| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
| Хэргийн индекс | 112/2025/0032/З |
| Дугаар | 112/ШШ2026/0006 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 112/ШШ2026/0006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: “А Х Т” ТББ-ын дарга Н.Э
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.Уранцэцэг
Хариуцагч: Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.У, Д.Б
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунсүрэн нарын хооронд үүссэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг нар /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Т.У, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч нь Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлсон.
2.Хэргийн үйл баримт, процессын тухайд:
2.1. Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор “Хилийн боомт нээхийг дэмжих тухай” гэжээ.
2.2. “”Х м и г х” НҮТББ-аас “А Х Т” ТББ-ын тэргүүн Н.Э-д 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаар “Хүсэлт гаргах тухай” бичгээр тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоолгохоор хүсэлт гаргаж байна гэжээ.
2.3. Харин “А Х Т” ТББ нь 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.
2.4. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 170 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон.
2.5. 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж ирүүлсэн тул захиргааны хэрэг үүсгэсэн байна.
3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч “А Х Т” ТББ-ын дарга Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох гэжээ.
Нэхэмжлэлийн үндэслэлдээ: Нэхэмжлэгч “А Х Т” ТББ нь 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үүсгэн байгуулагдсан нийгэмд үйлчилдэг ТББ байгууллага юм. Манай байгууллага үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн байгууллагын дүрэмд тусгасан хүний эрхийн хамгаалал, байгаль орчин хамгаалал, хууль эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа, мэдээлэл, хүрээлэн буй орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах, нийтийн эрхийг нэхэмжлэн хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус байгууллага ба хүрээлэн буй орчныг хамгаалах үйл ажиллагааг шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хамгаалахыг эрхэм болгодог.
Манайд “ Х М И Г Х” НҮТББ-аас 2025 оны 09 сарын 15-ны өдөр 07 тоот албан бичгээр Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 сарын 13-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор “Хилийн боомт нээхийг дэмжих” тухай тогтоол хууль бус гэж үзэж буйгаа илэрхийлж тус тогтоолтой холбоотой асуудлаар хууль бус болохыг тогтоолгох асуудлаар хамтран ажиллах талаар хүсэлтээ ирүүлсэн. Тухайн албан бичгийн дагуу тогтоолын агуулгыг судалж үзэхэд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхүйц, сөрөг үр дагавартай тогтоол гэж үзсэн тул өөрт олгогдсон эрхийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Тодруулбал манай байгууллага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан шаардлагыг бүрэн хангасан байгууллага юм. “ Х М И Г Х” НҮТББ-аас ирүүлсэн хүсэлтэд Говь- Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19 тоот тогтоолыг хууль зөрчиж гаргасан байх талаар дурдаж, уг тогтоолыг хууль бус болохыг тогтоолгоход хамтран ажиллах тухай дурдсан. Бид уг хүсэлтийн дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хууль зүйн болон хэлбэрийн шаардлагад хууль зүйн дүгнэлт хийн ажиллаж уг тогтоолыг илт хууль бус захиргааны акт байх шинжийг бүрэн агуулж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн учраас илт хууль бус захиргааны актаар тогтоолгох тухай энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.
Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19 тоот тогтоолыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт буюу ...хуульд заасан бусад эрх... гэсэн зохицуулалтын хүрээнд хамаарч Хилийн боомт нээхийг дэмжих тухай гэсэн агуулгаар гарсан байдаг. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 тоот тогтоол гарах цаг үед уг тогтоолд дурдагдсан Нарансэвстэй Мазуншань гэх хилийн боомтыг сэргээн нээх тухай ямар нэгэн эрх зүйн баримт бичиг огт байхгүй байсан. Харин нэр бүхий боомтыг сэргээн нээх асуудлыг Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 08 сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Нарансэвстэйн хилийн боомтыг сэргээж нээх тухай гэж батлагдсан байдаг. Хилийн боомт нээх асуудлыг 2016 оны Хилийн тухай хуулийн 28 дугаар зүйлд ...Хилийн боомт шинээр байгуулах, хаах асуудлыг Улсын Их Хурлын шийдвэрийг үндэслэн хил залгаа улстай дипломат шугамаар харилцан тохиролцож шийдвэрлэнэ... гэж зохицуулсан байдаг. Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ...хуульд заасан бусад эрх... гэдэг хуулийн зохицуулалтыг үндэслэн тогтоол гаргасан нь өөрийн эрх хэмжээнээс хэтэрсэн захиргааны акт гаргасан байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зохицуулсанаар Захиргааны акт илт хууль бус болох гэсэн шинжийг агуулж байна. Тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.1 утга агуулгын илэрхий алдаатай; 47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан; 47.1.6.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй... гэсэн заалтуудад хамааруулж үзэх үндэслэлтэй байна.
Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна. Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна... гэж үздэг бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэсэн байдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 тоот тогтоолд дурдагдсан Нарансэвстэйн боомт нь 1975 онд байгуулагдсан Говийн их дархан цаазат газрын А хэсэгт хамаардаг бүс нутаг юм. Говийн их дархан газрыг 1991 онд НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага (1ЖЕ8СО)~ын Хүн ба шим мандлын хөтөлбөрийн шийдвэрээр Олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн, унаган байгаль, олон зүйл ховор амьтадын өлгий, дэлхийд данстай газар билээ.
