Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 292

 

Т.Э-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны

 Төрийн нарийн бичгийн дарга,

Төрийн албаны зөвлөлд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                       Б.Мөнхтуяа

            Шүүгчид:                          Г.Банзрагч,

                                                      Д.Мөнхтуяа,

                                                      Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Нэр дэвшүүлэх” тухай 92 дугаар тогтоолоор Т.Э-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлснээс хойш уг албан тушаалд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус албан тушаалд томилохыг даалгах,

Хариуцагчийн эс үйлдэхүйгээс болж учирсан хохирол болох 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хохирлыг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх,

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/167 дугаар тушаалыг хүчингүй болгуулах,

Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Нэр дэвшүүлэх” тухай 211 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0187 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0283 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Т.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т, С.Э, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Т.Н, Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, Э.М нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0187 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хууль/2002/-ийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.6, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Э-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Т.Э-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилохыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0283 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0187 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д “Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.3, 17 дугаар зүйлийн 17.1, 17.6, 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасныг баримтлан Т.Э-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 211 дүгээр тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/167 дугаар тушаалыг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын Т.Э-ийг Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Т.Э-ийг тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалд томилохыг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасны дагуу Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйгээс болж учирсан хохирол болох томилогдон ажиллаж авах ёстой байсан цалин хөлсний хэмжээгээр хохирол хүлээсэн. Энэхүү хохирлыг түүний оронд өнгөрсөн хугацаанд хууль бусаар томилон ажиллуулж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/167 дугаар “Ч.Б-ыг албан тушаалд томилох тухай” тушаалын 2 дахь заалтад “...албан тушаалын цалинг ТЗ-12-1 ангиллаар 815,594 төгрөгөөр” тогтоосноос болон хавтаст хэрэгт авагдсан Т.Э, Ч.Б нарийн нийгмийн даатгал төлөлтийн лавлагаагаар энэхүү хохирлын дүнг тодорхойлох бүрэн боломжтой, нэхэмжлэгчийн өнгөрсөн хугацаанд өөр ажил алба эрхлээгүй гэдэг нь нотлогдож байгаа тул энэхүү хохирлыг нэхэмжлэх бүрэн эрхтэй.

4.  Төрийн нарийн бичгийн даргын хууль бус эс үйлдэхүйгээс болж учирсан хохирол буюу Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 92 дугаартай “Нэр дэвшүүлэх тухай” тогтоол гарсан өдрөөс хойш албан тушаалд томилогдон ажиллаж холбогдох цалин хөлс авч чадаагүй учир шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хохирлыг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлагыг шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хангаж шийдвэрлэх бүрэн үндэстэй гэж үзэж байна.

5.  Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 гэж тодорхойлоогүй байхад хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж тухайн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн байна. Хэрэв энэхүү эс үйлдэхүй томилохгүй байгаагаас урган гарч буй хохирлыг шүүх Захиргааны ерөнхий хуулийн 100-102 дугаар зүйл, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу төрийн байгууллагаас гаргуулж эргээд төрийн байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 103, Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар буруутай этгээдээс нь нэхэмжилж, түүнээс эцэслэн гаргуулснаар төрийн албан тушаалтны хууль бус үйлдэл хумигдаж, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр зөрчдөг асуудал таслан зогсоогдох цаашдын эерэг үр дагаврыг авчрах хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болно гэж үзэж байна.

6.  Иймд шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү.

7.  Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан байна.

8.  Нэхэмжлэгч Т.Э-ийг Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 92 дугаар тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд санал болгосон бөгөөд уг тогтоолын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №03/2247 тоот албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг Т.Э-т өгсөн.

9.  2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14-д “иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйл зааснаар ... тодорхойлно”, 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг /эс үйлдэхүй гаргасан өдрөөс хойш/ мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж тус тус заасан байна.

10.  Дээрх зохицуулалтуудын дагуу нэхэмжлэгч нь гомдлыг хянах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага болох Төрийн албаны салбар зөвлөлд хуульд заасан хугацааны дотор буюу 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дотор хандах ёстой байсан боловч уг хугацаа өнгөрснөөс 1 жилийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх салбар зөвлөлд хандан гомдол гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

11.  Түүнчлэн Т.Э нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлтээ Төрийн албаны салбар зөвлөлд гаргаагүй бөгөөд эрүүгийн 20132501051030 дугаартай хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдаж байх явцдаа цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авагдаж байгаагүй болно.

12.  Эдгээр үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “... Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах” гэж тодорхойлсон байх бөгөөд “тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилуулах асуудлыг” шийдвэрлэхгүй орхигдуулсныг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мэдсэн ч 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд хандсан нь хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

13.  Мөн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 184 дүгээр тогтоолоор Т.Э-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч 3 сар гаруй хугацаа өнгөрсний дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төрийн албаны салбар зөвлөлд хандсан нь мөн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл бий болж байна.

14.  Хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагчийн төлөөлөгч нарийн тайлбараас үзэхэд Т.Э нь төрийн албанд ажилласан ямар ч туршлагагүй, 2012-2014 оны хугацаанд газрын даргын албан үүргийг хууль зөрчин түр орлон ажиллаж байсан ба түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлөгдөхдөө холбогдох байгууллагад гомдол гаргаж маргаж байгаагүй байдаг. Учир нь Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг түр орлон гүйцэтгүүлэх журам”-аар төрийн жинхэнэ албан хаагчийг жирийн иргэнээр түр орлуулахыг хориглосон байдаг.

15.  Улмаар Ч.Б нь Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 211 дүгээр тогтоолыг үндэслэн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/167 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд хууль ёсоор томилогдсон. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийн тухай” 21 тоот тогтоолын 2.2.3.а-д “... Нийтэд илэрхий үйл баримт гэдэг нь шүүхэд болон хэргийн оролцогчдод илэрхий байхаас гадна тухайн үйл баримтын талаар мэдээлэлтэй байх боломжтой тодорхой хүрээний хүмүүст илэрхий байхыг хэлнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь тухайн үед дээрх албан тушаалд Ч.Б-ыг томилогдсон байсныг хамгийн сайн мэдэж байсан.

16.  Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4-т заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамтаар шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан ч уг хуульд заасан эрхээ хэрэгжүүлж чадаагүй болохыг дурдах нь зүйтэй.

17.  Нэхэмжлэлийн шаардлагыг хууль бус байсан болохыг тогтоох боломжтой гэсэн агуулгаар дүгнэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эрхэд нь халдсан гэж үзэхээр байна.

18.  Төрийн албаны тухай хуулиар шатлан дэвшүүлэх мерит зарчмыг баримталж ажлын туршлага, ур чадвараар нь төрийн жинхэнэ албан хаагчийг томилохоор хуульчилсан. Тухайлбал: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл 23.2.2.-д “...эрхэлсэн түшмэлийн ангилалд /газрын дарга/ хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх...” гэсэн шаардлагыг зааж өгсөн. Гэтэл шүүх үүнд огт дүгнэлт өгөлгүй шийдвэр гаргасан нь шийдвэр нь бүхэлдээ хууль бус болох үндэслэлийг бүрдүүлсэн.

19.  Нэхэмжлэгчийн нөөцөд байх хугацаа 2015 онд дууссан нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх үүнийг үнэлээгүй нь хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан гэдгийг харуулж байна.

20.  Мөн Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д зааснаар Төрийн албаны зөвлөлийн нэр дэвшүүлэх саналыг томилох эрх бүхий этгээд татгалзахаар зохицуулсныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Т.Э нь гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа учраас яамны газрын даргын албан тушаалд томилох боломжгүй гэдгийг удаа дараа илэрхийлсэн баримт бичгийг шүүх томилохоос татгалзсан гэж үзэхгүй гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд ямар хууль тогтоомж, нотлох баримтыг үндэслэж ингэж дүгнэж байгаа нь тодорхой бус байна

