Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 202/МА2022/00003

 

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2022/00003 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Б овогт Ц-ын Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б овогт Д-ийн М,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: М овогт Ц-ын Ц,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б овогт Ц-ын Д,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б овогт Д-ийн Г,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б овогт Д-ийн Г,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б овогт Д-ийн Ж нарт холбогдох,

 

4 ханатай гэр, 388 тооны мал, өвөлжөө, хаваржааны иж бүрэн хашаа, **-** ДГА улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашины өв залгамжлагчаар тогтоолгох тухай иргэний хэргийг;

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ны давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.М-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Өв залгамжлах эрх нээлгүүлэх буюу эрх сэргээлгэх хүсэлтэй байна. 2020 оны 8 сард буюу ээжийгээ нас барснаас хойш жилийн дараа өөрийн биеэр өргөдөл хүсэлтээ өгч эрх нээлгүүлсэн хэдий ч 2021 оны 1 сарын 20-ны өдөр шүүхээр цуцалсан. Ц.Б би айлын бага охин дээрээ дөрвөн ах, дөрвөн эгчтэй. Оршин суугаа хаяг минь Сайншанд сумын * дугаар багт байдаг хэдий ч Дэлгэрэх сумын * дугаар баг, ***** багт оршин суудаг ээждээ хамгийн ойр, байнга хамтран амьдардаг байсан хүн нь ганцхан би. Ээжийн минь үлдээсэн эд хөрөнгийг дор дурдъя: Дөрвөн ханатай гар 1 ширхэг, нийт малын тоо 388 ширхэг, өвөлжөө, хаваржааны иж бүрэн хашаа, УАЗ 469 маркийн машин 1 ширхэг. Эдгээр эд хөрөнгө болно. Өв залгамжлах эд хөрөнгийн талаар тус тусад нь дэлгэрүүлэн дурдах нь зүйтэй гэж бодлоо.

1. 4 ханатай гэр: Ц.Б би ээжийгээ 2019 оны 08 дугаар сард алдаад сэтгэлээр унан суухдаа хаашаа л харна эмээгийнх нь эд зүйл харагдах болов уу гэж бодоод хамт амьдарч байсан дүүгээ өрөвдөөд гэрээ будаад, угааж янзлаад 49 хоног тасралтгүй зул өргөж, нутаг усаа ариулж янзлаад ирсэн. Тэр өдрөөс хойш хэдэн хүүхдүүдээс нь нэг ч хүн нэг ч удаа зул гийгүүлсэнгүй өдгөө 2 жилийн нүүр үзлээ. Ц.Б би 1 дүгээрт буянаа бодож хэл амнаас сэргийлсэн. 2 дугаарт ээжийгээ алдаад хэдхэн сарын дараа аваарт орж одоогоор хэвтэрт хүний асаргаанд амьдардаг. Гэрийн хувьд ах дүү нартаа ярьж хэлээд авчраад өгнө үү хэмээн гуйсан. Одоо би гэрээ бариад гал голомтоо сэргээгээд сууж байна. 7 хоногийн өмнө ирсэн.

2. Нийт малын тоо: Малын тухайд манайх таван хошуу малтай байсан хэдий ч нүүж суудаг уналгад ашигладаг байсан тэмээгээ хулгайд алдсан. 2 жил хиртээ дандаа хүний машин гуйж нүүж суудаг байгаад миний хүү хурдан морио зараад УАЗ 469 маркийн авто машиныг авч ээж минь унаатай золгосон юм. Түүнчлэн малын тоо толгойг ээжээс гадна би мэддэг, эрхэм байгаа болохоор адуугаа байнга маллаж, хөдөлмөрлөдөг, уядаг учраас ах М шилжүүлэн тоолуулсан. Үхэр 28 ширхэг, хонь 260 ширхэг, ямаа 100 ширхэг, эдгээр малыг 2019 оны 11 дүгээр сард Дэлгэрэх сумын ЗДТГ-т өргөдөл хүсэлтээ өгөөд хуулийн дагуу шийдвэрлүүлсэн нь үнэн болно. Материалыг захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгсөн байгаа. Би дахин зардал мөнгө гаргаж явж сууж чадахгүй нь ээ. Малын задаргааг ард хавсаргав.

3. Өвөлжөө, хаваржааны иж бүрэн хашаа: Газрын эзэмших эрхийн гэрчилгээ надад байсныг намайг аваарт ороод ухаангүй эмнэлэгт хэвтэж байхад минь ах М хулгай хийж аваад явсан байсан. Мөн гэрчилгээний хувийг Дэлгэрэх сумын ЗДТГ-аас гаргуулах авах боломжтой хэдий ч сумын засаг дарга болоод түүний мэргэжилтнүүдэд хуулийн мэдлэг бүү хэл 10 жилийн боловсролгүй хүмүүс байгаа билээ. Үүний учир шүүхээс баримт бичгийг гаргуулах авах нь зүйтэй хэмээн үзэж байна.

4. УАЗ 469 маркийн авто машины тухайд Б би 2020 оны 08 дугаар сард буюу өвлөх эрх жилийн ард эрх нь үүснэ гэсний дагуу 2020 оны 06 дугаар сард ядарсан биетэй хэцүүхэн хүн тэтгэврийнхээ мөнгөөр жижиг тэрэг хөлсөлж очоод сумын тамгын газарт өргөдөл, хүсэлтээ өөрийн биеэр өгөөд 8 сард үүсгүүлж байсан. Одоогоор машин маань миний нэр дээр байгаа хэдий ч өвлөх эрхийг цуцалсан учир аймгийн журмын хашаанд бүтэн нэг жил байж л байна. Ах Ж-ны хүү Б хулгай хийж унаад ирж юу ч үгүй тоносон. Би хөөцөлдөж явж журмын хашаанд хийлгүүлсэн.” гэжээ.   

 

Нэхэмжлэгч Ц.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан, нэхэмжлэл болон тайлбартаа: “...Миний нэхэмжлэлийн гол шалтгаан нь ураг удам, өвөг дээдэс, нутаг ус юм. Хоёрдугаарт ээжтэйгээ хамтран амьдарч байсан, мал ахуйг нь мэддэг гэх утгаараа нэхэмжлэл гаргасан. Гуравдугаарт улс төр, айл өрх ч бай ялгаагүй нэг толгойтой, нэг чихтэй цаашаа явна гэхээс биш шуудайнд хийсэн ямааны эвэр шиг олон толгойтой айл хэзээ ч цаашаа ахидаггүй гэдэг үүднээс нэхэмжлэл гаргаж шүүх хуралдаанд оролцож байна. Өв залгамжлах эрх нь 2019 оны 08 сарын 17-ны өдөр нээгдсэн байсныг 2020 оны 01 сард иргэний шүүхээр цуцлагдсаныг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өв залгамжлал цуцлагдсан шийдвэрээс хойш 1 жилийн хугацаа өнгөрч байхад нэг ч хүн сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаагүй, би л сэргээлгэх нэхэмжлэл гаргаж байна. ... Би малд шунаад авах гээд байгаа юм биш, миний нэр дээр бүх эд хөрөнгө байхаас би гар хүрэхгүй. ...” гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.М анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Б нь хамгийн бага хүүхэд учраас бүх хөрөнгийг өвлөх эрхтэй, сүүлийн хэдэн жил ганцаараа ээжийгээ харж хандсан нь худлаа. Ээжтэй хамт амьдарч байсан хүн бол зээ хүү Д.Б, Д.М нар юм. Энэ хоёр хавар, намрын цагт очиж цай, хоолыг нь хийж өгч, ойр зуурын ажилд нь тусалж байсан. Д.Г, Д.Г зээ охин Б нар нь ээлжлэн асарч байсан нь үнэн. Дараа нь Ц.Д, бэр Ц, Д.М бэр Х нар ээжийг харч, асрах гээд очихоор энэ хэдтэй хэрүүл, маргаан хийгээд хөөж туугаад явуулдаг байсан. Ээжийг Ц.Ц нь ээжид хэрэгцээтэй эм, тариа, хоол хүнс хангаж авч өгч байсан. Одоо бодоход ээжийн мал, хөрөнгийг авахын тулд эртнээс төлөвлөсөн байсан. Бид ээжийн 49 хоногийг хураагаад бүгд цугларсан үедээ ярилцаад хэдэн малыг нь тэнцүү хуваагаад авах тухай ярилцаж байхад Б өөрөө очоогүй байж утсаар яриад ...та нарт ямар ч эрх байхгүй, мал авсан байв ... гээд ... байсан. Тухайн үед Б-д бүгд тэнцүү хувааж аваад гэр орон, илүү гэр, гэрийн эд хогшил хашаа хороо, УАЗ 469 маркийн машин зээ хүү Д.Б-д өгөөд өөрсдийн хэмжээнд бичиг баримт үйлдэж бүх хүн гарын үсэг зураад эхний удаадаа Б малаа маллаж байхаар тохиролцсон байсан. Б ээжийн гэр орныг өөрөө будаж засварласан юм шиг бичсэн нь худлаа. Ц нь будаг авч өгөөд хүргэн Б, охин, хүү Д нар хана үдэж, угааж будаж янзалсан. Б нь зээ Б-д өгсөн гэрийг авч ирээд өөрөө ороод суучихсан тэр хүүг илүү гэрт нь үлдээсэн байсан. Бид бүгд П.Ц гэдэг хүний мах цусны тасархай, иймд бүгд тэгш эрхтэй юм. Ийм учраас дээрх маргалдаж байгаа эд хөрөнгийг бид бүгдийг өмчлөгчөөр тогтоож өгнө үү.” гэжээ.  

