Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/33

 

 

Б.*******, М.******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: О.Батнасан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/32 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянтогтохын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.*******, М.******* нарт холбогдох ******* дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

            Яллагдагч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн ******* хороололд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнийн 02-03 цагийн үед гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.*******тэй хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргаж, хоолойг нь боох, гар, толгой хавирга хэсэг рүү нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

          Яллагдагч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн ******* хороололд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнийн 02-03 цагийн үед гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.*******тай хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргаж, улмаар толгой, хүзүү хэсэг рүү нь гараараа цохиж, зүүн гарын булчин хэсэгт нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасан нь шүүгдэгч  Б.*******, М.******* нарын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржгин овгийн Батбаярын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Тайж овгийн Мөнхбатын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, М.******* нар нь шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.*******ийн 682,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянтогтох давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 1. Шүүхийн шийтгэх тогтоолд дурдсанчлан шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлтийг /шийтгэх тогтоолын 9-12 дах талуудад/ хийхдээ шүүгдэгч М.*******ийн 2023 оны 10 сарын 02-ны өдөр хохирогчоор өгсөн “ би жолоо барих байсан болохоор бага зэрэг уусан, ... цэнхэр өнгийн лаазтай пиво 2 ширхгийг уусан. Харин ******* тэр пивоноос 4-5 ширхгийг уусах байх, ...айлын хүмүүс хэрэлдээд байсан чинь Б.******* айлын хүмүүс хэрэлдэх нь чамд ямар хамаатай юм гэж хэлээд миний толгой руу баруун гараараа цохьсон... /хавтаст хэргийн 19-20 дахь тал/” гэх мэдүүлгийг гэрч Б.Тамжидын хавтаст хэргийн 33, 149 дэх талуудад авагдсан, гэрч Ц.*******ын хавтаст хэргийн 36, 153 дахь талуудад авагдсан мэдүүлгүүдээр М.*******ийн бага зэрэг уусан, айлын хүмүүс хэрэлдээд байсан гэх мэдүүлэг нь тус тус няцаагдаж байна гэж дүгнэжээ, 2023 оны 10 дугаар 13-нд гэрч Ц.******* мэдүүлэхдээ “ *******, ******* 2 манай гэрт ирэхдээ 18-20 ширхэг лаазтай сэрүүн пиво авчирсан” гэж, шүүгдэгч Б.*******гаас 2023 оны 09 сарын 16-ны өдөр сэжигтнээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд “ ... Найзынхаа гэрт очиж юм ярьж сууж байгаад бид хэд пиво уухаар болсон ; ... лаазтай Сэнгүр пиво уусан...” гэж, М.*******ээс 2023 оны 10 сарын 02-ны өдөр хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд “ ... ******* тэр айлын нөхөртэй хамт гэрээс гарч яваад буцаад ирэхдээ лаазтай пивонууд авч ирсэн...” гэж пиво уусан талаар сэрүүн, сэнгүр пиво байсан, хаанаас авсан талаар тус тус зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад гэрч Б.Тамжид, болон Ц.*******ын, сэжигтнээс мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн Б.******* нарын мэдүүлгүүдийг нотлох эх сурвалж, баримт хавтаст хэрэгт байхгүй байхад үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

          Тухайн айлын хүмүүс хэрэлдээд байсан гэдэг ойлголтыг юу гэж үзэж байгаа нь тодорхойгүй бөгөөд айлын хүмүүс хоорондоо чанга дуугаар хэрэлдсэн үү эсхүл тодорхой нэг асуудал дээр үг зөрсөн үү гэдэг бол шүүгдэгч нарын биедээ хохирол учруулсантай огт хамаагүй. Б.******* М.*******ийн биед халдаж зодсоноос үүдэн өөрийгөө хамгаалж түүнийг хазсанаас биш айлын хүмүүс хэрэлдсэн хэрэлдээгүйн улмаас түүнийг хазаагүй.

          Мөн М.*******ийг бага зэрэг уусан гэдэг нь няцаагдаж байна гэж дүгнэжээ. Бага зэрэг уусан, их хэмжээний уусан эсэхийг тусгай багажаар үлээлгэж, эсхүл шинжээч эмчийн дүгнэлтээр, бусад нотлох баримтуудыг үндэслэн тогтоохоос биш дан гэрчийн мэдүүлгээр тогтоох боломжгүй. Хавтаст хэрэгт уусан гэх пивоны лааз, дэлгүүрээс авсан төлбөрийн баримт зэрэг байхгүй байхад тухайн үед байсан 4 хүний хэр хэмжээний пиво уусан эсэх тал дээр дүгнэлтийг хийх боломжгүй бөгөөд хэн нь хэдэн лааз пиво уусан нь М.*******, Б.******* нарын биедээ хохирол учруулсантай холбоотой гэм буруугийн дүгнэлтийг хийхэд холбогдолгүй.

          2. Мөн шийтгэх тогтоолын 11 дэх талд шүүх “...тус тус өөр хоорондоо зөрүүтэй, тогтворгүй мэдүүлгүүд өгсөн байх ба түүний энэхүү мэдүүлгүүдийг давхар нотолсон баримтгүй тул дангаараа нотлох баримт болохгүй юм.” гэж М.*******ийн өөрийн биед Б.******* хохирол учруулсан талаарх мэдүүлгүүдийг дүгнэжээ.

          М.******* хохирогч болон яллагдагчаар мэдүүлгүүд өгсөн ба тухай бүрдээ Б.******* түүний биед хүч хэрэглэн халдсан, үүнээс улбаалан түүнийг довтолгооныг зогсоож амиа хамгаалахын тулд хазсан гэдгээ тогтвортой мэдүүлдэг бөгөөд тухайн хэрэг учрал болох үед өөрийн бие махбод болон сэтгэл санаанд хүчтэй цочрол, шоконд орсон байсны улмаас аливаа хэргийн хохирогч хүн бага зэргийн зөрүүтэй мэдүүлэг өгөх тохиолдол байдаг боловч энэхүү тохиолдолд М.*******ийн мэдүүлгүүдийг зөрүүтэй, тогтворгүй гэж дүгнэх нь үндэслэлгүй.

          Онолын хувьд зориуд худал болон зориуд бусаар андуурч мэдүүлэх гэдэг нь өөр ойлголт бөгөөд М.*******ийн бүх мэдүүлгүүд нэг л хэрэг учралын талаар нэг л янзаар тогтвортойгоор мэдүүлж байгаа нь илэрхий байдаг. Түүнчлэн шүүх түүний энэхүү мэдүүлгүүдийг давхар нотолсон баримтгүй тул дангаараа нотлох баримт болохгүй юм гэж дүгнэсэн байна.

          М.*******ийн мэдүүлгийг нотолсон, түүний биед үзлэг хийсэн 2023 оны 09 сарын 28-ны өдрийн 388 дугаар шинжээчийн дүгнэлт, аймгийн БОЭТ-ийн Яаралтай тусламжийн хуудас дугаар 6447, гэрч А.*******ын 2023 оны 09 сарын 27-ны өдрийн болон шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо өгсөн мэдүүлгүүд зэрэг байхад эдгээрийг яагаад нотлох баримт гэж үзэхгүй талаар хууль зүйн дүгнэлт хийсэнгүй. 3. Шийтгэх тогтоолын 12 дах талд дурдсанаар шүүх “Б.*******гийн ... мэдүүлгээр М.******* эхэлж биед нь халдсан талаар мэдүүлсэн нь тогтоогдсон...” гэж дүгнэжээ.

          Хэрэг учралын талаарх гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирол, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хувиар Б.*******, М.*******ийн нарын өгсөн мэдүүлгүүд гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яг ижил төрлийн нотлох баримтуудыг үндэслэн мэтгэлцэхэд яагаад М.******* болон түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбар, нотлох баримтуудыг үнэлээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлтийг шүүх хийсэнгүй.

