Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 304/ШШ2025/00511

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Булган аймаг, Булган сум, *** дугаар баг, ***, *** тоотод оршин суух, Ч******* овогт С*******ын М*******гийн хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч С.М*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.М******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

-С.М******* миний бие *** онд төрсөн. Би **** оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Булган сум Б******* ХХК-д нормчноор ажиллаж байсан. Энэ байдлыг бичсэн баримт аймгийн архиваас гарахгүй байгаа тул ажилласан жил орохгүй хохиролд хүрээд байна. Миний өндөр настны тэтгэвэрт гарах нас хүрсэн. Нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр настны тэтгэвэр авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулга, цалин авч байсан хүснэгт болон бусад нотлох баримтыг үндэслэн миний Булган сум Б******* ХХК-д *** оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс ****оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас:

- С*******ын М*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

- С*******ын М*******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар

-Т******* ББХК-ийн цалин тавьж олгох хүснэгт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3.Хүсэлт гаргагч С.М*******гийн хүсэлтээр Б.Б*******, Д.О******* нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн *** дугаартай албан тоотоор ирүүлсэн С.М*******гийн ****онд ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтууд зэргийг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.М*******гийн Булган аймгийн Булган сум Б******* ХХК-д **** оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс **** оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч С.М******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн №*** дугаартай албан тоотоор ирүүлсэн С.М*******гийн 1990-2000 онд ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтууд,

-Т******* ББХК-ийн 1994 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сар хүртэлх цалин тавьж олгох хүснэгт, хавсарган ирүүлсэн баримтууд,

 

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч Б.Б*******гийн: Би анх 1989 онд Булган аймгийн Хүнсний үйлдвэрт талхан цехэд нормчиноор ажилд орж байсан. 1996 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан. 3 жил хүүхдээ харж байгаад буцаж ажилдаа ороогүй. Өөр ажилд орсон. С.М******* нь 1989 онд Булган аймгийн Хүнсний үйлдвэрийн талхан цехэд нормчиноор ажилд орж байсан. Намайг 1996 онд жирэмсний амралтаа авахад С.М******* нь ажлаа хийгээд үлдсэн. Надаас хойш бол С.М******* нь ажилласан байх би өөр ажилд орчихсон болохоор сайн мэдэхгүй байна гэх,

Гэрч Д.О*******гийн: Би анх 1977 онд Булган аймгийн Хүнсний үйлдвэрт талхан цехэд захиргаа аж ахуйд боловсон хүчнээр ажилд орж байсан. 2012 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. С.М******* нь 1988 онд Булган аймгийн Хүнсний үйлдвэрийн талхан цехэд нормчиноор ажилд орж байсан. 2011 оныг хүртэл С.М******* нь ажлаа хийж байсан. Булган аймгийн Хүнсний үйлдвэрийн нэр нь өөрчлөгдөж байсан ба талх хийж байгаад архины цех болсон. 2011 онд Булган аймгийн Хүнсний үйлдвэр ажиллахаа больсон. Талхны цех нь тусдаа хувьд гарсан гэх мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.

 

3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ч******* овогт С*******ын М*******гийн Булган аймгийн Булган сумын Б******* хувиараа эрхлэх аж ахуй, Т******* ББХК-д 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА