Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2017/0296

 

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаарh221/МА2017/0296 

Улаанбаатар хот

 М.Ж-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Баатархүү даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч М.Ж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч Д.А, гуравдагч этгээд Ш.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.С нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 110/ШШ2017/0014 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээд Ш.А, түүний өмгөөлөгч Я.С-ийн болон хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.Ж-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 14 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 11.6, 16.1, 17.2, 17.3, 17.4, 17.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Ж-с гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр тушаалыг хүчингүй болгож, түүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Газар, газрын хэвлий түүний баялагийн ашиглалт, нөхөн сэргээлт, үржүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3.273.150 /гурван сая хоёр зуун далан гурван мянга зуун тавин/ төгрөгийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн хэсэг болох Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.А давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв үнэлж чадаагүй гэж үзэж байна.

1.            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.А нь тус байгууллагад 2011 оноос хойш одоо хүртэл 6 жилдээ ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч юм.

2.            Мэргэжилтэн Ш.А-тай тус аймгийн Байгаль орчны газрын даргаар ажиллаж байсан Н.А нь 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Ш.М нь 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус тус Төрийн албаны тухай хуульд зааснаар “Үр дүнгийн гэрээ” байгуулан жил бүр гэрээг дүгнэн ажиллаж байсан байгаа ба 2017 онд ч “Үр дүнгийн гэрээ” байгуулан ажиллаж байна.

3.            Мэргэжилтэн Ш.А-гийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар түүний Албан тушаалын ангилал нь дэс түшмэл, Албан тушаалын зэрэглэл нь ТЗ-5, боловсрол нь дээр, мэргэжил нь ой зүйч, байгаль хамгаалах чиглэл, туршлага нь байгаль орчны чиглэлээр төрийн албанд 3 жилээс доошгүй жил ажилласан байх ёстой гэж дурдсан байна.

4.            Төрийн албаны зөвлөлийн 2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай” 40 дүгээр тогтоолын 83-д Ш Баян-Өлгий аймгийн Д сумын Хөх-Сэрхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын газрын ТЗ-6 хяналт шалгалтын мэргэжилтэнээр төрийн албанд анх орох иргэдийн нөөцийн жагсаалтанд албан ёсоор бүртгэгдсэн байна. Ш.А нь төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөний дараа тухайлбал 2011 оны 04 дүгээр сард дэс түшмэл, ТЗ-5 ангилалд багтаан тус байгууллагад төрийн захиргааны албан тушаал эрхэлж эхэлсэн байна.

5.            Ш.А нь одоо 1 нас, 10 сартай хүүхэдтэй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар ажлаас халахыг хориглож байгаа юм.

6.            Ш.А-г тухайн үед Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлөөс тухайн маргаан бүхий албан тушаалд нэр дэвшүүлээгүй асуудал нь төрийн холбогдох байгууллагын буруутай үйл ажиллагаа болохоос биш төрийн жирийн албан хаагч Ш.Агийн буруутай үйл ажиллагаа биш гэж үзэж байна.

7.            Ш.А нь Төрийн захиргааны тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч юм. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасантай нийцэж байна.

8.            Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Шалган зааварлах комиссийн дүнгийн талаар авах арга хэмжээний тухай” аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.Марат хүргүүлсэн 01 дүгээр бүхий албан тоотын Хоёрдугаарт: “Төрийн захиргааны албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, 17.4, 4 дүгээр зүйлийн 4.2.4, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц бүрдүүлэх журмыг тус тус зөрчиж томилогдсон сул орон тоо болох Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ, усны асуудал хариуцсан мэргэжилтэн, Сургалт сурталчилгаа мэдээ тайлан байгаль орчны аудит хариуцсан мэргэжилтэн, Алтай сумын байгаль хамгаалагч, Ногооннуур сумын байгаль хамгаалагч, Ногооннуур сумын байгаль хамгаалагч, Улаанхус сумын байгаль хамгаалагч, Толбо сумын байгаль хамгаалагчийн орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд ирүүлж, Төрийн албаны тухай хуулийн дагуу томилгоо хийлгэх ажлыг тус тус зохион байгуулан илтгэх хуудсаар тайлангаа манайд ирүүлэхийг үүрэг болгож байна” гэж дурдсан байна. Гэтэл энэхүү албан бичигт маргаан бүхий орон тоо буюу Газар, газрын хэвлий, түүний баялгийг ашиглалт, нөхөн сэргээлт, үржүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан мэргэжилтэний орон тоонд сонгон шалгаруулалт явуулах талаар бичигдээгүй байна.

9.            Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” 209 дүгээр тогтоолын 15146. Цагааннуур худалдааны чөлөөт бус, Цагааннуур тосгоны Захирагчийн ажлын алба, мэргэжилтэн. Газрын бүртгэл, газар зохион байгуулагч хариуцсан дэс түшмэл ТЗ-6, М Ж, эм, ХААИС, 2001 он, газар зохион байгуулагч, инженер, Аватекс “К” ХХК дотоод хяналт ХАБЕА-н инженер 2008-2130” гэж бичигдсэн байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч гэх М.Ж нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Газар, газрын хэвлий, түүний баялагийг ашиглалт, нөхөн сэргээлт, үржүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд өрсөлдөх талаар төрийн албаны мэргэшлийн сонгон шалгаруулалтанд өгөөгүй байна.

10.         Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 160 тоотоор аймгийн Төрийн албаны зөвлөлийн дарга Т.Манкейд захиалга хүргүүлсэн байна. Энэхүү захиалга өгсөн маргаан бүхий орон тооны Туршлага гэсэн хэсэгт төрийн албанд 3-аас дээр жил ажилласан байх талаар дурдсан байна. Иймээс нэхэмжлэгч М.Ж нь төрийн албанд нэг ч өдөр ажлаагүй учраас тухайн маргаан бүхий ажлын байранд тавигдах тусгай шаардлагыг ерөөсөө хангахгүй байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 14 дүгээр шийдвэр нь нэг талын эрх ашгийг барьсан алдаатай шийдвэр учраас шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд нэхэмжлэгч М.Ж-ийн нэхэмжлэлийг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.6, 16 дугаар зүйлийн 16.2, 17 дугаар зүйлийн 17.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Ш.А болон өмгөөлөгч Я.С нар давж заалдах гомдолдоо: “Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.С, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.А нар бид Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 110\ШШ2017\0014 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргав.

Анхан шатны шүүх М.Ж-ийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдох төийн албатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхэд Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Нэг. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.А нь төрийн жинхэнэ албан хаагч болох нь хэрэгт авагдсан дараах бичмэл нотлох баримтаар нотлогдож байна гэж үзэж байна.

1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Ой анги байгуулах тухай” 214 дүгээр захирамжийн хавсралтын 2-т заасан ойжуулалт, ойн арга хэмжээний асуудал хариуцсан мэргэжилтэн ТЗ-4, Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 17 дугаар тушаалаар Ш.А-г сургалт, сурталчилгаа, мэдээ тайлан, Байгаль орчны хариуцсан мэргэжилтэн ТЗ-5, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Ажил үүргийн чиглэлийг шинэчлэн батлах тухай 31 дүгээр тушаалын хавсралтын 2-т Ш.Аг Газар, газрын хэвлий түүний баялагийн ашиглалт, нөхөн сэргэлт, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан мэргэжилтэн ТЗ-5, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Тушаал хүчингүй болох тухай” 34 дүгээр тушаалуудаар,

2. Баян-Өлгий аймгийн Байгаль, орчны газрын дарга асан Н.А нь Ш.А-тай 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, Баян-Өлгий аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газрын дарга асан Ш.М нь мэргэжилтэн Ш.А-тай 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус тус Төрийн албаны тухай хуульд зааснаар “Үр дүнгийн гэрээ” байгуулж байснаар /Х.х-ийн 55-61 дүгээр талд авагдсан/

3. 2011 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ажил олгогчоос баталсан мэргэжилтэн Ш.А-ийн ажлын байрны тодорхойлолтод: 1.Байгууллагын нэр: Байгаль орчин, аялал жуулчлалын яам. 2. Нэгжийн удирдлага: Байгаль орчин, аялал жуулчлалын газар. 3. Ажлын байрны нэр: Мод үржүүлэг талбайн мэргэжилтэн 3.1. Албан тушаалын ангилал: Дэс түшмэл, 3.2. Албан тушаалын зэрэглэл ТЗ-4, 4. Ажлын тушаалыг шууд харьяалан удирдах албан тушаалын нэр: Ойн ангийн дарга В. Тавигдах шаардлага. 1. Ажлын байранд тавигдах шаардлага: 1.1 Ерөнхий шаардлага. Үзүүлэлт. Боловсрол. Дээд боловсролын бакалавр зэрэгтэй байх, Мэргэжил Ой зүйч, Мэргэшил Байгаль орчны чиглэлээр мэргэшсэн байх. Туршлага: Улсад 1-ээс доошгүй жил ажилласан байх. 2011 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажил олгогчоос баталсан мэргэжилтэн Ш.Агийн ажил байдлын тодорхойлолтод Албан тушаалын ангилал: дэс түшмэл, Албан тушаалын зэрэглэл: ТЗ-6, В.Тавигдах шаардлага чухал шаардлагатай боловсрол: Дээд боловсролын бакалавр зэрэгтэй байх, мэргэжил Ой зүйч, мэргэшил Байгаль орчны чиглэлээр мэргэшсэн байх, 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ажил олгогчоос баталсан мэргэжилтэн Ш.Агийн ажил байдлын тодорхойлолтын Албан тушаалын ангилал: Дэс түшмэл, 3.2. Албан тушаалын зэрэглэл ТЗ-5, Ажлын байранд тавигдах шаардлага 1.1. Ерөнхий шаардлага Боловсрол Дээд, Мэргэжил: Ой судлаач, газар зохион байгуулагч, Туршлага: Байгаль орчны салбарт 3-аас доошгүй жил ажилласан байх. 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ажил олгогчоос баталсан мэргэжилтэн Ш.Агийн ажил байрны тодорхойлолт 1. Байгууллагын нэр: Байгаль орчин, ногоон хөгжлийн яам. 2. Нэгжийн нэр: Байгаль орчны газар. 3. Ажлын байрны нэр: мэргэжилтэн. 3.1. Албан тушаалын ангилал: Дэс түшмэл, 3.2. Албан тушаалын зэрэглэл ТЗ-5, В. Тавигдах шаардлага. 1. Ажлын байранд тавигдах шаардлага 1.1 Ерөнхий шаардлага. Үзүүлэлт. Боловсрол. Дээд боловсролын бакалавр зэрэгтэй байх, Мэргэжил Байгаль орчны мэргэжилтэй байх Мэргэшил. Байгаль орчны чиглэлээр мэргэшсэн байх, Туршлага: Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх. Байгаль орчны салбарт 3-аас доошгүй жил ажилласан байх. 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ажил олгогчоос баталсан мэргэжилтэн Ш.Агын ажлын байрны тодорхойлолт, 1. Байгууллагын нэр: Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжлийн яам. 2. Нэгжийн удирдлага: Байгаль орчин, аялал жуулчлалын газар. 3. Ажлын байрны нэр: Газар, газрын хэвлий, түүний баялагийн ашиглалт, нөхөн сэргээлт, ойн нөхөн сэргээлт, үржүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан мэргэжилтэн 3.1. Албан тушаалын ангилал: Дэс түшмэл, 3.2. Албан тушаалын зэрэглэл ТЗ-5, 4. Ажлын байрыг шууд харьяалан удирдах албан тушаалын нэр: Байгаль орчин, аялал жуулчлалын дарга В. Тавигдах шаардлага 1. Ажлын байранд тавигдах шаардлага: 1.1 Ерөнхий шаардлага: Үзүүлэлт. Боловсрол. дээд, мэргэжил Ой судлаач, газар зохион байгуулагч, Туршлага: Байгаль орчны салбарт 3-аас доошгүй жил ажилласан байхаар тус тус зааснаар

