| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0798/3 |
| Дугаар | 128/ШШ2025/0877 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2025/0877
2025 11 27 128/ШШ2025/0877
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б*******-Эмнэлэг” ХХК
Хариуцагч: Б******* дүүргийн Засаг дарга
Гуравдагч этгээд: М.Ог, Р.Б, Б.Т
Маргааны төрөл: Б******* дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр захирамжийн М.О холбогдох хэсэг, Б******* дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ******* дүгээр захирамжийн М.О холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд М.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, гуравдаач этгээд Б.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ““Б*******-Эмнэлэг” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн захирамжийн дагуу 1330900862 нэгж талбарын дугаартай 4899 м.кв талбайтай газар эзэмшдэг болно. Энэхүү 4899 м.кв газар нь Нийслэлийн кадастрын мэдээллийн санд манай эмнэлгийн нэр дээр бүртгэгдэж баталгаажсан, хүчин төгөлдөр гэрчилгээтэй газар болно.
Гэтэл Б******* дүүргийн Засаг дарга нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ******* тоот захирамжаар иргэн М овогтой О 57 м.кв газар эзэмшүүлж, газрын гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй бөгөөд захиргааны илт хууль бус акт юм. Учир нь:
1. Б******* дүүргийн Засаг даргын энэхүү захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;” гэх захиргааны илт хууль бус актын зохицуулалтад хамаарна. Тодруулбал, Б******* дүүргийн Засаг дарга нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ******* захирамжаар М овогтой О газар олгохдоо тухайн үед үйлчилж байсан Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт заасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд тусгайлан хамааруулсан заалтыг зөрчиж, Нийслэлийн Засаг дарга аль хэдийн газар олголт хийж, эрхийг баталгаажуулсан газарт дахин олголт хийж, хуулиар олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн.
2. “Б*******-Эмнэлэг” ХХК-ийн 1330900862 нэгж талбарын дугаартай 4899 м.кв газар эзэмших эрх нь тухайн үед М.О газар олгох үед ч тэр, одоо ч тэр хүчин төгөлдөр хэвээр байна. Б******* дүүргийн Засаг даргын захирамжаар М.О олгогдсон гэх 57 м.кв газар нь “Б*******-Эмнэлэг” ХХК-ийн 4899 м.кв газар дотор багтсан, нийслэлийн газрын кадастрын нэгдсэн санд тус эмнэлгийн нэр дээр бүртгэлтэй. Тодруулбал, иргэн М.О эзэмшүүлсэн 57 м.кв газар нь Нийслэлийн Засаг даргын захирамжтай манай эзэмшлийн 4899 м.кв газартай давхцалтай. Тийм ч учраас газрын мэдээллийн санд бүртгэгдэх, баталгаажих боломжгүй газар юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б******* дүүргийн Засаг дарга өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлэн, бодитойгоор хэрэгжиж хууль зүйн үр дагавар үүсэх боломжгүй газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн М.О олгосон хэрэг юм.
Хариуцагчийн зүгээс энэхүү илт бус захиргааны актыг гаргахад манай эмнэлгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Д нь эрх мэдлээ хэтрүүлж манай компанийн хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр өөрийн танил, найз нөхдөдөө эмнэлгийн барилгын дэргэд цайны газар ажиллуулахыг зөвшөөрсөн байдаг нь нөлөөлсөн байж болзошгүй. Эмнэлгийн хувьцаа эзэмшигчид болон шинээр томилогдсон Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс Б.Дийн энэ мэт хууль бус үйлдлийг зөвшөөрөхгүй маргаан үүсгэж, өөр бусад хоёр хэсэг газраа шүүхийн шийдвэрийн үндсэн дээр буцаан авсан болно.
Б******* дүүргийн нийт иргэдэд эрүүл мэндийн 2 дугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг манай эмнэлгийн зай талбай, ор хүрэлцээгүй болж, иргэд төдийгүй төрийн холбогдох байгууллагуудаас ор, зай талбайгаа нэмэгдүүлэх шаардлагыг байнга тавьж ирсэн байдаг.
