Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 112/ШШ2026/0005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

   Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Г.У

   Хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Ч

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нарын хооронд үүссэн Засаг даргын захирамж хүчингүй болгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

 1. Нэхэмжлэгч  нь  Говь-Алтай аймгийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/661 дүгээр захирамжийн Г-ийн У-ын үйлчилгээний төлбөр нийт 17.500.000 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн дансанд төвлөрүүлэх хэсгийг хүчингүй болгуулах мөн 17.500.000 төгрөгийг буцааж Г.У-т олгуулахыг аймгийн Засаг даргад даалгах гэж тодорхойлсон.

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын тухайд:

 2.1. Гүйцэтгэгч Г.У, захиалагч Нийтлэг үйлчилгээ УТҮГазарын дарга И.Г нар нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр  Ажил гүйцэтгэх 01 дүгээр гэрээг байгуулж, аймгийн Засаг даргын орлогч Ш.Н баталсан байна. Тус ажил гүйцэтгэх гэрээгээр  аймгийн хэмжээнд зохион байгуулах ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд шаардагдах үр, бордоог нийлүүлэх ажлыг гэрээнд заасан хугацаанд, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөхөөр тус тус харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна.     

 2.2. Аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/756 дугаар “Хөрөнгө гаргах тухай” захирамжаар ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд шаардагдах 50.000.000 төгрөгийг хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас гаргахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Э-д зөвшөөрч, гэрээ байгуулах эрхийг Нийтлэг үйлчилгээ улсын төсөвт үйлдвэрийн газрын дарга И.Г-д олгосон байна.

2.3. Гэвч аймгийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/661 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/756 дугаар захирамжийг хүчингүй  болгож, Г.У-аас 17.500.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг.

 Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

 3.1. Нэхэмжлэгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Говь-Алтай аймгийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/661 дүгээр захирамжийн Г-ийн У-ын үйлчилгээний төлбөр нийт 17.500.000 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн дансанд төвлөрүүлэх захирамжийг хүчингүй болгуулах мөн 17.500.000 төгрөгийг буцааж Г.У-т олгуулахыг аймгийн Засаг даргад даалгах гэжээ.

Нэхэмжлэлийн үндэслэлдээ: Миний бие 2024 онд Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээний улсын төсөвт газартай Төв суурин газрын ногоон байгууламж нэмэгдүүлэх зорилгоор Үр бордоо нийлүүлэх ажлыг 17.500.000 төгрөгөөр гэрээ байгуулан ажилласан. Уг гэрээний дагуу 2024 оны 8 сард мөнгө шилжиж орсоны дараа бордоог Хүнс хөдөө аж ахуйн газарт нийлүүлсэн гэтэл 2025 оны 12 дугаар сард Төрийн Аудитын газрын албан бичгийг үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газраас шалгалт хийгдээд уг ажлыг буюу аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/756 дугаар захирамжийг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/661 дугаартай захирамж гарсан байна. Миний хувьд гэрээгээ биелүүлж бордоог нийлүүлсэн боловч өөрөө хохирч байгаа тул асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.         

  3.2. Нэхэмжлэгч Г.У шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Анх 2025 оны 06 сард Нийтлэг үйлчилгээний газрын дарга И.Г гэдэг хүн надтай уулзаад бордоо нийлүүлэх хүсэлт тавьсан юм. Уг хүсэлтийн дагуу гэрээ хийгээд 17.500.000 төгрөгийн бордоо нийлүүлээч гээд би зөвшөөрөөд гэрээ байгуулсан. Гэрээ байгуулаад мөнгөн дүн нь орж ирэхгүй явж байгаад 08 сард мөнгө нь орж ирээд тэрнийхээ дагуу Energy Х6 гэдэг нэртэй ургалтыг дэмждэг бордоог 08 сард нийлүүлсэн юм. Уг бордоог нийлүүлэхэд Хөдөө аж ахуйн газар хүлээж авсан, Хөдөө аж ахуйн газар хүлээж авчхаад байж байтал 2025 оны 12 сарын 22-нд А/661 гэсэн захирамжаар энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ байна, гэрээг цуцлаад тэр үед олгосон 17.500.000 төгрөгийг эргүүлэн төл гэсэн мэдэгдэх хуудас надад ирсэн. Тэр мэдэгдэх хуудасны дагуу би захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан юм. Тэр гомдол нь болохоор энэ гэрээг хүчингүй болгуулах байсан. Би эргүүлэн төл гэсэн мэдэгдлийнх нь дагуу 2025 оны 12 дугаар сарын 30-нд байх мөнгийг нь бүрэн төлсөн байгаа. Улсыг хохиролгүй болго гэсэн мэдэгдэл ирсэн учраас эхлээд Хөдөө аж ахуйн газар очиж уулзаад мөнгөө төлсөн учраас бордоогоо авъя гэсэн боловч Хөдөө аж ахуйн газар нь бордоог хэрэглэчихсэн байсан. Тэгээд би Захиргааны хэргийн шүүхэд 2025 оны 12 сарын 22-ны А/661 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, миний эргэн төлсөн 17.500.000 төгрөгийг эргүүлж гаргах нэхэмжлэх гаргасан юм. Бид нартай гэрээ хийчхээд сүүлд нь захирамж нь гарсан гээд байгаа. Тэгэхээр бид нарт эхлээд захирамж нь гарсан гэж танилцуулаагүй. Шууд гэрээ байгуулах эрх ирсэн. Та нартай гэрээ хийж шууд худалдан авалт хийнэ гэж бордоо авчихаад сүүлд нь тэр үед захирамж гараагүй байсан төрд хохирол учирсан та хэд мөнгөө эргэн төл гэсэн шийдвэр гарсан байгаа. Энэ дээр л гомдолтой байгаад байгаа юм. Тэгээд уг захирамжийг  хүчингүй болгуулахаар хүсэлт өгөөд байгаа юм гэжээ.  

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Аймгийн Аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зөрчил арилгах тухай албан шаардлага Засаг даргын Тамгын газарт ирсэний дагуу шалгалт хийгдсэн.

Үүнд: Аймгийн  Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/858 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн шалгалтыг явуулсан. Уг албан шаардлагад дурдсан Нийтлэг үйлчилгээ ОНӨҮГ-т 50,0 сая /тавин/ төгрөг шилжүүлсэн асуудал нь санхүүгийн анхан шатны баримт бүрдэл хангаагүй, Аймгийн Засаг даргын захирамжийг мөнгө шилжүүлснээс хойш 4 сарын дараа буюу 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/756 дугаартай гаргаж албажуулсан зөрчилтэй байсан. Аймгийн Нийтлэг үйлчилгээ ОНӨҮГазар  нь 2024 оны 06 дүгаар сарын 10-ны өдрөөс Г.У, Ү.Б, Ц.М нарын хүмүүстэй  “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж аймгийн төвд зохион байгуулах ногоон байгууламж нэмэгдүүлэх ажилд шаардагдах үр бордоог нийлүүлэхээр гэрээнд тусгасан байна.  Уг гэрээний дагуу төв суурингийн газрын ногоон байгууламжийг нэмэгдуүлэхэд шаардагдах гэрээгээр гүйцэтгэх ажил үйлчилгээний төлбөрт /............../ регистрийн дугаартай ирган Г.У-т нийт 17.500.000 (арван долоон сая таван зуун мянга) төгрөгийг, /............/ регистрийн дугаартай иргэн Ү-ийн Б-д нийт 13.500.000 (арван гурван сая таван зуун мянга) төгрөгийг /................/ регистрийн дугааргай иргэн Ц-ийн М-д нийт 19.000.000 (арван есөн сая) төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Нийтлэг үйлчилгээ ОНӨҮГ-аас уг иргэдийн дансанд тус тус шилжүүлсэн байна.  Мөн аймгийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төлбөрийн хүсэлт, төрийн сангийн үйл ажиллагааны  журмын 2 дугаар хавсралт ТТ-2А маягтаар дээрх мөнгө нь “Нийтлэг үйлчилгээ ОНӨҮГазар"-т шилжүүлсэн байдаг. Гэрээнд тусгагдсан ажил үйлчилгээний төлбөрийг шилжүүлэх үед  “Хөрөнгө гаргах тухай”  захирамж албажиж  бүртгэлд ороогүй захирамжийг дараа нь нөхөн гаргаж албажуулсан байсан.

 Аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/756 дугаартай захирамжийг ажил үйлчилгээний төлбөрийг шилжүүлснээс хойш 4 сар 3 хоногийн дараа нөхөж гарган албажуулсан байх тул тухайн мөнгө шийдвэрлэсэн, шилжүүлсэн захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй зөрчилтэй гэж дүгнэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зуйлийн 66.3 дахь хэсгийг үндэслэн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/756 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Ер нь бол хууль тогтоомж зөрчсөн гэж үзэх юм бол тухайн шатны Засаг дарга буюу дээд шатных нь удирдах албан тушаалтан шийдвэрийг хүчингүй болгохоор хуулийн зохицуулалттай байгаа.  Мөн Г.У, Ү.Б, Ц.М  нарт ажил үйлчилгээний төлбөрт шилжүүлсэн мөнгийг гэрээнд заасан дүнгээр буцааж, төрийн санд төлүүлэн төвлөрүүлэх шаардлагатай гэж шийдвэрлэн төсвийн санхүүгийн жилдээ багтаан төлөх шаардлага тавьсан болно. Засаг даргын Тамгын газрын ажил хариуцсан албан тушаалтнуудад өөрсдийн албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлж, хариуцсан ажил үүргээ хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг холбогдох мэргэжилтнүүд, хэлтсийн дарга нарт удирдлагын зүгээс тавих хяналтаа сайжруулах хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болгосон гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.      

 4. Гүйцэтгэгч Г.У, захиалагч Нийтлэг үйлчилгээ УТҮГазарын дарга И.Г нар нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр  Ажил гүйцэтгэх 01 дүгээр гэрээг байгуулж, гэрээг аймгийн Засаг даргын орлогч Ш.Н баталсан байна.

5. Харин 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/756 дугаар “Хөрөнгө гаргах тухай”  аймгийн Засаг даргын захирамжаар  Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.5 дахь зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд шаардагдах 50.000.000 төгрөгийг хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас гаргахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Э-д зөвшөөрч, гэрээ байгуулан гүйцэтгэх эрхийг “Нийтлэг үйлчилгээ” улсын төсөвт үйлдвэрийн газар И.Гд олгосон байна.      

6. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Г.У нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хүнс хөдөө аж ахуйн газарт Energy-X6 70 ширхэгийг 250000 төгрөгний үнэтэй  нийт 17500000 төгрөгний бордоо нийлүүлсэн зарлагын баримт  байна.

7. 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар (...........)-ын ................... дугаар данснаас Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээний ............... тоот дансанд зардал шилжүүлэв гээд 50.000.000 төгрөг шилжүүлж, үүнээс 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Г.У-ын .............. тоот дансанд барааны үнэ 17.500.000 төгрөг шилжүүлсэн байдаг.

8. Говь-Алтай аймаг дахь Төрийн Аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03/107 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн. Тус албан шаардлагад Нийтлэг үйлчилгээ ОНӨҮГ-т 50.000.000 төгрөгийн дэмжлэг олгосон нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-т батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т хуулиас зөвшөөрөөгүй бусад, 15 дугаар зүйлийн 15.1.3-т хууль тогтоомжид зааснаас бусад хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгосон гэж заасныг зөрчсөн үндэслэлээр зөрчлийг арилгаж, биелэлтийг 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг Тамгын газрын дарга Ш.Э, Нягтлан бодогч Н.Н нарт даалгав гэжээ.

 9. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/656 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай “ захирамжаар аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/756 дугаар захирамжтай холбоотой асуудлаар төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б, Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Э, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Л.Х, нарийн бичгийн даргаар Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Х.Л нарыг томилж, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг чанартай хийж, үр дүнг 2025 оны 12 дугаар сарын 23-ны дотор танилцуулахыг ажлын хэсэгт даалгасан байна. Үүний дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжийг аймгийн Засаг дарга Г.Ч баталжээ.

  9.1. Хяналт шалгалтын ажлын танилцуулгыг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хийсэн байдаг. Үүнд: Ажлын хэсгийн дүгнэлт, санал: 1. Аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/756 дугаартай захирамжийг ажил үйлчилгээний төлбөрийг шилжүүлснээс хойш 4 сар 3 хоногийн дараа нөхөж гаргасан байна. Тухайн захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй байх тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгийг үндэслэн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/756 дугаар захирамжийг хүчингүй болгох саналтай байна. 2. Мөн Ц.М, Г.У,  Ү.Б нарт ажил үйлчилгээний төлбөрт шилжүүлсэн мөнгийг гэрээнд заасан дүнгээр буцааж, төрийн санд төлүүлэн төвлөрүүлэх шаардлагатай гэж дүгнэж байна гэжээ.

9.2. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/661 дүгээр “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дэх хэсгийг тус тус үндэслэн 1 дэх заалтаар аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/756 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцож, 2 дахь заалтаар ... .......... регистрийн дугаартай Г-ийн У-аас гэрээгээр гүйцэтгэх ажлын үйлчилгээний төлбөр  нийт 17.500.000 төгрөгийг... гаргуулж төрийн сангийн дансанд төвлөрүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Л.Х-д үүрэг болгосон байна.

