Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/31

 

 

Л.*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Б.Мөнхдөл,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,

Шүүгдэгч: Л.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Оюунгэрэл,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/37 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт малын бэлчээрт Б.*******тай мал нийлсэн асуудлаас маргалдан нүүр хэсэг рүү чулуу шидэж, түүний биед зүүн 1, 2, 3-р шүдний уг хэсгийн хугарал, доод уруулд шарх, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнэ нь Л.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Шүүгдэгч Л.******* нь шүүхээс оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******т 10755000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:               

          Яллагдагч нь прокурорын шатанд хохирогчтой хохирол төлбөрийн талаар харилцан тохиролцож, Эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд тус хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэгдсэн билээ. /Энэ ч агуулгаараа буюу яллагдагч нь хохирол төлбөр төлж барагдуулахаа илэрхийлж, гэрээ байгуулсан учраас хохирогч тал шүүх хуралдаанд оролцоогүй болно./

          Гэтэл шүүх талуудын харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээнд шүүгдэгч Л.*******, хохирогч Б.******* нарын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-ний 2 дахь заалтад “Л.******* нь хохирогч Б.*******ын сэтгэл санааны хохиролд 8580000 төгрөг, Өмнөговь аймагт эмнэлэгт үзүүлсэн эмчилгээний төлбөр 385000 төгрөг, Улаанбаатар хотод эмнэлэгт очиж үзүүлсэн замын зардал 120000 төгрөг, зураг авхуулсан 90000 төгрөг нийт 9175000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө хохирогчийн Төрийн банкны 210800017667 тоот дансаар шилжүүлэхээр тохиролцов” гэх “Эвлэрлийн гэрээ”-нд дүгнэлт хийхгүй байхаар шийдвэрлэв...” гэж үндэслэлгүйгээр дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг “Шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана”, 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэсэн хуулийн агуулгад үл нийцэж байна.

          Өөрөөр хэлбэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасан тусгах ёстой зүйлсийг шийдвэртээ тусгаагүйн зэрэгцээ хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасны дагуу шийдвэрээ бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “Эвлэрлийн гэрээ”-ний дагуу хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           Хяналтын прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй ба шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүх үзэв гэсэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна. Мөн шийтгэх тогтоолын 6 дахь хэсэгт нь шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй хохирогч, иргэний нэхэмжлэгч *******т 10755000 төгрөгийн хохирол, төлбөр төлсөн. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай гэх байдлаар шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий биелүүлэхэд ойлгомжтой байдлаар бичигдсэн байна.

          Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байхад хохирогчийн талаас гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

          Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргаж болно. Мөн зүйл хэсгийн 3-т яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн баримтыг хавсаргана гэж заасан. Үүний дагуу шүүгдэгч Л.******* нь хохирогч *******тай эвлэрч, хохирол төлбөр төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээнд тусгасан. Шүүгдэгчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийг чинь 8150000 төгрөгөөр төлж барагдуулъя ноос ноолуурын цаг болохоор 4 дүгээр сарын 25-нд төлнө гэдгээ илэрхийлсэн учраас хохирогч хүлээж аваад гэрээ байгуулж баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгааг нь гэрээгээр баталгаажуулдаг. Гэтэл шүүх талуудын сайн дурын үндсэн дээр тохиролцсон тохиролцоог үнэлээгүй талаар үндэслэлээ шийдвэртээ тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шийдвэртээ тусгавал зохих зүйлийг тусгаагүй, шүүхийн шийдвэр ойлгомжгүй болсон гэж гарах үндэслэлүүд болж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж тохиролцсон тохиролцоо буюу хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг тусгаж зөвтгөж өгнө үү гэж гомдол гаргасан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцсэн гэж үзэж байна. Зорилтын агуулга нь зөрчигдсөн эрхийг сэргээх гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх байдаг. Өөрөөр хэлбэл хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх. Хохирогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

          Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

          Шүүгдэгч Л.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч 31945000 төгрөг нэхэмжилсэн. Би эмчилгээний зардал 10 754 000 төгрөг төлсөн. Сэтгэл санааны хохиролд 10000000 гаруй төгрөг нэхсэнийг төлөх боломж бололцоо олдоогүй. Мөн хохирогч хохирол төлбөр төлөх хугацаанаас өмнө гомдол гаргасан. Миний зүгээс хохирол төлбөрөө хангалттай төлсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 31945000 төгрөгийн хохирол төлбөрийг нэхэмжилдэг. Манай үйлчлүүлэгч *******гийн зүгээс хохирол төлбөрт 10755000 төгрөгийг хохирогчид төлсөн.

