Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 00061

 

   Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн Ө.Оюумаа,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

хохирогч О.Ж, Ж.Д ,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2018/0023/Э индекстэй, 1815000070010 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Ц.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт Toyota Alphard маркийн 55-52 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг, 9.1 дэхь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүгээр сонгож явна” гэсэн заалтыг 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдын хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчиж О.Жаргалбаярын жолоодон явсан 78-66 УБГ улсын дугаартай Hyundai Portep маркийн тээврийн хэрэгслийг мөргөж О.Жаргалбаяр, Ж.Д  нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 9 цаг өнгөрч байхад эхнэр Б.Ундрахтай хамт Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу ажлаар явж байсан. Тухайн үед Булган аймгийн Рашаант сум руу явж байсан. Зам мөстсөн гулгаатай байсан. Би машиныхаа нэг дугуйг шороон дээр, нөгөө дугуйгаа зам дээр давуулж явж байсан. Осол болсон газрын наана нь мөс хөлдөөд овоосон байсан болохоор би зам руугаа орох гээд дарахад миний машин зам дээр гулгахад нь зогсоосон. Би хохирогч нарын тээврийн хэрэгслийг урдаас нь очиж мөргөөгүй ба миний машин хөндөлсөж жолооч талаас нь зогсож мөн адил Ж ын машин жолооч талаас нь зогссон. Тухайн үед миний унаж байсан тээврийн хэрэгслийн зүүн тал эвдрэл байхгүй байсан. Харин миний машин хөндөлсөж зогсоход Ж ын машины хажуу талаас нь орж миний машин зам дээр бүтэн эргэж зогссон. Тухайн осол гарсан өдөр би машинаасаа буугаад эхнэр Ундрахыг буулгаад цагаан өнгийн машин дээр очсон. Жолооч талаас нь очиж хаалгын татсан боловч хаалга нь гацсан байсан. Тэгээд зорчигч талаас нь очиход нэг эмэгтэй хүн орилоод байсан. Тэр эмэгтэйг гаргах гэтэл гарахгүй гэсэн жолооч нь тэр эмэгтэйн дээгүүр даваад гарч ирсэн ба буусныхаа дараа машиныхаа зургийг авч ар талд нь нэг машин зогсоод түргэн тусламж дуудаж өгсөн. Тэгээд түргэн тусламж болон цагдаа ирсэн. Би цагдаа нартай үлдэж хэмжилтийг хамт хийсэн. Харин манай эхнэр болон Ж , эхнэртэйгээ хамт эмнэлэг явсан. Тухайн үед би архи хэрэглээгүй байсан мөн эхнэр Ундрах зорчигчийн суудалд сууж явсан. 20 орчим км цагийн хурдтай явж байхад машин эргэж, тухайн үед замын нөхцөл байдал хүнд, асфалтан зам дээр хуруу зузаан мөс үүссэн байсан болохоор осол болсон. Осол болох өдөр үзэгдэх орчин хэвийн байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Ж өгсөн: Хохирол төлбөрийн хувьд өөрийн эзэмшлийн авто машины үнэлэгдсэн үнэлгээ болох 2.972.600 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн хувьд шинжээчийн дүгнэлтээр эхнэр бид 2-ын гэмтлийн зэрэг хүндэвтэр гарсан. Тухайн үед имра, томографийн болон бусад анхан шатны шинжилгээг өгсөн. Уг зардлыг нэхэмжилсэн. Өнөөдөр шүүх хуралдаанд тухайн хэрэг гарснаас хойш гарсан эмчилгээний зардал, авто машины үнэлгээний үнэ, замын зардал болох бензин, шатахууны үнэ нийт дүн 19,575,900 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д өгсөн: Нөхөр бид 2-ын хувьд тухайн осол гарснаас хойш физик эмчилгээнд орсон. Мөн цаашидаа хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Миний хийлгэх хагалгаа нь Монгол Улсад хийгддэггүй хагалгаа учраас Солонгос улс руу очиж хагалгаа хийлгэхээр шинжилгээнүүдийг өгч дууссан ба харин манай нөхөр Ж ын хувьд Монгол Улсад хийлгэж болох хагалгаа юм. Миний эрүүл мэндийн байдал муу байгаа бүх хөдөлгөөнүүд хязгаарлагдсан, чих дүнгэнэж, хамар битүүрдэг болоод шөнө унтаж чадахгүй 3 сарын хугацаа болж байна. Буруутай этгээдээс эмчилгээ болон замын зардал, машины үнэлгээний зардлыг нэхэмжилж байна гэв.   

