| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2018/0063/Э |
| Дугаар | 98 |
| Огноо | 2018-05-07 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгч: П.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В овогт П-ийн Б-д холбогдох эрүүгийн 1812000220030 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч П.Б нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Могой баг, Бааст гэх газраас иргэн Д.М ийн 2 тооны адууг хулгайлж, 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Д.М ийн өгсөн: ...Манайх 2017 оны 12-р сарын 23-27-ны хооронд Архангай аймгийн Хайрхан сумын Могой баг Бааст гэх газраас өөрийн хар халтар азаргатай адуунаасаа бор хээр гүү, шар халтар морио алдсан юм. Миний алдсан бор хээр гүү өөрийн унаган эмнэг адуу, хоёр чих гол цуулбар имтэй, тарган хавар эрт унагалах хээлтэй гүү байсан. Шар хээр морь нь өөрийн унаган адуу, хоёр чих гол цуулбар имтэй, 7 настай унагалаагүй тарган морь байсан. Би бор хээр гүүгээ хээлтэй буюу гэдсэндээ унагатай учраас 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр харин шар халтар морио 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 хуу/
Гэрч Ч.М-ын өгсөн: ...Би Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн малчин Миеэдорж гэх хүнийг танина. Миний хадам аав байгаа юм. Хадам аав Миеэдорж 2017 оны 12-р сарын 23-27-ны хооронд утсаар ярихдаа өөрийн хар халтар азаргатай адуунаасаа бор хээр гүү, шар халтар морио алдлаа гэж ярьж байсан. Манай хадам аавын адуу хаагуур бэлчээрлэдэгийг нь би сайн мэдэхгүй байна. Манай гэр хотод байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/
Гэрч Л.А-ийн өгсөн: ...Би Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн малчин Миеэдорж гэх хүний эхнэр нь байгаа юм. Манайх 2017 оны 12-р сарын 23-ны өдөр адуугаа услаад Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн нутаг Нарийн хөндий гэх газар луу шахаад орхисон. Тэгээд 2017 оны 12-р сарын 27-нд адуугаа бүртгэж үзэхэд манай шар халтар морь, бор хээр гүү адуундаа байхгүй байсан. Тухайн адуунууд адуунаасаа ерөөсөө салдаггүй юм ийм учраас хулгайд алдагдсан байна гэж бодсон. Манай нөхөр Д.М энэ талаар сайн мэднэ...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/
Гэрч Б.Ч-ын өгсөн: ...Би 2017 оны 12-р сарын 25-нд Булган аймгийн Сайхан сумын төвд П.Б ахтай таарсан. Тэгээд надад адуу зарна гэхээр нь эхнэрийг нь аваад би өөрийн таньдаг ах Чулуунбаатар гэх хүнтэй хамт бид хэд Сайхан сумын төвөөс П.Б ахынх руу өөрийн 08-80 БУЛ улсын дугаартай Корола маркийн машинтай явсан. Тэгээд 2017 оны 12-р сарын 25-ны орой ирээд тэндээ хоносон. Тэгээд маргааш өглөө нь П.Б ах надад адуу зарахаар болоод өглөө 11 цагийн орчимд мотоцикльтой адуундаа яваад 2 цаг орчим болоод ирсэн. Тэгээд адуу урд байна нааш нь туух гэхээр адуу хөлөрч цантах гээд байна манай хаваржаатай ойрхон байгаа тул тэнд нь гаргая гэхээр нь би Ч ах болон П.Бгийн эхнэр Б нарыг машиндаа суулгаад байж байтал П.Б ах мотоцикльтой биднийг дагуулан Чулуун хороо гэх газар өөрийнхөө хаваржаан дээр биднээс түрүүлж очоод хар халтар азаргатай 20 орчим тооны адуу хашсан байсан. Тухайн адуун дотор явсан бор хээр гүү, шар халтар морийг зааж энэ 2 адууг зарна гэхээр нь би нэг бүрийг нь 550.000 төгрөгөөр бодож 1.100.000 болсон. Үүнээс П.Бд өмнө нь гурил зарж 50.000 төгрөг авах байсан. Тэр өрөндөө 50.000 төгрөгийг хасаж 1.050.000 төгрөг өгөхөөр болоод шар халтар морийг нь эхлээд дараад нь бор хээр гүүг нь Чулуунбаатар ах болон П.Б, Б бид хэд хамт төхөөрсөн. Тэгээд би П.Бгийн эхнэр Б д 2 адууны үнэ болох 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөг бэлнээр нь тоолж өгсөн юм... Би хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй... Хэрэв хулгайн адуу гэдгийг нь мэдсэн бол П.Б ахаас авсан 2 адуугаа авахгүй байсан. Надад П.Б ах болон Б- эгч хулгайн адуу гэдгийг хэлээгүй. Би тухайн үед багийн даргын тодорхойлолт болон малын гарал үүслийн бичиг аваагүй шууд явсан. Би П.Б ахынх ямар хэчнээн тооны адуутай талаар нь сайн мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/
