| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2018/0078/Э |
| Дугаар | 86 |
| Огноо | 2018-04-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзийгөөр хөтлүүлж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгч: Ч.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ч-ын Ж д холбогдох 1812000540061 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ч.Ж нь 2017 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Булган зочид буудлын 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг өмгөөлөгч Д.Н Ж ын өрөөнд байхдаа иргэн Д.Эы ХААН банкны виза карт болон картнаас нууцаар, хууль бусаар 390.000 төгрөг хулгайлан авч бусдад 393.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Д.Эы өгсөн: ...2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хөдөө явах болоод өөрийн дүү НасанЖ д бичиг баримт ХААН банкны картаа үлдээсэн. Тухайн үед Н Ж ын өрөөнд Ж гэх эмэгтэй хамт байж байсан.Тэгээд би хөдөө яваад 3-4 хоночихоод ирээд Н Ж аас ХААН банкны картаа авах гэтэл Улаанбаатар хотод явж байна гэсэн. Тэгээд үүнээс хойш хэд хоногийн дараа миний картнаас 180.000 нэг удаа 210.000 нэг удаа зарлага гарсан. Энэ үед би Н Ж руу утсаар ярих үед миний картыг олоогүй алга болгосон гэж хэлж байсан. Тэгээд би ХААН банкинд хандаж Улаанбаатар хот руу орж хяналтын камерыг шүүж үзэхэд Н Ж ын өрөөнд сууж байсан Ж гэх эмэгтэй миний карыг уншуулж мөнгө авч байгаа бичлэг үлдсэн байсан. Тэгээд энэ талаар би Н Ж д хэлж байсан. Тэгээд л би цагдаагийн байгууллагад энэ талаар өргөдөл гаргаж шалгуулахаар болсон. Би 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Хас банкнаас зээл аваад 5135253179 дансруугаа 400.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл 15:46 минутанд миний данснаас 180.000 төгрөгний зарлага, 5 минутын дараа 210.000 төгрөгний зарлага гарсан талаар гар утсанд мэдээлэл ирсэн. Би НасанЖ руу яриад миний данснаас мөнгө аваад байгаа юм уу карт олсон уу гэхэд олоогүй гэсэн. ХААН банкин дээр ирээд дансаа хаалгуулаад миний данснаас мөнгө аваад байна шалгаад өгөөч гэхэд Улаанбаатар хотын Тэди төвийн АТМ-ээс мөнгө авсан байна. Улаанбаатар хотод өөрийнхөө биеэр очиж шалгуулж болно гэсэн. Би Улаанбаатар хотод очоод ХААН банкны салбар дээрээс камерыг нь шүүхэд Ж гэх эмэгтэй мөнгө авч байсан. Тэгээд би НасанЖ д танай өрөөнд сууж байсан Ж гэх эмэгтэй миний картнаас мөнгө авсан байна гэсэн. Н Ж , Ж аас утсаар асуухад мөнгөний хэрэг болоод авчихсан юм буцааж өгнө гэж тайлбар өгсөн гэсэн...Ч.Ж надад учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-20 хуу/
Гэрч Д.Н Ж ын өгсөн: ...2018 оны 01 сарын 05-ны өдөр Эрдэнэбулган сум 3-р баг Булган зочид буудлын 1-р давхарт ажлынхаа өрөөнд байхад манай ах Э орж ирээд хөдөө явах гэж байна гээд бичиг баримт, ХААН банкны виза картаа надад орхисон юм. Тэр үед манай өрөөнд Ж байсан. Ж хөдөөнөөс мөнгө шилжүүлэх гээд байна чи картаа өгчих гэхээр нь би картаа гэртээ орхичихсон байна гэсэн чинь чи ахынхаа виза картыг өгчих гэхээр нь би Э ахын картыг өгөөд нууц дугаарыг хэлж өгсөн. Ж мөнгөө аваад картыг буцааж өгсөн. Би картыг нь ширээний шургуулгандаа хийгээд өрөөндөө Ж ыг орхиод гарч “оо”-н өрөө орчихоод ирсэн. Дараа нь ах ирээд картаа нэхээд би картыг нь олохгүй байсан. Тэгтэл Энхтайван ах хэд хоногийн дараа миний данснаас 390.000 төгрөгний гүйлгээ хийгээд авчихсан байна гэсэн. Тэгээд би Ж ыг намайг өрөөнөөс гарсан хойгуур ахын картыг авсан гэдгийг мэдээд Ж руу ярихад Ж , Э ахын картнаас мөнгө авснаа хүлээн зөвшөөрөөд уучилаарай мөнгөний хэрэг болоод авчихсан юм буцаагаад өгнө гэсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуу/
Гэрч Г.Оийн өгсөн: ...Ч.Ж гэх хүний нөхөр Д гэж хүн байдаг миний утас руу 95515104 дугаарын утсаар залгаад Ч.Ж хүний карт хулгай хийж аваад картанд байсан мөнгө авсан гээд цагдаа асуугаад байна гэж байсан хаанаас хэн гэдэг хүний картнаас мөнгө авсан талаар сайн мэдэхгүй байна. Ч.Ж эгч Архангай аймгийн Ж ант суманд нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг нөхөр нь бие муутай хүн гэртээ байдаг сүүлийн үед гэр бүлийн маргаантай байгаа сурагтай байсан. Одоогоор тус тусдаа амьдарч байгаа гэсэн Ч. Ж эгч хүний эд зүйл хулгайлах хүн биш гэж хувь хүний зүгээс боддог юм аа. Архангай аймгийн Ж ант суманд цаг уурч ажилтай байдаг байсан шалтгаангүй ажлаас халагдаад одоогоор шүүхийн шатанд байгаа гэсэн. Ч. Ж эгч төлөв даруу зантай хамт олны дунд нэр хүнд сайтай хүн байдаг. Нөхөр нь Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа гэсэн. Миний бодлоор мөнгө хэрэг болоод картыг нь авсан байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуу/
