2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 192/шш2025/04787

 

 

 

 

 

 

 

 

2025 06 04 192/ШШ2025/04787

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,*******,-т холбогдох,

 

Гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Булгантамир, хариуцагч Д.Буяндэлгэр, нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Булгантамир гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

1. Нэхэмжлэгч М.Булгантамир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний бие 2016 онд Д.Буяндэлгэртэй танилцаж, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэр болж, улмаар бидний дундаас 2017.11.17-ны өдөр охин Б.Танхилуун төрсөн. Бид хамт амьдарч байх 7 жилийн хугацаанд Д.Буяндэлгэр нь надад гар хүрч, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн. Бид энэ хугацаанд салж нийлэн амьдарч байсан боловч бүтээгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Б.Танхилууныг миний асрамжинд үлдээж, эцэг Д.Буяндэлгэрээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү ... гэв.

 

2. Хариуцагч Д.Буяндэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Надад ирсэн шаардлага дээр гэр бүл салалт асрамж, тэтгэмж гэсэн 3 шаардлага байсан. Энэ гурван шаардлагын би хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Харин нэхэмжлэгчийн сая хэлсэн нэмэлт шаарлагыг бол одоогоор хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гэхдээ би гэрлэлт цуцлууллаа гээд охиныхоон аав байхаа больсон гэсэн үг биш тусалж дэмжинэ. Хамтран амьдарч байх хугацаанд охины бүх зардал надаас гардаг байсан мэдээж тусалж дэмжинэ гэхдээ тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрч чадахгүй гэв.

 

3. Нэхэмжлэгч нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, гэрлэлт гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Монгол-Оросын хамтарсан дунд сургуулийн тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргийн хавсаргаж өгсөн байна.

 

4. Хариуцагч нотлох баримтаар: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Булгантамирын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч М.Булгантамир нь хариуцагч Д.Буяндэлгэрт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч М.Булгантамир нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

 

4. Нэхэмжлэгч М.Булгантамир, хариуцагч Д.Буяндэлгэр нар нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, гэрлэгчдийн дундаас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр охин Буяндэлгэрийн Танхилуун төрсөн болох нь талуудын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

 

5. Нэхэмжлэгч М.Булгантамир хариуцагч Д.Буяндэлгэр нар нь Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч эвлэрэл амжилтгүй болсон болох нь 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр нотлогдож байна.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14.3Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж заажээ.

 

7. Иймд нэхэмжлэгч М.Булгантамир нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хоорондын таарамжгүй харилцааны улмаас цаашид хариуцагч Д.Буяндэлгэртэй хамтран амьдрах боломжгүй талаараа тайлбарлаж байгаа, хариуцагч Д.Буяндэлгэр нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, зохигчид тусдаа амьдарч байгаа, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч энэ хугацаанд эвлэрээгүй, хэн хэнээс нь эвлэрэх оролдлого, санал санаачлага гаргаагүй байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

8. Нэхэмжлэгч М.Булгантамир, хариуцагч Д.Буяндэлгэр нарын гэрлэлтийг цуцалсантай холбоотой тэдний дундаас төрсөн охин Б.Танхилууны эцэг, эхийн хэнийх нь асрамжид үлдээх эсэхийг шүүх шийдвэрлэх учиртай.

 

9. Хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээж байгаа нь тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэнтэй нь тухайн хүүхэд байнга оршин суухыг тодорхойлж, хүүхдийн амьдрах газрыг тогтоож байна гэсэн ойлголт юм.

 

10. Гэрлэгчдийн дундаас төрсөн охин Б.Танхилуун нь эх М.Булгантамирын хамт түүний асрамжид эрүүл саруул өсч байгаа нь талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул охин Б.Танхилууныг эх М.Булгантамирын асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.

 

11. Нэхэмжлэгч М.Булгантамир, хариуцагч Д.Буяндэлгэр нарын дундаас охин Б.Танхилуун төрснөөр эцэг Д.Буяндэлгэр, эх М.Булгантамир нарт хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг үүссэн бөгөөд талууд тэтгэлгийн хэмжээний талаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй байна.

 

12. Хариуцагч Д.Буяндэлгэр нь охин Б.Танхилууныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгэх үүрэгтэй болно.

 

13. Нэхэмжлэгч М.Булгантамир, хариуцагч Д.Буяндэлгэр нар нь гэрлэлтээ цуцлуулсан эсэхээс үл хамааран үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдэнд суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, хичээлийн хэрэгсэл бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг тайлбарлах нь зүйтэй байна.

 

14. Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг Д.Буяндэлгэр нь охин Б.Танхилуунтай уулзах болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх М.Булгантамирт сануулах зүйтэй.

 

15. Талууд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

 

16. Нэхэмжлэгч М.Булгантамирын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Буяндэлгэрээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Булгантамирт олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Мэнгэт овогтой Мөнх-Одын Булгантамир, хариуцагч Хуунууз овогтой Дандий-Ядамын Буяндэлгэр нарын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д тус тус зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Буяндэлгэрийн Танхилууныг эх Мөнх-Одын Булгантамирын асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар охин Б.Танхилууныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Буяндэлгэрээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдусгай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар хариуцагч Д.Буяндэлгэрээс гаргуулах тэтгэлэгийг мөнгөн хэлбэрээр гаргуулсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг, эх гэрлэлээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг эх М.Булгантамир, эцэг Д.Буяндэлгэр нарт мэдэгдсүгэй.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг Д.Буяндэлгэр нь охин Б.Танхилуунтай уулзах, хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх М.Булгантамирт сануулсугай.

 

8. Талууд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

 

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /С.Солонго/-д даалгасугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч М.Булгантамирын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Буяндэлгэрээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Булгантамирт олгосугай.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