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар П.Ц-ын хууль ёсны өвлөгчөөр Ц.Б-г тогтоож, хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохыг хүссэн Д.М, Ц.Д, Д.Г, Д.Г, Д.Ж, Ц.Ц нарын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс бие даасан шаардлагад дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.М давж заалдсан гомдолдоо: “...Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д заасан этгээд болох Д.М, Ц.Ц, Ц.Д, Д.Г, Д.Г, Д.Ж, Ц.Б нар нь хууль ёсны өмчлөгч болох нь иргэний үнэмлэхний хуулбар /хх 5, 78/, П.Ц-ын алдарт эхийн одонгийн судалгаа /хх 92/ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Энэ үндэслэлээр дээрх хүмүүс нь хууль ёсны өвлөгч мөн болох нь бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна. Харин Иргэний хуулийн 528.1-д зааснаар “...өв нээгдсэнээс хойш ...хөрөнгийг эзэмдэн авсан, эрхлэн удирдсан гэх хуулийн шаардлага хангаагүй байх үндэслэлээр өвлөх эрхээс татгалзсан гэсэн дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан Д.М-ны тайлбараар болон бусад өвлөгч нарын тайлбараар өвийг эзэмдэн авсан. Одоог хүртэл маллаж байгаа талаар /автомашинаас бусад хөрөнгийг/ шударга өмчлөгч нар ярилцаж тохиролцоод энэ асуудлыг шийдвэрлэх хүртэл уг хөрөнгийг ах Д.М-ны хараа хяналтад байлгах, Ц.Б-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, сумын ЗДТГ, Захиргааны хэргийн шүүхэд хандаж шударга өвлөгч нар маргасан байдаг. Гэтэл шүүх зөвхөн нэг талыг барьж Иргэний хуулийн 528.1-д заасан ...өв хүлээн авах тухай хүсэлтийг өв хүлээн авах тухай хүсэлт гаргаагүй гэх үндэслэлээр Ц.Б-аас бусад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийг өв хүлээн авахаас татгалзсан гэж шийдвэрлэсэн нь зохигчдын хууль ёсны эрх ашгийг Иргэний хуулийн 528.1-д заасан ...татгалзсан тухайгаа мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. 528.2-т заасан бусад өвлөгч нь тухайлбал одоог хүртэл хөрөнгө эзэмшиж, эрхлэн удирдсан Д.Мэндсайхан өвлөх эрх хуулиар олгогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх өвлөгч нарт 525.2-д заасан шаардлага хангасан өвлөгч байгаа эсэх талаар дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болсон байна. Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний 00003 шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргав.” гэв.

 

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.М-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ “Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д заасан этгээд болох Д.М, Ц.Ц, Ц.Д, Д.Г, Д.Г, Д.Ж, Ц.Б нар нь хууль ёсны өмчлөгч болох нь иргэний үнэмлэхийн хуулбар /хх 5,78/, Д.Ц-ын алдарт эхийн одонгийн судалгаа /хх 93/, болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна” гэсэн байна. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэх хуулийн шаардлага хангаагүй байна гэдэг үндэслэлээр өвлөх эрхээс татгалзсан гэж дүгнэлт хийсэн. Ц.Б-г нэг жилийн хугацаанд ээжтэйгээ хамт амьдарсан юм байна гэдэг дүгнэлтийг хийсэн байдаг. Энэ дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй. Хэрэгт авагдсан Д.М-ны тайлбараар болон бусад өвлөгч нарын тайлбараар өвийг эзэмдэн авсан, одоог хүртэл маллаж байгаа талаар /автомашинаас бусад хөрөнгийг/ шударга өмчлөгч нар ярилцаж тохиролцоод энэ асуудлыг шийдвэрлэх хүртэл уг хөрөнгийг ах Д.М-ны хараа хяналтад байлгаж, Ц.Б-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоох, сумын ЗДТГ, Захиргааны хэргийн шүүхэд хандсанд нь шударга өвлөгч нар маргасан байдаг. Гэтэл шүүх зөвхөн нэг талыг барьж Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т заасан шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр Ц.Б-аас бусад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн өв хүлээн авахаас татгалзсан гэж шийдвэрлэсэн нь зохигчдын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т заасан “татгалзсан тухайгаа мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ”. 528 дугаар зүйлийн 528.2-т заасан бусад өвлөгч нь /тухайлбал одоог хүртэл хөрөнгө эзэмшиж эрхлэн удирдсан Д.М/ өвлөх эрх хуулиар олгогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. ...” гэв.

