Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/34

 

 

Б.*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: В.Төгсбаяр /цахимаар/,

Шүүгдэгч: Б.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Наранцацрал,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.*******д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч Б.******* нь Ж.*******ыг “...нүүрс тээвэр хийх замын зөвшөөрлийг албан ёсоор аваад өгчихөө, 200 000 000 төгрөг танд өгье...” гэж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр уулзахад нь “би чадна” гэж итгэл төрүүлэн улмаар 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын төвд Ж.*******тай уулзаж “зөвшөөрөл бэлэн болсон мөнгөө бэлнээр авчирсан уу, одоо хүн амьтантай уулзах гээд мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Хаан банкны ******* дугаартай өөрийн эзэмшлийн дансаар 100 000 000 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Б.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

          Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан Залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.*******д 15.000 /арван таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 15 000 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ж.*******ад учруулсан хохирол 100 000 000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Ж.******* нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие ямар нэгэн байдлаар урьдаас төлөвлөж хүн залилах сэдэл төрж, залилсан зүйл байхгүй. Ж.******* намайг таньдаг хүнээр маань судалж ирж уулзаж, "******* ******* транс" ХХК-ийн замаар явуулах асуудлыг зохицуулж өгөх юм бол тодорхой хэмжээний мөнгө өгөх талаар ярьсан.

Ингээд би хэд хоногийн дараа Өмнөговь тээвэр нэгдэл төрийн бус байгууллагын хүнтэй уулзаж ярилцаж байгаад эхний ээлжинд хэдүүлээ 10 машинаар явуулаад бололцоотой бол үргэлжлүүлээд явуулах талаар тохиролцсон.

Замын зөвшөөрөл гэж албан ёсны ямар нэгэн хуудас өгдөггүй. Би Ж.*******тай “******* **************” компанийн нүүрс тээвэрлэх зөвшөөрлийг ярьж өгсөн боловч Ж.******* удаа дараагийн мэдүүлэгтээ компанийн нэрийг зөрүүтэй ярьж мэдүүлсэн байдаг. Энд би маш эргэлзээтэй байгаа. Гэтэл анхан шатны шүүх миний энэ эргэлзээтэй байдалд дүгнэлт хийлгүй, гэрч, хохирогч Ж.*******ын удаа дараагийн мэдүүлэг, гэрч гийн мэдүүлэг, мөн миний мэдүүлгийн чухам аль нь үнэн зөв эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөхгүйгээр намайг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

Учир нь: Энэ асуудлыг мөрдөн байцаалтын шатанд хангалттай нотолж тогтоож чадаагүй. Миний шүүхийн шатанд хэлж мэдүүлсэн болон өмгөөлөгчийн тайлбар дүгнэлтэд дурдсан асуудлуудад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан хуулийн шаардлагыг анхан шатны шүүх хангаагүй гэж үзэж байна.

Миний бие хохирогч Б.*******аас 100 000 000 төгрөгийг авахдаа түүнийг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, сүсэг бишрэлийг далимдуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж авсан идэвхтэй үйлдэл хийх санаа зорилго байгаагүй. ******* өөрөө намайг олж ирж уулзаад байгаа хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т зааснаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотолж чадсан эсэхэд эргэлзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “эрүүгийн хэрэгт хамааралтай нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хууль тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар ялтан миний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хяналтын прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хэргийн зүйлчлэл болоод анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хэргийн гол агуулга нь нүүрс тээвэрлэх ажиллагаанд машиныг 100 000 000 төгрөгөөр явуулдаг ойлголт байхгүй. Энэ нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон байна. Тэгээд мөнгөө буцааж өгөөд хохиролгүй болгосон байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэв.

          Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* **************” компани нь "******* ******* транс" ХХК-ийн замаар нүүрс тээвэр явуулах талаар Ж.******* надтай ирж уулзсан. Үүн дээр эргэлзээтэй байгаа зүйл нь Ж.******* удаа дараагийн мэдүүлэг, гийн мэдүүлэг зөрүүтэй байна. Ж.******* анх 100 хувь хятадын хөрөнгө оруулалттай компани та тусалж өгөөч гэсэн. Тухайн үед ковидын үе байсан. Эхлээд 10 машин явуулж туршилт хийсэн. Бид 2 хамт явж хүмүүстэй уулзаад итгэл үнэмшил нь төрөнгүүтээ эхний ээлжид 100 000 000 төгрөг өгье гээд шилжүүлсэн. Тэгээд Ж.******* өөрөө дахин нүүрс тээвэр, ачих үйлдэл хийгээгүй. Мөн Ж.******* анх мэдүүлэхдээ 100 000 000 төгрөгийг би хувиасаа өгсөн гэж мэдүүлсэн. Хавтаст хэрэгт байгаа диск дээр 100 хувь хятад компанийн мөнгө буюу “******* **************” компанийн мөнгө гэж хэлсэн нь бичигдсэн байгаа. Мөн дараагийн мэдүүлэгтээ би Тэмүжин гэх найзаасаа 68 000 000 төгрөг аваад нэмж 100 000 000 төгрөг болгож өгсөн гэдэг. Тэмүжин нь “******* **************” компанид орчуулагчаар ажилладаг. Тэмүжин мэдүүлэхдээ “******* **************” компанид өөрийн компаниар гэрээ хийсэн түүний төлбөрийг шилжүүлсэн гэж хэлдэг. Гэтэл Ж.******* тухайн компанитай гэрээ хийсэн үгүй нь нотлогддоггүй. Хувь данс руу нь 68 000 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Миний гол эргэлзэж байгаа зүйл нь мөнгөний эх үүсвэрийг зөв тогтоогоогүй. Би тухайн мөнгийг Ж.******* буцааж шилжүүлсэн. Энэ мөнгө “******* **************” компанидаа очсон эсэх нь эргэлзээтэй байдаг. "******* ******* транс" ХХК-н замаар явах зөвшөөрөл албан ёсны бичиг баримт гардаггүй. Ж.******* мэдүүлгүүддээ зөвшөөрлийн хуудас гаргаж өгөөгүй гэж мэдүүлээд байдаг. Эхний ээлжид 10 машин явуулж үзээд мөнгө шилжүүлсэн. Бусдаар ямар нэгэн байдлаар урьдаас төлөвлөж хүн залилах сэдэл төрж, залилсан зүйл байхгүй. Анх 2021 онд манай үеэл тэй хамт ирж уулзсан. Урьд өмнө нь Ж.*******ыг таньдаггүй байсан гэв.