9.3. Аймгийн Засаг даргын 12 дугаар сарын 22-ны өдрийн А/661 дүгээр захирамжийг иргэн Г.У-т аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/1750 дугаар албан бичгээр  мэдэгдэж, танилцуулан гарын үсэг зуруулжээ.

10. Нэхэмжлэгч Г.У нь 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Төрийн сангийн ........... тоот дансанд Аудитын шийдвэрээр буцаан төлүүлэв гэсэн утгатайгаар 17.500.000 төгрөгийг шилжүүлжээ.

11. Нэхэмжлэгчээс: “... Гэрээ хийж шууд худалдан авалт хийнэ гэж бордоо авчихаад сүүлд нь тэр үед захирамж гараагүй байсан учраас төрд хохирол учирсан та хэд мөнгөө эргэн төл гэсэн шийдвэр гарсан гэдэгт гомдолтой байна гэж”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “...Гэрээнд тусгагдсан ажил үйлчилгээний төлбөрийг шилжүүлэх үед  “Хөрөнгө гаргах тухай”  захирамж албажиж  бүртгэлд ороогүй захирамжийг дараа нь нөхөн гаргаж албажуулсан байсан”  гэж тус тус маргадаг.

12. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно” гэж зааснаар хүчингүй болгох эрхтэй боловч тухайн захирамж нь хуульд нийцсэн байх шаардлагатай.

13. Уг маргааны тухайд нэхэмжлэгч Г.У нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Ажил гүйцэтгэгч нь Захиалагчийн даалгаврын дагуу аймгийн хэмжээнд зохион байгуулах ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд шаардагдах үр, бордоог нийлүүлэх ажлыг гэрээнд заасан хугацаанд, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн захиалагчийн өмчлөлд шилжүүлэх,  ажлын гүйцэтгэлийн талаар Захиалагчийн эрх бүхий албан тушаалтанд тайлагнах, нөгөө талаас захиалагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөхөөр тус тус харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна.

14. Гэрээ нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал 3 сарын хугацаатай байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч Г.У нь Ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаанд буюу 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт 17.500.000 төгрөгний үнэ бүхий 70 ширхэг Energy-X6 буюу шингэн бордоог хүлээлгэн өгсөн нь хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Мөн шүүх хуралдаанд “...гэрээ байгуулчхаад ногоо зүлэг тарьж байгаа гэдгээр бордоогоо авчихсан байсан. Тэгээд мөнгө нь орохгүй байна гээд тоо ширхэгээр нь бид нар хүлээлгэж өгөөгүй яваад ...мөнгө нь орсоноос хойш үлдэгдлээ өгөөд явсан. Бид нарт хүлээлгэж дууслаа гээд зарлагын баримт бичиж өгсөн” гэж нэхэмжлэгч талаас тайлбарласан.

15. Тодруулбал: Нэхэмжлэгч Г.У нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 17.500.000 төгрөгний ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд шаардагдах үр, бордоог нийлүүлсэн байхад төрийн захиргааны байгууллагын өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас тухайн иргэн санхүүгийн хувьд хохирох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл: “Хөрөнгө гаргах тухай” 2024 оны 12 дугаар сарын 31-ний А/756 дугаар захирамж нь гэрээ байгуулсанаас хойш 4 сар 3 хоногийн дараа нөхөн гаргаж албажуулсан байгаа нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан Г.Уын буруутай үйл ажиллагаа гэж үзэхгүй бөгөөд уг захирамжийг мэдэх боломжгүй байна.

16. Иймд аймгийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн А/661 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмын шаардлагад нийцээгүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

17. Г.Уаас гэрээгээр гүйцэтгэх ажлын үйлчилгээний төлбөр нийт 17.500.000 төгрөгийг гаргуулж төрийн санд төвлөрүүлэх тухай аймгийн Засаг даргын А/661 дугаар захирамжийг шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн тул буцаан төлөгдсөн 17.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Г.Ут олгох нь шударга ёсны зарчимд нийцэж байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Г.У-аас аймгийн Засаг дарга Г.Ч-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/661 дүгээр захирамжийг хүчингүй болгож,  17.500.000 төгрөгийг буцааж Г.У-т олгуулахыг аймгийн Засаг даргад даалгасугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.У-т олгосугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Э.ЗОЛБАДРАХ