2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 192/шш2025/04926

 

 

 

 

 

 

 

 

2025 06 09 192/ШШ2025/04926

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Биндэръяа, хариуцагч С.Эрдэнэсайхан, нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Биндэръяа нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

1. Нэхэмжлэгч Б.Биндэръяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний бие С.Эрдэнэсайхантай 2019 онд найзын харилцаатай байж байгаад 2020 онд үерхэж эхэлсэн. Бидний дундаас 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүү Биндэръяагийн Билгүүнномч төрсөн. Одоо хүү минь 4 настай болсон бөгөөд С.Эрдэнэсайхан нь хүүгээ төрсөн цагаас хойш өөрийн хүсэлтээр нэг ч удаа уулзаж байгаагүй бөгөөд санхүүгийн хувьд ч дэмжлэг үзүүлээгүй. Иймд хүү чийг миний асрамжинд үлдээж, эцэг С.Эрдэнэсайханаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна ...  гэв.

 

2. Хариуцагч С.Эрдэнэсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоход татгалзах зүйлгүй ... гэв.

 

3. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч тал нотлох баримтаар: хариу тайлбараа гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Биндэръяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Б.Биндэръяа нь хариуцагч С.Эрдэнэсайханд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч С.Эрдэнэсайхан нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

 

4. Нэхэмжлэгч Б.Биндэръяа, хариуцагч С.Эрдэнэсайхан нар нь 2019 онд танилцаж, хамт амьдарсан бөгөөд энэ хугацаанд 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүү Биндэръяагийн Билгүүнномч төрж, эхийн асрамжид эсэн мэнд бойжиж байгаа нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг баримтаар нотлогдож байна.

 

5. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж хуульчилжээ.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

 

7. Нэхэмжлэгч Б.Биндэръяа, хариуцагч С.Эрдэнэсайхан нар нь тусдаа амьдарч байгаа эсэхээс үл хамааран үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдарч байгаа нь энэ үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

8. Нэхэмжлэгч Б.Биндэръяа, хариуцагч С.Эрдэнэсайхан нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэдний дундаас хүү Б.Билгүүнномч төрснөөр эх Б.Биндэръяа, эцэг С.Эрдэнэсайхан нарт хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг үүссэн бөгөөд талууд тэтгэлгийн хэмжээний талаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй байна.

 

9. Мөн хүү Б.Билгүүнномч нь эх Б.Биндэръяагийн асрамжинд байдаг бөгөөд эх нь хүүхдээ өөрийн асрамжиндаа авна гэснийг хариуцагч С.Эрдэнэсайхан хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байх тул энэ нь хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.

 

10. Хариуцагч С.Эрдэнэсайхан нь хүү Б.Билгүүнномчыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

11. Иймд хүү Б.Билгүүнномчыг эх Б.Биндэръяагийн асрамжинд үлдээж, эцэг С.Эрдэнэсайханаас хүүхдийн тэтгэлэг тогтоож шийдвэрлэлээ.

 

12. Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг С.Эрдэнэсайхан нь хүү Б.Билгүүнномчтой уулзах болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Биндэръяад сануулах нь зүйтэй байна.

 

13. Нэхэмжлэгч Б.Биндэръяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эрдэнэсайханаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Биндэръяад олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д тус тус зааснаар 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Биндэръяагийн Билгүүнномчийг эх Б.Биндэръяагийн асрамжинд үлдээсүгэй.  

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.2-т зааснаар Биндэръяагийн Билгүүнномчийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Эрдэнэсайханаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдусгай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг, эх тусдаа амьдарч байгаа эсэхээс үл хамааран хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг эх Б.Биндэръяа, эцэг С.Эрдэнэсайхан нарт мэдэгдсүгэй.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг С.Эрдэнэсайхан нь хүү Б.Билгүүнномчтой уулзах болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Биндэръяад сануулсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.4-т зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийн шүүгчийн туслах /С.Солонго/-д даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжэлгч Б.Биндэръяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эрдэнэсайханаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Биндэръяад олгосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