21.  Иймд хууль тогтоомжид заасан шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, шүүхэд хандахаас өмнө шийдвэрлэх боломжит хугацааг зөрчсөн, удирдах албан тушаалтны нөөцөд байх хугацаа нь дууссан зэрэг олон нотлох баримт, үндэслэлүүдийг үнэлээгүй, Ч.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, түүний шүүхэд өөрийгөө өмгөөлөх Үндсэн хуульд заасан эрхийг бүдүүлгээр зөрчсөн Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-тай зөрчилдсөн биелэгдэх боломжгүй, хуулийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн, хэт нэг талыг баримталсан шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

22.  Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарласан байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

23.  Нэхэмжлэгч Т.Э нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, Ч.Б-ыг ажилд томилсон тушаал болон Төрийн албаны зөвлөлд холбогдуулан Ч.Б-ыг нэр дэвшүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчээс “шүүхийн шийдвэрээр нэр дэвшүүлэхийг даалгасан байхад албан тушаалд томилсон шийдвэр гаргахгүй хууль бус эс үйлдэхгүй гаргасан” гэж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан учир томилох шийдвэр гаргах боломжгүй” гэж, Төрийн албаны зөвлөлөөс “томилох эрх бүхий этгээд татгалзлаа илэрхийлсэн тул өөр этгээдийг нэр дэвшүүлсэн” гэж тус тус маргажээ.

24.  Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэгт “төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай албаны удирдах албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий байгууллагад хүргүүлэх” гэж Төрийн албаны зөвлөлийн эрхийг заасан, мөн Улсын Их Хурлын 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг баталсан байна.

25.  Уг журмын 37-д “Томилох эрх бүхий этгээд Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн санал болгосон нэр дэвшигчийг тухайн  албан тушаалд томилохоос татгалзвал энэ тухайгаа зохих үндэслэлийн хамт нэр дэвшигчийн материалыг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ. Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөл нь тухайн сонгон шалгаруулалтад тэнцэж нөөцийн жагсаалтад орсон иргэдээс нэр дэвшүүлэх, эсхүл сонгон шалгаруулалтыг дахин явуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заажээ.

26.  Т.Э-ийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох “Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 282 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 319 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 230 дугаар тогтоолоор тус тус шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Т.Э-ийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын ажлын байрны сул орон тоонд нэрийг нь дэвшүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус албан тушаалд нэрийг нь дэвшүүлэхийг даалгаж шийдвэрлэж байжээ.

27.  Дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 92 дугаар тогтоолоор Т.Э-ийг тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн боловч Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 03/2247 тоот албан бичгээр “албан тушаалын ажил үүрэгтэй холбогдуулан шалгаж байгаа тухай тоот ирсэн, эрүүгийн хэргийн асуудлыг шийдэгдэж дуустал хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгч байжээ. Өөрөөр хэлбэл, томилох эрх бүхий этгээдээс дээрх журамд заасан эрхийн хүрээнд нэр дэвшигчийг томилохоос татгалзах эрхээ хэрэгжүүлсэн байна.

28.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн болохоос татгалзаагүй, нэхэмжлэгчид чиглэсэн болохоос Төрийн албаны зөвлөлд  татгалзсан шийдвэрээ хүргүүлээгүй” гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Учир нь Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг үндэслэн нэхэмжлэгчийг маргаан бүхий ажилд томилсон шийдвэр гаргаагүй, Ч.Б-ыг томилсон шийдвэр гаргасан байна. Мөн томилох эрх бүхий этгээдээс 7 хоногийн дотор татгалзах шийдвэрээ гаргаагүй буруутай байгаа боловч энэ шийдвэр гаргах ажиллагааны алдаа нь нэхэмжлэгчийг “ажилд томилохыг зөвшөөрсөн” үр дагавар үүсгэхгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тухайн үед буюу 2016 оны 03/2247 дугаар албан бичгийг хүчингүй болгуулахаар маргаагүй байна.

29.  Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.1, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар төрийн алба нь тогтвортой байх, төрийн чиг үүргийг хэрэгжүүлсний төлөө цалин хөлс авах эрх нээгдэх ба захиргааны байгууллага өргөдлийг шийдвэрлэхгүй байгаатай холбогдуулан 2016 оноос хойш 2018 он хүртэл “хүлээх” эрхийг нэхэмжлэгчид олгоогүй, харин гомдлыг шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах байжээ.

