Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 783

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 9-р хороо, Ард аюушийн өргөн чөлөө, 6-116 тоотод байрлах  “Эй Си Ди Си Электрик” ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Баярмаа, Д.Амаржаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 263161 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Доржпүрэв, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Очхүү нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Эй Си Ди Си Электрик” ХХК-ийн захирал П.Баатар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Доржпүрэв, өмгөөлөгч Б.Баяржаргал нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Эй Си Ди Си Электрик” ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдаж, 2006 оноос НӨАТ төлөгчөөр бүртгүүлэн, Баянгол дүүргийн Татварын хэлтэст харьяалагдан үйл ажиллагаагаа явуулж байна. 2011 оны 05 дугаар сард манай компани нь “Хүннү Рессурс” ХХК-тай  Говьсүмбэр аймгийн Чойр хотод нүүрс агуулах 600м*300 м хэмжээтэй цемент блок хашаа барих ажлыг хийж гүйцэтгэж, “Гурванбулаг сод” ХХК-иас нийт 45.454.545 төгрөгийн цемент худалдан авсан юм. Уг гэрээт ажлын 102.458.221 төгрөгийн орлогыг татварын тайланд тусган тайлагнаж, ногдох зардалд цементийн өртөг 45.454.545 төгрөгийг бусад зардлын хамт тусган, бүгд 4236.6 мянган төгрөгийн татвар ногдуулах орлогод 423.6 мянган төгрөгийн татварыг төлсөн. Түүнчлэн “Гурванбулаг сод” ХХК-иас худалдан авсан цементийн үнийг НӨАТ-ын тайландаа тусгаж, нийт 3.725.503 төгрөгийн НӨАТ-ыг төсөвт төлсөн. Гэтэл татварын улсын байцаагчид биднийг НӨАТ-ын падааныг хуурамчаар үйлдсэн гэж  үзэж, эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт гүтгэн, улмаар НӨАТ-ыг бууруулсан гэж 4.545.5 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, хуурамчаар зардал гаргаж ААНОАТ-ыг бууруулсан гэж үзэж, 4545.5 мянган төгрөгийн татвар, хүү, торгууль бүгд 12476.4 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй болох нь дараах баримтуудаас харагдана. Үүнд “Гурванбулаг сод” ХХК-ийн 008392213 тоот НӨАТ-ын падаан, аж ахуйн нэгжийн 5156866 регистрийн дугаар нь татварын цахим тайлангийн системд НӨАТ төлөгчөөр бүртгэлтэй байсан. Мөн мөнгө хүлээн авсан  “Гурванбулаг сод” ХХК-ийн тамга, гарын үсэг бүхий орлогын ордер, хийж гүйцэтгэсэн ажил болох нүүрс агуулах хашаа нь тодорхой, одоо Чойр хотод биетээр байгаа, манай хийж гүйцэтгэсэн ажлын орлого, зардал нь бүгд тайланд тусгагдсан зэргээр нотлогдоно. 

Бид цахим тайлангийн системд бүртгэлтэй “Гурванбулаг сод” ХХК-ийн тамга, тэмдэг гарын үсэг бүхий хуулийн шаардлага хангасан санхүүгийн баримтаар л худалдан авалт хийж, тайлан мэдээ, бланс гаргаж татвараа төлсөн.

“Гурванбулаг сод” ХХК нь татвар ногдох орлогоо бүрэн тайлагнаагүй зэрэг нь “Эй Си Ди Си Электрик” ХХК-ийг буруутгах үндэслэл болохгүй ба хэт нэг талыг барьж асуудлыг бодит бусаар шийдсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулийн заалт, зарчмуудыг зөрчсөн, тэдгээртэй нийцүүлэн гарсан Татварын багц хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. 

Иймд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 263161 дугаар актыг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Г.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг нар шүүх болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Эй Си Ди Си Электрик” ХХК-д  2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 263161 дугаар актаар 9090.9 мянгөн төгрөгийн нөхөн татвар, 2727.4 мянган төгрөгийн торгууль, 658.0 мянган төгрөгийн алданги, нийт 12476.4 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан. 

Хяналт шалгалтаар 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5156866 регистрийн дугаартай “Гурванбулаг сод” ХХК-иас 008392213 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 4454.5 мянган төгрөгийн худалдан авалтын хий бичилт хийж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчил илэрсэн. Хяналт шалгалтын явцад татвар төлөгч “Эй Си Ди Си Электрик” ХХК-ийн захирал П.Баатар нь “Гурванбулаг сод” ХХК-ийн 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр худалдан авалт хийсэн, төлбөр төлснийг нотлох кассын орлогын ордер, зарлагын баримт болон нэмэгдсэн өртгийн албан татварын падаан зэрэг  баримтыг ирүүлсэн.