Гэрч Х.Б-гийн өгсөн: ...Манайд 2017 оны 12-р сарын 25-нд Булган аймгийн Сайхан сумын 3-р багийн иргэн Чагдар ирсэн. Бид тухайн өдөр Булган аймгийн Сайхан сумын төвд таарсан юм. Тэгээд тухайн үед мөнгөний хэрэг их байсан болохоор нөхөртэйгөө ярилцаж өөрийн хээр морь, хул азаргаа зарахаар болоод хамт манайд ирсэн. Тэгээд орой болчихоор нь манайд хоносон юм. Маргааш өглөө нь манай нөхөр 11 цагийн орчимд адуугаа олж ирэхээр мотоцильтой яваад 2 цаг орчимын дараа ирж урд хашаанд адуугаа хашчихлаа явъя гэж П.Б хэлээд мотоцикльтой яваад өгөхөөр нь Чагдар бид нар машинтай араас нь дагаж өөрийнхөө хаваржаан дээр очтол халтар азаргатай танихгүй адуу хашаатай байсан. Тэгэхээр нь би өөрийн нөхөр П.Бгээс энэ юун адуу юм бэ гэж асуутал хүнээс адуу авах байсан юмаа гэхээр нь би тухайн үед тэгж ойлгосон. Тэгээд тэнд байсан адуунаас 2 адуу төхөөрч өгөөд Чагдараас 1.050.000 төгрөг бэлнээр нь тоолж авсан. Тэгээд би нөхөртэйгөө гэртээ 17 цагийн орчимд харьсан. Би нялх хүүхэдтэй учир малд нэг их яваад байдаггүй. Тухайн адууг хэнийх болохыг нь мэдэхгүй. Манай нөхөр хүнээс адуу авах байсан юм гэхээр нь нэг их юм бодоогүй. Тэгээд ч өмнө нь манай нөхөр хулгай хийж байгаагүй, мөн энэ талаар надад яриагүй байсан болохоор би өөр юм асуугаагүй. Манай нөхөр тухайн үед Чагдарт шар халтар морь, бор хээр гүү төхөөрч зарсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуу/
Гэрч Д.Ч-ын өгсөн: ... 2017 оны 12 сарын 25-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын Угалз багийн нутагт оршин суух П.Бгээс Сайхан сумын 3 дугаар багийн харьяат Чагдар нь 2 тооны адуу худалдаж авсан. Худалдаж авах үед би Ч-ын хамтаар очиж авсан. Ч- бид хоёр П.Бгээс хоёр чих нь цуулбар шар хээр зүсмийн бүдүүн морь, хоёр чих нь цуулбар имтэй оодон сүүлтэй бүдүүн бор хээр гүүг худалдаж авсан. Хоёр адууг нийтэд нь 1.100.000 /Нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр Чагдар худалдаж авсан. Нэг адууг нь 550.000 төгрөгөнд бодож авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/
П.Бгийн яллагдагчаар өгсөн: ...Эхнэр бид хоёрт мөнгөний хэрэгцээ гараад 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын төв ороод сумын махны ченж Чагдар гэх залууд адуу заръя хэлээд гэртээ дагуулж ирсэн. Тэр өдрөө оройтохоор нь маргааш адуундаа явахаар болиод Чагдар манайд хоносон. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өглөө адуундаа явсан юм. Манайх 20 гаран тооны адуутай юм. Би адуугаа хайгаад явж байтал Архангай аймгийн Хайрхан сум, Булган аймгийн Сайхан сумын залгаа Нуурын шанд гэх газар халтар азаргатай 20 гаран тооны адуу байсан. Нуурын шанд гэх газрын ертөнцийн зүгээр зүүн урд зүгт манай хаваржаа байдаг юм. Би дээрхи адуунуудыг тууж яваад хаваржаан дээрээ аваачиж орхиод гэрлүүгээ буцаад очсон. Чагдар гээд мал авах залууг адуугаа очиж ав гэж хэлээд буцаж ирээд нөгөө адуунуудыг хашаад байж байтал Чагдар манай эхнэр 2 хүрээд ирсэн. Тэр адуунаас халтар гүү, шар халтар морь барьж аваад тэнд нь гаргаж янзлаад Ч-т өгөөд явуулсан юм. Би хоёр адууг авахдаа ганцаараа явсан. Би өөрийн эзэмшлийн шар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг унаж явсан. Би мотоциклиор тууж хаваржаан дээрээ аваачсан юм. Би тэр мотоциклийг 2015 онд Эрдэнэт хотоос худалдаж авсан юм. Одоо 3 жил болж байгаа хуучин мотоцикль. Миний өөрийн өмчлөлийн мотоцикл байгаа юм. Би хүнд 1.000.000 төгрөгийн өртэй байсан юм. Тэгээд өрөө өгөх гээд мөнгө хэрэг болоод өөрийн адуунаас махны ченжид өгөхөөр хайгаад явж байтал Нуурын шанд гэх газар 20 гаран тооны адуу харагдахаар нь тууж аваачаад 2 адууг нь бариад өгчихсөн юм. Би тэр адууг өөрийн хаваржаан дээрээ гаргаад Чагдар гээд махны ченжид өгсөн. Чагдар намайг өөрийнхөө адуунаас барьж өгч байна гэж бодсон байх манай адуунуудын зүс имийг Чагдар огт мэдэхгүй. Чагдар тухайн үед хулгайн адуу авч байгаагаа мэдээгүй. Манай эхнэр миний араас Чагдартай хамт ирээд тэр 2 адууны гэдсийг арчиж өгсөн. Тэгээд энэ ямар учиртай адуу гаргаад байгаа юм бэ гэж надаас асуухаар нь би хүнээс 2 адууны авлагатай байсан. Тэрийгээ авчихлаа гэж хэлсэн. Эхнэр намайг хулгайлсныг мэдээгүй. Би өөрийн ах дүү нараасаа мөнгө цуглуулаад Миеэдорж гуайд 2.000.000 төгрөг өгсөн юм. Манайх бод бог нийлсэн 200 гаран тооны малтай, ам бүл тавуулаа эхнэр 3 хүүхдийн хамт Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар Цагдуулт гэх газар мал маллаад амьдардаг. Одоо бол 3 хүүхдийн 60.000 төгрөгөөр амьдарч байна. Өөр орлого байхгүй. Манайх 50-60 аад тооны ямаатай, хавар ноолуурын үеэр хэдэн ямааныхаа ноолуурыг тушаагаад мөнгөтэй болдог юм... гэх мэдүүлэг /хх-ийн 41-47 хуу/
Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дүгнэлтээр: 2015 оны Мустанг-5 маркийн мотоциклийн үнэлгээг 2017 оны 12 дугаар сарын 26-ны байдлаар 800.000 /найман зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /хх-ийн 8 хуу/
Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дүгнэлтээр: Бор хээр зүсмийн нас нийлсэн гүү, нас нийлсэн шар халтар зүсмийн морины үнэлгээг 2017 оны 12 дугаар сарын байдлаар 1.150.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /хх-ийн 35 хуу/
LXYPCKL06A0293934 арлын дугаартай, 162FMJ CC0589900 моторын дугаартай, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн шар өнгийн мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3 хуу/
Гэрэл зургууд /хх-ийн 4-6 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 55-56 хуу/
Оролцогч нарт хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 57-58 хуу/
Хохирогч Д.М ийн гаргасан “хоёр адууны тооцож хохиролд 2 сая төгрөг П.Бгээс бэлэн авсан. П.Бгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэх нотаритаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 88 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч П.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.Б нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Могой баг, Бааст гэх газраас иргэн Д.М ийн 2 тооны адууг мотоцикль хэрэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч П.Б нь өөрийн үйлдэл болон хулгайлан авсан малын тооны хувьд маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Д.М , гэрч Л.А, Б.Ч, Д.Ч нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч П.Б нь иргэн Д.М ийн 2 тооны адууг мотоцикль хэрэглэн нууцаар, хууль бусаар авсан үйлдлийн улмаас 1.150.000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Хохирогч Д.М нь ...“хохиролд 2 сая төгрөг бэлэн авсан. П.Бгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэх тайлбар /хх-ийн 88 хуу/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Бг бусдын 2 тооны адууг мотоцикль хэрэглэн хулгайлсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч П.Б-г бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 маркийн улсын дугааргүй, шар өнгийн мотоциклийг хурааж улсын орлого болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө үгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч В овгийн П-ийн П.Бг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч П.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Бгийн өмчлөлийн улсын дугааргүй, Мустанг-5 маркийн шар өнгийн 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий мотоциклийг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын дугааргүй, шар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн Архангай аймгийн прокурорын газрын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