| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 102/2021/00661/И |
| Дугаар | 210/МА2022/00040 |
| Огноо | 2022-01-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2022/00040
Т.Э-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2021/02692 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б-д холбогдох гэм хорын хохиролд 9,107,126 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ хариуцагчийн өмгөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 08 сарын 05-ны өдрийн 274 тоот захирамжийн дагуу Т.Э-д тус дүүргийн 19 дүгээр хорооны Санзайн Бага-баян аманд нэгж талбарын 3057/05825, 1864033730201715 дугаартай зуслангийн зориулалттай, 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Тухайн газраа модоор хашаа барьсны дараа орц, гарцын асуудал яригдсан тул Сүхбаатар дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Ч.Пагмасүрэнгийн зөвлөснөөр хашааг өөрчлөн барьсан. Үүний дагуу кадастрын зурагт өөрчлөлт оруулахаар очих бүрд завгүй гэсээр 2012 он болсон. 2015 оны 10 сарын 24-ний өдөр Ч.Пагмасүрэнгийн хамаарал бүхий Д.Б- гэх хүн танай хашаа манай газар луу орсон байна гээд нэр бүхий айлуудын нийлж 22,748,866 төгрөгөөр бетонон суурьтай, 2 метр өндөртэй, төмрөөр хийлгэсэн 90 метр хашааг эвдэж буулгасан. Энэ талаар цагдаагийн байгууллагад хандсан боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагч Д.Б-аас түүний эвдэж буулгасан 90 метр хашааны Т.Э-д ногдох 36.03 метр хашааны зардал 9,107,126 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 338 тоот захирамжаар Д.Б-ын хадам эцэг Д.Чулуун, эх Ж.Батцэцэг нарт тус дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн аманд зуслангийн зориулалтаар тус бүр 700 м.кв газар олгосон. 2014 оны 06 сард тухайн газартаа зуслангийн байшин барихаар очтол Т.Хосбаяр, Т.Э-, Т.Төрөө, Т.Батбаяр нарын 4 иргэн Д.Чулуун, Ж.Батцэцэг нарын эзэмшил газрыг хамааруулан орц, гарцыг хааж хашаа барьсан байсныг Сүхбаатар дүүргийн Газрын албанаас тодруулснаар мэдсэн. Уг зөрчлийг арилгуулахаар Сүхбаатар дүүргийн Газрын албанд 2014 онд 2 удаа, 2015 онд 2 удаа өргөдөл, гомдол гаргасны эцэст дүүргийн Засаг даргын захирамжаар тухайн газрыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэж, Т.Хосбаярт зөрчлөө арилгах талаар шаардлага хүргүүлсэн боловч арга хэмжээ аваагүй. Ингээд 2015 оны 09 сард Газрын албаны газар чөлөөлөх хэлтсийн зохион байгуулагч нар дээрх 4 иргэний зөрчлийг арилгаж, хашааг нь буулгахаар экскаватор авч очсон. Гэтэл Т.Хосбаяр нь харилцан тохиролцож хашаагаа барья, би өөрөө танай газар луу орсон хашааныхаа хэсгийг буулгана гээд өөрийн гараар тооцоо гаргаж өгснийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргаж өгсөн. Энэ үйл баримтын талаар 2016 оны 08 сарын 22-ны өдөр Нийслэлийн Өмч харилцааны газрын газар чөлөөлөх хэлтсийн дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч М.Базарсүрэн цагдаад гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Газрын албанд Т.Хосбаяртай зөвшилцөлд хүрсэн талаар мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч болон бусад иргэний газрыг албадан чөлөөлөх ажлыг зогсоосон юм. Гэтэл Т.Хосбаяр Д.Чулуун, Ж.Батцэцэг нарын газар луу орсон хашаагаа буулгаагүй тул буулгасан. Хэдийгээр гэм хорын хохирол шаардаж байгаа боловч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм буруутайг тогтоосон байх учиртай. Д.Б-ыг гэм буруутай гэж тогтоосон тогтоол байхгүй. Нэхэмжлэгчийн хууль бусаар ухаад барьсан хашааг зөөсөн нь түүний төрсөн дүүгийн зөвшөөрлөөр гүйцэтгэгдсэн ажиллагаа бөгөөд үүнийг нэхэмжлэгч мэдэж байсан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасан шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ зөрчсөн байна. Мөн Т.Э-, Т.Хосбаяр нарын буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болно.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.Б-аас 9.107.126 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Э-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160.665 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас 160.665 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Э-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
