Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 96

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзийгөөр хөтлүүлж

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгч: Б.Ц  нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х б овогтой Б -ын Ц-ад холбогдох 181200148021 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

   

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Ц  нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний орой 22 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг, Ягаан гэх газарт иргэн Ш.Э ын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч Ш.Э ын өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр аймгийн төв орчихоод орой 17 цагийн үед гэртээ хариад байж байтал манайд 21 цагийн орчим Ц, П хоёр согтуу ирсэн юм. Манайд ороод 20-30 минут болоод тэр хоёр явах гэснээ явж чадахгүй болохоор нь П-г машиндаа суулгаад, Ц мотоцикльтой араас дагаад хэсэг явж байснаа намайг Ц дуудаад байхаар нь би зогсоход мотоцикльтой явж чадахгүй байна, мотоциклио ачаад машинд дотор чинь суугаад явъя гэхээр нь мотоциклийг нь ачаад Цыг машинд нь суулгаад явцгаасан юм. Тэгтэл замаа олохгүй довон дотор донслоход Ц өөрөө машины цонх мөргөчихөөд надаас яаж яваад байгаа юм бэ хэрүүл өдөөд байсан. П-гийнд очих замд Ц П-г цохиж аваад байхаар нь яагаад байгаа юм бэ, болиоч гээд цохиж байсан гараас нь бариад П-гийн гэрийн гадаа очсон юм. Машинаа зогсоож унтраахад Ц буугаад миний талын буюу жолоочийн талын хаалга дээр ирж цамцны захаар боож нүүр рүү мөргөсөн. Надаас салахгүй болохоор нь З  дундуур орж салгасан. Тэр үед Ц машин дээрээс мотоциклио буулгаад дахин над дээр ирснээ боож мөргөсөн. Тэр үед З дахин ирж салгахаар нь машиндаа суугаад хөдөлсөн. Тэгэхэд Ц араас гүйж ирж машины хаалганаас зүүгдээд үлдсэн юм. Ц мотоциклио жолоодож чадахгүй нэлээн согтуу байх шиг байсан. П, Ц, З нар байсан. Миний нүүр орчимд 5-6 удаа мөргөсөн. Намайг 2 удаа барьж авсан ч нэг удаа цохьсон. Би Улаанбаатар “ЭМ ЖИЖИ” гэх нэртэй эмнэлэгт хамраа тэгшлүүлж янзлуулсан. Би уг хэргээс болж 4.000.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Энэ бүх зардлыг Ц надад өгч барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 5-9 хуу/

 

Гэрч Ш.П-гийн өгсөн: ...2018 оны 03 сарын 09-ний өдөр би хонинд яваад ирэх замд манай ангийн хүүхэд Ц орой 18 цагийн орчим ганцаараа манайд урдаас мотоцикльтой ирж авсан юм. Тэгээд би гэртээ очиж хоол ундаа идээд Цынд очиж тэндээ 1 шил архи уугаад, Ц намайг хүргэж өгнө гэхээр нь би мотоциклийн ард сундалснаа мэдэж байгаа. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа. Эрдэнэбаяр ахынд Ц намайг дагуулж очсон байна лээ гэж манай эхнэр надад ярьсан би огт мэдэхгүй, санахгүй байгаа. Тухайн өдөр Ш.Э , Ц нар хоорондоо юунаас болж маргасан асуудлыг би тасарсан байсан болохоороо мэдэхгүй байна. Би зодоонд оролцсон үгүйгээ мэдэхгүй байна. Ц харин надад чи миний малгайг газар унагахаар нь би нүүр орчим руу чинь нэг удаа цохьсон гэж хэлсэн. Тэрийгээ би ч мэдэхгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/

 

Гэрч Б.З-гийн өгсөн: ...Би 2018.03.09-ний орой гэртээ байж байтал 22 цагийн үед манай гадаа машин ирсэн. Тэгээд хүмүүс хэрэлдээд байх шиг болохоор нь гараад хартал манай нөхөр П, Ц, хадам ах Э  нар зогсож байсан. Тэгтэл Ц машинаас бууж ирээд чаддаг юм бол та нар буугаар ир гээд хашгираад Э-ыг машин дотроос заамдаж буулгаад мөргөсөн. Тэгэхээр нь хүүхдээ гэртээ оруулаад гараад очтол Эрдэнэбаяр ахын хамраас нь цус гарсан, Ц заамдаад мөргөөд чи муу миний дүүг яахаараа дээрэлхдэг юм бэ, би дүлий сохор хүн биш гээд л заамдаж аваад үсэрч мөргөөд байсан. Тэгэхээр нь би болиоч чи өөрөө согтуу байж эрүүл хүн зодлоо гээд гараас нь чангааж байгаад салгасан. Тэгтэл Ц машин дээр байсан мотоциклоо буулгаж авчихаад эргэж очоод Эрдэнэбаярыг заамдаж аваад ахиж мөргөөд байсан. Тэгээд би ахиад салгасан тэр хооронд Эрдэнэбаяр ах машинаа асаагаад зугатсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

 

Б.Ц ийн яллагдагчаар өгсөн: ...Би 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,, дугаар баг ,, гэх газрын амнаас Э-ын гэрээс Ягаан гэх газарт Э-ын дүү болох П-г, Э-тай хамт хүргэж өгч байтал П- нь намайг цохьсон. Би машиндаа зодолдохгүй гүрийгээд яваад байсан. Тэгээд би П-гийн гэрийн гадна ирээд түүнийг буулгаж өгөөд уурандаа Э-ыг барьж аваад 2-3 удаа нүүрэн тус газар нь толгойн хэсгээрээ мөргөсөн юм. Тэгээд би гэрлүүгээ явсан. Тухайн үед би архи уусан байсан. Би хохирол мөнгийг өгч барагдуулсан. Би өөрийнхөө толгой хэсгээр Э-рын хамар хэсэгт нь мөргөсөн. Бид нэг нутгийн хүмүүс өр авлага, өш хонзон байхгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна. Өөр санал хүсэлт байхгүй.. гэх мэдүүлэг /хх-ийн 43 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны 134 дүгээр дүгнэлт:

1. Ш.Э ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 15 хуу/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 37-38 хуу/

Шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44 хуу/

Хавтаст хэргийн материалыг  танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 47-48 хуу/ 

Хохирогч Ш.Э , яллагдагч Б.Ц  нараас гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-ийн 51-52 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ц ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Ц   нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний орой 22 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг, Ягаан гэх газарт иргэн Ш.Э тай согтуугаар маргалдан нүүрэн тус газар нь толгойгоороо 4-5 удаа мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Б.Ц  нь хохирогчийг зодсон үйлдэл болон гэм буруугийн хувьд хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ш.Э , гэрч Б.З нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны 134 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ц  нь хохирогч Ш.Э ыг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны 134 дүгээр дүгнэлтээр

тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Аймгийн Прокурорын газраас Б.Ц ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Ц ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

Хохирогч Ш.Э  нь мэдүүлэг өгөхдөө болон хавтаст хэргийн материал танилцуулах үед ”гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Ц  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Ц  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                             

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Б -ын Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Ц  нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Ц  нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Ц  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Шүүхийн тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