1715002260015 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч О.Ж өгсөн:...2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би өөрийн эхнэр Д гийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хот руу хувийн хэвшлийн 78-66 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Бид 2 үдээс хойш 16 цаг өнгөрч байхад Булган аймгийн Рашаан сумын төвийг өнгөрөөд явж байтал Улаанбаатар хотоос баруун тийш чиглэлтэй явж байсан цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл урдаас ирж явснаа миний машинтай зөрөх үед гэнэт замын эсрэг урсгал руу урсгал сөрж орж ирээд машины маань урдаас мөргөсөн. Тухайн үед би тэр машиныг урсгал сөрөөд урдаас ороод ирэх үед замын баруун тал руу зайлж дараад зайлтал тэр машин урдаас ирж мөргөсөн улмаар би машинтайгаа замын баруун урд тал руу мөргүүлээд замын далангийн урд жалга руу орж зогссон байсан. Тэгээд би тухайн үед ухаан балартаж хэсэг шокийн байдалтай байж байгаад сэргээд хартал манай эхнэр мөн шоконд орсон байдалтай хажууд сууж байсан. Тэгээд би машинаас гарах гэтэл миний баруун жолооны хүрд арааны речукны суурь хооронд хавчуулагдаад хөдөлж болохгүй байхаар нь би оролдож байгаад хөлөө сугалж аваад машинаас буутал Toyota Alphard маркийн 55-52 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам дээр хөндөлсөөөд зогссон байдалтай жолооч  нь болох нэг залуу машинаасаа буугаад гараад зогсчихсон байсан. Тэгэхээр нь би тэр жолоочид түргэн дуудаарай гэж хэлээд буцаж машиндаа орж эхнэрийн хамт нилээн сууж байтал Рашаант сумын цагдаа, хүн эмнэлгийн хамт ирээд хэргийн газрын хэмжилт хийж би эхнэрийн хамт эмнэлгийн машинд суугаад явсан. Тэгээд эмнэлэгт бид хоёр үзүүлчихээд хотоос хүмүүс дуудаж машинаа ачиж явсан. Тэгээд нөгөөдөр нь гэмтлийн эмнэлэг болон шүүх эмнэлэгт ирж үзүүлсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/,

Хохирогч Ж.Д өгсөн:...нөхөр бид 2 машинтайгаа замын баруун урд тал руу мөргүүлээд замын далангийн урд жалга руу орж зогссон байсан..., манай нөхөр машинаас гарч машин мөргөсөн хүмүүстэй уулзаад буцаж машиндаа суусан. Тэр жолоочид түргэн дуудаарай гэж хэлж байсан..., хотод ирээд гэмтлийн эмнэлэг болон шүүх эмнэлэгт ирж үзүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/,

Гэрч Ж.Д өгсөн: ...нөхөр маань энэ машин гулгаад байна гэж хэлээд баруун тийшээ дарсан чинь Toyota Alphard маркийн 55-52 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл гулгаж ирээд мөргөчихсөн гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,

Гэрч Б.Ундрахын өгсөн: Би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны 10 цагийн үед Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг орохоор нөхөр Ц.Б хамт өөрийн эзэмшлийн Toyota Alphard маркийн 55-52 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж байгаад Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг “Мөргөцөг” гэх газар 16 цаг 40 минутын үед зам мөстэй халтиргаа ихтэй байхаар нь машиныхаа буруу талын 2 дугуйг замын хөвөө хэсгээр гарган явж байхад урд хөвөөн дээр овгор мөс байхаар нь зорчих хэсэг рүүгээ орох гэтэл араас машин ирж явсан. Тэгээд тэр машиныг гүйцэж түрүүлээд явахаар нь зорчих хэсэг рүүгээ ороод явсан чинь машин маань гулгаад урдаас ирж явсан Hyundai Porter маркийн 78-66 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зорчих хэсгийн эсрэг талд мөргөлдсөн гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны
11 дүгээр сарын 20-ны өдрийн 14024 тоот шинжээчийн дүгнэлтэнд:  1. О.Ж биед баруун өвдөгний үений арын холбоосны миниск болон урд чагтан холбоосны урагдал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэх /хх-ийн 67-68 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны
11 дүгээр сарын 20-ны өдрийн 14023 тоот шинжээчийн дүгнэлтэнд: 1. Ж.Д биед бүх биеийн доргилт, баруун зүүн мөр, баруун зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 78 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч эмчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2 тоот дүгнэлтэнд: 1. Ж.Д биед 2 мөрний эргүүлэгч шөрмөсний хэсэгчилсэн урагдал, 2 мөр сарвууны зөөлөн эдийн няцрал, биеийн доргилт бүхий гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /хх-ийн 85 хуудас/,