а./ Анхан шатны шүүх ...нэхэмжлэгчид 9,107,126 төгрөгийн хохирол... учирсан гэж дүгнэхдээ хийсвэрлэсэн байдлаар зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9-т зааснаар хөрөнгийн үнэлгээ хийхэд тусгай зөвшөөрөл авахаар заасан бөгөөд хууль тогтоогчийн зүгээс уг үйл ажиллагааг тусгай мэдлэг шаардана гэж үзсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж rapган шинжээчийг томилно гэж заасан. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй этгээд нь нэг талаас тухайн асуудлаар шаардагдах тусгай мэдлэгийг эзэмшээгүй, нөгөө талаас тусгай мэдлэг эзэмшсэн байсан ч тухайн хэрэгт ашиг сонирхолтой байдагтай холбоотой байдаг. Хууль зүйн хувьд томилогдсон шинжээч этгээд нь үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлсэн, худал дүгнэлт гаргавал хууль зүйн хариуцлага хүлээхийг ухамсарласан байдаг тул зохих журмын дагуу шинжээч томилон дүгнэлт гаргуулах нь чухал ач холбогдолтой байдаг. Нөгөөтэйгүүр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч өөрийн тайлбар, татгалзлыг нотлох үүрэгтэй байна. Иймээс нэхэмжлэгч нь өөрт 9,107,126 төгрөгийн хохирол учирсан гэж байгаа бол үүнийгээ нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл энэ талаар нотолсон баримт байхгүй байхад шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
б./ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээp гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан байдаг. Иймээс гэм хор учруулсан гэж үүсэх үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд хохирогч, гэм буруутай этгээд, гэм буруутай бодитой үйлдэл, эс үйлдэхүй, түүнээс учирсан бодитой хохирлыг тогтоох шаардлагатай байна. Хэргийн 107 дугаар талд Б.Хосбаярын мэдүүлгээс үзвэл ...Би Анхбаатар, Энэрэл нарын өмнөөс мөнгийг гаргаж Энхжаргал, Батбаяр нар нь өөрсдөө мөнгөө гаргаж нийт 99 метр хашаа барьсан... гэж мэдүүлсэн байдаг. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлж болох этгээд нь тухайн өмчлөгч байхаар байна. Гэтэл уг мэдүүлгээс үзвэл Анхбаатар, Энэрэл нар нь өмчлөгч үү эсвэл Энхжаргал, Батбаяр нарын аль нэг нь өмчлөгч байсан эсэх нь чухал холбогдолтой байсан. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийгөө тухайн хашааны өмчлөгч гэж нотлоогүй байхад шүүх өмчлөгч мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөөтэйгүүр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П.Чулуун гэх хүн нь гуравдагч этгээдээр оролцох хүсэлт, мөн хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгох зорилгоор П.Чулууныг гэрчээр оролцуулах хүсэлтийг хариуцагч гаргаж байсан боловч шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан.
в./ Хэргийн бодит нөхцөл байдлаас харвал нэхэмжлэгч эсхүл түүний харилцан хамаарал бүхий (н.Хосбаяр, н.Анхбаатар, н.Энэрэл, н.Батбаяр) этгээдүүд нь хариуцагчийн эсхүл хариуцагчийн хамаарал бүхий этгээдийн эзэмшлийн газарт хууль бусаар халдсан үйлдлийг хийсэн. Мөн төрийн эрх бүхий байгууллагаас албадан чөлөөлөх шийдвэр гарсныг хэрэгжүүлэх явцад тохиролцсон зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсоор байхад анхан шатны шүүх хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гэм буруутай үйлдэл байсан эсэхэд хууль зүйн хувьд ач холбогдол өгөөгүй байна.
г./ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлд дурдагдаж буй хашааг зөөвөрлөж өөр газарт хураасан, аваачсан гэж тайлбарладаг. Нөхцөл байдлын хувьд ч дүгнэж үзсэн хашааг буулгах, хураах төдийд 9,107,126 төгрөгийн хохирол учрах боломжгүй. Асуудалд бодитой талаас нь хандаж үзвэл хашааг шатаах эсхүл бусад хэлбэрээр устгаагүй л бол түүнийг дахин ашиглах боломжтой байдаг. Гэтэл уг нөхцөл байдлыг шүүх тодруулаагүй, нэхэмжлэгчийн тайлбараар хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан хариу тайлбарын агуулга: Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 200 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан дүрмийн 6.1-д зааснаар төсөвчин нь гүйцэтгэлийн төсөв гаргах эрхтэй. Үүний дагуу гүйцэтгэлийн төсөв гаргасан. Барилга байгууламжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д барилга байгууламж гэдэг нь далан, хаалт зэрэг барилга байгууламжийг хамааруулна гэж заасан. Тэгэхээр төсөвчин нь гүйцэтгэлийн төсвийг гаргах эрхтэй байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шинжээчийг томилох агуулгатай зохицуулалт юм. 2020 оны 04 сарын 13-ны өдөр хариуцагч нэхэмжлэлийг гардаж авснаас хойш 6 сарын дараа шүүх хуралдаан хийгдсэн. Энэ хугацаанд шинжээч томилуулах хүсэлтийг хэргийн оролцогчийн хэн аль нь гаргаагүй. Монгол Улсын мэргэшсэн төсөвчин н.Отгон 90 метр хашааны төсөв нь 22,748,860 төгрөгийн үнэлгээ гаргасан. Хариуцагч Д.Б- нь 3-4 айлын 90 метр хашааг буулгасан. Т.Э-д холбогдох 36.91 метр буюу 9,107,126 төгрөгийн хашааны үнийг төсөвчний гаргасан тооцоонд тулгуурласан. Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар бодитой үйлдэл байхгүй гэж байна. Хариуцагч Д.Б-ын цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг болон хариу тайлбар, прокурорын тогтоолд хашааг зөөж барьсан эсхүл буулгасан гэх агуулгатай мэдүүлгүүд өгдөг. Д.Б- хашааг эвдэж буулгасан нь тогтоогддог. Иргэн П.