Иймд Б******* дүүргийн Засаг даргын 2018 оны ******* дугаартай захирамжийн иргэн М. О холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Б*******-Эмнэлэг” ХХК нь анх 1978 онд байгуулагдаж, 1996 оноос хойш менежментийн гэрээгээр ажиллаж байгаад 2006 онд албан ёсоор хувьчлагдсан. Одоогийн байдлаар 5 хувьцаа эзэмшигчтэй, Б******* дүүргийн иргэдэд төсвийн хөрөнгөөр буюу улсаас санхүүжилт авч эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг 2 дугаар шатлалын Монгол Улсад байхгүй эмнэлэг.
Анх 2002 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 1,5 га буюу 15000 м.кв газраар газрын эрх үүссэн. Энэ 1,5 га газраас “Б*******-Эмнэлэг” ХХК-д 4899 м.кв газар үлдсэн. 2011, 2012 оноос хойш гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан ерөнхий албан тушаалтнууд удаа дараа газрыг харилцан хамаарал бүхий этгээдүүдэд шилжүүлсэн байдаг. Үүнээс дурдвал, хамгийн сүүлд 3534 м.кв газрыг шүүхийн шийдвэрээр буцаан шилжүүлж авсан. Хэрэгт авагдсан баримтаар 2001 онд Б******* дүүргийн Засаг даргын захирамжаар иргэн М.О 45 м.кв талбайтай газрыг түр гэрээгээр ашиглуулж байгаад, байнгын эзэмшилдээ авсан байна. Үүнийг бид зөвшөөрөхгүй байгаа. Учир нь анх хэний зөвшөөрөл, шийдвэрээр Нийслэлийн инженерийн шугам сүлжээ хөгжлийн газар манай эмнэлгээс цахилгаан, дулаан, цэвэр усаа авах нөхцөлтэйгөөр цайны газрын зориулалттай барилгыг аж ахуйн аргаар барьсан нь ихээхэн эргэлзээтэй байна.
Тодруулбал, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн хуулийн 21.2.3-д “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний уялдаа холбоог хангах, хэрэгжилтэд хяналт тавих” эрхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарна гэж заасан.
Үүнээс дүгнэвэл, Б******* дүүргээс олгосон газар олголт нь Газрын тухай хуульд нийцээгүй, илт хууль бус гэсэн агуулгаар маргаж байна. 2003 оны А/******* дугаартай захирамж тухайн үед батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон одоо мөрдөж байгаа хууль дахь тухайн захиргааны актыг гаргах эрх хэмжээгүй байгууллага, албан тушаалтан гаргасан, мөн 9.7-д заасан захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэсэн ерөнхий заалтууд болон дээр дурдсан Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасны дагуу хуульд нийцээгүй, илт хууль бус актын шинжийг агуулж байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж байна.
Өөр баримт эш татан хэлбэл, гүйцэтгэх удирдлага гэрчээр дуудагдаж тайлбар мэдүүлэг өгсөн, н.Д нь Наран зоог гэх хоолны газрыг бариулсан. М.Огийн нэр дээр бичиг баримт гарсан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй гэсэн. Бидний хувьд газрыг өөрийн болгож авах хүсэлтэй байгаа бөгөөд түүний дээр байгаа үл хөдлөх хөрөнгөтэй маргах шалтгаан байхгүй. Анх түр гэрээгээр 45 м.кв газрыг эзэмшиж байсан бол одоо 57 м.кв болж өөрчлөгдөн баталгаажсан байгаа. Яагаад ийм болсон гэдгийг ойлгоогүй. Тийм учраас илт хууль бус актын шинжид хамаарах нөхцөл байдалд байна гэж би үзэж байна.
Өнгөрсөн хугацаанд газрын төлбөрийг ямар байдлаар төлж байсныг ойлгоогүй. “Б*******-Эмнэлэг” ХХК-ийн газрын төлбөр төлсөн баримт хэрэгт авагдсан бөгөөд нотлох баримт шинжлэн судлах шатад судлуулна. Гуравдагч этгээдийн 57 м.кв газар манай Нийслэлийн даргын Засаг даргын захирамжаар олгогдсон захирамж, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас олгосон кадастрын албан ёсны зураг мэдээллийн санд тусгагдсан байдаг байсан. Нэхэмжлэлийг гаргаж байхад манай нэр дээр байсан, хожим манай газрыг Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны тодорхой албан тушаалтнууд мэдээллийн санд оруулсан байсан. Илт хууль бус захирамж үндэслэн газрын шинэчилсэн бүртгэл хийсний дараа үйлдлүүд бас хууль бус. Тийм учраас үүнтэй маргах шаардлага байхгүй. Маргах юм байна гэж бодож байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашраад байгаа учраас үндсэн захирамжийн хүрээнд маргах боломж байна гэж үзсэн.
Энэ барилга Б******* дүүргийн төрөөс хувьчлагдсан 4 давхар үндсэн капиталын хажууд ямар нэгэн зөвшөөрөл байхгүйгээр өргөтгөл, барилга босчихсон. Магадгүй М.Ог, н.Д нар өнгөрсөн хугацаанд болоод байсан байж магадгүй. 2017 оноос эхлээд 5 хувьцаа эзэмшигчдийн хооронд хувьцаа эзэмшил зэрэг асуудал яригддаг. Энэ мэт асуудал яригдсанаар н.Д нь 2020 онд ажлаа өгсөн бөгөөд улмаар бүх зүйл эхэлсэн. “Б*******-Эмнэлэг” ХХК-аас ус цахилгааныг үнэгүй хэрэглэдэг, газрын төлбөр төлдөггүй байсан.
Дүгнэж хэлэхэд, бид газрын төлбөрийг төлж байна. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасны дагуу эрх бүхий байгууллага буюу Нийслэлийн Засаг дарга манай газрын олголтыг 2020 онд хийсэн. Захиргааны хэргийн шүүхээс шатлан захирагдах гэдгээр шүүхийн шийдвэрүүд гараад байсан. Өөрөөр хэлбэл, шатлан захирагдах харилцаа бүхий Нийслэлийн Засаг дарга, дүүргийн Засаг даргын захирамжийн аль нь хууль ёсны байх ёстой вэ талаар эхний үндэслэл бол, дээд шатны албан тушаалтан бол Нийслэлийн Засаг дарга, мөн Газрын тухай хуулиар тухайлан шугам сүлжээтэй газарт газар олголт хийх нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд очсон. Н. Э Шарга морьтын аманд байшин барьж байгаа биш, харин Газрын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бүх хуулийг зөрчсөн. Би буруу ойлгоогүй бол ус, цахилгаан зэргийг “Б*******-Эмнэлэг” ХХК тасалсан бөгөөд уг барилга ажиллахгүй байгаа.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчээс гуравдагч этгээд болох М.О 2001 онд түр гэрээгээр газар эзэмшүүлсэн гэж тайлбарлаж байна. 2003 оноос албан ёсоор гэрээ хийж 5 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлсэн. Мөн 2009, 2013 онд 5 жилийн хугацаатай гэрээгээ сунгасан. Ямар нэгэн хууль тогтоомж зөрчихгүйгээр уг газрыг М.О эзэмшүүлсэн. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ******* дугаартай захирамжаар 15 жилийн хугацаатайгаар уг газрыг эзэмшүүлсэн. Уг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн нотлох баримтыг харвал гуравдагч этгээд болох М.Ог 2014 оныг хүртэл нэхэмжлэгч тал болох “Б*******-Эмнэлэг” ХХК-тай давхцалгүйгээр дангаар 56,7 м.кв газрыг эзэмшсэн гэдэг нь харагдаж байна.
Харин 2014 оноос гуравдагч этгээд болох М.Огийн газарт өөрчлөлт орохгүйгээр нэхэмжлэгч “Б*******-Эмнэлэг” ХХК-ийн газрын хэмжээнд өөрчлөлт орж, үүнээс үүдэж давхцалтай болсон. Тиймээс Б******* дүүргийн Засаг даргын захирамжид нь ямар нэгэн илт хууль бус болох үндэслэл байхгүй. 2001 онд хууль ёсны дагуу гарч өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа. Мөн М.О хууль ёсны хүсэлтийн дагуу гэрээг сунгаж эзэмшүүлсэн учраас маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох, илт хууль бус болгох үндэслэл байхгүй.” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Б*******-Эмнэлэг” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б******* дүүргийн Засаг даргад холбогдох “Б******* дүүргийн Засаг даргын 2018 оны ******* дугаартай захирамжийн иргэн М.О холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татагдсан М.Ог, Р.Б нараас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Иргэн М.О анх 2003 онд тухайн үеийн хууль, журмын дагуу Нийслэлийн Б******* дүүргийн Засаг даргын мөн оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжаар 5 жилийн хугацаатай үйлдвэрлэл, үйлчилгээний” зориулалтаар газар эзэмшүүлэх шийдвэрлэн 01-02-3014 дугаартай гэрчилгээ, нэгж талбарын дугаартай кадастрын зураглалыг баталгаажуулсан. Улмаар гэрээний үүргийг биелүүлж, татвар, төлбөр зэргийг цаг хугацаанд нь төлж зориулалтын дагуу ашигласан тул:
1. Тус дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг 5 жилээр сунган, талбайн хэмжээг 57м.кв болгон өөрчилж, 0238887 дугаартай гэрчилгээ, дугаартай газар, эзэмшүүлэх гэрээ, нэгж талбарын дугаартай кадастрын зургийг баталгаажуулсан.
2. Мөн дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар захирамжаар 5 жилээр хугацаа сунган, дугаартай гэрчилгээ, дугаартай газар эзэмшүүлэх гэрээ, нэгж талбарын дугаартай кадастрын зургийг шинэчлэн баталгаажуулсан.
3. Мөн дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжаар хугацааг сунгасан ба тус дүүргийн Газрын албаны алба хаагчийн буруугаас зориулалтыг “гэр бүлийн хэрэгцээнд” гэж буруу гаргасан байсныг мөн оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дүүргийн Засаг даргын ******* дугаар захирамжаар зориулалтыг “үйлчилгээний” гэж зөвтгөн хугацааг 15 жилээр сунган дугаартай гэрчилгээ, УБД:, дугаартай гэрээ, кадастрын зургийг баталгаажуулсан.
Одоо иргэн М.Огийн дээрх газар эзэмших гэрчилгээ нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын “Газрын нэгдмэл сан”-д хууль ёсны эзэмшигчээр бүртгэлтэй байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г нь нэхэмжлэлийн үндэслэлд “Б*******-Эмнэлэг” ХХК нь Нийслэлийн 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн захирамжийн дагуу 4899 м.кв газар эзэмшдэг... Б******* дүүргийн Засаг дарга 2018 оны 10 дугаар сарын 23-ны ******* дугаартай захирамжаар М овогтой О эзэмшүүлсэн нь илт хууль бус акт юм” гэжээ.
Гэтэл энэхүү газрыг 2003 онд тухайн үед мөрдөгдөж байсан хууль дүрмийн дагуу иргэн М.О эзэмшүүлж гэрээний дагуу ашигласан тул 2009, 2013, 2018 онуудад “газар эзэмших эрхийн гэрчилгээ”-ний хугацааг тухай бүрт сунгаж ирсэн нь Б******* дүүргийн газрын 1 дүгээр албанаас авсан архивын баримтаас харагдаж байна.
“Б*******-Эмнэлэг” ХХК-ийн газрын кадастрын зурагт 2017 оноос өмнө иргэн М.Ог эзэмшиж байгаа газрын зураг ороогүй байсан. Гэтэл 2017 оны Нийслэлийн Засаг даргын дугаартай захирамжаар иргэн М.Огийн кадастрын зургийг тус эмнэлгийн зурагт оруулан гаргасан байна.
Иргэн М.Ог нь өмнөх 2003, 2009, 2013 онуудын гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн тул 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээний дагуу дээрх 57 м/кв газрыг 15 жилийн хугацаатай “худалдаа үйлчилгээний” зориулалтаар газар эзэмших гэрээ байгуулж өнөөдрийг хүртэл “Цайны газар”-ын үйл ажиллагаа явуулж байна.
М.Огийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр БЗД-ийн газрын албатай байгуулсан дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар 33эмшүүлэх гэрээнд хавсаргасан нэгж талбарын дугаартай газрын байршлын кадастрын зураг “Б*******-Эмнэлэг” ХХК-ийн газартай давхцалгүйг харуулна. Учир нь засаг дарга холбогдох хууль тогтоомжийг зөрчин эмнэлгийн газартай давхцуулан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх боломжгүй, маргаан бүхий акт алдаатай байлаа гэхэд газрын алба гэрээ байгуулахгүй, кадастрын зураг гарах боломжгүй юм.
Дээрх нотломжуудаас дүгнэж үзэхэд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, анхны эзэмшигч иргэн М.Огийн 2003 онд эзэмшсэн газрыг 2017 онд ямар аргаар нэхэмжлэгч өөрийн хувийн компанийн эзэмшилд шилжүүлсэн нь тодорхойгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд М.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3 дугаар зүйлийг тус тус үндэслэн Б******* дүүргийн Засаг даргын 2003 олны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр захирамжийн М.О холбогдох хэсэг, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр захирамжийн М.О хологдох хэсгийг илт хууль бусад тооцуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2001 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлээсээ татгалзсан. Иргэн М.Ог 1999 оноос хойш “Б*******-Эмнэлэг” ХХК-ийн урд талд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаад 2001 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар захирамжаар 2 жилийн хугацаатай газар эзэмших, ашиглах гэрчилгээг гаргуулж авсан. Уг 2 жилийн хугацаа 2003 онд дууссан бөгөөд 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр захирамжаар иргэн М.Огийн газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан. Улмаар 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг 5 жилээр сунгасан. 2013 оны 10 дугаар сарын 18-ы дөрийн дүгээр захирамжаар 5 жил сунгаж, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар сунгасан. 2018 оны 10 дугаар сарны 23-ны өдрийн ******* дүгээр захирамжаар зориулалтыг өөрчилсөн.
Өөрөөр хэлбэл, иргэн М.Огийн газартай холбоотой 6 захирамж байгаа. Иргэн М.Ог газар эзэмших эрхтэй байсан гэдэг нь 1 дүгээр хавтаст хэргийн 129 дүгээр талд авагдсан байгаа М.Огийн эд хөрөнгийн үнэлгээний актаар тогтоогдоно. Өөрөөр хэлбэл, 1999 онд иргэн М.Ог Наран зоог гэх үл хөдлөх хөрөнгийг бариад, үнэлүүлээд, үнэлгээ тогтоолгоод явж байжээ.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б*******-Эмнэлэг” ХХК нь
1.Б******* дүүргийн Засаг даргын 2001 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар захирамжийн иргэн М.О холбогдох хэсэг,
2.Б******* дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр захирамжийн М.О холбогдох хэсэг,
3.Б******* дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр захирамжийн М.О холбогдох хэсэг,
4.Б******* дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар захирамжийн М.О холбогдох хэсэг,
5.Б******* дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжийн М.О холбогдох хэсэг,
6.Б******* дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ******* дүгээр захирамжийн М.О холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан.
Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд 2 дахь болон 6 дахь нэхэмжлэлийн шаардлагаас бусад нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзсан болно.
Иймд шүүх “Б******* дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр захирамжийн М.О холбогдох хэсгийг болон”, “Б******* дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ******* дүгээр захирамжийн М.О холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” гэсэн 2 нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
“Б******* дүүргийн Засаг даргын 2001 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар, 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр захирамжаар тус дүүргийн 5 дугаар хороо, Б******* дүүргийн эмнэлгийн урд талд байрлах газрыг М.О эзэмшүүлсэн байна.
Б******* дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ******* дүгээр захирамжаар газрын хэмжээг 57 м.кв болгож өөрчилж шийдвэрлэсэн байна.
Харин “Б*******-Эмнэлэг” ХХК-д анх Нийслэлийн Засаг даргын 2002 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар захирамжаар 1,50 га газар эзэмшүүлсэн байна.
Нэхэмжлэгч “Б*******-Эмнэлэг” ХХК нь түүхийн хувьд 1983 онд[1] байгуулагдсан иж бүрэн цогцолбор байгууламж болох нь нийтэд илэрхий үйл баримт юм.
Б******* эмнэлэг бол нийтийн эрүүл мэнд буюу нийтийн эрх ашигтай холбоотой онцгой чухал объект тул уг эмнэлгийн барилгатай тулгаж гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь эмнэлгийн үйл ажиллагаанд саад учруулах нь бодитой үйл баримт юм.
Хэдийгээр Б******* дүүргийн Засаг даргын 2001 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар захирамжаар М.О газар олгосон нь цаг хугацааны хувьд “Б*******-Эмнэлэг” ХХК-д газар олгосон 2002 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар захирамжаас өмнө байх хэдий ч тус эмнэлэг нь 1983 онд байгуулагдсан нь нийтэд илэрхий юм.
Тодруулбал, цаг хугацааны хувьд цайны газар байгуулагдахаас өмнө социалист нийгмийн үед Б******* эмнэлэг байгуулагдсан болох нь нийтэд илэрхий байна.
Иймд Б******* дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр захирамжаар М.О газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасантай нийцэхгүй байна.
Мөн Газрын тухай /1994 оны/ хуулийн 4 дүгээр зүйлд “Газрын талаар төрөөс баримтлах зарчмуудыг хуульчилсан ба уг зүйлийн 3 дахь хэсэгт “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасан байна.
Б******* эмнэлгийн барилгатай тулгаж гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь эмнэлгийн үйл ажиллагаанд саад учруулах нь бодитой үйл баримт бөгөөд цаг хугацааны хувьд цайны газар байгуулагдахаас өмнө социалист нийгмийн үед Б******* эмнэлэг байгуулагдсан болох нь илэрхий үйл баримт тул Б******* дүүргийн Засаг даргын 2001 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар, 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ******* дүгээр захирамжуудаар гуравдагч этгээд М.О газар эзэмшүүлсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байх ба уг зарчим нь бодит байдалд нийцсэн байхыг агуулгыг илэрхийлнэ.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэнэ” гэж Нийслэлийн Засаг даргын эрхийг хуульчилсан ба энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байна.
Дээрх заалтаас үзэхэд, инженерийн шугам сүлжээнд холбогдсон газруудад газар эзэмшүүлэх нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарахаар байна.
Иймд Б******* дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ******* дүгээр захирамжуудаар М.О газар эзэмшүүлсэн байх ба үүнээс үзэхэд, Б******* дүүргийн Засаг дарга өөрт олгогдоогүй эрх эдэлсэн буюу Нийслэлийн Засаг даргын эрхийг эдэлсэн байна.
Үүнээс үзэхэд, Б******* дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ******* дүгээр захирамжууд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана”, 9.1.3-т “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан”, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж тус тус заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна гэж шүүх үзлээ.
Шүүх дээр тайлбарласан үндэслэлүүдээр Б******* дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр захирамжийн М.О холбогдох хэсгийг болон “Б******* дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ******* дүгээр захирамжийн М.О холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Дээрх 2 нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн үндэслэл адил бөгөөд тус 2 нэхэмжлэлийн шаардлага нь хоорондоо уялдаа холбоо бүхий шаардлага тул нэхэмжлэлийн шаардлага тус бүрд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б*******-Эмнэлэг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Б******* дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр захирамжийн Мын О холбогдох хэсгийг, мөн тус дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ******* дүгээр захирамжийн Мын О холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан “Б******* дүүргийн Засаг даргын 2001 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар захирамжийн иргэн М.О холбогдох хэсэг, Б******* дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр захирамжийн М.О холбогдох хэсэг, Б******* дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар захирамжийн М.О холбогдох хэсэг, Б******* дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжийн М.О холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагуудаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, тус шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Б*******-Эмнэлэг” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
[1] 2 дугаар хавтас хэрэг,