30.  Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1 дэх хэсэгт “...бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дуусаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд авч ажиллуулахыг хориглох” гэж заасан. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 184 дүгээр прокурорын тогтоолоор “...улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг хуурамчаар үйлдсэн болох нь нотлогдохгүй байна” гэсэн үндэслэлээр Т.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Иймээс нэхэмжлэгчийн “иргэд хоорондын маргаанд гэрчээр асуугдсан болохоос эрүүгийн хэрэг үүсгээгүй” гэх тайлбар үндэслэлгүй, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 03/2247 тоот албан бичгээр “эрүүгийн хэргийн асуудлыг шийдэгдэж дуустал хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг авсан даруйдаа “өөрт хамааралгүй асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн” үйл баримттай маргаагүй, эрх бүхий байгууллагад хандаагүй байна.

31.  Гэтэл энэ хугацаанд Төрийн албаны тухай хууль шинэчлэн найруулагдаж, газрын даргын албан тушаалд тавигдах шаардлага өөрчлөгдсөн, ажилд томилохыг даалгах шаардлагын хүрээнд захиргааны байгууллагаас шийдвэр гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд үндэслэн томилсон шийдвэр гаргах үүрэгтэй тул хариуцагчийн татгалзлыг хууль бус гэж үзэх боломжгүй.

32.  Төрийн албаны хуулийн /2017 оны/ 23 дугаар зүйлийн 23.2.2, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэж заасан, нэхэмжлэгчээс энэхүү шалгуурыг хангасан гэж маргаагүй, харин “шинэ хууль хэрэгжсэн 2019 оноос өмнөх асуудал тул нэхэмжлэгчид хамаарахгүй, өмнөх хуулийн үйлчлэлд эрх нь үүссэн томилгооны маргаан, шинэ хуулийн зохицуулалт ухарч үйлчлэхгүй” гэж маргасан байна.

33.  Тухайн тохиолдолд маргаан 2016 оны 11 дүгээр сарын 16-наас эхлэн одоог хүртэл үргэлжилж байгаа тул 2019 оны үйл баримтыг уг маргаанд хамааралгүй гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл даалгах нэхэмжлэлийн тухайд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн дагуу шийдвэр гаргана. Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар захиргааны байгууллагаар гаргуулахыг шаардаж буй акт нь тухайн актыг гаргах үеийн хууль тогтоомж, нөхцөл байдалд нийцсэн байх ёстой. 

34.  Нэхэмжлэгчийн “төрийн албанд ажиллаж байгаагүй, хувийн хэвшилд ажиллаж байсан Ч.Б-ыг томилж, хууль зөрчсөн” тухай гомдлоор нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт зааснаар захиргааны шүүх нь захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахдаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн буюу нэхэмжлэгчийг томилохоос татгалзсан нь үндэслэлтэй эсэхийг дүгнэх болохоос гуравдагч этгээдийг маргаан бүхий албан тушаалд хэрхэн томилсон нь маргааны үйл баримтад ач холбогдолгүй, гуравдагч этгээдийг чөлөөлснөөр нэхэмжлэгчид уг албан тушаалд томилогдох эрх шууд үүсэхгүй, захиргааны байгууллагаас өөрийн гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эсэх нь энэхүү маргаанаас тусдаа асуудал юм.

35.  Нэгэнт нэхэмжлэлийн үндсэн шаардлага буюу захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй тогтоогдоогүй, нэхэмжлэгчээс хуульд заасан цаг хугацаанд маргах эрхээ хэрэгжүүлээгүй тул үндсэн шаардлагыг дагасан нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0283 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Төрийн албаны тухай /2017он/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 26 дугаар зүйлийн 26.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Э-ийн “Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус албан тушаалд томилохыг даалгах, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хохирлыг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/167 дугаар тушаал болон Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Нэр дэвшүүлэх” тухай 211 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХТУЯА

        ШҮҮГЧ                                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