Булган аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №55 тоот дүгнэлтэнд:  1.Жолооч Ц.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангилалын 938078 тоот эрхийн үнэмлэхтэй хүчинтэй байна. Жолооч О.Ж  нь тээврийн хэрэгсэл жолоодох ВСДЕ ангилалын 123099 тоот эрхийн үнэмлэхтэй хүчинтэй байна. 2. Жолооч Ц.Б нь Монгол улсын ЗХД-ийн 8.2 дахь заалт “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт, мөн дүрмийн 9.1 дэх заалт “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалт мөн ЗХД-ийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Жолооч О.Ж  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. 3. Уг зам тээврийн осол, хэрэг гарах болсон шалтгаан нь жолооч Ц.Б буруутай үйлдлээс шалтгаалан гарсан байна гэх /хх-ийн 43-44 хуудас/, 

   Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн  15-20 хуудас/,

   Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-30 хуудас/,

   Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109 хуудас/,  

   “Ашид Билгүүн” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 543 дугаартай тээврийн хэрэглийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 57-60 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.  

         Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт Toyota Alphgrtd маркийн 55-52 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг, 9.1 дэхь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүгээр сонгож явна” гэсэн заалтыг 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдын хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчиж О.Жаргалбаярын жолоодон явсан 78-66 УБГ улсын дугаартай Hyundai Portep маркийн тээврийн хэрэгслийг мөргөж О.Жаргалбаяр, Ж.Д  нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ундрах, Ж.Д , хохирогч О.Жаргалбаяр, Ж.Д  нарын мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14024 тоот дүгнэлт,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14023 тоот дүгнэлт,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч эмчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2 тоот дүгнэлт, Булган аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №55 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Ц.Б гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарын биед хүндэвтэр хохирол учирсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нотлох баримтын хэмжээнд гарсан хохирлын төлж барагдуулна гэжээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нар эмчилгээний зардал болон замын зардал, биензин шатахуун, “Hyundai Portep” тээврийн хэрэгслийн үнэлгээний төлбөр 2.972.600 нийт 19.575.900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хавтас хэрэгт авагдсан автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар хохирогч нарын “Hyundai Portep” маркийн авто машины үнэлгээ болох 2.972.600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

Харин мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирогч нарын эмчилгээтэй холбоотой дараахи баримтуудаас нотлох баримтын шаардлага хангаж буй хохирогч Ж.Д , О.Ж  нарын шүүх шинжилгээний эмнэлэгт үзүүлсэн гэх 16.000 төгрөг, мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлсэн О.Ж  20.000 төгрөг, Гранд Мед О.Ж  20.000 төгрөг, Ж.Д  20.000 төгрөг, Монос эмийн сангийн 120.000 төгрөг, Натур толгойн зураг авахуулсан О.Ж  120.000 төгрөг, Ж.Д  360.000 төгрөг, О.Ж , Ж.Д  нарын хүзүү болон цээжний зураг нийт 240.000 төгрөг, О.Ж  физик эмчилгээ болон уламжлалт эмчилгээний 600.000 төгрөг, эмчилгээний төлбөр 60.000 төгрөг, СИ ЭЛ ДАБЛЬЮ ЭЙЧ эмчилгээний үнэ 238.300 төгрөг болон 308.900 төгрөг, 363.000 төгрөг, Монфа эмийн сангийн эмийн үнэ 45.180 төгрөг, Ж.Д  үзлэгийн үнэ 25.000 төгрөг, үзлэг 40.000 төгрөг, Ж.Д  үзлэгийн 437.100 төгрөг, 38.700 төгрөг болон нийт замын зардал нийт 4.021.080 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа 12.582.220 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.  

Эрүүгийн хариуцлага тооцож ял оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ц.Б 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байгаа боловч шүүгдэгч гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа, эрхлэсэн тодорхой ажилгүй, ар гэрийн болон хувийн байдал, хохирогч нарт хохирол төлбөрийг бүрэн барагдуулаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүх уг ялыг оногдуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

            ТОГТООХ нь:

1. Б овогт Ц. Б авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б машины үнэлгээ 2.972.600 төгрөг, хохирогч нарын эмчилгээ болон замын зардал 4.021.080 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ж.Д  О. Ж   нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.582.220 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай. 

6. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.ДЭЛГЭРМӨРӨН