          4. Шүүх хуралдааны явцад тусгай мэдлэг бүхий мэргэжлийн эмч, шинжээчээс өмгөөлөгч миний зүгээс: хүн довтолгоонд өртөх үед ямар хариу үзүүлж болох талаар асуухад хүнээсээ шалтгаалж ямар ч хариу үзүүлж болно гэсэн хариулт; хүн өөрийн биедээ гэмтэл учруулж болох уу гэсэн утга бүхий асуултад хүн өөрийгөө гэмтээж гэмтэл учруулах бүрэн боломжтой талаарх хариултыг шүүх дүгнэсэнгүй. Шинжээч эмчийн Б.*******гийн толгойд учирсан гэмтлийн талаарх дүгнэлт нь ямар гэмтэл хэзээ учирсан байж болох талаарх дүгнэлт болохоос биш тухайн цаг хугацаанд яг М.******* учруулсан тухай дүгнэлт, нотлох баримт биш. Тухайн хэрэг учрах гарсан цаг хугацааны үед Б.*******гийн толгойд учирсан гэмтэл М.*******ийн зүгээс биш өөр шалтгааны улмаар учирсан байх бүрэн боломжтойг шүүх хэрэг учралыг сэргээн дүрслэх аргаар шалгахдаа тогтоох боломжтой байсан гэж үзэж байна,

          Дээрх үндэслэлүүдээр Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч М.*******т холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү.           Прокурор О.Батнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч *******, *******, гэрч Чулуунбаатар, Тамжид, ******* нарын мэдүүлэг, Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 388 дугаартай дүгнэлт, Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 402 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу нотлох баримтуудаар дээрх үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож нотлогдсон байдаг. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүд болон шүүх хуралдааны явцад шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр тухайн гэмт хэргийн үйл баримт хангалттай бүрэн тогтоогдож нотлогдсон гэж үзэж байна.

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн дүгнэлтийг би үндэслэлтэй дүгнэлт гэж үзэж байна. *******гийн биед гэмтэл учруулаагүй, ******* өөрөө өөртөө гэмтэл учруулсан гэдэг байдлаар анхан шатын шүүх хуралдаан дээр маргадаг. Энэ нөхцөл байдлаа ч өмгөөлөгч нь хэргийн онол болоод өмгөөлөгчийн дүгнэлтдээ дурдсан бас давж заалдах гомдолдоо дурдаад байдаг. *******гийн хувьд Буянтогтох өмгөөлөгчийн хэлж байгаа буюу шинжээчийн хэлж байгаагаар өөртөө гэмтэл учруулсан нөхцөл байдал байхгүй. *******ийн хууль бус үйлдлийн улмаас хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нөхцөл байдал хавтаст хэргийн хүрээнд авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байдаг.

          Иймд М.*******ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгах эрх зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянтогтохын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 

        Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн ******* хороололд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнийн 02-03 цагийн орчимд гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.*******тэй хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргаж, хоолойг нь боох, гар, толгой хавирга хэсэг рүү нь гараараа цохих зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

        Гэрч А.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тэр өдөр *******ийг шөнийн 3 цагт нөхөр ******* нь шөнөжингөө зодсон. Ээж, аав хурдан ирж аваарай гэж ******* ээж болох *******д мессеж бичиж үлдээсэн байсан. 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө ******* бичсэн мессежийг хараад Ханхонгор сумын Хондот бригадаас ******* суманд ирсэн. Намайг дуудаад утсаар залгаад болсон явдлын талаар хэлээд намайг ирж аваад бид гурав *******ийн гэрт очсон. Тэгээд очиход ******* хувцсаа өмсөөд *******ийн хажууд газарт завилаад сууж байсан. Тэгэхэд ******* орон дотроо хөнжлөө толгой дээрээ нөмөрсөн байдалтай сууж байсан. Манай дүү ******* юу болоод байна гэхэд *******, ******* хоёр үг дуугараагүй. Тэгэхээр нь би *******ийн хөнжлийг сөхөж харахад *******ийн нүүр, нүд, гар, хацар, хавирга хэсэг нь хөхөрсөн, цус болсон байсан. Бид нар цагдаа руу дуудлага өгөөд цагдаа дээр ирсэн. *******гийн биед бэртэл гэмтэл байсан талаар анзаараагүй. Харин *******ийн биед нүүр, нүд, гар, хацар, хавирга хэсэг нь хөхөрсөн, цус болсон байсан. *******ийн баруун гарын долоовор хурууны хумс мултарсан байсан. Мөн баруун гарын алганы гадна хэсэг хавдсан байсан.” /хавтаст хэргийн 28-29 дэх тал/ гэх мэдүүлэг