Говийн их дархан цаазат газрын А хэсэг нь байгаль түүний нөөц баялагийг хамгаалах олон улсын холбоо (ШС1Т)-ны Улаан ном, Зэрлэг амьтадын нүүдэллэдэг зүйлийг хамгаалах конвенц (СМ8)-ийн 1, 2-р хавсралт зэрэгт бүртгэгдсэн 37 зүйл ховор, ховордсон амьтад бүхий амьтны аймгийн хувьд Монгол орны төдийгүй дэлхий дахины ач холбогдолтой бүс нутаг юм. Нарансэвстэй хилийн боомтыг нээсэн, дархан газрын өмнөд хэсгээр улсын хилийн дагуу засмал зам тавьснаар дараах сөрөг нөлөөлөл үүсэх юм. Зэрлэг амьтдын тархац нутаг хуваагдах, улирлын шилжилт, нүүдлийн зам хаагдах, Хилийн дагуу байрлах Хавтгайн шанд, Энгэрийн ус, Талын мэлтэс, Нүдэн булаг, Хонхор сухайт, Бэлийн мэлтэс, Нарийн тоорой, Майрын хошуу зэрэг булгуудаас хавтгай, мазаалай, хар сүүлт, хулан, аргаль зэрэг олон зүйл зэрлэг амьтад ундаалах боломжгүй болж үргэж дүрвэх, усны ундрага багасах, бохирдох; Говийн хайрга чулуугаар өнгөц бүрхэгдсэн зөөлөн хөрстэй, тачир сийрэг ургамалжилтай цөлийн эмзэг экосистем элэгдэл, эвдрэлд орж доройтон, байгалийн дахин давтагдашгүй байдлаа алдана. Хүрээлэн байгаа орчинд тооцоолох боломжгүй асар их хэмжээний сөрөг үр дагавар авч ирэх асуудалд огт судалгаа, дүгнэлт хийлгүй өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар тогтоол гаргах хууль зүйн үндэслэлгүй байна. Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрт олгогдоогүй, эрх хэмжээнд нь байхгүй,чиг үүрэгт нь үл хамаарах асуудлаар сөрөг үр дагавар бүхий тогтоол гаргасан нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхүйц хэмжээнд хүрч, Засгийн газрын бодлогын баримт бичигт тусаж Говийн их дархан цаазат газарт халдах үндэслэл болж, говийн их дархан цаазат газрын онгон дагшин байдал алдагдах суурь үндэслэл болохоор байна гэжээ.
3.2. Нэхэмжлэгч “А Х Т” ТББ-ын дарга Н.Э шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Манай нэхэмжлэлийн гол зорилго ердөө л говийн дархан цаазат газрын байгаа нөхцөлөөс нь дордуулахгүй байхад чиглэсэн нэхэмжлэлийг гаргаад байгаа юм. Тэгэхээр хариуцагч талаас болохоор нэгэнт л байгаль орчин сүйдчихсэн юм чинь энийг боомтыг нь нээгээд зам талбайг нь тавиад явах нь зөв байна гэсэн агуулгатай ийм тайлбар гаргаад байх юм. Энэ дотроо байгаль орчныг асуудлыг хариуцсан хүн нь сууж байгаа гэж ойлгож байгаа. Хэд хэдэн уст цэг арилсан, байхгүй болсон гэж яригдаж байна. Энэ тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах чиг үүрэг нь хаана байгаа юм. Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргад нь байгаа шүү. Дээрээс нь тусгай хамгаалалттай газар нутагт нь байгаад хамгаалалтын захиргаанд нь байгаа. Гэтэл тусгай хамгаалалттай газар нутгийг нэгэнт сүйдчихсэн, ус нь алга болчихсон учраас энэ зэрлэг амьтанд чинь ганцхан газар байгаад байгаа. Энэ ганцхан газар байгаа юм чинь бусад газрыг нь яаж ч ашигласан яах вэ гэсэн ийм агуулгатай тайлбар гаргаж байгаад харамсаж байна. 2 дугаарт түрүүн ярьсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хилийн боомтыг сэргээж нээх эрх байхгүй. Энийг дэмжих ч эрх байхгүй. Энийг чинь Монгол Улсын Засгийн газар үндэсний аюулгүй байдлын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд гадаад болон улсын дипломат төлөөлөгчийн газартай зөвшилцөж байж Улсын Их Хурлын тогтоол гаргах замаар шийдвэрлэдэг. Гэтэл энэ тогтоолын агуулгыг уншаад үзэхээр ерөөсөө л энэ чинь ноцтой асуудал байгаа. Бүгд Найрамдах Хятад ард улсын Дансу муж, Говь-Алтай аймгийг холбосон Нарансэвстэйн Мандушийн хилийн боомтын үйл ажиллагааг сэргээн нээхийг дэмжихийг 7 дугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олгохын саналаар дэмжсэн гэсэн агуулгатай тогтоол гараад байгаа юм. Тэгээд дэмжсэн гэсэн энэ агуулгатай тогтоолыг уламжлахыг даалгалаа гэж байгаа. Тэгээд энэ тогтоолын гол зорилго нь юу гэхээр ерөөсөө л хилийг сэргээнэ л гэсэн агуулгатай уншигдаад байгаа юм. Гарчиг нь болохоор хилийн боомтыг нээхийг дэмжих тухай гэсэн байгаа. Энэ хүрээлэн буй орчны газраас гарч байгаа энэ зам тавихтай холбоотой асуудал олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан. 33 мянган иргэний гарын үсэг цугласан. Одоо энэ дээр боомт нээх үү, үгүй юу гэдэг асуудалтай холбоотой энэ тогтоол гарсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөр учраас энэ тогтоолтой холбоотой урган гарч байгаа. Тэгэхээр энэ тогтоолын гол үр дагавар нь ингэж тусаад байгаа юм. Гадагш чиглэсэн хилийн боомтыг сэргээх эрх хэмжээ иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байхгүй. Үндсэн хуулийн 61.2-т заасан хэмжээ арай өөр эрх хэмжээ буюу хилийн боомттой ямар ч байдлаар холбогдохгүй. Харин орон нутгийн иргэдийн амьжиргааг яах вэ гэдэг асуудлыг л шийднэ гэжээ.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Тэгэхээр гол маргаж байгаа зүйл буюу маргаж байгаа акт маань нэг болохоороо хэрэгжихгүй ч юм шиг хариуцагч нар тайлбарлаад, нэг болохоор хэрэгжээд чухам боомт болоод эдийн засаг нь хөгжөөд Говь-Алтай аймаг ганцаараа хөгжлөөс хоцроод ганцаараа хөгжих гээд л байгаа мэт тайлбарлаад байна. Тэгээд ашиг сонирхлын хувьд ерөнхийдөө илт байгаа нь мэдэгдэж байна. Боомт нээхийг нь тодорхой болгоод зорилго нь тодорхой, мөрөөдөл нь ч тодорхой байна. Боомттой болчихвол Говь-Алтай аймаг ажлын байртай ч болчих юм байна. Боомт нээснээр ажлын байртай болно гэдэг судалгаа өөрсдөд нь ч байхгүй. Тэр чинь хил гаалийнхан буюу тусгай төрийн байгууллагууд гүйцэтгэж хамгаалах болохоос биш Говь-Алтай аймгийн иргэд очоод тэнд мэргэжлийн шаардлага хангаад ажиллаад явах юм огт байхгүй. Ийм өрөөсгөл, ийм өнгөцхөн байдлаар Монгол Улсын хилийг хамгаалж байгаа аймаг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байж ийм юм яриад байж байгаа нь үнэхээр харамсалтай. Харин ч энэ нэхэмжлэлийг гаргаж шүүхэд өгснөөрөө бид нийтийн эрх ашиг ирээдүйд хохирох гээд байна гэж үзэж байгаа. Яаж хохирох гээд байгаа юм бэ гэхээр хил нээснээрээ амьтан ургамал бүх юм сүйрнэ. Өнөөдөр хил нээлттэй газрууд зөндөө байна. 5000 км-ийн зайтай байна гээд хөгжөөд хоцорчихсон юм байхгүй. Замын-Үүд нээгдсэнээр өнөөдөр Монгол орон яаж хөгжсөн юм, хөгжсөн юм алга. Ганцхан Эрээнтэй л холбоотой, сүүлдээ Эрээнийхээ юмыг ч авахгүй байя гэдэг иргэдийн санаа оноо хаа сайгүй яригддаг боллоо. Гэтэл 19 дүгээр тогтоол өөрөө ямар ч хуулийн хүрээнд гараагүй. 1950 хэдэн онд гарч байсан гээд ярьж байна. Энэ тогтоол гарснаараа Засгийн газрын хөгжлийн тогтоолд буюу ер нь нээх санал нь ирж байна гэсэн хэрнээ явуулаагүй гээд зөрүүтэй, маш үндэслэлгүй гэдэг нь энүүгээрээ харагдаад байгаа юм. Хуулийн хүчин чадалгүй дотогшоо чиглэсэн ч бүү мэд гадагшаагаа чиглэснээ ч тайлбарладаггүй. Мөн нэг хувийг нь ч явуулаагүй, одоо хүртэл хадгалаад байж байдаг хууль зөрчсөн юмнууд байна. 2 дугаарт энэ ерөөсөө хилийн хуулийг зөрчсөн, холбогдох хууль тогтоомжуудыг баримтлаагүй. Үнэхээр Засаг захиргааны нэгжийн тухай, удирдлагын тухай бусад хууль тогтоомжид заасан эрх гэх юм бол тэр бусад салбар хуулиасаа баримтлах заалтаа олоод барьсан бол бид нар өнөөдөр маргахгүй. Яах аргагүй хөгжилтэй холбоотой юм байна, яах аргагүй хуулийн дагуу гаргачихсан юм байна, яах аргагүй хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргаж чадсан учраас ач холбогдолтой юм байна гэдэг байдлаар хандахаар байлаа. Тэгсэн хэрнээ төрийн бус байгууллага ямар ч эрх хэмжээгүй, ямар ч ашиг сонирхол нь зөрчигдөөгүй гээд байх юм. Нийт эрх ашиг гэж өнөөдөр Захиргааны ерөнхий хуульд бүр тов тодорхой зааж өгөөд холбогдох хууль тогтоомжоор заагаад өгчихсөн байна. Юуг нийтийн эрх ашиг гэх юм, юуг тохирсон гэж үзэх юм гэдгийг тайлбарласан байгаа. Гэтэл ач холбогдол нь гараагүй, батлагдлаа ч үгүй, нээгээ ч үгүй байхад ийм зүйл гаргаж байна. Засгийн газар руу явуулахыг ажлын албанд даалгасугай гэсэн байгаа. Засгийн газар чинь уг нь Байгаль орчны яам л даа, төрийн байгууллага. Гэтэл сайдаасаа том эрх гаргаад ийм тогтоол гаргачхаад энийгээ нэг бол хэрэгжихгүй юм яриад, нэг бол хэрэгжих юм яриад 2 салаа зүйлтэй юм яриад байдаг. Тийм учраас хууль зөрчсөн тогтоол байна гэж өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийнхээ дагуу гаргаж байгаа юм. Үндсэн хуульд заасан маш олон холбогдох хууль тогтоомж байгаа. Даалгах хүмүүсрүүгээ даалгахгүй, аймгийнхаа хүрээнд шийдэх гэж байгаа юм бол аймгийнхаа хүрээнд л даалгамаар юм. Хаа байсан Засгийн газар руу мэдэгдэл хүргүүлээд ч байгаа юм шиг, санал хүргүүлээд ч байгаа юм шиг, даалгаад ч байгаа юм шиг хэрэгжүүлээд өгөөч гээд байгаа юм шиг хууль батлаад өгөөч гэж байгаа юм шиг ерөөсөө агуулгын хувьд ч тийм болчхоод байгаа юм. Тийм учраас өнөөдөр энийг ярихаас өөрцгүй нэхэмжлэл гаргаж байгаа. Ан амьтнаа боддоггүй, хүнээ боддоггүй, хүний хөгжил ярьж ганцхан эдийн засгийн мөнгө ярьж Европын Азитай холбогдоно ч гэх шиг. Европын Азитай холбогдсоноороо Монгол Улс хөгжихгүй. Энэ зөвхөн бүлэгхэн хүний ашиг сонирхол байхыг ч үгүйсгэхгүй гэсэн үндэслэл ч байна гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Нутгийн өөрөө удирдах байгууллага энэ хуулийн 20.1-д заасан чиг үүргээс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нутаг дэвсгэрийнхээ тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу аймгийн Засаг даргын өргөн мэдүүлснээр хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд холбогдох хууль тогтоомжийг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг баталсан болно. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг хөгжлийн бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүдэд хилийн боомтыг сэргээн нээх тухай асуудлыг тодорхой тусгасан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.2.8-т-“Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” тусгагдсан ба хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-т "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр" гэж Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилго, зорилтод нийцсэн Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглэсэн төлөвлөлтийн баримт бичгийг ойлгоно гэж тодорхойлсон. Хилийн боомт нээх тухай асуудал нь Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан улсын хэмжээний бодлогын асуудал юм.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр юун дээр үндэслэж боловсруулагдаж батлагдаж байгаа гэхээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, 5 жилийн хөгжүүлэх үндсэн чиглэлийг үндэслэж Засгийн газрын үйл ажиллагааг 4 жилд хэрэгжүүлэх хөтөлбөрийг баталж явдаг. Энэ үндсэн дээр юу хэлэх гээд байна гэхээр Нарансэвстэйн хилийн боомтыг сэргээн нээх асуудал бол аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шууд шийдвэр гаргаад нээчихсэн асуудал биш. Энэ бол улсын хэмжээний бодлогын зорилтот 2020 оноос хойш тусгагдсан байсан асуудал. Энэ боомт нээх эрх хэмжээ байхгүй байхад тогтоол гаргачихсан юм биш үү гэж байна. Манайх тогтоол гаргаснаараа энэ боомтын үйл ажиллагааг шууд нээх гэдэг юм уу, эрх зүйн шууд үр дагавар бий болоогүй гэж үзэж байгаа юм. Энэ нь саналын шинжтэй л ийм тогтоол гаргасан. Хилийн боомт шинээр байгуулах, хаах асуудлыг Монгол Улсын хилийн тухай хуулиар, Улсын Их Хурлын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээр заасан байгаа. Хилийн боомтыг манай 2022 оны 19 дүгээр тогтоолоор яг хилийн боомтыг нээсэн асуудал бол байхгүй гэжээ.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар хэлье. Манай говь дархан газрын ай сав нь тусгай хамгаалалттай газрын 3 бүсэд хамрагддаг. Хязгаарлагдмал хамгаалалтын зонхон бүс гээд байгаа. Яг өнөөдөр дархан газар маань онгон байдлаа алдсан, нөхцөл байдал хүнд байгаа. Тэгэхээр нэхэмжлэл тал ч гэсэн бас дархан газар руу очоод нөхцөл байдал нь ямар байгаа юм, үнэхээр онгон байгаа юм уу, алдчихсан байгаа юм уу гэдэг юмаа бас өөрсдөө очиж нүдээрээ үзээд нөхцөл байдлаа өөрсдөө тодорхойлбол маш сайн ойлгох байх гэж бодож байна. Бид бүхэн 2024-2025 онд дархан газар дээр судалгаанууд хийсэн. Эвдэрсэн газрын чиглэлийн энэ судалгаагаар хамгаалалтын бүсэд 3,5 га газар, онгон бүсэд 0,43 га газар явуулаад байна. 0,43 га газар эвдэрсэн. Яагаад гэхээр энэ тусгай хамгаалалттай газар онгон газар дархан газар руу ямар ч алт олборлох хууль бус үйлдэл явуулахыг хориглосон байдаг. Гэтэл эвдэрчихсэн, тэр дундаа онгон бүсэд нь техник ороод тэсэлгээ хийгээд алт ухчихсан, хууль бус ийм нөхцөл байдлууд газар дээрээ нотлох баримттайгаа байгаа. Тэгэхээр энд хэн нэгэн ороод энэ асуудлуудыг хөндөөд ийм үйл ажиллагаа явуулаад байх боломжгүй. Тийм учраас дархан газрынхантай холбоотой гэж бид бүхний зүгээс үзэж Монгол Улсын экологийн цагдаад миний зүгээс энийг шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан. Тэгэхээр онгон бүс, онгон байдлаа алдана гэж яриад байгаа. Энд онгон байдлаа алдсан гэж миний зүгээс үзэж байгаа юм. Дараагийн асуудал нь зэрлэг амьтдын Монгол, Хятадын хил орчмын шилжилт хөдөлгөөн хаагдана гэж ярьж байна. Өнөөдөр Хятад улс, Монгол улс хоёрын хооронд хил дамнаад амьтад шилжилт хөдөлгөөн хийхгүй байгаа. Яагаад гэхээр Хятад улс маань амьтан битгий хэл бараг ямар нэгэн хүн ч орохоор боломжгүй 2 давхар тор мөн хил дагуу засмал зам, сайжруулсан шороон зам тавигдчихсан. Тэгээд хил дагуу нээлт уурхай, бусад ийм чиглэлийн үйл ажиллагаанууд үйлдвэр үйлчилгээнүүд явагдаж байгаа. Тэгэхээр сүүлийн 2006 оноос хойш хийгдсэн судалгаагаар хил дамнаж шилжилт хөдөлгөөн амьтад хийгээгүй хийгдэхгүй байна. Энэ амьтдын шилжилт хөдөлгөөн бол яг хилээ дагаад голлож байршихгүй байна. Ус цэгээ түшиглээд энэ ургамалтай амьдрах таатай орчноо бүрдсэн уул, ус, ургамлаа түшиглэж зэрлэг амьтад байршиж байна, тогтвортой баригдаж байна гэдэг ийм судалгаанууд гарчихсан. Энэ нь юу гэхээр мазаалай дээр жишээ нь цагаан богд, шар хулсын нуруу, мөн хавтгай шарлагдсан энэ уулуудаа түшиглэж мазаалайнууд маань голлож байршиж байна гэдэг судалгаанууд гарсан. Дараагийн асуудал нь усны асуудал байгаа юм. Энд бол 8 уст цэгийн асуудлуудыг ярьсан. Энэ хил дамнаж дархан газарт байгаа уст цэгүүдийн хувьд бид бүхэн 2025 онд усны асуудлаар судалгаануудыг хийсэн. Судалгаагаар нийт дархан газарт байгаа ус цэгийн 30% нь устаж ширгэсэн, үгүй болсон судалгаа гарсан байгаа. Мөн баян бүрдүүд байгаа. 8 баян бүрдээс 4 баян бүрд нь устаж үгүй болж хатаж ширгэсэн, доройтсон ийм нөхцөлүүд байгаа. Тэгэхээр онгон бүсдээ байгаа жоохон ус цэгээ түшиглэж зэрлэг амьтад маань байршиж байгаа гэдгийг ямар ч амьд амьтан мэдээж усаа түшиглэнэ. Тэгээд уснууд хил дагуух 8 ус цэгийг тодорхойлж энэ дээр нэхэмжлэл үүснэ. Энд бол хамгийн ойрхон нь 7км-т, 15км-т, тэрнээс цаашдаа 30-40км-т байгаа. Саяын дурдсан үс цэгүүд байгаа гэдгийг бол хэлье. Энэ ус цэгүүдийг түшиглээд зэрлэг амьтад маань байхгүй тоотой нэг улирлын чанартай үзэгдэх төдийд гол их масс нь бол онгон бүсээ түшиглэж зэрлэг амьтад нь байршиж байгаа гэдэг ийм зүйлийг ярьж байна. Энэ дээр ямар нэгэн байгаль орчинд сөрөг нөлөө одоогийн байдлаар харагдахгүй байгаа. Цаашид ч гэсэн мэдээж Нарансэвстэйн үйл ажилгааг нээгээд зам тавиад явах юм бол байгаль орчинд нарийвчилсан үнэлгээнүүд хийгдэх байх. Нарийвчилсан үнэлгээ дээр нь яаж тусгагдсан эсэх гэдэг асуудлууд яригдах байх гэдгийг та бүхэнд саяын ярьсан нэхэмжлэхийн дагуу товч тодорхой зүйлүүдийг хэлье гэж бодож байна гэжээ.
3.6. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунсүрэн шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нийтийн эрх ашгийг хамгаалж оролцож байгаа нэхэмжлэгч нар нэхэмжлэгчийнхээ хүсэл зоригийг сайн ойлгомоор байна. Тэгж байж нэхэмжлэлээ гаргаж ярих хэрэгтэй. Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хариу тайлбарууд нь хоорондоо зөрөөд байх юм. Нэхэмжлэл дээрээ бичихдээ 4 асуудлыг бичсэн байх юм. Би тэр 4 асуудал дээр нь хууль зүйн дүгнэлт хийсэн. Тэгсэн хэрнээ шүүх хурал дээр шал өөр юм ярьж яваад байх юм. Наад 19 дүгээр тогтоол чинь хэрэгжихгүй, угаасаа ийм юмыг байлгаж яадаг юм, байсан ч яалаа, байхгүй байсан ч яалаа гээд төлөөлөгч нь ярих юм, эсвэл наад 19 дүгээр тогтоолоос чинь болоод хил нээхээр болчихлоо, танай аймаг ганцаараа хөгжих гээд байгаа юм уу, хоцрох гээд байгаа юм уу гэх юм. Нийтийн эрх ашгийг хамгаалж байгаа нэхэмжилж гаргаж байгаа талууд энэ сэдвийнхээ асуудлыг өргөн ойлгоорой. иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэдэг бол Монгол Улсын Засаг захиргааны, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд сонгуулиар сонгогдоод гараад ирсэн иргэд өөр өөрсдийн төлөөлж байгаа сум, орон нутгийнхаа иргэдийн байр суурийг хамгаалж оролцож саналаа хэлдэг, нутаг орноо хөгжүүлэхэд оролцдогийг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 1-т заагаад өгчихсөн. Нутгийн өөрөө удирдах байгууллага гэдэг чинь сум орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амын зохион байгуулж оролцдог ийм газар юм. Гэтэл та нар Хилийн тухай хууль зөрчөөд Их хурал, Засгийн газрын шийддэг асуудал дээр хошуу нэмэрлэлээ гээд байх юм. Гэтэл энэ Үндсэн хуулийн чинь 62 дугаар зүйлийн 1-т нутаг орныхоо иргэдийн сонгуулиар гараад ирсэн төлөөлөгч нар чинь үгээ хэлж, улс орноо яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр саналаа хэлээд ийм тогтоол гаргажээ. Тэгэхээр цагаан дээр хараар бичигдсэн нэхэмжлэл дээр тулгуурлаж ярья. Нэхэмжлэлд 1 дүгээрт зэрлэг амьтдын тархац, улирлын шилжилт, усны ундарга багасах, бохирдох энэ зүйлүүд алдагдана. Хүрээлэн байгаа орчинд тооцоолох боломжгүй асар их хэмжээний сөрөг үр дагавар авч ирэх асуудалд огт судалгаа дүгнэлт хийхгүй, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар тогтоол гаргах нь хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн ийм нэхэмжлэл гаргажээ. Тэгэхээр зэрлэг амьтад тархахад улирлын шинжтэй хөдөлгөөн, усны ундарга талаар яг мэргэшсэн байгууллагынх нь төрийг төлөөлж байгаа Байгаль орчны газраас нь хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгчөөр орж ирээд судалгаатай тайлбаруудыг хавтаст хэрэгт оруулчихсан байдаг юм байна. Тэгэхээр нэхэмжлээд байгаа нэхэмжлэгч нь өөрөө нэхэмжлэгчдийнхээ хүсэл зоригоо ойлгоогүй, судалгаа шинжилгээгүй байна л гээд тооцоод яриад байдаг. Өөрсдөө нэхэмжлэлээ гаргахдаа хэдэн ширхэг баавгай байсан юм, мазаалай ч гэдэг юм уу тэр судалгаа нь хаана байгаа юм. Гэтэл хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгчийн байгаль орчны газраас авсан Говийн их дархан цаазат газрын судалгааг нь үндэслээд тэр дотроос шударгаар өнөөдөр дархан газар ийм байна, ийм эрсдэлтэй байна, ийм аюултай байна, цаашид ийм байх юм байна гэдгийг судалгааг нь гаргаж ирээд тэр дотроос нь онгон, дархан газар устчихсан юм байна гэсэн иймэрхүү юмнуудыг нь татаж гаргаж ирээд хэл ам хийгээд байгаа юм. Гэтэл өнөөдөр сөрөг дагавар ийм байна, ирээдүйд ийм байх юм байна, ийм учраас нутаг орон өөрсдөө боомтоо хэрэв нээх манайд ийм ач холбогдолтой юм байна гэдэг байдлаар саналаа л гаргасан байхад нэхэмжлэлийнх нь шаардлага нь ойлгомжгүй, зөрүүтэй болчхож байгаа.
Тэгэхээр чиг үүрэгт хамааралгүй эрх хэмжээнийхээ хүрээнээс давуулчихсан гэдэг асуудлыг ярьдаг. Би тэрийг Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 1-т заасныг 19 дүгээр тогтоол дээр үндэслэсэн нутгийн өөрөө удирдах байгууллагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар саналын шинжтэй, иргэдийнхээ төлөөлж байгаа хүмүүс нь саналаа гаргах боломжтой байна гэдгийг бол хэлж байгаа юм. Дараагийн 2 дахь асуудал болохоор Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрт оногдоогүй эрх хэмжээнд байхгүй, чиг үүрэгт үл хамаарах асуудлаар сөрөг үр дагавар бүхий тогтоол гаргасан. Энэ нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхүйц хэмжээнд хүрч, Засгийн газрын бодлогын баримт бичиг тусгаж, Говийн их дархан газарт халдах үндэслэл болсон гээд биччих юм. Сөрөг үр дагавар бүхий захиргааны акт гэж юуг хэлдэг юм гэдэг асуудал дээр ярья. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсэгт сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг эрх зүйн үйлчлэл, чиглэсэн үүрэг бий болгосон, эсвэл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг олгоно гэж байна. Гэтэл өнөөдөр энэ тогтоол саналын шинжтэй, иргэдийнхээ хүсэл бодол, хүсэл зориг, саналыг илэрхийлж байгаа тогтоол болохоос биш хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлаагүй байна гэж би дүгнэж байна. Дараагийн дугаарт нь 19 дүгээр тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг нь тогтоолгоод өгөөч гэж байгаа юм. Тэгэхээр би дахиад хэлье, нийтийн эрх ашгийг хамгаалж байгаа нэхэмжлэгч болон өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийнхээ хүсэл зоригийг бүрэн ойлгоогүй байна гэдгийг дахиад би хэлчихье. Энийг шүүх харгалзан үзээрэй гэж хүсэж байна. Энэ дээр илт хууль бус захиргааны акт мөн юм уу биш юм уу гэдэг дээр тайлбар хэлье. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл дээр 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг асуудлыг тавиад байна. Тэгэхээр аливаа үйлдэл, үйл ажиллагааг хуулиар хориглочихсон байхад түүнийг захиргааны актаар шууд эсвэл зөвшөөрчихнө, эсвэл зөвшөөрсөн үр дагаврыг үүсгэсэн байх юм бол энэ захиргааны акт гарах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж Дээд шүүх тайлбарладаг. Тэгэхээр энэ агуулгаараа авч үзэх юм бол илт хууль бус захиргааны акт биш байна гэж үзэж байна. Энэ шинж ерөөсөө тогтоолд алга байна шүү дээ. Тэгэхээр энэ 19 дүгээр тогтоол болон Засгийн газар, Улсын Их Хурлын шийдвэрт шууд нөлөөлөөд юу гэдэг юм 19 дүгээр тогтоолыг барьж очоод Засгийн газар, Их хурлын тогтоол гарчихсан юм энэ дээр ерөөсөө байхгүй байгаад байна. Хэрэгт авагдсан баримтуудаас яах вэ 2022 оны хурал юм шиг байна. Тэгээд архивд захиргааны шүүхээс нотлох баримтаа өөрсдөө бүрдүүлнэ гэдгээр бичиг ирээд нотлох баримт бүрдүүлсэн байна. Гэвч тэр үеийн архивд яг байгаа материалуудаа өгсөн юм байна. Тэр дотор бол Улсын Их Хурлаас сэргээх, нээх шийдвэр гараагүй, 19 дүгээр тогтоолыг Монгол Улсын Засгийн газар уламжилсан баримт архивд байхгүй гэсэн хариу нь хэрэгт авагдчихсан байдаг юм байна. Тэгэхээр нэхэмжлэл нь ойлгомжгүй, тодорхойгүй асуудлууд яваад байгаа юм. Би энэ хэрэгтэй танилцахдаа нийтийн эрх ашгийг хамгаалаад байгаа Амьд хууль, төрийн бус байгууллага ер нь нэхэмжлэл гаргах шаардлага Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3-д заасан шаардлагыг хангасан юм болов уу гэж үзсэн. 3 жилээс дээш үйл ажиллагаа явуулсан гээд 3 жилийн тайлан нь харагдах шиг болно лээ. Яах вэ нийтийн эрх ашиг гэдгээрээ байна. Гэхдээ хэрэгт авагдсан дүрэм байгаа нотариатаар баталгаажуулсан дүрмийн хуулбар байсан, улсын бүртгэлийн гэрчилгээ байсан. Тэр дүрэм дээр 2023 оны 09 сарын 28-ны 1 дүгээр хавсралт гээд 2023 оны 10 сарын 18-ны өдрийн нотариатын үйлдэлтэй мөртөө дүрмийн хамгийн арын хуудсан дээр 2025 оны 10 сарын 10-нд нотариат хамгийн сүүлийн хуудсан дээр бүртгэл хийсэн байх юм. Тэгэхээр энэ дүрмээр нь харахаар 2023 оны 09 сарын 28-ны дүрэм юм уу гэж харахаар 3 жил нь болоогүй юм шиг. Байгуулагдсан он бол улсын бүртгэлээс өөрсдийнх нь гаргаж өгсөн баримтыг үзэхэд бол болсон юм шиг байна. Гэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дээр бичмэл нотлох баримтын шаардлага бас байгаа. 38.2 дугаар зүйл дээр бичмэл нотлох баримт ямар шаардлага хангасан байх юм бэ гэдгийг заагаад өгчихсөн. Хэрэгт цугласан нотлох баримтаас харахаар 3 жил болоогүй юм шиг харагдаад байгаа юм.