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Наранцацрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Прокурор зүгээс тухайн компанийн машин тээвэрт яваагүй гэж ярьж байна. Тухайн машин тээвэрт явсан, яваагүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоож чадаагүй. Ж.*******ын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэгт гэрээ байгуулж Чойр луу нүүрс тээвэр хийсэн гэж мэдүүлсэн. Миний үйлчлүүлэгч албан ёсны зөвшөөрөлгүй ч гэсэн төрийн бус байгууллагын хүнтэй нь уулзаж ярилцаад тохиролцоод энэ асуудлыг шийдсэн нөхцөл байдал Ж.*******ын мэдүүлгээс харагддаг. Мөнгө авсан үйлдэл хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд хэргийн бодит байдлыг үнэн зөв, эргэлзээгүй тогтоож чадсан уу гэдэг дээр эргэлзээтэй байдаг учраас гомдлоо бүрэн дүүрэн дэмжиж байна. Иймээс шүүгдэгч ашигтай байдлаар шийдэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.******* нь Ж.*******ыг “...нүүрс тээвэр хийх замын зөвшөөрлийг албан ёсоор аваад өгчихөө, 200.000.000 төгрөг танд өгье...” гэж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр уулзахад нь “би чадна” гэж итгэл төрүүлэн улмаар 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын төвд Ж.*******тай уулзаж “зөвшөөрөл бэлэн болсон мөнгөө бэлнээр авчирсан уу, одоо хүн амьтантай уулзах гээд мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Хаан банкны ******* дугаартай өөрийн эзэмшлийн дансаар 100.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ж.*******ын өгсөн: “...Би өөрийн ажилладаг " бадрах" ХХК-нийг Ханги руу явах замын зөвшөөрлийг авч өгье гэж *******д 100.000.000 төгрөг өгсөн юм... Би энэ 100.000.000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ******* сумын төвд бэлнээр *******д өгсөн юм... Зөвшөөрөл гаргаж өгнө гэж гэсэн. Би тэй Өмнөговь аймаг явж *******тэй уулзсан юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/, -Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.*******ын гэрчээр өгсөн “...Би Б.******* гэх хүнтэй ээр дамжуулж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймаг дээр очиж уулзсан юм... бид хоёр ******* гэх хүнтэй миний машинд бид гурав уулзаад би тэр хүнд “манай компани Говьсүмбэр аймаг руу нүүрс тээвэрлэлт хийж байгаа. Тэгээд Ханги Мандал руу явах шаардлага гарсан. Би нэг удаа 10 машинаар тээвэр хийсэн юм. Одоо тэгээд дахиад явах гэхэд "******* Хайрхан Транс" ХХК нь манайхыг манай зам гээд явуулахгүй байна. Танд таньдаг хүн байна уу. Тээвэр хийх замын зөвшөөрлийг авч өгч чадах уу” гэхэд тэр ах "би чадна" гэхээр би ******* ахыг "та албан ёсоор зөвшөөрлийг нь аваад өгчихөө, 200.000.000 төгрөг танд өгье” гэж хэлэхэд ******* "за тийм бол би хүнтэй уулзаад хариу өгье" гэж хэлээд бид нар салсан юм. Тэгээд гурав хоногийн дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би ******* ахтай ******* сумын төвд байдаг Цэций хорооллын автомашины зогсоол дээр уулзахад ******* ах “зөвшөөрөл бэлэн болсон мөнгөө бэлнээр авчирсан уу, одоо хүн амьтантай уулзах гээд мөнгө хэрэгтэй байна” гэхээр би тал мөнгийг одоо өгье гэж хэлээд *******гийн ХААН банкны данс руу 5 удаагийн гүйлгээгээр 100.000.000 төгрөгийг ХААН банкны картын гүйлгээг нь сонгож байгаад шилжүүлсэн. Тэр үед гүйлгээний нэр дээр Бандийн ******* гэж нэр нь гарч ирж байсан... Тэгээд түүнээс хойш би ******* ахтай уулзаагүй тоот дугаарын утас руу залгаж ажил төрөл юу болж байгаа талаар асуухад ******* ах "ажил чинь болчихсон явахгүй юу" гэж хэлсэн. Тэгээд орон нутгийн Таван толгойн 5 дугаар ам руу орж ачуулах гэхэд "Ти си" (******* *******ы 41- 6 товчилсон нэр) компаниас Ханги мандал руу явах замын зөвшөөрөл байхгүй байна. Тэр зөвшөөрлөө авчирч үзүүлээд ачилтаа хий гэж хэлсэн. Тэгээд би ******* ах руу утсаар ярихад "бүх юм ок болчихсон, би хийдэг юмаа хийчихсэн шүү дээ" гэж хэлсэн. Тэгээд удаагүй уурхай зогссон юм. Би тэгээд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ярихад ******* ах "одоо ямар ч мөнгөний боломжгүй байна, боломж олдвол хоёулаа уулзана, тэгээд ах нь мөнгийг чинь өгнө" гэж хэлсэн, чат бичихээр мөнгийг чинь өгнөө л гэдэг юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

Гэрч С.ийн өгсөн:  “...манай үеэл ******* намайг Улаанбаатар хотод гэртээ байхад утсаар залгаад “Нүүрсний ажил явуулах гэсэн юм, Өмнөговь аймагт таньдаг хүн байна уу юм асуумаар байна” гэхэд манай ээжийн ахын хүүхэд Өмнөговь аймагт ажилладаг юм гэж хэлчхээд би Өмнөговь аймагт байдаг ээжийн ахын хүүхэд болох ******* ах руу утсаар залгаад “манай аавын үеэл дүү нүүрсний талаар юм асуух гэсэн юм” гэхэд ******* ах хүрээд ирээ гэж хэлсэн... тэгээд би ******* ах ******* ах хоёрыг хооронд нь танилцуулсан юм. Тэгээд тэр хоёр танилцаад хоорондоо нүүрсний талаар ярилцаад байсан... тэгээд бараг хоорондоо 1 цаг гарантай ярилцаад салцгаасан юм... ******* нь “ бадрах” гэх нүүрс тээврийн компанитай юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,

Гэрч Д.ийн өгсөн: “...ер нь бол төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын дагуу нүүрсний гэрээ байгуулагддаг юм... Өмнөговь, Дорноговь аймгийн Засаг даргын шийдвэрээр “******* ******* транс” ХХК-ийн Ханги чиглэлд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулах эрхтэй юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/,

Гэрч М.гийн өгсөн: “...Би Ж.******* буюу Укад "Нүүрс тээврийн хөлс" гэж 83.860.000 төгрөгийг Хаан банкны тоот Ж.*******ын өөрийн эзэмшлийн данс руу шилжүүлж байсан... Ж.******* нь " бадрах” ХХК-ний захирлын үүргийг гүйцэтгэдэг байсан... Ж.******* нэг удаа "Хүнд мөнгө өгсөн, авах ёстой" гэх утгатай зүйл ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,

Б.*******гийн ХААН банкны ******* дугаартай дансны хуулга, 2021.11.04- ний өдөр 20.000.000 төгрөгөөр 5 удаагийн шилжүүлэг хийсэн гүйлгээ /хавтаст хэргийн 85 дугаар хуудас/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.*******г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Хаан банкны ******* дугаартай өөрийн эзэмшлийн дансаар 100 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.******* нь “... хохирогч Б.*******аас 100 000 000 төгрөгийг авахдаа түүнийг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, сүсэг бишрэлийг далимдуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж авсан идэвхтэй үйлдэл хийх санаа зорилго байгаагүй, ******* өөрөө намайг олж ирж уулзаад байгаа хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Түүнчлэн, шүүгдэгч Б.*******гийн хохирогч Ж.*******ыг ...нүүрс тээвэр хийх замын зөвшөөрлийг албан ёсоор аваад өгчихөө, 200.000.000 төгрөг танд өгье... гэж уулзахад нь дээрх зөвшөөрлийг албан ёсоор олгох эрхтэй этгээд биш атлаа, эсхүл дээрх зөвшөөрлийг албан ёсоор олгох эрхтэй этгээдтэй холбогдож зуучлах болон бусад байдлаар оролцсон үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй ба “би чадна” гэж итгүүлэн хуурч, “зөвшөөрөл бэлэн болсон мөнгөө бэлнээр авчирсан уу, одоо хүн амьтантай уулзах гээд мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Хаан банкны ******* дугаартай өөрийн эзэмшлийн дансаар 100.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Ж.*******ад 100 000 000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан “...үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний хүрээнд ял оногдуулахаар хуульчилсан.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.*******д 15.000 /арван таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсан нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

          3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

                                  ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                             Л.УГТАХБАЯР