         Гэрч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би *******, ******* нартай хамгийн сүүлд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн орой л уулзсан. Тухайн үед *******, ******* нар манай гэрт орой 20 цаг өнгөрч байх үед ирсэн. Тэр үед би эхнэр, хүүхдүүдийн хамт гэртээ байсан. Тэр хоёр манай гэрт ирээд бид хэд нэг хүний 4-5 ширхэг лаазтай пиво уусан. Орой цаг хэд болж байсныг мэдэхгүй *******, ******* хоёр хамт манай гэрээс гараад явсан. Тэрнээс хойш би юу болсон талаар мэдэхгүй. Тэр хоёрын зан харилцаа нь хоёулаа даруухан хүмүүс. *******, ******* хоёр манай гэрт ирэхдээ 18-20 ширхэг лаазтай Сэрүүн пиво авчирсан. Тэр хоёр хэрэлдэж маргалдаж байгаагүй. Тэр үед эхнэр бид хоёр ч бас хэрэлдэж маргалдаагүй. Авчирсан пивонуудыг нь хувааж ууж дууссаны дараа *******, ******* нар нь манай гэрээс хамт гараад явсан. Тэр үед тэр хоёр машинтай явж байсан... Тэр үед эхнэр болох Тамжид бид хоёр хоорондоо хэрэлдэж муудалцаагүй. Зүгээр найзуудаараа манай гэрт пиво ууж байгаад *******, ******* 2 манайхаас явсан. ******* яагаад тэгж мэдүүлсэн талаар мэдэхгүй байна. Ямартай ч эхнэр бид хоёр хэрэлдэж маргалдаагүй.” /хавтаст хэргийн 36- 37, 153 дахь тал/

        Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 388 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “М.*******ийн биед баруун сарвуунд шарх, цээж, зүүн хөх, зүүн бугалга, зүүн сарвуунд цус хуралт, толгойн хуйх, зүүн хацар шанаа, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. М.*******ийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. М.*******ийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 38-39 дэх тал/

         Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 402 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.*******гийн биед тархины доргилт, зүүн бугалганы зулгаралт, цус хуралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 49-50 дахь тал/

       Шинжээч эмч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тархины доргилт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсдэг бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн рентген зураг ирүүлсэн. Ирүүлсэн рентгений шинжилгээгээр хуруу дардас, судасны зураглал тодорсон зэрэг тархи доргилтын шинж илэрсэн. Тухайн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ирүүлсэн гэрэл зурагт зүүн бугалганы дунд, доод хэсгийг хамарсан том хэмжээний цус хуралт нь дунд хэсэгтээ зулгаралттай байсан. Уг гэмтэл нь тухайн хүний биеийн гадаргууны 1 хувиас илүү хэмжээтэй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 55 дахь тал/ гэх мэдүүлэг болон шүүгдэгч нарын яллагдагч болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүд зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.  

                   Иймд шүүгдэгч Б.*******г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн ******* хороололд 2023 оны 09 дүгээр сарын 15-наас 16-ны өдөрт шилжих шөнийн 02-03 цагийн орчимд гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.*******тэй хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргаж, хоолойг нь боох, гар, толгой хавирга хэсэг рүү нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн  үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон төдийгүй шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж дүгнэв.

         Шүүгдэгч М.*******ийн өмгөөлөгч Б.Буянтогтох: “М.******* нь Б.*******гийн толгой руу цохиогүй, мөн Б.*******гийн хоолой боосон үйлдлийг таслан зогсоохын тулд зүүн гарын булчин хэсгээс хазаж аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

         Анхан шатны шүүх шүүгдэгч М.*******ийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн ******* хороололд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнийн 02-03 цагийн үед гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.*******тай хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргаж, улмаар толгой, хүзүү хэсэг рүү нь гараараа цохиж, зүүн гарын булчин хэсэгт нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзэхдээ доорх үндэслэлээр тайлбарлажээ. Үүнд:

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.******* 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ /хавтаст хэргийн 19-20 дахь тал, гэрч Б.Тамжидын  /хавтаст хэргийн 33, 149 дэх тал/, гэрч Ц.*******ын /хавтаст хэргийн 36, 153 дахь тал/,  М.*******ийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг /хавтаст хэргийн 145-146 дахь тал/ тус тус харьцуулан шинжлэн судалж, дээрх мэдүүлгүүдийг харьцуулан үзэхэд М.******* нь өөрийн биед халдсан үйлдлийн талаар хохирогчоор мэдүүлэхдээ “...толгойг сандлын толгой хэсэг рүү мөргүүлээд нөгөө гараараа толгой, хавирга хэсэг рүү зөндөө цохисон... гэх боловч яллагдагчаар мэдүүлэхдээ ... баруун гараараа цохиод, нааш, цааш татаж түлхээд суудлын дэр болон хаалганы шил, босоо төмөр зэргийг мөргүүлээд байсан...” гэж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд хохирогчоор мэдүүлэхдээ “...айлын хүмүүс хэрэлдэх нь чамд ямар хамаатай юм гэж хэлээд миний толгой руу баруун гараараа цохисон...” гэх боловч яллагдагчаар мэдүүлэхдээ “...айлд хоноё гэж хэлсэн шүү дээ гэхэд, намайг ажлаас ирж байхад тосож авсангүй гэж бас уурлаад байсны улмаас биед нь халдсан” хэмээн тус тус өөр хоорондоо зөрүүтэй, тогтворгүй мэдүүлгүүд өгсөн байх ба түүний энэхүү мэдүүлгүүдийг давхар нотолсон баримтгүй тул дангаараа нотлох баримт болохгүй юм... гэж дүгнэжээ.

        Шүүгдэгч Б.*******гийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн орой ******* бид хоёр хамт машиндаа байж байхад ******* миний зүүн гарын булчин хэсэгт хазсан, толгой шилэн хүзүүний ар тал руу гараараа цохиж гэмтэл учруулсан.” /хавтаст хэргийн 24- 25 дахь тал/,

       Сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “... эхнэр явж байх замдаа намайг янз бүрийн үгээр хараасаар байсан. Тэгээд явж байтал эхнэр миний толгойны ар тал, хүзүү хэсгээр хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь болиоч чи гэхэд эхнэр нүдээд хаячихъя гэж хэлээд зүүн гарын булчин хэсэг дээрээс чанга хазсан. Тэгээд намайг хазахаар нь би машинаа зогсоосон чинь эхнэр яадаг юм чамаас би сална, аав ээждээ хэлнэ гээд ер нь чи миний аав ээжийн машинаас буу гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэрийн цээжний зүүн талын зүүн хавирганы хэсэгт 2 удаа цохисон... ******* эхлээд намайг хазаж, толгой руу цохиод байхаар нь би болиоч ээ чи гээд зөрүүлээд цохисон.” /хавтаст хэргийн 66-68 дахь тал/ гэж тус тус мэдүүлсэн байна.

        Шүүгдэгч Б.*******гийн хохирогчоор болон сэжигтнээр өгсөн мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй, тогтвортой байхаас гадна түүний “М.******* миний толгойны ар хэсэг болон шилэн хүзүү рүү гараараа цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 402 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Б.*******гийн биед тархины доргилт, зүүн бугалганы зулгаралт, цус хуралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” /хавтаст хэргийн 49-50 дахь тал/ гэх шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байх тул шүүх Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан мэдүүлж буй мэдүүлгүүдийг үндэслэл бүхий, тогтвортой, эргэлзээгүй гэж үзэн нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.

        Гэмт хэрэг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө үйлдэгдсэн ба Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 402 дугаартай шинжээчийн дүгнэлт нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гарсан бөгөөд энэхүү цаг хугацааны хооронд Б.*******гийн биед учирсан тархины доргилт гэмтлийг өөр хүн учруулсан гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул М.*******ийн “Б.*******гийн толгой руу цохиогүй” гэх мэдүүлэг няцаагдаж байна.

        Шүүгдэгч Б.*******, М.******* нар нь бие биедээ халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгч нарын үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

        Мөн шүүгдэгч Б.*******, М.******* нар нь бие биеийнхээ эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ... гэж үзсэн анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

       Харин анхан шатны шүүхийн  “шүүгдэгч Б.*******, М.******* нарын үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв. Учир нь:

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж байгаа боловч “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх” хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж тус зүйл хэсэгт хуульчлагдаагүй байна.