Тэгэхээр хэрвээ 3 жил болоогүй юм бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109.2 дээр процессын хуулийн 54.1-д заасан төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг буцааж хэрэгсэхгүй болгоод нэхэмжлэлийг буцаана гэсэн заалт байдаг. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109.2 дугаарт зааснаар хэрэгсэхгүй болгохгүй юм шиг би хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд ярьж байгаа юм. Нэгэнт шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан учраас миний хувьд 109.2 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргахгүй этгээд байна гэж үзэж байна. Хоёрдугаарт нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад, талуудын байр суурь, хүсэл зоригийг сонсчихсон учраас энэ Говь-Алтай аймаг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа саналын шинжтэй тогтоол гаргаад судалгаа шинжилгээ хийчихсэн байна. Ирээдүйд боомт нээх юм бол зам харилцаа хийх юм бол ямар байна гээд бүх судалгаануудаа яг нотлох баримтаар, шинжлэх ухааны үндэслэлтэй, зүгээр сэтгэлийн хөөрлөөр гарын үсэг гээд нийтийн эрх ашгийг хамгаалж байгаа бол ингэж яримааргүй байна. Шүүх дээр мэтгэлцэж байгаа учраас нотлох баримтад үндэслэцгээе. Шинжлэх ухааны үндэслэлтэй баримтуудаа Байгаль орчны газраас гаргаад өгчихсөн байдаг юм байна. Энэ тогтоолыг гаргаснаараа манай аймагт хэрэв боомт нээгдээд зам харилцаа сайжирвал ямар байхыг төсөөлөөд судалгаа хийчихсэн юм байна. Заавал яагаад хэн нэгэн хүнд таалагдах ёстой юм, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрсдөө ард иргэдээ төлөөлж байгаа учраас судалгаагаа гаргаад хэрэгт хавсаргачихсан байна. Мөн тусгай хамгаалалттай газар нутагт байдаг ан амьтнууд байна. Хавтгай, мазаалай, хулан, хар сүүлт гээд амьтад байдаг тухай биччихсэн байна. Эдгээр амьтад нь нээрээ сүйдэж байгаа юм болов уу гэсэн асуудлуудыг тавьдаг. Гэтэл энэ боомтыг нээгээд зам харилцаа явах гээд байгаа газар нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан дархан газрын бүсийн 3 дугаар заалт буюу хязгаарлалтын бүсэд орчихсон байх юм. Тэгэхээр хязгаарлалтын бүсийн дэглэмийн 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйлд боомт нээх, зам харилцаа тавихыг зөвшөөрчихсөн байх юм. Тэгэхээр эндээс үзэх юм бол 19 дүгээр тогтоол хэний ч эрх ашиг болон өөрсдийнхөө эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан бусад Засгийн газар, Улсын Их Хурлын эрх хэмжээнд нь яваад орчихсон, энэ захиргааны актаас болоод элдэв сөрөг нөлөөлөл бүхий үйл явдлууд, үйлдэл болчихсон юм ерөөсөө харагдахгүй байгаад байна. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19 дүгээр “Хилийн боомт нээхийг дэмжих тухай” тогтоолоор БНХАУ-ын Гансу муж Говь-Алтай аймгийг холбосон “Нарансэвстэй Мазуншань” хилийн боомтын үйл ажиллагааг сэргээн нээхийг 7 дугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжсэнийг Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд даалгасан байна.
5. Монгол Улсын Их Хурлын 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоол “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталсан. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.2. Боомтын шинэчлэл, тээвэр, логистик хэсгийн 3.3.2.8-д “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэж тусгагдсан байна.
6. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ХЭГ/3340 дүгээр албан бичгээр “Монгол Улсын хилийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Хилийн боомт шинээр байгуулах, хаах асуулдлыг Улсын Их Хурлын шийдвэрийг үндэслэн хил залгаа улстай дипломат шугамаар харилцан тохиролцож шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд Улсын Их Хурлаас Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээх шийдвэр гараагүй байна” гэсэн;
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ТГ-04/1351 дүгээр албан бичгээр “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг ... хэлэлцсэн. Төслийг хэлэлцэх үеэр холбогдох заалтын талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй, уг заалтад өөрчлөлт оролгүйгээр өргөн мэдүүлсэн төслөөрөө батлагдсан болно” гэсэн албан бичгийг тус тус ирүүлсэн байна.
7. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг шүүх үнэлэхдээ захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж буй этгээдийн эрх зүйн байдлыг зайлшгүй тодорхойлох шаардлагатай, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч этгээдээс өөрийн субьектив эрх зөрчигдсөн гэж маргасан, эсхүл нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргаж буй эсэхийг шүүх тодорхойлсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагуудад дүгнэлт хийх ёстой.
