Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00182

 

 

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00182

 

 

 

ж.с-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/02365 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ж.сийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баянчимэг, гуравдагч этгээд С.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэл түүний үндэслэл, агуулга:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4-140/6093 дугаартай мэдэгдлээр миний өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 46 дугаар байрны 1005 тоот хаягт байрлах 190 м.кв талбайтай офиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 524,100,000 төгрөгөөр үнэлсэн талаар мэдэгдсэн. Шүүхийн гүйцэтгэгч нь шинжээчийн тогтоосон үнээс багагүй үнээр худалдан борлуулах 1 сарын хугацаа олгосон. Гэвч 1 сарын хугацаа олгосон нь үнэлгээнд гомдол гаргах эрхгүй талаар сүүлд мэдэж өргөдлөө буцаан авсан. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь 1,000,000,000 төгрөгийн үнэтэй байхад 524,100,000 төгрөгөөр үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/02118 дугаар шийдвэрээр ж.сээс 435,518,950 төгрөг гаргуулж Хаан Монгол-Инвест ББСБ ХХК-д олгож, уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 49 дүгээр байрны 1005 тоот хаягт байрлах 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн. ж.с нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлж төлбөрөө төлөөгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудаас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Файн-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 524,100,000 төгрөгөөр үнэлснийг талуудад 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мэдэгдсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар шинжээч төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж хөрөнгийн үнэлгээг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн үнэлгээний харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн барилгын бүтэц хийц, төв шугам сүлжээ, ашиглалтад орсон он, гадна тохижилт, байршил болон ойролцоо худалдахаар зарлагдаж байгаа байрнуудтай харьцуулан зах зээлийн үнэлгээг тогтоосон нь хуулийн дагуу явагдсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээд С.Батжаргалын тайлбарын агуулга:

Төлбөр авагчийн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тайлбарыг дэмжиж байна. Манай банк бус санхүүгийн байгууллага татварт өртэй учир үнэлгээний асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү. Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн дагуу үнэлсэн. Үл хөдлөх хөрөнгө нь 430,000,000 төгрөг хүрэхгүй байгаа гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар НШШГ-т холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн ж.сийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй. Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 46 дугаар байрны 1005 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Файн-Эстимэйт ХХК-ийн үнэлгээний үндэслэл нь долоон ойролцоо газруудын дундаж үнэлгээгээр гаргасан гэдэг атлаа энэ долоон газрын үл хөдлөх эд хөрөнгийн дундаж нь 581,214,000 төгрөг байхад 524,100,000 төгрөгөөр үнэлгээг гаргасан. Өөрийнхөө авсан жишиг 7 хөрөнгөөс 60,000,000 төгрөг хассан... 7 үл хөдлөх хөрөнгийн дундаж үнийг авсан ... тэр барилгууд ийм үнээр зарагдсан эсэхийг мэдэхгүй гэдэг. .... Шинжээч шүүх хуралдаанд үнэлгээний ямар нэг зарчим баримтлаагүй, долоон үл хөдлөх эд хөрөнгийн дундаж үнийг авсан, тэр барилгууд ийм үнээр зарагдсан эсэхийг мэдэхгүй, эх сурвалжийг авах боломжгүй гэж тайлбарласан. Файн-Эстимэйт ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй. Үнэлгээний эх сурвалж байхгүй, сонины зар харсан зарагдсан эсэхийг мэдэхгүй гэдэг. Тусгай зөвшөөрөлтэй байгууллагын хувьд энэ мэдээллийг холбогдох газраас гаргуулах хүсэлт тавиагүй. Гэтэл анхан шатны шүүх уг дүгнэлтийг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Шинжээч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хөрөнгийн өртгийн жишиг хандлага болон бусад олон аргуудыг хослуулан, Хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт болон аргачлалд нийцүүлэн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн барилгын бүтэц, төвийн шугам сүлжээ, ашиглалтад орсон он, байршил зэргийг харгалзан үнэлгээ тогтоосон. Уг үл хөдлөх эд хөрөнгө Баруун 4 зам, Гранд плаза оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө юм. Тухайн барилгад оффисоос гадна дэлгүүр, лангуу гэх зэрэг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд байгаа тул харилцан адилгүй үнээр үнэлэгдэж байсан гэж шинжээч тайлбарласан. Гэтэл дэлгүүр болон оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд талбайн зөрүүтэй байхад заавал оффисын зориулалттай талбайд үнэлгээ хийсэн үнийг барьсан зэргээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч үндэслэлгүй тайлбар гаргасан. Гэтэл дэлгүүр нь худалдаа үйлчилгээ явуулдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан. Мөн нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд тайлбараа дэмжиж нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдолд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээв.