Гэрч Х.Б-ийн өгсөн: ... Д.Э бид хоёр ажил дээр байхад Э-ы утсанд мессеж ирээд ХААН банкны данснаас 180.000-аар 210.000 төгрөгөөр тус бүр 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр данснаас нь гарсан мессеж ирсэн. Тухайн үед Э төрсөн дүү Н Ж ын утсанд залгаж миний ХААН банкны данснаас мөнгө гараад байна гэж хэлж байсан. Н Ж нь таны үлдээгээд явсан ХААН банкны картыг өрөөнөөс хулгайд алдчихаад байна гэж хэлж байсан. Надад хэлэхдээ Хас банкнаас зээл авсан гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуу/
Ч.Ж ын яллагдагчаар өгсөн: ...Би урьд өмнө Архангай аймгийн Ж-т суманд цаг уурч ажилтай байж байгаад ажлаасаа гэнэт 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр халагдсан юм. Тэгээд Архангай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний хэлтсийг шүүхэд өгч би өмгөөлөгчөөр Д.Н Ж өмгөөлөгчийг сонгон авсан байсан юм. Тэгээд 2018 оны 01 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна би өмгөөлөгч Д.Н Ж ын өрөөнд өмгөөлөгч Д.Н Ж тай хамт байж байх үед гаднаас Д.НасанЖ ын ах Д.Э гэх хүн орж ирээд ах нь хөдөө явлаа чамд виза картаа үлдээлээ шүү дансанд нь 400.000 төгрөг байгаа шүү гэж хэлээд картаа үлдээгээд гараад явсан. Тухайн үед надад Ж -т сумаас хүн 30.000 төгрөг явуулах байсан юм. Би тэр үед цахим үнэмлэхгүй виза карт байхгүй байсан учраас Д.Н Ж д хандаж чи ахынхаа картыг өгчих надад мөнгө ирэх ёстой юм би картыг нь ашиглаад мөнгөө авъя гэж хэлээд Э гэх хүний ХААН банкны виза картыг нь аваад нууц кодыг нь заалгуулж авсан. Тэгээд би төв ХААН банкин дээр ирээд Д.Э-ы картыг ашиглаж надад шилүүлсэн 30.000 төгрөгөө авсан. Тэгээд буцаж Д.Н Ж дээр ирээд ахынх нь картыг өгсөн чинь Д.Н Ж аваад ширээн дээрээ тавьж байсан. Тэгээд байж байтал Д.НасанЖ 00-ын өрөө орох гээд явахаар нь Д.Э гэх хүний ХААН банкны виза картыг нь хулгайлж аваад Д.Н Ж ын өрөөнөөс гараад явсан. Тэгээд үүнээс хойш хэд хоночихоод Улаанбаатар хот руу явсан Улаанбаатар хотод очоод Д.Э гэх хүний дансанд байсан мөнгөнөөс картыг нь уншуулаад 390.000 төгрөг аваад хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн. Маргааш нь Д.Н Ж надтай утсаар ярьж чи манай ахын картыг авсан уу мөнгө нь данснаас нь гарсан байна гэж хэлж байсан. Урьд өмнө Д.Н Ж над руу хэд хэдэн удаа залгаж чи манай ахын картыг авсан уу гээд асуугаад байсан би тэр үед нь үгүй ээ би аваагүй гэж хэлдэг байсан. Надад тухайн үед мөнгөний хэрэгтэй байсан учраас хулгайн гэмт хэрэг үйлдэх болсон. Гэхдээ би иргэн Д.Эгийн данснаас авсан мөнгөө бүрэн гүйцэт буцааж өгч төлж барагдуулсан. Д.Н Ж гэх хүнд би Д.Э гэх хүний картыг аваагүй гэж худлаа хэлсэнээ сайн мэдэхгүй байна. Тухайн үед би тухайн үед ганцаараа явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/
Шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтээр ХААН банкны виза картыг 3000 /гурван мянга/ төгрөгөөр, бэлэн мөнгө 390.000 /гурван зуун ерэн мянган/ төгрөгөөр төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /хх-ийн 30 хуу/
Д.Эы ХААН банкин дахь 5135253179 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 6 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 43-44 хуу/
Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 45-46 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Ж д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Ж нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Булган зочид буудлын 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг өмгөөлөгч Д.Н Ж ын өрөөнд байхдаа иргэн Д.Эы ХААН банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр уг картыг ашиглан Д.Эы ХААН банкин дахь 5135253179 дугаарын данснаас 390.000 / гурван зуун ерэн мянга/ төгрөгийг авсан авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ч.Ж нь бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Д.Э, гэрч Д.НасанЖ нарын мэдүүлэг, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.
Шүүгдэгч Ч.Ж нь бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан үйлдлийн улмаас 393.000 / гурван зуун ерэн гурван мянга/ төгрөгийн хохирол учирсан болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан бага хэмжээний / 300.000 төгрөг/ хохирлоос дээш байх тул түүний үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Ж ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Ч.Ж ыг бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Ж д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Ч.Ж бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ч-ын Ж ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Ч.Ж д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Ч.Ж д хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Ч.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ж д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