8.1. Нэхэмжлэгч “А Х Т” ТББ нь 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үүсгэн байгууллагдаж, 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаар хэлэлцэж, байгууллагын дүрмийг шинэчилж, бүртгүүлсэн байх ба дүрмийн 6 дугаар зүйлд байгууллагын зорилго, үйл ажиллагааны чиглэлийг ...хүрээлэн буй орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах... гэж тодорхойлсон байна.
8.2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т ““захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд” гэж хуулиар эрх олгогдсон этгээд, энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг”, 18 дугаар зүйлийн 18.3-д “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна”, 18.3.1-т “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх”, 18.3.2-т “дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэж тус тус заасан.
8.3. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд төрийн бус байгууллага нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх, дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байхыг шаардахаар байна.
8.4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч төрийн бус байгууллага нь 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үүсгэн байгууллагдаж, 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаар хэлэлцэж, байгууллагын дүрмийг шинэчилж, бүртгүүлэхдээ дүрмийн 6 дугаар зүйлд байгууллагын зорилго, үйл ажиллагааны чиглэлийг ...хүрээлэн буй орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах... гэж тодорхойлж, сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан болох нь үйл ажиллагааны тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан болон бусад баримтаар тогтоогдож байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.
9. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д илт хууль бус захиргааны актын шинжийг тодорхойлсон бөгөөд үүнд, утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй зэрэг шинжийг хадгалж байвал илт хууль бус захиргааны акт гэж үзнэ.
10. Илт хууль бус захиргааны акт гэдэг нь эрх зүйт төрийн зарчимд илэрхий харш, ноцтой хор уршиг бүхий алдааг илэрхийлэх бөгөөд тухайн захиргааны актаар бий болгосон үүргийг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэггүй, мөн захиргаа түүнийг хэрэгжүүлэх ёсгүй байдаг. Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчилэлгүй байдаг тул захиргааны актыг хүчингүй болгох тухай ойлголт байхгүй харин “илт хууль бус болохыг тогтоох” боломжтой.
11. Хэдийгээр илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчилэлгүй ч түүний оршин байгаа байдал нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг хөндөж болох тул нэхэмжлэгчийн хувьд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол байх ёстой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийг хангаснаар нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дээрдэх боломжтой байна гэсэн үг юм.
12. Утга агуулгын илэрхий алдаа нь шийдвэр гаргагч байгууллага, албан тушаалтан нь өөрөө буюу хэн ч уншсан, шууд ойлгогдох хэмжээний, залруулгагүйгээр биелүүлэх боломжгүй алдаа мөн агуулга нь утгагүй, логикгүй, эсвэл бодит байдалд нийцэхгүй, хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлэх бөгөөд “маргаан бүхий” буюу “хууль бус” захиргааны актаас ялгаатай нь хуульч биш, ердийн дундаж хүн хараад илэрхий алдаатай гэж дүгнэлт хийж чадах захиргааны актыг хэлнэ.
13. Харин захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтаны аливаа үйлдэл, үйл ажиллагааг хуулиар хориглосон байхад түүнийг захиргааны актаар зөвшөөрсөн, хуулиар олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлсэн буюу үндэслэлгүйгээр эрхийг хязгаарласан үйлдэлд хамаарна.
14. Монгол Улсын хилийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Хилийн боомт шинээр байгуулах, хаах асуудлыг Улсын Их Хурлын шийдвэрийг үндэслэн хил залгаа улстай дипломат шугамаар харилцан тохиролцож шийдвэрлэнэ” гэж заасан.
15. Энэ тохиолдолд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 дүгээр тогтоолоор БНХАУ-ын Гансу муж Говь-Алтай аймгийг холбосон “Нарансэвстэй-Манзуншань” хилийн боомтыг шинээр байгуулсан гэж үзэхгүй бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх, үүний төлөө хариуцлага хүлээх” засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарчмын хүрээнд “Нарансэвстэй-Манзуншань” хилийн боомтыг сэргээн нээхийг дэмжсэн тогтоол байна.
16. Ингэж дэмжсэн тогтоол гаргаснаар Монгол Улсын Их Хурлын хуулиар олгосон бүрэн эрхийн асуудлыг тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд тухайн акт утга агуулгын илэрхий алдаатай, хуулиар хориглосон, олгогдоогүй эрх мэдлийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлсэн гэж үзэхгүй юм.
17. Мөн тухайн Нарансэвэстэйн боомтыг сэргээж, нээх шийдвэр гараагүй, Улсын Их Хурлын 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Нарансэвэстэйн боомтыг сэргээж, нээнэ гэсэн байдлаар тусгагдсан байна.
18. Нарансэвэстэйн боомтыг сэргээн нээсэнтэй холбогдуулж Говийн Их дархан цаазат газрын өмнөд хэсгээр боомт хүртэл засмал зам дайран өнгөрч байгаатай холбогдуулан зэрлэг амьтадын тархац нутаг хуваагдах, дайжин дүрвэх, говийн хайрга чулуугаар өнгөц бүрхэгдсэн зөөлсөн хөрстэй тачир сийрэг ургамалжилтай эмзэг экосистем элэгдэл, эврэлд орж доройтон байгалийн дахин давтагдашгүй байдлаа алдах болно гэдийг шүүх үгүйсгэхгүй. Харин Нарансэвэстэйн боомтыг нээхийг дэмжсэн тогтоолын тухайд хүрээлэн байгаа байгаль орчинд тооцоолох боломжгүй асар их хэмжээний сөрөг үр дагавар үүсэх, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхүйц хэмжээний хор хохиролтой гэж шууд дүгнэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй тул маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус байх тохиолдлуудын хүрээнд хянан шийдвэрлэлээ.0
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын хилийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “А Х Т” ТББ-ын нэхэмжлэлтэй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-т зааснаар “А Х Т” ТББ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