 

1.    Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

1.а. Нэхэмжлэгч ж.с нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх холбогдуулан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байр, 1005 тоот хаягт байрлах 190,7 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 524,100,000 төгрөг үнэлсэн Файн-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

1.б. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/02118 дугаар шийдвэрээр ж.сээс 433,200,000 төгрөг гаргуулж Хаан Монгол-Инвест ББСБ ХХК-д олгож, дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байр, 1005 тоот хаягт байрлах 190,7 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. (хх-ийн 20-25)

 

1.в. Төлбөр төлөгч ж.с дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШЗ2020/13090 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн өдрийн 183/ГХ2020/00977 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас зэрэг баримтад үндэслэн НШШГ- дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. (хх-ийн 17-19, 20)

 

НШШГ- нь Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байр, 1005 тоот хаягт байрлах 190,7 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 20291212/012030020/03 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 20291212/02 дугаар тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. (хх-ийн 30-37)

 

1.г. Төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч ж.с дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 1,000,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагчийн төлөөлөгч С.Батжаргал эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. (хх-ийн 38,40) Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн доод үнийн талаар талууд тохиролцоогүй гэж үзэн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 3/41 дугаар тогтоолоор Файн-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

Шинжээч Файн-Эстимэйт ХХК нь Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байр, 1005 тоот хаягт байрлах 190,7 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар 524,100,000 төгрөгөөр тогтоосон байна. (хх-ийн 44-66)

 

1.д. Хариуцагч НШШГ- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу Файн-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид мэдэгдсэн, нэхэмжлэгч ж.с нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааны дотор буюу 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. (хх-ийн 1-2, 67)

 

1.е. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч ж.с нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

2.Давж заалдах гомдлын талаар

 

2.а Үнэлгээ гаргасан Файн-Эстимэйт ХХК-ийн шинжээч зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргыг хэрэглэж, үнэлгээг гаргахдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй ойролцоо байршилтай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг судалсан талаар үнэлгээний тайланд тусгасан байхаас гадна шүүх хуралдаанд оролцож, үнэлгээ хийсэн аргачлал, арилжихаар санал болгосон үнийн мэдээлэлд шинжилгээ судалгаа хийсэн талаар тодорхой тайлбар гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. (хх-ийн 96-97)

 

Шинжээч зах зээлийн хандлагын арилжааны шууд харьцуулалтын аргаар үнэлэхдээ үнэлж буй хөрөнгөтөй байршлын хувьд ойр, ижил зориулалтаар буюу оффисийн зориулалтаар ашиглагдаж байгаа Гранд плаза худалдааны төвийн 8, 10, 15 давхарт байрлах 3 жишиг хөрөнгийг сонгож харьцуулалт хийж, үнийн тохируулга хийсэн талаар тайлбарласан тул ...7 үл хөдлөх хөрөнгийн дундаж үнийг авсан.., ...60,000,000 төгрөгийг жишиг 7 хөрөнгөөс хассан ... гэх гомдол үндэслэлгүй байна.

 

2.б Мөн ...тухайн хөрөнгийн зарагдсан мэдээлэл нь ил байдаггүй учраас арилжаалах мэдээлэлд үндэслэж шинжилгээ хийсэн.... гэж тайлбар гаргасан тул шинжээч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 9 дүгээр зүйлийн 9.2, 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/02365 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