 

            Нэхэмжлэгч Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ шүүх хурлаас өмнө би захиргааны хэргийн шүүх, иргэний хэргийн шүүх гээд дөрөв дэх шүүх хуралдаа оролцож байна. Дандаа миний нэхэмжлэлтэй шүүх хурлууд явагдсан. Энэ их хугацаа өнгөрч байхад ах эгч нарыгаа нэг ч удаа хариуцагчаар татаж шүүх хуралд оролцуулж байгаагүй. Шүүхийн зүгээс хуулиа дагаад энэ хэрэг маргаантай учраас гуравдагч этгээдийг оролцуулах ёстой юм байна гээд гуравдагч этгээдээр оролцуулсан. Түүнээс биш шүүх дуудаагүй байхад энэ хууль бус ажиллагаа хийгээд яваад байна гэдэг үндэслэлээр эдгээр хүмүүс нэг ч удаа хуулийн байгууллагад хандаагүй байдаг. Яг үнэндээ ээжтэй минь цуг амьдардаг хүн үр хүүхдүүдээс нь нэг ч хүн байхгүй, би ч хамт байгаагүй. Д.Б гэж хүү л надтай хамт энд 3 жил МСҮТ-д сурч төгсөөд гэрээрээ ч орохгүй шууд хөдөө эмээ дээрээ очсон хүүхэд. Манай ах эгч нарын хувьд өв залгамжилна гэхээрээ зөвхөн хэдхэн мал л хувааж авах мэтээр л ярьж байгаа. Өөр юу ч тэд нарт хэрэггүй. Тэд нарын хувьд тэр машин эвдэрнэ үү, байна уу хамаагүй. Сая төгрөг ч хүрэхгүй үнэтэй зүйл. Харин амьдарч ирсэн хүнийх нь хувьд тэр машин бол цоо шинэ, би таягаа тулаад гүйж байж нэг юм журмын хашаанд хийлгэсэн одоо бүтэн жил болж байна. Өвлөх эрх гэдэг дээр гуравдагч этгээдээс ярьж байна. Өвлөх эрхийнхээ тухай би сумын тамгын газартай 2019 оны 12 дугаар сарын мал тооллогын үед өргөдөл хүсэлтээ өгсөн. Энэ нь бүх нотлох баримтаараа хэрэгт авагдсан байгаа, тэгээд өвлөх эрхээ нээлгэе гэтэл энэ өвлөх эрх нь нэг жилийн дараа нээгддэг гэхээр нь би жилийн дараа осолд орсон ч гэсэн хэвтрийн байдалтай очиж өргөдөл хүсэлтээ өгсөн. Тэгээд өвлөх эрхээ нээлгэсэн боловч энэ яагаад цуцлагдах болсныг би мэдэхгүй. Бүтэн жилийн хугацаанд миний ах эгч нарын хэн нь ч энэ өвлөх эрх үүсгэе гэж хандаагүй. Энэ хурал хийж малаа хуваасан гэж ярьдаг. Энэ нь нотлогдох ч үгүй энэ хурлыг хийхэд мал дээр байсан Д.Б-д юу ч өгөөгүй, энэ хүүхэд арван хэдэн жил энэ малыг хариулсан. Бас гэрийн талаар ярьж байна Ц.Б авчраад барьчихсан гэж ярьж байна, би загнаад авчирч бариагүй шүү дээ. Би хүүхэд нь би өвлөх ёстой гээд яриад байдаг байж яагаад гал голомт дээрээ ирээд явж болохгүй байгаа юм.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ны давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүйгээс, хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг буруу тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.Б анхан шатны шүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус тус “...өв залгамжлах эрхийг нээлгэх, сэргээлгэх тухай ...” агуулга бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 136/ШЗ2021/01226 дугаартай шүүгчийн захирамжаар /хх 53/, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 136/ШЗ2021/01321 дугаартай шүүгчийн захирамжаар тус тус “ ... өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг ... нотариатад хандсан эсэх нь тогтоогдохгүй ... шүүхээр урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг 2 удаа хүлээн авахаас татгалзжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагыг “... өв залгамжлах эрх нээлгүүлэх буюу эрх сэргээлгэх ...” гээд нэхэмжлэлийн үндэслэлээ “...2020 оны 8 сард буюу ээжийгээ нас барснаас хойш жилийн дараа өөрийн биеэр өргөдөл хүсэлтээ өгч эрх нээлгүүлсэн хэдий ч 2021 оны 1 сарын 20-ны өдөр шүүхээр цуцалсан. ... би айлын бага охин дээрээ 4 ах, 4 эгчтэй, ... ээждээ хамгийн ойр, байнга хамтран амьдардаг байсан...” гээд нэхэмжлэлд тэдгээрийн нэрийг дурджээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “... Өв залгамжлах эрх сэргээлгэх, 4 ханатай гэр, 388 тооны мал, өвөлжөө, хаваржааны иж бүрэн хашаа, УАЗ469 маркийн автомашины өв залгамжлагчаар тогтоолгох, өв залгамжлах эрх нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нээгдсэн байсныг 2020 оны 01 сард иргэний шүүхээр цуцлагдсаныг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өв залгамжлал цуцлагдсан шийдвэрээс хойш 1 жилийн хугацаа өнгөрч байхад нэг ч хүн сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаагүй, би л сэргээлгэх нэхэмжлэл гаргаж байна ...” гэжээ.

 

Гуравдагч этгээд болон гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан тайлбартаа “... Бид ээжийн 49 хоногийг хураагаад бүгд цугласан үедээ ярилцаад хэдэн малыг тэнцүү хувааж авах тухай ярилцаж байхад Б очоогүй, ... бид бүгд П.Ц гэдэг хүний мах цусны тасархай, иймд бид бүгд тэгш эрхтэй. Тийм учраас тухайн маргаж байгаа эд хөрөнгийг бид бүгдийг өмчлөгчөөр тогтоож өгнө үү ...” гэж, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Бүгд бүх мал, хөрөнгө, хашаа хороогоо миний нэр дээр болгож, малаа 7 тэнцүү хувааж авна, зарим нь надаар малаа маллуулдгаараа маллуулж, малаа авах нь авна гэж яриад байгаа ...  малыг нь 7 хувааснаараа авна, 4 ханатай гэрийг 49 хоногт нь хуралдаж байхдаа ээж амьд сэрүүн байхдаа Б-д гэрийг өгнө гэж хэлсэн. ... гэжээ.

 

Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар П.Ц-ын хууль ёсны өвлөгчөөр Ц.Б-г тогтоож, хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохыг хүссэн Д.М, Ц.Д, Д.Г, Д.Г, Д.Ж, Ц.Ц нарын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор” гэж зааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-т заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй байна.

 

Учир нь нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь төрсөн эх П.Ц-ын хууль ёсны өвлөгч болохоо тогтоолгох тухай агуулгагүйн гадна хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Ц.Б болон түүний ах дүү нар болох Д.М, Ц.Д, Д.Г, Д.Г, Д.Ж, Ц.Ц нар нь П.Ц-ын төрсөн хүүхдүүд болох эсэх талаар буюу түүний хууль ёсны өвлөгч болох эсэх талаар маргаагүй, ийм шаардлагыг гаргаагүй байхад шүүх тэдний гаргаагүй шаардлагыг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шаардлагыг зөрчжээ.

 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ямар журмаар явуулсан нь тодорхойгүй, ойлгомжгүй ба нэхэмжлэлд дурдагдсан Д.М, Ц.Д, Д.Г, Д.Г, Д.Ж, Ц.Ц нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч биш гуравдагч этгээдээр оролцуулснаас үзэхэд анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар биш онцгой ажиллагааны журмаар явуулсан гэж үзэх талтай.