4. Төрийн албаны зөвлөлийн 2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай” 40 дүгээр тогтоолын 83-д Д сумын Хөх-Сэрхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын газрын ТЗ-6 хяналт шалгалтын мэргэжилтнээр нөөцөнд бүртгэгдсэн байдлаар

5. Ш.А нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан төрийн жинхэнэ хаагч нь төрийн жинхэнэ албанд анх орохдоо тангараг өргөнө” гэсэн зарчим ёсоор “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг” өргөсөн бичгээр

6. Ш.А нь төрийн захиргааны албан хаагч болохыг Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ажиллаж байсан нь гэрч Х.Т, Б.Х, Н.А нарын мэдүүлэгээр

7. Ш.А нь одоо 3 ой хүрээгүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр 11.6. Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1. Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэснээр.

8. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 6 дугаар
сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 25 дугаар тушаалын
1-д тус газрын Газар, газрын хэвлий түүний баялагийн ашиглалт, нөхөн сэргээлт,
үржүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн
асуудал хариуцсан түшмэл Ш.А-г 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс үүрэгт
ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ. Гэтэл Ш.А нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний
өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан нь түүнд ажил олгогчоос олгосон ээлжийн амралт эдлэх зөвшөөрлийн хуудсаар  нотлогдож байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6. Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйл Ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах, 35.1. Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална: 35.1.2 ээлжийн амралтай байгаа” гэснээр

9. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Тэрээр төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байх хугацаанд аймгийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 214 дүгээр захирамжаар байгуулагдсан “ойн ангийн бүтэц, орон тоонд багтах төрийн жинхэнэ албан тушаалын ТЗ-4 зэрэглэлд хамаарах ойжуулалт, ойн арга хэмжээний ажил хариуцсан инженерийн ажилд томилогдсон гэж маргаж байгаа боловч түүнийг уг орон тоонд томилсон, чөлөөлсөн тухай тушаал байхгүй ...” гэж гуравдагч этгээд Ш.А-г буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтанд өөрийгөө албан тушаалд томилох, чөлөөлөх тухай тушаал гаргах эрх олгогдоогүй, үүрэг хүлээгээгүй юм. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар Ш.А нь ТЗ-4-ээр цалинжиж мэргэжилтний ажил үүрэг гүйцэтгэдэг байсан нь нотлогдсон юм. Иймд анхан шатны шүүх Ш.А уг туунийг мэргэжилтний ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй байна гэж буруутгах ёсгүй юм.

10. Анхан шатны шүүх гуравдагч этгээд Ш.А-г тухайн маргаан бүхий
албан тушаалд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн эрхийн акт байхгүй тул төрийн жинхэнэ албан хаагч биш, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Маргаан бүхий албан тушаалд нэр дэвшүүлж, эрхийн акт гаргах асуудал нь нэг талаас Төрийн албаны зөвлөл нөгөө талаас ажил олгогчид хамааралтай асуудал учраас энэ талаар мэргэжилтэн Ш.Аг буруутгах боломжгүй юм.

11. Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, 16.2. Төрийн жинхэнэ албан тушаалд дараах тохиолдолд ажилуулахыг хориглоно гэсэн буюу 16.2.1, 16.2.2, 16.2.3, 16.2.4, 16.2.5, 16.2.6-д заасан хориглосон заалтууд мэргэжилтэн Ш.А-д хамааралгүй гэж үзэж байна.

12. Төрийн албаны тухай хуулийнЛТ^Энэ-хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй. Төрийн албаны тухай хуулийн 27.2 Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана. 27.2.1 Энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэсэн зарчмууд мэргэжилтэн Ш.А-гийн эрх ашигт нийцэх ёстои юм.

Ийнхүү мэргэжилтэн Ш.А-гийн өмнө ажиллаж байсан ойжуулалт, ойн арга хэмжээний асуудал хариуцсан мэргэжилтэн \ТЗ-4\, сургалт, сурталчилгаа, мэдээ тайлан, байгаль орчны аудитын асуудал хариуцсан мэргэжилтэн \ТЗ-5\, одоо ажиллаж буй Газар, газрын хэвлийн түүний баялагийг ашиглалт нөхөн сэргэлт, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан мэргэжилтний \ТЗ-5\ орон тоо нь албан тушаалын ангиллын хувьд Төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн захиргааны албан хаагч гэж үзэж байна. ША нь дээр дурдсан мэргэжилтнээр 3 жил, 10 сар, 15 хоног ажиллаж байна. Дээр дурдсан хууль зүйн факт, нөхцөл байдал нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. Төрийн албан тушаалыг дор дурдсанаар ангилна. 5.1.1 төрийн улс төрийн, 5.1.2 төрийн захиргааны, 5.1.3 төрийн тусгай. 5.1.4 төрийн үилчилгээний гэнэ. 5.2. Энэ хуулийн 5.1.2, 5.1.3-д заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ. 7 дугаар зүйлийн 7.1.Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөлгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна. 7.1.10. хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал, 7.3. Төрийн жинхэнэ албан тушаалыг дор дурдсанаар ангилна 7.3.4. дэс түшмэл, 11 дүгээр зүйлийн 11.1. Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ. 11.2. Энэ хуулийн 5.1.2, 5.1.3 Энэ хуулийн 5.1.2, 5.1.3-д заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ” гэсэн заалтай тус тус нийцэж байна.         

Хоёр. Нэхэмжлэгч М.Ж-ийг нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой байсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой баина. Үүнд:

1. Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 30 тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Газар, газрын хэвлий, түүний баялагийг ашиглалт, нөхөн сэргээлт, үржүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 209 тоот тогтоолоор дэс түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн нөөцийн жагсаалтанд бүртгэлтэй Мерей овогтой Ж-ийг томилуулахаар нэр дэвшүүлжээ. Гэтэл Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” 209 дүгээр тогтоолын 15: 15146. Цагааннуур худалдааны чөлөөт бүс, Цагааннуур тосгоны Захирагчийн ажлын алба, мэргэжилтэн. Газрын бүртгэл, газар зохион байгуулагч хариуцсан дэс түшмэл ТЗ-6, М Ж, эм, ХААИС, 2001 он, газар зохион байгуулагч, инженер, “А-К” ХХК дотоод хяналт ХАБЕА-н инженер 2008-2130” гэжээ. \х.х-ийн 132-133-р талд авагдсан\ Үүнээс үзэхэд М.Ж нь өөр албан тушаалд төрийн албаны мэргэшлийн сонгон шалгаруулалт өгсөн байна.

2. Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр №160 тоотоор аймгийн Төрийн албаны зөвлөлийн дарга Т.М-д захиалга өгөхөд тухайн маргаан бүхий албан тушаалд тавигдах шаардлагын. Туршлагад Төрийн албанд 3-аас дээш жил ажилласан байх шаардлага тавигдсан байна. \х.х-ийн 30-31-р талд авагдсан\. Гэтэл нэхэмжлэгч М.Ж нь төрийн байгууллагад нэг ч өдөр ажилаагүй, хувийн хэвшлийн “А-К” ХХК-нд ажиллаж байгаа нь тухайн албан тушаалд тавигдах тусгаи шаардлагыг хангахгүй байна гэсэн үг юм

3. Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоотоор “Шалган зааварлах комиссийн дүнгиийн талаар авах арга хэмжээний тухай” аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.М-д. хүргүүлсэн албан бичгийн Хоёрдугаарт гэсэн хэсэгт Төрийн захиргааны албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1,17.2,17.3,17.4,4 дүгээр зүйлийн 4.2.4, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн Төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөц бүрдүүлэх журмыг тус тус зөрчиж томилогдсон сул орон тоо болох Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ, усны асуудал хариуцсан мэргэжилтэн, Сургалт сурталчилгаа мэдээ тайлан байгаль орчны аудит хариуцсан мэргэжилтэн, Алтай сумын байгаль хамгаалагч \Б.Т\, Ногооннуур сумын Байгаль хамгаалагч \Ж.М\, Ногооннуур сумын байгаль хамгаалагч \К.Т\, Улаанхус сумын байгаль хамгаалагч \Х.М\, Толбо сумын байгаль хамгаалагч \Ж.Д\-ын орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд ирүүлж, Төрийн албаны тухай хуулий дагуу томилгоо хийлгэх ажлыг тус тус зохион байгуулан илтгэх хуудсаар тайлангаа манайд ирүүлэхийг үүрэг болгож байна.“гэж дурджээ. \х.х-ийн 39-р талд авагдсан\ Энэхүү албан тоотод дүгнэлт хийж үзэхэд Ш.А-гийн ажиллаж байгаа Газар, газрын хэвлий, түүний баялагийг ашиглалт, нөхөн сэргээлт үржүүлэх ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд сонгон шалгаруулалт явуулах талаар асуудал дурдагдаагүй байна.

4. Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаар тоот дээр нэр нь дурдагдсан Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ, усны асуудал хариуцсан мэргэжилтэн, Сургалт сурталчилгаа мэдээ тайлан байгаль орчны аудит хариуцсан мэргэжилтэн, Алтай сумын байгаль хамгаалагч \Б.Тилек\, Ногооннуур сумын Байгаль хамгаалагч \Ж.М\, Н сумын байгаль хамгаалагч \К.Т\, У сумын байгаль хамгаалагч \Х.М\, Т сумын байгаль хамгаалагч \Ж.Д\ нар одоо тус байгууллагад ажил үүргээ гүйцэтгэж байгааг хариуцагч шүүх хуралдааны үед тайлбарласан юм.

Ингэхээр М.Ж-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан шударга ёс, ... нь төрийн албаны үндсэн зарчим мөн. 4.2.5. төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, 10 дугаар зүйлийн 10.1 Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн, 11.1. Төрийн албаны тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар ханган ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ, 17 дугаар зүйлийн 17.1. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдон бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө, 17.2. Энэ хуулийн 10.1, 10.3,10.4-д заасан шаардлага, мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаалд орох эрхтэй, 27.2 Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана. 27.2.1 Энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх, 11.6. Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйл Ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах, 35.1. Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална: 35.1.2. ээлжийн амралтай байгаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1. Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэсэн заалтууд юм.

 

 

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 110\ШШ2017\0014 дугаартай шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулан М.Ж-ийн нэхэмжлэлийг бухэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах гомдлыг хянан хэлэлцэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Я.С, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.Айсуду нар заавал оролцох учир шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэхийг хүсэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ

            Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, М.Ж-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нь 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр тушаалаар Ш.Аг албан тушаалаас чөлөөлж, М.Ж-ийг Газар, газрын хэвлий, түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, үржүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан ажилтны албан тушаалд томилсон 6 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар тушаалаа хүчингүй болгож, М.Ж-ийг ажлаас чөлөөлж Ш.А-г эгүүлэн томилжээ.

Хариуцагч дээрх тушаал гаргасан шалтгаанаа Ш.А нь төрийн албаны шалгалт өгсөн, 3 нас хүрээгүй хүүхэдтэй, ээлжийн амралттай байхад нь ажлаас чөлөөлж, тухайн албан тушаалд сонгон шалгаруулалтад ороогүй, төрийн албанд 3 жил ажилласан байх шаардлагыг хангаагүй М.Ж-ийг ажилд томилсон 25 дугаар тушаал хууль зөрчсөн байсан учраас хүчингүй болгосон гэжээ.

Гуравдагч этгээд Ш.А нь 2011 оны 05 дугаар сараас тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт нярав, бичиг хэрэг, эд хариуцагч, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад хүүхэд төрүүлж, хүүхэд нь 3 нас хүрээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Мөн хэрэгт авагдсан үр дүнгийн гэрээгээр Ш.А нь тухайн албан тушаалын чиг үүргийг хангалттай хэрэгжүүлж ажиллаж байснаас үзвэл маргаан бүхий 34 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно...” гэж заасанд нийцсэн байна.  

Төрийн албаны тухай хуулиар эмэгтэй хүний хөдөлмөрийн онцлогтой холбоотой харилцааг зохицуулаагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг төрийн албан хаагч эмэгтэйн хөдөлмөрийн харилцаанд хэрэглэнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-д заасан “... ажлаас халах” гэдэгт хөдөлмөрийн харилцааг ямар нэгэн шалтгаанаар дуусгавар болгохыг ойлгохоор байна. Иймд 3 хүртэл настай хүүхэдтэй эмэгтэйн хөдөлмөрийн харилцааг “төрийн албанд хууль ёсоор томилогдоогүй” гэх шалтгаанаар дуусгавар болгосон 25 дугаар тушаалаа хууль бус гэж үзэж хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байна. Учир нь уг хуулийн зорилго нь эмэгтэй хүний хөдөлмөрлөх эрх болон хүүхдийн эрхийг хамгаалахад орших бөгөөд эмэгтэй ажилтны сахилгын зөрчил гаргах, ажил олгогчийн итгэл алдсанаас бусад тохиолдолд уг эрх хамгаалагдана.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-д заасныг буруу томилогдсон төрийн албан тушаалтны хувьд хэрэглэхгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй. Эмэгтэй хүний хөдөлмөрлөх эрх болон хүүхдийн эрхийг хамгаалахад төрийн болон хувийн байгууллагад ажиллаж байгаагаар нь ялгамжтай хандах үндэслэлгүйн гадна Ш.А нь тухай байгууллагад 2011 оноос хойш эрх бүхий этгээдийн томилсон тушаалын дагуу ажиллаж байх хугацаандаа хүүхэд төрүүлсэн байх тул тухайн ажил олгогч төрийн байгууллага эмэгтэй хүнийх нь хувьд хамгаалагдах эрхийг хангах үүрэгтэй.

Нэхэмжлэгч М.Ж-ийг Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 209 дүгээр тогтоолоор Цагааннуур худалдааны чөлөөт бүсийн газрын бүртгэл, газар зохион байгуулагч хариуцсан мэргэжилтэн /ТЗ-6/ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэсэн байх бөгөөд маргаж байгаа албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтад ороогүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг буруу үнэлж, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн аль нь тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад ороогүй, өмнө ажиллаж байсан Ш.А 3 хүртэл насны хүүхэдтэй байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хангасан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, М.Ж-ийн “34 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Шүүх хариуцагчийн гаргасан 2013 оны 17 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн маргаж байгаа албан тушаалын асуудлыг шийдвэрлээгүй тул маргааны үйл баримтад хамааралгүй гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Уг тушаалын улмаас М.Ж-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй тул уг тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт орууллаа.

Харин хариуцагч нь Ш.А-ийн хүүхэд 3 нас хүрсний дараа зохих журмын дагуу тухайн албан тушаалд сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах боломжтой бөгөөд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн аль нь сонгон шалгруулалтад орох эрх нээлттэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 14 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.1.4, 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан М.Ж-ийн “Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан М.Ж-ийн “Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 3 дахь заалтыг нэмж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