Чулууныг гуравдагч этгээдээр оролцуулаагүй гэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бие даасан шаардлага гаргаж байгаа этгээд нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтайгаар бие даасан шаардлага гаргадаг. Хавтаст хэргийн 61, 62 дугаар талд авагдсан баримтаас харахад иргэн П.Чулуун нь нэхэмжлэлийн шаардлагатай ямар нэгэн холбоогүйгээр гаргасан хүсэлтийг шүүхээс хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Гэрч нь хэргийн үйл баримттай холбоотой зүйл мэдэж байгаа нь эргэлзээтэй байсан. Мөн гэрч хөдөө амьдардаг гэх агуулгатай тайлбарыг гаргасан учраас хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан. Мөн хашааг дахин ашиглах боломжтой байх ёстой гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон бусад мэдүүлгээс нь харахад хашааг төмөр таслагчаар тайрч буулгасан гэх агуулгатай мэдүүлгийг Д.Б- өгдөг. Энэ тохиолдолд хашааг дахин ашиглах боломжгүй учраас буулгаж хураасан болох нь хавтаст хэргийн 17, 18 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдоно. Хариуцагчийн өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаалгах гомдлыг гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгодог зохицуулалттай. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч өөрийн татгалзлыг нотлох үүрэгтэй байсан. Энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Ийм учраас анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтойгоор зөрчсөн нь хэргийн шийдэлд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.
2. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй байна.
3. Нэхэмжлэгч Т.Э- нь хариуцагч Д.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 9,107,126 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 30-32/
4. Анхан шатны шүүх зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйн улмаас талуудын маргааны үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, хэргийн оролцогчийн шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор нотлох баримт цуглуулах хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байх тул тухайн иргэний хэргийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Зүй нь, гэм хорыг арилгахдаа бодит хохирлыг буруутай этгээдээс гаргуулан шийдвэрлэх учиртай. Хэдэн метр хашааг буулгасан, буулгасан хашаа нь хаана байгаа, үүнээс аль нь дахин ашиглах боломжтой, аль нь дахин ашиглах боломжгүй талаар үйл баримтыг тодруулаагүй, энэ талаар зохигчдыг мэтгэлцүүлээгүй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь өөрийнх нь хашааг эвдэж буулгасан үндэслэлээр хариуцагчаас 9,107,126 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийн дүү Т.Хосбаяртай харилцан тохиролцсоноор хашааг буулгасан, эвдээгүй, мөнгө төлөх үндэслэлгүй гэх агуулгаар тайлбар гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлдээ хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч ажлын төсөвтэй холбоотой маргаагүй, шинжээч томилох хүсэлт гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учруулаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргасан байдлыг нэхэмжлэлд дурдсан үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл биш.
Түүнчлэн, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн дүү Т.Хосбаяртай харилцан тохиролцсоноор хашааг буулгуулсан, тэдгээрийн тохиролцсон цэг тэмдэгтийн дагуу хашааг бариулсан гэх тайлбараа нотлохоор уг хашаа барьсан ажлыг хийлгэсэн гэх П.Чулуун, н.Батбаатар нарыг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргасныг /хх 125-126/ шүүх хэрэгсэхгүй болгохдоо гэрч нарын хаяг тодорхойгүйгээс тэднийг шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй байна гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. /хх 127/ Мөн хэрэгт авагдсан талуудын тайлбараас үзвэл эдгээр гэрчүүд нь хөрш зэргэлдээ айлын хүмүүс болох талаар тодорхойлсон байхад анхан шатны шүүхээс хаяг тодруулах ажиллагаа явуулалгүйгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болж чадаагүй байна. /хх 61-62/
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пагмасүрэнгээс 2021 оны 09 сарын 08-ны өдөр нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Тус өдрийн 102/ШТ2021/00249 дугаартай шүүхийн тогтоолын 2 дахь заалтад ...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/16 тоот захирамж хавсралтын хамт... нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг нотлох баримт нь эрх бүхий байгууллагаас хэний газарт албадан чөлөөлөх ажиллагаа явуулахаар шийдвэрлэснийг тогтооход ач холбогдолтой байжээ.
Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 22-ны өдрийн 102/ШШ2021/02692 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн 2021 оны 12 сарын 02-ны өдөр төлсөн 160,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Д.НЯМБАЗАР