“Гурванбулаг сод” ХХК нь Чингэлтэй дүүргийн татварын хэлтэстэй харьцдаг бөгөөд уг борлуулалтыг 2011 оны 06 дугаар сард хийгээгүй, дээрх дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг Татварын ерөнхий газраас аваагүй, мөн анхан шатны баримт хангалтгүй, нягтлан бодох бүртгэлийн журнал хөтлөөгүй зэргээс шалтгаалан уг татварыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж, татварын улсын байцаагчид акт үйлдсэн тул 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 263161 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Эй Си Ди Си Электрик” ХХК нь анх тус шүүхэд  Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл болон Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Баярмаа, Д.Амаржаргал нарт холбогдуулан “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 263464 дугаар акт, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2012 оны 48 дугаар тогтоол, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2012 оны 58 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь хэргийг хянан хэлэлцэх шатанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нэхэмжлэлийн шаардлагаа “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 263464 дугаар актыг  хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ .

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт  авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянгол дүүргийн татварын улсын байцаагч Г.Баярмаа, Д.Амаржаргал нар нь Баянгол дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг “Эй Си Ди Си Электрик” ХХК-ийн 2011 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын  ногдуулалт, төлөлтийн байдалд санхүүгийн тайлан, албан татвар ногдуулалт, төлөлтийн тайлан, гааль болон хөндлөнгийн мэдээ, мэдээллийг үндэслэн шалгалтыг явуулж, татварын улсын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 263161 дүгээр актаар 1/ 2011 онд 45454.5 мянган төгрөгийн “Гурванбулаг сод” ХХК-ийн борлуулалтаар бичсэн худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, бэлтгэн нийлүүлэгчид төлбөр төлсөн баримтыг хуурамчаар үйлдэн,  нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусган, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан, 2/ 2011 онд 45454.5 мянган төгрөгийн “Гурванбулаг сод” ХХК-ийн борлуулалтаар бичсэн худалдан авалтын хуурамч падаан бүхий барилгын материалын зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцон, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлого бууруулсан зөрчил   гаргасныг тус тус тэмдэглээд шалгалтаар илэрсэн 90909.0 мянган төгрөгийн зөрчилд  9090.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 2727.4 мянган төгрөгийн торгууль, 658.0 мянган төгрөгийн алданги, нийт 12476.4 мянган төгрөгийн төлбөрийг “Эй Си Ди Си Электрик” ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Эй Си Ди Си Электрик” ХХК нь дээрх татварын улсын байцагчийн актыг эс зөвшөөрч, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 263161 дугаар актыг хэвээр баталжээ. 

Улмаар  нэхэмжлэгч “Эй Си Ди Си Электрик” ХХК нь дээрх тогтоолыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолоор улсын байцаагчийн 263161 дүгээр актаар тогтоосон 90909.0 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 2727.4 мянган төгрөгийн торгууль, 658.0 мянган төгрөгийн алданги, нийт 3385.4 мянган төгрөгийн төлбөрийг хасч, актаар тогтоосон төлбөрийг багасган, 9090.9 мянган төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр өөрчлөлт оруулсан байна. 

Нэхэмжлэгч нь “Эй Си Ди Си Электрик” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ  “Гурван булаг сод” ХХК-иас 50 сая төгрөгийн бараа материал худалдан авалт хийж, НӨАТ-ын тайландаа тусгаж, нийт 3.725.503 төгрөгийн НӨАТ-ыг төсөвт төлсөн. Гэтэл татварын улсын байцаагчид биднийг НӨАТ-ын падааныг хуурамчаар үйлдсэн гэж эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт гүтгэж, улмаар төсөвт төлөх НӨАТ, ААНОАТ-ыг бууруулсан гэж 12476.4 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй. “Гурванбулаг сод” ХХК нь татвар ногдох орлогоо бүрэн тайлагнаагүй нь “Эй Си Ди Си Электрик” ХХК-ийг буруутгах үндэслэл болохгүй ба татварын улсын байцаагчид хэт нэг талыг барьж асуудлыг бодит бусаар шийдсэн...” гэж, хариуцагч нь “... “Эй Си Ди Си Электрик” ХХК нь 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 008392213 дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 45454.5 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн гэх боловч энэ нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдоогүй, “Гурванбулаг сод” ХХК нь 2011 оны 06 дугаар сард дээрх дүн бүхий борлуулалтыг хийгээгүй, 008392213 дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг “Гурванбулаг сод” ХХК нь Татварын ерөнхий газраас аваагүй болох нь тогтоогдсон тул нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар үйлдэж, татвар ногдох орлогыг бууруулсан...” гэж  маргажээ.

