Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/35

 

Б.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Т.Солонго /цахимаар/,

Шүүгдэгч: Б.******* /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Наранцацрал, Н.Нарангарав,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнхийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.*******н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.*******д холбогдох ******* дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 12 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ХХК-д Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Б.*******н үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******н сэжигтнээр баривчлагдсан 2 /хоёр/хоногийн хугацааг эдлэх ял оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг флаш дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, мөн хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “ОА1М2Е АРР1КОЗЕМ” гэсэн бичиглэлтэй /гялгар ууттай жин 21 грамм/ гялгар ууттай ургамал мэт зүйл, “Цагаан цэнхэр өнгийн гялгар ууттай /ууттай жин 35 грамм/ ургамал мэт зүйл, “Рогёпгте” гэсэн бичиглэлтэй хар цаасан хайрцагт хар өнгийн гялгар ууттай /ууттай жин 5 грамм/ ургамал мэт зүйл, “Далан булаг” 330 мл хэмжээтэй дотор хэсэгтээ торогтой хуванцар сав 1 ширхэг, цэнхэр өнгийн судалтай саарал өнгийн даавуу оймс 1 ширхэг, АҮ0812766 серийн дугаартай хуйлж ороосон 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, Г хэлбэртэй шаргал өнгийн төмөр металл гуурс 1 ширхэг зэргийг зохих журмын дагуу устгахыг Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие хэргийн зүйлчлэл болон өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа маргах зүйл байхгүй болно. Харин анхан шатны шүүхээс надад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсч байна. Учир нь Би хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн мэдүүлж ирсэн, хохирол төлбөр байхгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулах ял шийтгэлийг зорчих эрх хязгаарлах ялаар сольж, надад нэг удаа итгэл хүлээлгэж, ял шийтгэлийг багасгаж өгнө үү. Би цаашдаа гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадна гэж хуулийн байгууллагад амлаж байна. Би цагдан хорих байранд хоригдож байхдаа маш их зүйлийг ойлгож ухаарсан, өөртөө маш их дүгнэлт хийсэн.

Мөн миний бие ам бүл 4-үүл, аав, ээж дүү нарын хамт амьдардаг. Аав. ээж маань малчин ажилтай, миний бие оюутан дүүгийнхээ сургалтын төлбөрт тус нэмэр болдог. