| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0060/Э |
| Дугаар | 00062 |
| Огноо | 2018-04-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 00062
Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,
улсын яллагч П.Шижиртуяа,
хохирогч У.Ариунтуяа,
шүүгдэгч Н.С , түүний өмгөөлөгч Д.Дарьбазар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Наранчулууны Н.С ад холбогдох эрүүгийн 1815000000057 дугаартай, 163/2018/0060/Э индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 44 настай, эрэгтэй, бүрэнд дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт, , урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Б овогт Н.С
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Н.С хохирогч У.А нар нь 1994 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн гэр бүл болж хамтран амьдарч 1 хүүхэдтэй болсон бөгөө 2014 оноос хойш гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч эхэлсэн. Яллагдагч Н.С нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ээжийнхээ гэрт Нэргүй гэх эмэгтэйтээ байх үед хохирогч У.А нь хардаснаас тэдний дунд хэрүүл маргаан үүсэж Н.С нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай У.А эрүүн тус газарт заазуураар зүсэж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С ын өгсөн: 2018 оны 04 дүгээр 06-ны орой 17 цаг 20 минутын орчимд гадаа түлээгээ хагалж байхад Нэргүй ирж манай гэрт орж юм ярьж сууж байхад А гаднаас орж ирж Нэргүйг үсдэхээр нь би салгасан. А манай гэрээс гарч байшингийн цонхнуудыг хагалсан. А хүргүүлж ирсэн таксигаараа буцаж явж Нэргүйгийн нөхөр Ууганбаяр гэх хүнийг дагуулж ирсэн. Тухайн үед би уурандаа ширээн дээр байсан заазуурыг авч гараад А хавсарч унагаагаад дээр нь гараад барьж байх үед А өөрөө толгойгоо өндийлгөөд эрүүн тус газраа зүсүүлсэн. Үүний дараа манай ээж ирж юу болсон талаар асуухад болсон үйл явдлыг ээждээ ярьсан. А өмнө нь цонх хагалсан байх үед цагдаа дуудсан байсан болохоор удаагүй цагдаа ирсэн. Тухайн үед би айсандаа заазуураа өвөлжөөний хашаа руу шидсэн байсан. Цагдаа заазуур хаана байна гэхээр нь би заазуур байгаа газрыг зааж өгсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.А өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр би үдээс өмнө хоолоо хийчихээд /хоол хийж байгууллагуудаар зардаг/ үдээш хойш нь Төрийн банкид зурагтныхаа хураамжийг тушаах гээд явж байтал Н.С над руу удаа дараа залгаж “чи хаана юу хийж яваа юм бэ” гэх мэтээр хэлэх хэлэхгүй үгээр намайг доромжилсон. Өмнө нь Н.С манайд ирж 2 хоноод явсан. Тэрний дараах өдрүүдэд надтай зүгээр ярьж байсан. Тэр өдөр байн байн залгаад хаана явж байна гээд хэл амаар намайг хэл амаар доромжилоход их гайхаад Н.С ыг хаана байгаа талаар асуухад “төвд явж байна” гэхээр нь би Н.С ыг гэртээ биш өөр газар байгаа юм байна гэж бодсон. Тэгээд би таксидаж ээжийнх нь гэрт очсон. Н.С ынд очиход гадаа хашааны хаалга нь дотор талаасаа цоожтой байхаар нь таксины жолооч ахыг гуйж хашааных нь дэгээг мулталж ортол байшингийнх нь дотор талын хаалга мөн цоожтой болохоор нь хүчтэй 2 угзархад хаалга онгойж Н.С ын гэрт нь ортол Нэргүй гэх эмэгтэй цагаан цамцаа товчилсон, хөл нүцгэн зогсож байсан. Харин Н.С цээж нь нүцгэн, женсин өмдтэй, хоёулаа гуталгүй байсан. Тухайн үед би Нэргүйд урьд нь “би чамаас эмэгтэй хүний хувиар гуйсан” талаараа хэлж мөн чамтай хэрүүл, зодоон хиймээргүй байна, чи Н.