огийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.Аг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 000 оны 000 дугаар сарын 000-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.Аг 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 000 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар оногдуулсан 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаартай захирамжаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 000 оны 000 дугаар сарын 15-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 8 (найм) сар 9 (ес) хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг 8 (найм) сар 9 (ес) хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэснээс эдлээгүй үлдсэн 26 (хорин зургаа) хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 (хоёр) жил 26 (хорин зургаа) хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад оногдуулсан 2 (хоёр) жил 26 (хорин зургаа) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Агаас 2,220,000 (хоёр сая хоёр зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б (000)-т олгож, 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.А нь 000 оны 06 дугаар сард Хөвсгөл аймгийн А сумын 5 дугаар баг Л хороололд байрлах Д.Бын гэрээс ...нийт 2,220,000 төгрөгийн эд хөрөнгийг хэрэглэхгүйгээр /шийтгэх тогтоолд бичигдсэнээр/ нууцаар, хууль бусаар авсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ үйл баримт нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, гэрч Б.Аийн өгсөн мэдүүлэг, гэрч М.Шын өгсөн мэдүүлэг, гэрч Г.Пын өгсөн мэдүүлэг, АХХК-ны 000 оны 11 дүгээр сарын 17- ны өдрийн 921/2269 дугаартай алдагдсан гэх эд зүйлүүдийн нийт үнэ 1,700,000 төгрөг гэх үнэлгээ, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна гэжээ. Нотлох баримт нэг бүрээр авч үзвэл О.А нь тухайн гэмт хэргийг үйлдсэнийг шууд нотолсон баримт байхгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан зөвхөн гэмт хэрэг гарсан байдлыг тогтоохтой холбоотой баримтууд авагдсан байна. Тухайлбал хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт нь гэмт хэрэг үйлдэгдсэн газрын нөхцөл байдлыг тэмдэглэж, бэхжүүлсэн бол хохирогч Д.Бын мэдүүлэг нь хэзээ, хэрхэн яаж хохирсон талаарх үйл баримтыг, гэрч Аийн мэдүүлэг нь шүүгдэгчийн хувийн байдлыг, гэрч М.Шын мэдүүлэг нь бусдаас ам дамжин сонссон зүйлийг буюу эх сурвалж тодорхойгүй, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл нь шүүгдэгчийг гэмт хэрэгт холбогдуулан шууд нэр заасан агуулгагүй байхад үнэлгээний тайлангаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тодорхойлсон агуулгатай байна. Өөрөөр хэлбэл О.А тухайн гэмт хэргийг үйлдэж байхыг харсан гэрч болон, шууд нотлосон нэг ч нотолгооны зүйл хэрэгт авагдаагүй. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ гэмт хэрэг гарсан байдал болон гэмт хэргийг хэн үйлдсэн нотолбол зохих байдлуудад ялгамжтай зөв үнэлэлт дүгнэлт өгч, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэм буруугийн талаар гээд шүүгдэгч О.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг дурьдаж ...гэж маргаж байх боловч хэрэгт цугларсан баримтуудаар ...нийт 2,220,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь нотлогдож байна гэж дүгнэхдээ дээрх баримтуудыг шүүгдэгчийн гэм бурууг эргэлзээгүй, хангалттай нотолж байна гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаагүй, өмгөөлөгчийн санал дүгнэлт, шүүгдэгчийн удаа дараагийн мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтуудыг шинжлэн судалж эдгээр нь гэмт хэрэг гарсан байдлыг тогтоосон ба гэмт хэргийг хэн үйлдсэн болох үйл баримтыг тогтоогоогүй, О.Агийн гэм буруутай байдал  нотлогдоогүй талаар тайлбарыг гаргасан ба шүүхээс энэ талаар няцаасан, үгүйсгэсэн ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна. Хавтаст хэрэгт Аг 2 нүдний орос дурангийн хайрцаг үүрч орж ирсэн гэж гэрч Г.П мэдүүлж байх боловч түүний мэдүүлэг эргэлзээтэй, давхар нотолсон баримт байдаггүй. Мөн уг дурангийн хайрцагийг П нь өөрийн эд зүйлийн адил бусдад зарж байгаа үйл баримт, болон гэрч М.Ш нь шүүгдэгчийн нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтийг зөвшөөрөөгүй зэрэг О.Агийн гэм буруутай эсэх талаар эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдож байгааг шүүхээс анхаарч үзэлгүй орхигдуулсан. Мөн гэрч М.Ш анх мэдүүлэг өгөхдөө тухайн дурангийн хайрцагийг Г.Паас авсан талаараа хохирогчид хэлсэн гэдгээ мэдүүлсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд гэм буруугүйд тооцох суурь зарчмыг хуульчилж өгсөн. 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж туйлын тодорхой хэм хэмжээг хуульчилж өгсөн ба хүний гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох тодорхой эргэлзээ үүсээгүй, эсхүл уг үүссэн эргэлзээтэй гэх асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим нь үндэслэлгүйгээр яллах ба шийтгэх явдлыг гаргуулахгүй байх, хүний эрхийг хамгаалах агуулгыг илэрхийлдэг талаар Улсын дээд шүүхийн тогтоолд ч тайлбарласан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан А нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул 2024.04.26-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч О.Аг цагаатгаж өгнө үү.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч О.А нь 000 оны 06 дугаар сард Хөвсгөл аймгийн А сумын 5 дугаар баг “Л” хороололд байрлах Д.Бын гэрээс 650,000 төгрөгийн үнэлгээ бүхий ОХУ-д үйлдвэрлэгдсэн 2 нүдний дуран 1 ширхэг, 150,000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 килограмм үхрийн борц, 70,000 төгрөгийн үнэлгээ бүхий 7 килограмм үхрийн мах, 210,000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр интернет, 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий нотебүүк 1 ширхэг, 0000,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас 1 ширхэг, нийт 1,700,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, авдар дотор байсан 520,000 төгрөгийг нийт 2,220,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Агийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бийн гаргасан “...Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ...гэмт хэргийг хэн үйлдсэн болох үйл баримтыг тогтоогоогүй, О.Агийн гэм буруутай байдал нотлогдоогүй талаарх тайлбарыг гаргасан ба шүүхээс энэ талаар няцаасан, үгүйсгэсэн ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна. Хавтаст хэрэгт Аг 2 нүдний орос дурангийн хайрцаг үүрч орж ирсэн гэж гэрч Г.П мэдүүлж байх боловч түүний мэдүүлэг эргэлзээтэй, давхар нотолсон баримт байдаггүй. Мөн уг дурангийн хайрцагийг П нь өөрийн эд зүйлийн адил бусдад зарж байгаа үйл баримт, болон гэрч М.Ш нь шүүгдэгчийн нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтийг зөвшөөрөөгүй зэрэг О.Агийн гэм буруутай эсэх талаар эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдож байгааг шүүхээс анхаарч үзэлгүй орхигдуулсан.

... Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан А нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч О.Аг цагаатгаж өгнө үү.” гэх агуулга бүхй давж заалдах гомдлын тухайд:

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрээс гадна гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

 Тодруулбал, Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Шын өгсөн “...000 оны 06 дугаар сарын 19-ний шөнө Б хочтой А тухайн дурангийн хайрцагийг үүрч ирээд 20,000 төгрөг хоёр ширхэгийг гаргаж Х хочтой Пын ширээн дээр нь тавьсан. ...А 20,000 дэвсгэрт 2 ширхэгийг Пын байшингийн мялаалганд өгөх боломжгүй, үнэтэй хар чингис уухгүй, хараа, ерөө зэрэг хамгийн хямд архи л уудаг. Нутгийн хүмүүс хэн нь хэн бэ гэдгийг мэднэ. Намайг төлөөлөгч дуудаад дурангийн хайрцагны талаар тодруулж асуухаар нь бодит зүйлийг хэлсэн. Тэгээд цагдаагийн кабоны гадаа байхад адуу Б А над дээр ирээд чи намайг дурангийн хайрцаг үүрч явсан гэж битгий хэлээрэй, чи даачих гайгүй шүү дээ гэхээр нь юу яриад байгаа юм бэ гээд салсан. Чи зүгээр байгаарай өөрөө хэргээ хүлээж сур, мөрөөрөө яваа хүнийг хэрэгт оруулах гээд байгаарай гэсэн хар цагаан дуугүй яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-н 50/,

гэрч Г.Пын өгсөн “...000 оны 06 дугаар сарын 19-ны шөнө Адуу Б согтуу ирээд хар чингис нэртэй архитай ирж манайд архи ууссан. Тэгж ирэхдээ дурангийн хайрцаг үүрсэн ирсэн. Манай нутгийн шар Б ах манайд ирээд дурангийн талаар асуусан. Тэгэхэд Адуу Б үүрч ирсэн гэдгийг хэлсэн. Тэгээд ч манайд ирэхдээ хувцас хунар нь норсон байдалтай ирсэн. Хорин мянган дэвсгэрт 2 ширхэгийг гаргаж ширээн дээр тавьсан. Шар Бын гэрээс алдсан хар чингис архиа авч ирсэн юм шиг байгаа юм. Б ахын гэрээс алдсан дурангийн хайрцаг Агийн үүрч явсан дурангийн хайрцаг байсан. ...О.А манайд дурангийн хайрцагтай ирсэн тэрэндээ их хайртай мянгат малчин шиг яваад байсан. Цуг архи уусан Шыг дараахан ундаа авч өгөөд ганц дурангийн хайрцаг гайгүй шүү дээ чи даачих гэж хэлсэн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53, 60, 64 тал/ зэргийг харьцуулан үзвэл дуран хулгайлсан гэх үйлдлийн талаар зөрүүгүй, тодорхой мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан гэж үзэх үндэслэлгүй байх ба шүүх О.Ад хуульд заасан төрөл, хэмжээний дотор шийтгэл оногдуулсныг буруутган дүгнэх боломжгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бийн давж залдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2024ШЦТ/164 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ЭРДЭНЭБАТ

                      ШҮҮГЧИД                             Б.СОСОРБАРАМ

                                                                               Н.БАЯРХҮҮ