| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0059/Э |
| Дугаар | 00060 |
| Огноо | 2018-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 00060
Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,
улсын яллагч Ц.Сувдаа,
шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батмөнхийн Б.М ад холбогдох эрүүгийн 1815000590052 дугаартай, 163/2018/0059/Э индекстэй хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсорлтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Х овогт Б.М
Холбогдсон хэргийн талаар:
Б.М нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт эрүүгийн үүрэг гүйцэтгэж дуудлагаар очсон тус аймаг дахь цагдаагийн газрын ахлах ахлагч Х.Баттулгыг албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.
1815000590052 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Хохирогч Х.Б өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 цаг 00 минутаас 02 цаг 00 минутын хооронд томилгоот замын цагдаагийн эрүүлийн үүрэг гүйцэтгэж байсан 02:00 цагийн үед Жижүүрийн шуурхай албанаас 3-р баг А хэсэг 12-01 тоотод согтуу хүн агсан тавиад байна гэх гомдол мэдээллийг өгсөн үүний дагуу д/а Э.Ганцолмонгийн хамт дуудлага мэдээлэл өгсөн хаяганд очиход гэрийн тавилга эвдэрч хэмхэрсэн энд тэнд ундуй сундуй болсон эд зүйл хэвтэж байсан 50-55 орчим насны эмэгтэй орон дээл сууж байсан зөрчил гаргагч Б.М нь согтуу ханан пийшэн налчихсан хөлөө жийгээд сууж байсан. Гал тогооны өрөөнд 30-35 орчим насны эмэгтэй гартаа үс барьчихсан Б.М намайг үсдээд үсийг минь туг тугаар нь унагачихлаа гомдолтой байна гэж хэлсэн. Б.М дээр очоод “амрыг эрье таныг цагдаагийн газарт аваачиж шалгах шаардлагатай та хувцасаа өмсөөд бидэнтэй хамт явах хэрэгтэй гэж хэлсэн” тэгтэл Б.М шууд урдаас чадахгүй “пизда минь чаддаг юм бол намайг дйилээд аваад яв” та нарыг хаана амьдардагыг мэднэ шүү намайг ахмад Эрдэнэбат гэдэг байцаагч байхдаа амжаагүй та нар шиг ахлагч нар чадахгүй чам шиг бацаан бүр амжихгүй Булганы цагдаа нар чадахгүй гэж байсан. Би тухайн үед та одоо тайвшир одоо энэ үйлдлээ боль бидэнтэй хамт явах хэрэгтэй гэж хэлэхэд үл тоож гал тогооны өрөөнд байсан эмэгтэй рүү салаавч гаргаад “алнаа чамайг” гэх мэтээр хэлээд байсан. Уг зөрчлийн шинжтэй үйлдлийг даамжируулахгүй байх үүднээс Б.М ын гарын тохой орчимоос барьж хувцасаа өмсөх талаар дахин хэлэхэд урдаас эсэргүүцэн уурлаад миний малгайг үстэй хамт зулгаагаад малгайг авч шидээд чамайг ална та нарыг мэднэ судалсан гэх зэргээр орилж байсан тэр үед д/а Ганцолмонгийн хамт 2 гарт нь өчиг хийж авч гарсан. Тухай үед бидэнд гав байгаагүй болохоор гавлаж чадаагүй машинд суулгаад цагдаагийн газар авчирсан гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,
Хохирогч Ц.О өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 09-ны шөнийн 00 цаг өнгөрч байхад би Б.М ынд очсон. Б.М их хэмжээний согтолттой байсан. Б.М гэрийнхээ хүмүүсийг амраахгүй хашгираад байхаар нь одоо унтаж амар их согтсон байна гэж хэлсэн. Тэгэхэд надтай маргалдаад миний үснээс зулгаасан тэгэхээр нь цагдаа дуудсан. Цагдаагаас 2 хүн ирсэн. Ирэх үед Б.М маргалдаад тайвшираагүй байсан. Тэгээд цагдаа орж ирээд яасан юу болоод байгаа юм унтаж амар гэж хэлсэн. Тэгтэл цагдаагийн урдаас хэрэлдээд байсан учраас аваад гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/,
Гэрч Э.Г өгсөн:...замын цагдаагийн зохицуулагч цагдаа цагдаагийн ахмад Х.Б хамтаар уг дуудлаганд очсон. Бид хоёрыг тухайн хаяг дээр очиход Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нилээн согтсон байдалтай байсан ба тэнд байсан хүмүүсээс юу болсон талаар асуухад Отгонжаргал гэх эмэгтэй Б.М миний үсээс зулгаасан гэж хэлсэн..., тэгээд Б.М ыг та бид нарыг дагаж цагдаагийн байгууллагад очих шаардлагатай байна гэхэд шууд уурлаж цагдаагийн ахлагч Х.Баттулгыг пизда минь чи намайг авч явж амжих уу, Булганд намайг амжихгүй шүү Б би эхнэрийг чинь мэднэ чамайг мэднэ Ганцолмон чамайг ч мэднэ би гэрт чинь очиж нүдийг чинь ухна шүү гээд орилоод байсан. Б.М нь тэгээд цагдаагийн ахлагч Х.Баттулгыг зуурч аваад албаны хантаазыг нь урсан гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 4 хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 хуудас/,
Хантаазанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16 хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 17 хуудас/,
Ял шалгах хуудас /хх-ийн 50 хуудас/,
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 53-55 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
Б.М ын яллагдагчаар өгсөн: Би 2018 оны 02 дугаар сарын 08-ны гадуур архи ууж байгаад орой 22 цагийн үед гэртээ харьсан. Намайг гэрт харихад манай ээж Чулуунбат, төрсөн эгч Ариунцэцэг, эгчийн найз Отгонжаргал нар байсан. Тухайн үед би нилээн согтуу муудсан ба зарим нэг зүйлийг сайн санахгүй байгаа. Намайг согтуу гэрт ороход төрсөн эгч Ариунцэцэг архи уулаа гэж загнасан. Тэрнээс болоод би их согтсон байсан учраас төрсөн эгчтэйгээ хэрүүл маргаан хийгээд эгчийн найз Отгонжаргалын үснээс зулгаасан байсан. Тэгээд л намайг агсам согтуу тавиад байхаар нь манай эгч О цагдаагийн газар луу дуудлага өгсөн байсан. Тэгээд намайг гэрт сууж байхад гаднаас 2 цагдаа орж ирээд авч явна гэхээр нь би явахгүй гэж хэлээд нэг цагдаагийнх нь гадуур өмсдөг ногоон өнгийн хантаазыг ураад тэр 2 цагдааг хэл амаар доромжилсон байсан. Би өөрөө энэ үйлдлээ бол сайн санахгүй байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 44 хуудас/,
Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.М 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт эрүүгийн үүрэг гүйцэтгэж дуудлагаар очсон тус аймаг дахь цагдаагийн газрын ахлах ахлагч Х.Баттулгыг албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Б.М ад холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.М ыг хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М ад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.М ад нь энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8,9, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х овогт Б.М ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Шүүгдэгч Б.М ад хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ад шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг шүүх ял оногдуулахыг сануулсугай.
5. 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 09 дугаартай шүүгчийн захирамжаар авсан шүүгдэгч Б.М ад МУ-ын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.М ад нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН