Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/32

 

 

Э.*******, Ц.******* нар холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: В.Төгсбаяр,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2024ШЦТ/31 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хяналтын прокурор В.Төгсбаярын гаргасан эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Э.*******, Ц.******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч Э.*******, Ц.******* нар нь бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* төмөр зам” ХХК-ийн өртөөний барилга дотор байсан вагоны түлшний банкны цоожийг эвдэж 200 литр түлшийг хулгайлан 828,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Э.*******, Ц.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтад заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******, Ц.******* нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

          Шүүгдэгч ******* овгийн *******ын *******, Баян Хөвсгөл овгийн *******ы ******* нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******, Э.******* нарт тус бүр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, Ц.******* нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 05 сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолын “...агуулах сав гэдэг нь эд хөрөнгийг байнга түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн хэрэгслийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, авто мухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг хамруулан ойлгоно” гэснийг хэргийн зүйлчлэл өөрчлөн хөнгөрүүлэх үндэслэл болгосон байна.

Гэтэл Улсын дээд шүүхийн дээрх тогтоолын “агуулах, сав” гэдгийг тодорхойлсон ойлголтод галт тэрэг орсон байх ба галт тэрэгний түлшний банк нь түүнд заавал байж түлшээ хадгалах зориулалт бүхий сав бөгөөд эзэмшигч, өмчлөгч, ашиглагч /машинист/-ийн зөвшөөрөлгүй нэвтэрч үл болох орон зай юм.

Мөн шүүх нь шийтгэх тогтоолдоо Улсын дээд шүүхийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 570 дугаартай тогтоолын “...Хүн амьдрах байр, хамгаалагдсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухай цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах обьектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болно” гэснийг үндэслэл болгожээ.

Тухайн галт тэрэгний түлшний банк нь цоожтой байсан бөгөөд шүүгдэгч Ц.******* нь уг цоожийг галт тэрэг эзэмшигч, өмчлөгч, ашиглагч /машинист/-аас зөвшөөрч өгсөн түлхүүрээр бус хууль бусаар эвдэж онгойлгон түлшийг авсан болох нь тогтоогдсон байхад шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдээгүй, тухайн хэргийн хувьд тогтоогдоогүй гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Цоож гэдэг бол аливаа эд хөрөнгийг байнга түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн хэрэгслийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, авто мухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг бусдын гэмт халдлага, гадаад аливаа зүйлээс хамгаалах зориулалт бүхий бүх төрлийн хэрэгслийг ойлгоно.

Цоож нь дээрх агуулах савын эзэмшигч эсхүл, түүний зөвшөөрөл олгосноор зөвхөн тухайн цоожинд таардаг түлхүүр, код, цоожийг тайлах бусад хэрэгсэл, тоног төхөөрөмжийг эзэмшигч, ашиглагч л онгойлгох тусгай зориулалттай багаж гэдгийг хэн бүхэн мэддэг, ойлгомжтой зүйл бөгөөд шүүгдэгч нар нь уг цоожийг эвдэж, дотроос нь түлш хулгайлсан үйлдлийг агуулах саванд нэвтэрсэн үйлдэл биш гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх байдлаас дүгнэхэд анхан шатны шүүх нь Улсын дээд шүүхийн тогтоолыг илтэд гуйвуулан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн гэж дүгнэж байна.

Мөн шийтгэх тогтоолын “Хууль зүйн үндэслэл” хэсэгт улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй, тухайн гэмт хэргийн хувьд тогтоогдоогүй байна гэж дүгнэв.

“******* төмөр зам” компанийн өртөөний барилга дотор байсан вагоны түлшний сав /банк/-ыг агуулах сав гэж дүгнэж, тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ. Гэвч шүүхийн дээрх хууль зүйн дүгнэлт нь улсын яллагчийн саналд тусгасан асуудал бүрд нотлох баримт, үйл баримтад тулгуурлан няцаалт өгөхгүй ерөнхий байдлаар тогтоогдоогүй, үндэслэлгүй байна гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “Шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй буюу шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж дүгнэх үндэслэл болж байна.

Мөн шийтгэх тогтоолын “хууль зүйн дүгнэлт” хэсэгтээ “Харин Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-д зааснаар бүлэглэн гүйцэтгэсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлтэй байна.” гэсэн атлаа шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо буюу шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсэгт Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлаагүй нь хэрэглэвэл зохих хуулийн зүйл, хэсгийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 03 сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/31 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

          Хяналтын прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж, хууль зүйн дүгнэлт хийхдээ тээврийн хэрэгсэл, тэр тусмаа галт тэрэгний зайлшгүй байх багаж тоног төхөөрөмж буюу эд ангид хууль бусаар халдсан байна. Хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх явцад шүүх 17.1.1 зүйл заалтаар хөнгөрүүлэн өөрчилсөн байна. Тээврийн хэрэгслийн түлш хадгалах сав нь тухайн тээврийн хэрэгсэлд зайлшгүй байх ёстой эд анги. Түлш хадгалах савыг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэх, гадны биет оруулах боломжгүй. Гэтэл цоожийг нь эвдэж хууль бусаар нэвтрээд дотроос нь түлшийг нь аваад байхад нэвтрээгүй байна гэж үзээд байгаа нь үндэслэлгүй байна.

          Мөн хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Шүүх бүлэглэсэн гэж дүгнэсэн нь зөв. Гэтэл тогтоох хэсэг дээрээ бүлэглэсэн зүйл заалтаа баримтлаагүй. Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн гэдэг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд прокурор яллах дүгнэлт үйлддэг болохоос ямар нэгэн байгууллага яллах дүгнэлт үйлддэггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ гэж заасан. Гэтэл тогтоолдоо прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэж  хууль зүйн агуулгын алдаатай тогтоол гарсан байна. Дээрх нөхцөл байдлуудыг шүүх нь харгалзаж үзэж үзнэ үү. Энэ хэрэгт хэргийн зүйлчлэлд хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор В.Төгсбаярын гаргасан эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулий ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Э.*******, Ц.******* нар нь бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* төмөр зам” ХХК-ийн өртөөний барилга дотор байсан вагоны түлшний банкны цоожийг эвдэж 200 литр түлшийг хулгайлан 828,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бүрэнзэвсэгийн: ”...2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө гагнуурчин Ц.******* 2 удаа түлш авч байгаа үйлдэл, мөн инженер Э.*******, жолооч Ц.******* нар 12 дугаар сарын 01-ний орой 19 цагийн үед Ланд 76 маркийн машинд түлш ачиж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/, Э.*******аас гаргаж өгсөн 5374492079 дугаартай дансны хуулга /хх-ийн 48- 49-р хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бүрэнзэвсэгээс гаргаж өгсөн 3 минут 58 секундийн дүрс бичлэг, “Хас ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 сарын 17-ны өдрийн 1717 дугаартай дүгнэлт /хх-ийн 56-59-р хуудас/, “******* төмөр зам” ХХК-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 45-46-р хуудас/, Гэрч Ц.ийн: “Би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “******* төмөр зам” ХХК-д жолоочоор ажилладаг юм. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Гашуун сухайтаас Цогтцэций төмөр замын суурь бүтцийн засварын байранд ирчхээд байж байсан чинь манай инженер Э.******* миний утас руу залгаад “та гараад ир, нэг тийш нь юм хүргэх шаардлагатай байна” гээд намайг дуудсан. Тэгээд би граж руу ороод өөрийн унадаг албаны УАА улсын дугаартай Ланд-76 маркийн автомашиныг асаагаад тухайн гражаас 200 литр поошиктой түлш ачсан. Тэгээд ******* инженертэй өртөөнөөс гараад Цогтцэций сумын нүүрс тээврийн 2 дахь километрт очиж Э.******* инженерийг нөгөө литр түлштэй нь хамт буулгаж үлдээгээд би буцаад кемп рүү ганцаараа явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/, хохирол төлж барагдуулсан баримт /хх-ийн 93-р хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хяналтын прокурор В.Төгсбаяр: ...тухайн галт тэрэгний түлшний банк нь цоожтой байсан бөгөөд шүүгдэгч Ц.******* нь уг цоожийг галт тэрэг эзэмшигч, өмчлөгч, ашиглагч /машинист/-аас зөвшөөрч өгсөн түлхүүрээр бус хууль бусаар эвдэж онгойлгон түлшийг авсан болох нь тогтоогдсон байхад шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдээгүй, тухайн хэргийн хувьд тогтоогдоогүй гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй, ...шийтгэх тогтоолын “хууль зүйн дүгнэлт” хэсэгтээ “Харин Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-д зааснаар бүлэглэн гүйцэтгэсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлтэй байна.” гэсэн атлаа шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо буюу шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсэгт Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлаагүй нь хэрэглэвэл зохих хуулийн зүйл, хэсгийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй...тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 03 сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/31 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичив...гэх агуулга бүхий эсэргүүцлийг давж заалдах шатны шүүхэд хандан гаргажээ.  

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид: хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг ойлгохоор хуульчилсан.

        Улсын яллагч яллах дүгнэлтдээ “Э.******* нь Ц.*******тай бүлэглэн “******* төмөр зам” ХХК-ийн эзэмшлийн гэлт тэрэгний түлшний банкнаас хууль бусаар нэвтэрч буюу цоожийг эвдэлж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар түүний эд хөрөнгийг авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг хангаж байна”...гэсэн бол...”Э.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авахдаа Ц.*******тай урьдчилан үгсэн тохирч, бүлэглэн галт тэрэгний түлш хадгалах зориулалт бүхий агуулахад нэвтэрч... хохирол учруулсан” гэх хууль зүйн дүгнэлт хийсэн ба шүүгдэгч нарыг галт тэрэгний банкнаас түлш авч хулгайлах гэмт хэрэг  үйлдсэн, галт тэрэгний түлш хадгалах зориулалт бүхий агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг  үйлдсэн гэж 2 өөр утгаар тайлбарлан бичсэн байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.  

         Учир нь: галт тэрэгний банкнаас түлш авах эсхүл түлш хадгалах зориулалт бүхий агуулахад нэвтэрч түлш авах нь хууль зүйн хувьд 2 өөр ойлголтыг бий болгох бөгөөд хэргийн зүйлчлэлд ч нөлөөлөх үр дагаврыг бий болгох тул яллах дүгнэлтэд дурдсан үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан, хэргийн бодит байдалтай нийцсэн байх нь зүйд нийцнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.*******, Ц.******* нар нь бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* төмөр зам” ХХК-ийн өртөөний барилга дотор байсан вагоны түлшний банкны цоожийг эвдэж 200 литр түлшийг хулгайлан 828,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон ба яллах дүгнэлтэд дурдсанчлан “галт тэрэгний түлш хадгалах зориулалт бүхий агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Хяналтын прокурор давж заалдах шатны шүүхэд хандан бичсэн эсэргүүцэл болон тайлбартаа: ...тухайн галт тэрэгний түлшний банк нь цоожтой байсан бөгөөд шүүгдэгч Ц.******* нь уг цоожийг галт тэрэг эзэмшигч, өмчлөгч, ашиглагч /машинист/-аас зөвшөөрч өгсөн түлхүүрээр бус хууль бусаар эвдэж онгойлгон түлшийг авсан болох нь тогтоогдсон тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй, шүүгдэгч нар “агуулахад нэвтэрч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрчээ.

          Иймд галт тэрэгний түлшний сав буюу түлш хийх зориулалт бүхий банк нь агуулах мөн эсэх, уг савнаас түлш авсан үйлдлийг нэвтрэлт буюу “агуулахад нэвтэрсэн” гэж үзэх эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэв.    

           “Агуулах” гэдэг үгийг - бараа материал, түүхий эд, тоног төхөөрөмж, эд хөрөнгө хадгалахад зориулсан тусгай байр, юм агуулах, хадгалах зориулалтын газар хэмээн Монгол хэлний тайлбар толь бичигт тайлбарлажээ.

Харин галт тэрэгний банк нь түлш хийх зориулалт бүхий сав мөн боловч тухайн галт тэрэгний техникийн эд анги, техникийн иж бүрдэлд хамаарч байх тул “агуулах” гэж үзэх үндэслэлгүй юм.  

 Хууль тогтоогчийн зүгээс хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн байхаар тогтоосон ба гэмт хэрэг үйлдэгчийн хувьд нэвтрэх нь  зөвшөөрөгдөөгүй буюу  нэвтрэхийг хориглосон орон зай болох  орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах байх нөхцөлийг шаардсан тул шүүгдэгч нарыг агуулахад нэвтэрсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхээс шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, анхан шатны шүүхийн энэ талаарх хууль зүйн дүгнэлтийг үндэслэл бүхий болжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч нарын үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой байна.  

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул хяналтын прокурорын шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2024ШЦТ/31 дугаартай шийтгэх тогтоолын

1 дэх заалтад: Шүүгдэгч ******* овгийн *******ын *******, Баян Хөвсгөл овгийн *******ы ******* нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай  гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж,

          2, 3 дахь заалтад: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэсний өмнө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэж тус тус нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай хяналтын прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

          4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

                                  ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                             Л.УГТАХБАЯР