       Монгол усын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. 2 дахь хэсэгт Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна...гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж  тус тус хуульчилсан.

       Иймд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн бүр харилцан эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд энэхүү шинжээрээ хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэй болж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаагүй этгээдүүд харилцан эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хүндрүүлэх шинжгүй гэж дүгнэх нь хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх хүний эрхийн зарчмыг зөрчсөн үндэслэл болно.

      Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж ойлгохоор хуульчилжээ.

        Үүнээс дүгнэхэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд хүчирхийлэл үйлдэхдээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл ямар хэмжээнд байгаа, хэрхэн хүчирхийлэл үйлдсэн, хоёулаа хүчирхийлэл үйлдэгч мөн үү, эсхүл хүчирхийллийн эсрэг биеэ хамгаалах үйлдэл хийсэн байна уу, эрүүл мэнд болон биед учирсан гэмтлийн шинж чанар, хор уршиг, тэдний амьдралын нөхцөл байдал, зан харилцаа, хүчирхийлэл үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл гэх мэт маш олон асуудлыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийснээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг тус тус зөв тогтоож, хэргийг хуулийн дагуу зүйлчилж, үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

         Иймд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдол бүрийг хавтгайруулан хүндрүүлэн зүйлчлэх нь шударга ёсны зарчим болоод хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг зөрчсөн үндэслэл болно гэж дүгнэв.   

          Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч, хохирогч Б.*******, М.******* нар нь 2018 оноос эхлэн хамтран амьдарсан болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх ба таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, нэг бус удаа шүүгдэгч Б.******* М.*******ийн бие махбодид халдаж байсан талаар гэрч А.*******ын:  “...2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэрт нь очиход ******* орондоо ******* хажууд нь байсан. Хөнжлийг нь сөхөөд үзэхэд хавдсан, цус гарсан байсан. Би айгаад цагдаа дуудсан. Яасан бэ?, юу болсон бэ? гэхэд маргааш салах юм чинь гээд зодоод байсан гэж хэлсэн. Өмнө нь мөн 2-3 удаа зодож байсан. Өмнө нь хоёулаа нуугаад эмчлүүлээд ирсэн байсан. *******ийг битгий хэл гээд авч яваад эмчлүүлсэн. Чихний хэнгэрэг нь хагарсан байсан..гэх мэдүүлэг анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан бол,

         Хохирогч М.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...айлын хүмүүс хэрэлдэх нь чамд ямар хамаатай юм гэж хэлээд миний толгой руу баруун гараараа цохисон. Би уйлсан чинь зүүн гараараа хоолой боогоод, толгойг сандлын толгой хэсэг рүү мөргүүлээд нөгөө гараараа толгой, хавирга хэсэг рүү зөндөө цохисон. Хоолой боогдоод байсан болохоор нь би сунаж байгаад зүүн гарын булчин хэсэг рүү нь хазаж гарыг нь тавиулсан. ******* миний гар, толгой, хавирга хэсэг рүү зөндөө цохиод гар хавдсан. Зүүн хавирга хэсэг, зүүн шанаа хэсэг аймаар их хавдсан. Толгойны баруун нүдний зовхи хэсэг рүү цохисон. Мөн миний хоолойг багалзуурдсан байх үедээ суудлын дэр толгойн түшлэг, хаалганы салхины шил рүү толгойг минь бариулж байгаад мөргүүлээд байсан. Тэгэхээр нь би машины түлхүүрээ аваад баруун гартаа атгаж байсан чинь миний баруун гарыг аймаар чанга атгасан чинь миний баруун гарын долоовор хурууны хумсыг хугалаад цус гарсан. Зүүн гарын чигчий хурууг ганцааранг нь хойш нь дараад мултарсан байсныг би бариач дээр бариулсан. Би уйлаад битгий зод гээд гуйсан чинь ******* больсон. Тэгээд 30 гаран минут зодсон. Тэр үедээ ******* надад угаасаа чи намайг гар хүрсэн зодсон гэж аав, ээждээ хэлээд сална биз, салах юм чинь чамайг шөнөжин зодно гээд зодоод байсан. Бид 2 машиндаа суугаад гэртээ очоод би *******тай юм яриагүй, ******* унтахаар нь би тэрний утсаар ээж рүүгээ ******* намайг зодсон гэж чат бичиж үлдээсэн. Маргааш өглөө 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө ээж 11 цагийн үед ирсэн. Тэр үед ******* яана аа гээд байсан. Ээж 2 эгчтэйгээ ирээд цагдаа дуудсан. Тухайн үед миний долоовор хуруу, хамраас цус гараад цамц цус болсон байсан чинь ******* маргааш нь ээжийг ирэхээс өмнө миний хувцсыг угаасан байсан.../хавтаст хэргийн 19-20 дахь тал/ гэх мэдүүлэг,

      Хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийн талаарх шинжээчийн 388 дугаартай дүгнэлтэд: “М.*******ийн биед баруун сарвуунд шарх, цээж, зүүн хөх, зүүн бугалга, зүүн сарвуунд цус хуралт, толгойн хуйх, зүүн хацар шанаа, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. /хавтаст хэргийн 38-39 дэх тал/ гэсэн бол хохирогч М.*******ийн биед олон тооны, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл шархууд тогтоогдсон байгааг шинжээч эмч Т.Насанжаргалын шүүх хуралдаанд өгсөн: *******ийн биед учирсан гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цохиж байгаа болон цохиулж байгаа биеийн онцлогоос болдог. Хүчний үйлчлэлийг тогтоох боломжгүй. Толгойны хаван, гаднын биетээр үйлчилсэн хаван нь өөр өөр байдаг. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам дээр цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, гэмтлүүд нь хүний биеийн нэг хувиас илүү их хамарсан бол хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна гэсэн үг, өгүүлбэр байна. Хавдсан байна гэдэг нь зөөлөн эдийн няцрал байна гэсэн үг. Би үзлэгээр овойж хавдсан гэж байгаа боловч дүгнэлт хэсэг дээрээ зөөлөн эдийн няцрал гэж гаргаж байгаа. Хүний биеийн нэг хувь нь нэг гарын алгатай тэнцүү хэмжээтэй байдаг. Зүүн гар нь бүхэлдээ хавдсан байгаа учраас хөнгөн гэмтэл гарна... гэсэн мэдүүлгээр шүүгдэгч М.*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаагүй буюу түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

       Шүүгдэгч М.******* нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.*******гийн мэдүүлэг, шүүгдэгч М.*******ийн мэдүүлэг болон Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 402 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.*******гийн биед тархины доргилт, зүүн бугалганы зулгаралт, цус хуралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 49-50 дахь тал/ гэснээр тогтоогдож байна.

        Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар М.*******ийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэх дүгнэлт гаргасантай холбогдуулан анхан шатны шүүх: “...аргагүй хамгаалалт гэж өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг ойлгохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл аюултай халдлага бодитой эхэлсэн, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд тодорхой байгаа үед хамгаалалт хийх эрх үүсэх ба бодитой, хүч хэрэглэсэн шинжтэй шууд заналхийлэл нь аргагүй хамгаалалт хийх хууль зүйн үндэслэл болдог.

         Шүүх Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандаж өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн ба түүний мэдүүлгээр М.******* эхэлж биед нь халдсан талаар мэдүүлсэн нь тогтоогдсон учир М.*******ийн амь нас, эрүүл мэндэд хууль бус довтолгоо тулгарч, аргагүй хамгаалалт хийх нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм...”гэх дүгнэлт хийснийг хууль зүйн үндэслэл бүхий болжээ гэж үзсэн болно.      

          Иймд шүүгдэгч М.*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолын:                                                                

 1 дэх заалтад: “Шүүгдэгч Тайж овгийн Мөнхбатын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Мөнхбатын *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтад: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж” гэж.

3 дахь заалтад: Шүүгдэгч М.******* нь шүүхээс оногдуулсан 700 000 төгрөгөөр торгох ялыг...” гэснийг “шүүгдэгч М.******* нь шүүхээс оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг...” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

          3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

                                  ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                                             Л.УГТАХБАЯР