Нэхэмжлэгч “Эй Си Ди Си Электрик” ХХК нь 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Гурван булаг сод” ХХК-иас 008392213 дугаар падаанаар 45.454.545 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж тайлагнаж,  Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн 2011 оны 06 дугаар сарын тайлан, худалдан авалтын дэвтэрт тусган, НӨАТ болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасч тооцсон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Харин хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нэхэмжлэгч “Эй Си Ди Си Электрик” ХХК нь “Гурван булаг сод” ХХК-иас 008392213 дугаар падаанаар 45.454.545 төгрөгийн худалдан авалт хийж, худалдан авсан бараа, материалын үнийг төлсөн, түүнчлэн бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн болох нь санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудаар тогтоогдохгүй байна. 

Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “ татвар төлөгч нь хууль тогтоомжийн дагуу татвар ногдох зүйл, төлөх татварын хэмжээг тодорхойлох баримтыг бүрдүүлж, хуулийн этгээдийн тухайд нягтлан бодох бүртгэл ...  хөтөлнө” гэж заасны дагуу татвар төлөгч  “Эй Си Ди Си Электрик” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан хэлбэр, журмаар баримтаа бүрдүүлэх үүрэгтэй байна. 

Гэтэл  “Эй Си Ди Си Электрик” ХХК-ийн худалдан авалт хийсэн гэх нэмэгдсэн өртгийн албан татварын 008392213 дугаар бүхий падаанд худалдан авсан бараа, материалын тоо хэмжээ, нэгжийн үнэ зэргийг заагаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “ ... нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ ...” -ийг тусгасан байх хуулийн шаардлагыг хангаагүй байх бөгөөд худалдан авалт бодитойгоор хийгдээгүй, компани хий бичилттэй баримтыг тайландаа тусгасан нь “үнэн зөв, бодит баримтад тулгуурлан санхүүгийн тайланг үйлдэнэ” гэсэн Олон Улсын нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцээгүй  байна.  

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Эй Си Ди Си Электрик” ХХК нь “Гурван булаг сод” ХХК-иас 008392213 дугаар падаанаар 45.454.545 төгрөгийн худалдан авалт хийснийг нотлох, уг төлбөрийг бэлнээр болон бэлэн бусаар төлсөн /шилжүүлсэн/ тухай баримт байхгүй, түүнчлэн 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зарлагын баримт, кассын орлогын ордер зэрэг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 7 дугаар зүйлд заасан санхүүгийн анхан шатны баримтад тавигдах шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл дээрх анхан шатны баримтуудад холбогдох албан тушаалтан, ажилтны гарын үсэг бүрэн гүйцэд зурагдаагүй, кассын орлогын ордерт мөнгө тушаагч болон нярав гарын үсэг зураагүй, зарлагын баримтад шалгасан нягтлан бодогчийн гарын үсэг зурагдаагүй байх тул уг анхан шатны баримтыг хүчин төгөлдөр баримт гэж үзэхгүй. Учир нь дээрх анхан шатны баримтууд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д заасан “анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болох” хуулийн  шаардлагыг хангаагүй байна.

Иймд хариуцагч татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгч “Эй Си Ди Си Электрик” ХХК-ийг  “Гурван булаг сод” ХХК-иас бараа, материал худалдан аваагүй, төлбөр төлөөгүй атлаа 2011 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 50.000.000 төгрөгийн үнийн дүнтэй 008392213 дугаар падаанаар хий бичилт хийж,  төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар болон аж ахуйн нэгжийн  албан татвар ногдуулах орлогыг бууруулсан гэж үзэж, акт тогтоосон нь  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Дараах тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй”, 15.1.2-д “албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал” гэж  заасантай нийцсэн байна. 

Иймд нэхэмжлэгчийн “ ... төсөвт төлөх  нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын  албан татварыг бууруулсан гэж ... төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй,  ...  татварын улсын байцаагчид хэт нэг талыг барьж асуудлыг бодит бусаар шийдсэн...” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч “Эй Си Ди Си Электрик” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй  байна гэж  шүүх үзлээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 704 дүгээр тогтоолоор  яллагдагч Э.Ууганзаяа нь Я.Содчимэгтэй хамтран 2010-2011 онд “ Гурван булаг сод” ХХК-ийн НӨАТ-ын падаан дээр тэмдэг дарж, 1.194.752.200 төгрөгийн үнийн дүн бүхий хуурамч хий бичилт хийж, хуурамч баримт бичиг хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан үйлдэл нь тогтоогдсон гэж үзсэний зэрэгцээ  эрүүгийн 201201000065 дугаартай хэргийг Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай /2015 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосныг дурдах нь зүйтэй. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Эй Си Ди Си Электрик” ХХК-ийн “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Баярмаа, Д.Амаржаргал нарын 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 263161 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.БАТСҮРЭН