С бид 2-ын дундуур битгий ороорой, бид хоёр эргээд хамт амьдрах гэж байгаа бидний амьдралд битгий “гай бол” гэж хэлж Нэргүйг үсдсэн минь үнэн. Түүний дараа Н.С надад чамайг “хэн дуудсан” юм би өнөөдөр хүнтэй байна манайд яах гэж ирсэн юм гэж хэл амаар доромжилж янз бүр болж уурлаж хашгичиж байсан. Миний хувьд Н.С ад их гомдсон. Хэрвээ өмнө нь Н.С над дээр ирж “хүү та хоёртойгоо хамт” баймаар байна, би их архи ууж байгаагаа мэдэж байгаа үр хүүхдээ боддог гэж надад хэлээгүй байсан бол би тухайн өдөр Н.С ын гэрт нь очихгүй байсан. Миний хувьд үр хүүхдүүдээ бодож Н.С ыг архинаас гаргаж сайхан амьдрах байх гэж бодож түүний хийсэн буруу зүйл болгоныг уучилж салж чадахгүй 17, 18 жилийн хугацаа өнгөрсөн. Манай хүүхэд Анагаахын сургуульд сурдаг энэ жил сургуулиа төгсөнө. Н.С бид 2-ын тусдаа амьдрах болсон шалтгааны хувьд манай хадам аав нас барж манай нөхөр зүрх муутай ээж рүүгээ явж амьдарсан түүнээс бол бид 2 хэрэлдэж, муудалцаснаас болж тусдаа амьдраагүй байхад С г ингэж хэлэхэд нь гайхаж байна. Н.С тай харилцаа холбоотой хэд хэдэн эмэгтэй байдаг ба тэр эмэгтэйчүүд миний утас руу доромжилсон утгатай мессеж бичдэг. Бид хооё тусдаа амьдрах болсноос хойш би ар гэрийнхээ амьдралыг авч явдаг байсан. Тухайлбал би уул уурхайн компанид тогоочоор ажиллаж оюутан хүүхдийнхээ төлбөр, өвлийн түлш, түлээний мөнгө, ахуйн зардлыг бүгдийг нь би өөрөө ажиллаж олдог байсан. Харин өдийг хүртэл би Н.С аас нэг төгрөг авч байгаагүй, хүүхэдээ нэг ч удаа мөнгө өгж байгаагүй. Тухайн хэрэг явдал болохоос өмнө Н.С банкнаас 5 сая төгрөгний зээл авсан байсан бөгөөд хүүхэддээ 150,000 төгрөг өгсөн. Хадам ээж маань Нэргүй гэх эмэгтэйг харчихаад “чамайг яах гэж ирсэн” юм бэ би чамайг хөөж явуулдаг, чамайг хэзээ ч хүүтэйгээ суулгахгүй, чи яах гэж манайхаар ирдэг юм гэж надад хэлсэн. Өмнө нь Нэргүй Н.С 2 хамтдаа байгааг би мэдэх үедээ Нэргүйгийн нөхөрт нь зарим үед нь хэлж, заримд нь хэлж байгаагүй байсан. Учир нь Нэргүйгийн нөхөр нь зүрх муутай группт байдаг учраас тэр 2-ыг уулзах болгонд нь хэлдэггүй байсан. Тэр үед Н.С ын ээжийн гэрээс гарч гэрийнх нь цонхыг хагалчихаад гарч явахдаа Нэргүйгийн нөхрийг авчирна гэж хэлж Нэргүйгийн нөхрийг авчирхад Нэргүй уурлаж намайг цохиж үстэж, сүүлд хашаа руу гарч явахад гар руу хүртэл цохисон ба энэ талаар Нэргүйгийн нөхөр нь үгүйсгэдэг гэсэн. Тухайн хэрэг гарснаас хойш Н.С надаас мөнгө авах талаар огт асуугаагүй. Би 2 хүүхэдээ тэжээх гэж өдөр бүр ажилдаг С гаас мөнгө гуйж байгаагүй, сэтгэлээрээ хүүхэдтэй өгөх болов уу гэж боддог. Харин манай нөхөр надаас уучлалт гуйх болов уу гэж бодтол “би чамтай нэгийгээ үзэхэд бэлэн байна” гэж хэлж намайг дарамталсан болохоос биш нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Би С г ганц удаа хуурч байгаагүй байхад надад ингэж хандсанд их гомдолтой байна. Ганц удаа боловч миний эрүүл мэнд, сэтгэл санааны байдлыг асууж залгаж, уучлалт гуйгаагүйд их гомдож байна. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үед 500.000 төгрөгийг нэхэмжилсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд сэтгэл санааны хохирол, эрүү нүүрнийхээ шарх, сорви арилгах гэж тос авсны мөнгө нийтдээ 500.000 төгрөгийгг Н.С аас нэхэмжилж байна гэв.
1815000000057 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:
Гэрч Ц.Нэргүйгийн өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Н.С манай нөхрийн гар утас руу өөрийнхөө 99486174 дугаарын утсаар залгаад “Чи эхнэрээ надтай хардаад байх юм. Танай эхнэр надтай биш өөр хүнтэй явдаг. Хэнтэй явдагийг нь би очиж байгаад нүүрэн дээр нь хэлье” гээд яриад байсан. Тэгж ярихдаа жоохон халамцуу байх шиг байсан. Одоо очиж явна гээд байсан ба намайг ажилтай төв рүү орох гэсэн чинь “чи тийм болоод зугтаах” гэлээ гэхээр нь уулзчихаад явъя гээд би гэртээ бараг 2 цаг гаран хүлээж суусан. Тэгээд би ирэхгүй болохоор нь нөхөртэйгөө хэрэлдэж байгаад ажил дээрээ хүмүүстэй уулзах гэсэн байхгүй болохоор нь буцаад харих гээд холбооны урд явж байсан. Зүүн түрүүний таньдаг эгч таарахаар нь тэр эгчийн утсаар Н.С руу залгасан чинь гэртээ байна гэхээр нь би Н.С ын гэр лүү ганцаараа явган явж очсон. Гэртээ түлээгээ хагалаад граж руугаа түлээгээ зөөгөөд зогсож байсан. Тэгээд очоод гэр лүү нь ороод чи нөхөрт юу яриад байгаа юм очиж учраа ол гээд хэлсэн. Ээж дүүгийн хүүхдийг аваад ирнэ тэгээд хамт очье гээд маргалдаад сууж байтал гаднаас салсан эхнэр нь машинтай ирсэн ба эхнэр байна гээд гэрийнхээ хаалгыг цоожилсон. Тэгээд эхнэр нь хаалганы цүүг мулт татаад ороод ирсэн. Тэгээд намайг үсдэж аваад ноцолдож байхад Н.С салгаад эхнэрээ аваад гарсан. Тэгээд эхнэр нь манай нөхрийг авч ирнэ гэж хэлээд явсан. Тэгээд эхнэр нь манай нөхрийг аваад ирсэн. Тэгээд би нөхөртөө болсон явдлаа хэлээд байж байтал С гийн эхнэр Н.С руу хадаас авч шидээд гадаа ноцолдоод байж байсан буцаад орж ирэхэд Ариунтуяагийн уруулын доод талд 2-3 см хэмжээний юм уу гэмээр зүсчихсэн шархтай, цус нь гоожоод ороод ирсэн ба хутга аваад нөхрийгөө хатгана гэхээр нь би түүнийг салгаж аваад хутгыг нь цааш нь шидчихсэн. Тэгээд л ээж нь ирсэн ба бид нар зөрөөд гарцгаасан ба нөхөр бид хоёр гэрлүүгээ явсан гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,
Гэрч Ц.Н өгсөн: Би бага хүүгийн 2 хүүхдийг хараад төвд байранд амьдраад байгаа Баасан гаригт 2 хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь аваад амралтын өдрүүдэд гэртээ харьдаг юм. Тэр өдөр 19 цаг өнгөрч байхад таксидаж харьсан. Тэгсэн манай хүү, бэр, өөр нэг хүүхэн, нэг хархүү 2 байсан. Намайг очиход манай байшингийн 1 цонхын жижиг, жижиг шилнүүдийг нөгөө цонхны 1 шил гээд нийт 7 шилийг ташраар нь хагалчихсан байсан. Тэгээд би Ариунтуяаг хараад балмагдаж уур хүрээд “чи юунд ирж ингээд байдаг юм” гэж хэлсэн ба эрүүнээс нь цус нөж гарчихсан зогсож байсан. Тэгээд би эхэндээ цонхны шил хагалаад л эрүү амаа зүсчихсэн юм байх гэж ойлгоод гэрлүүгээ орсон. Тэгээд яриад байсан чинь заазуур болоод явчихсан. Тэгээд цагдаа ирээд заазуур хаана гээд асуухаар нь гэртээ байдаг хутга заазуур хийдэг шүүгээнд үзсэн байхгүй байсан. Тэгээд С гаас өөрөөс нь асуу гээд л С зааж өгч модон иштэй заазуурыг өвөлжөөний тэжээлийн хашаанаас авч өгөх шиг болсон. Тэр заазуур нь манай заазуур байх шиг л байна лээ. Тэгээд цагдаа аваад явцгаасан. Би өөрөө тэр өдрөө цонхоо шиллэж чадаагүй. Цонхны шил онгорхой хоноод 2 жаахан хүүхэд даарлаа гэж маргааш өглөө босож ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,