 

Гэвч анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэх захирамж болон шүүхийн шийдвэрт энэ талаар заагаагүй, мөн Д.М, Ц.Д, Д.Г, Д.Г, Д.Ж, Ц.Ц нарыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн атлаа тэдэнд нэхэмжлэлийн хувийг гардуулсан, харин тэднээс гаргасан бие даасан шаардлага нь юу болох эсэх нь тодорхойгүй зэргээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг онцгой ажиллагааны журмын дагуу явуулсан гэж үзэхэд ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэжээ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа нь эрх зүйн ямар нэгэн маргаангүй байх ба зөрчигдсөн эрхийг сэргээх талаар шаардлагагүй, эсрэг талын зохигч байхгүй буюу ямар нэгэн этгээдэд хандаж гаргасан шаардлага биш байдаг онцлогтой төдийгүй материаллаг эрх зүйн маргаан байдаггүйгээс хэрэгт эсрэг сонирхолтой этгээд байхгүй тохиолдолд хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ. 

 

Нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзэхэд  тэрээр нэхэмжлэлээ Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасан “өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах журам”-д үндэслэсэн гэж үзэхээр байх ба энд “... өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч ... өв хүлээн авахаас татгалзах ...” 528.2-т заасан “... өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан, ... эрхлэн удирдсан, ... өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэх ... гэх мэт нөхцөл байдал үйл баримт хамааралтай байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд буюу нэхэмжлэгч Ц.Б-аас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн нотлох баримтуудаас үзэхэд Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 136/ШШ2021/00016 дугаартай шийдвэрээр “Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэгч П.Э-ийн 2020 оны 08 сарын 17-ны өдрийн 5 дугаарт бүртгэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, түүний 2020 оны 08 сарын 17-ны өдрийн 5 дугаартай Ц.Б-д олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож” шийдвэрлэсэн, мөн Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 115/ШШ2021/0001 дугаартай шийдвэрээр “нэхэмжлэгч Ц.Б-ийн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг дарга болон тус сумын 2019 оны мал тооллогын салбар комиссын 3 дугаар хэсэгт холбогдуулан гаргасан “Иргэн Д.М-ны нэр дээрх 2019 оны мал тооллогын бүртгэл /А данс/ болон иргэн М.Ш-ын нэр дээрх 2019 оны мал тооллогын бүртгэл /А данс/-ийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байх ба эдгээр шийдвэрүүдэд хэргийн оролцогчид гомдол гаргаж шийдвэрлүүлсэн эсэх талаарх баримтыг ирүүлээгүйгээс шийдвэрүүдийг хуулийн хүчин төгөлдөр болсон гэж дүгнэхээр байна.

 

Эндээс үзвэл талууд нэгэнт дурдсан үйл баримтын талаар маргаж, тухай бүр шүүхээр шийдвэрлүүлсэн, мөн гуравдагч этгээдээр тогтоогдон оролцсон этгээдүүд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг эс зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар шаардлага гаргасан байх ба өөрөөр хэлбэл талууд өвлөгдөх эд хөрөнгийн талаар маргаж байгаа тохиолдолд энэ нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх боломжгүй, түүнд хамаарахгүй гэж үзнэ.

 

Улмаар анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өв залгамжлах эрхийг хэн хэрхэн яаж зөрчсөн, түүнийг сэргээхэд саад болж байгаа үйл баримт нь буюу үйлдэл, эс үйлдэхүй юу болох тухайлбал тодорхой нэр бүхий өвлөгдөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал юу болох зэргээр шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодруулж, тодорхойлсноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар эсхүл онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх эсэхийг тогтоох нь зүйтэй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэлдээ Д.М, Ц.Д, Д.Г, Д.Г, Д.Ж, Ц.Ц нарын нэрийг дурдсан атлаа тэднийг хариуцагчаар заасан эсэх нь тодорхойгүй хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурдагдсан түүний зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхийг хүсч байгаа  эрхийг зөрчиж байгаа шалтгаан нөхцөл нь тодорхой этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйгээс хамааралтай гэж үзсэн тохиолдолд тухайн этгээдийн нэрийг нэхэмжлэлд тодорхой заах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрт тавигдах шаардлага болох ба энэ шаардлагыг хангасан нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэх учиртай.

 

Иймд гуравдагч этгээд болон тэдгээрийн төлөөлөгч Д.М-ны гаргасан “... шийдвэрийг хүчингүй болгох ...” тухай агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангах үндэслэлтэй ба харин анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгохоор шийдвэрлэсэн тул түүний гомдолд дурдсан “Иргэний хуулийн 528 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн” тухай агуулгад эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2022/00003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, бие даасан шаардлага гаргасан этгээд болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ны давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар бие даасан шаардлага гаргасан этгээд болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

 

                                                 ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

 

                                                                                                       Н.БАТЧИМЭГ