          Хохирогчийн зүгээс нэхэмжилж буй 31945000 төгрөгтэй холбоотой хохирол, төлбөрийн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж хуульчилсан.

          Хэргийн хувьд хохирогчийн зүгээс сэтгэл санааны хохирол, нэхэмжлэлийг бодож Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг маань хохирогч нь сэтгэл санааны хохирол нэхэмжлэхдээ сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлт гаргуулж тогтоолгуулах, шинжээчийн дүгнэлтэд үндэслэж шүүхээс сэтгэл санааны хохирлыг тогтоож шийдвэрлэхээр хуульчилсан байдаг. Тиймээс хохирогчийн зүгээс шинжээчийн дүгнэлт гаргуулсан зүйл байдаггүй. Мөн хохирол, төлбөртэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Тиймээс анхан шатны шүүхээс Эрүүгийн хэргийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслээд хохирол, төлбөрийг бодит баримтад үндэслэж хэргийг шийдвэрлэсэн.

          Эвлэрлийн гэрээг үндэслэж хохирол төлбөрийг гаргуулах талаар хуулийн ямар нэгэн зохицуулалт байдаггүй учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

           Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт малын бэлчээрт Б.*******тай мал нийлсэн асуудлаас маргалдан нүүр хэсэг рүү чулуу шидэж, түүний биед зүүн 1, 2, 3-р шүдний уг хэсгийн хугарал, доод уруулд шарх, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсоныг Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнэ нь Л.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******т 10755000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нь “шүүгдэгч Л.*******, хохирогч Б.******* нарын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд заасан сэтгэл санааны хохирол, эмчилгээний төлбөр, замын зардал зэргийг анхан шатны шүүх шийдвэрлээгүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газарт  Л.******* нь “...миний бие Б.*******ын бие эрх чөлөөнд халдаж хүндэвтэр хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээний зардал 10755000 төгрөгийг төлсөн. Бусад зардлыг төлөхөөр хохирогчтой харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Тиймээс надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлтийг гаргасныг прокурор хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоолыг гаргасан байна. /хавтас хэргийн 67-72 дахь тал/

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт “хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Би эмчилгээтэй холбоотой болон сэтгэл санааны хохиролд нийт 31945000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд үүнээс Л.******* 10755000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл мөнгийг гаргуулж авах хүсэлтэй байна.” /хх-ийн 15 дахь тал/, “шүүгдэгч Л.******* нь хохирогч Б.*******т гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 10755000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлсөн болох нь шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан “Эвлэрлийн гэрээ”, яллах дүгнэлтийн хавсралтад ...хохирлын талаар маргаангүй тул бусдад төлөх төлбөргүй байна” гэснээр тогтоогдож байх тул шүүгдэгч Л.*******г гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.”, “Шүүгдэгч Л.*******, хохирогч Б.******* нарын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-ний 2 дахь заалтад “Л.******* нь хохирогч Б.*******ын сэтгэл санааны хохиролд 8580000 төгрөг, Өмнөговь аймагт эмнэлэгт үзүүлсэн эмчилгээний төлбөр 385000 төгрөг, Улаанбаатар хотод эмнэлэгт очиж үзүүлсэн замын зардал 120000 төгрөг, зураг авхуулсан 90000 төгрөг нийт 9175000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө хохирогчийн Төрийн банкны 210800017667 тоот дансаар шилжүүлэхээр тохиролцов” гэх “Эвлэрлийн гэрээ”-нд дүгнэлт хийхгүй байхаар шийдвэрлэв.” гэсэн дүгнэлтүүдийг хийгээд шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсэгт хохирогчоос гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотойгоор гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-д шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлийг тусгана, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлсийг тусгана: “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл” гэсэн шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг анхан шатны шүүх биелүүлээгүйгээс “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуульд заасан шаардлагыг хангаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Шүүгдэгч Л.******* нь хохирогчид учирсан сэтгэл санааны хохирол, эмчилгээ, оношилгооны болон Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан замын зардалд нийт 9175000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө хохирогчид төлж барагдуулахаа илэрхийлж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан боловч гэрээнд заасан хугацаанд хохирлыг нөхөн төлөөгүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нь дээрх хохирлыг нөхөн төлөхгүй гэсэн тайлбарыг гаргасан болно.

         Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.*******д холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/37 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Л.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.

          3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Л.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

          5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ГЭРЭЛМАА

                                  ШҮҮГЧИД                                         Л.УГТАХБАЯР

                                                                                                                 Г.МӨНХБАТ