Гэрч П.У өгсөн:...эхнэр бид хоёрыг гэрт байхад л гаднаас эхнэр нь уруул доогуураа хөндлөн зүсэгдчихсэн, цус гараад нөжирчихсөн гаднаас ороод ирсэн. Тэгээд Н.С гаднаас орж ирэхдээ заазуургүй орж ирээд дахиж шүүгээ ухаж мухар Нерж гэсэн бичигтэй никель цагаан хутга аваад “эрүүгий чинь заана” гээд эхнэр лүүгээ дайрахаар нь манай эхнэр Н.С ын гараас хутгыг нь зууралдаж байгаад тавиулж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаартай дүгнэлтэнд: 1. Ариунтуяагийн эрүүнд шарх, баруун бугалга, шуунд цус хуралт, баруун дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь ир болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд хамаарахгүй гэх /хх-ийн 27 хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 77 дугаартай дүгнэлтэнд: 1. Ц.Нэргүйгийн биед зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт, баруун чихний дэлбэн, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болох үед үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх /хх-ийн 33 хуудас/,
гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/,
эд мөрийн баримт хураан авах тогтоол /хх-ийн 11 хуудас/,
яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28-29 хуудас/,
шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-53, 59-60 хуудас/,
урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-57 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.С нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ээжийнхээ гэрт Нэргүй гэх эмэгтэйтээ байх үед хохирогч У.А нь хардаснаас тэдний дунд хэрүүл маргаан үүсэж Н.С нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай У.Ариунтуяагийн эрүүн тус газарт заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч У.А, гэрч Ц.Н, П.Унарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 73 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Н.С гэр бүлийн хамаарал бүхий эхнэр У.Ариунтуяад бие махбодийн хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд шүүгдэгч Н.С ыг Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.С ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.С ыг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч У.Ариунтуяагийн биед хөнгөн хохирол учирсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч эмчилгээ болон сэтгэл санааны хохиролд 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа хэдий ч энэ талаархи нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон бариултай ажлын хэсгийн урт 17 см, ажлын хэсгийн өргөн 9 см хэмжээтэй заазуур 1 ширхэгийг устгах, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8,9, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Н.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үйлдсэн гэмт хэрэгт буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С ын нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянган/ төгрөгийн торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С ын нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. .
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон бариултай ажлын хэсгийн урт 17 см, ажлын хэсгийн өргөн 9 см хэмжээтэй заазуур 1 ширхэгийг устгах, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН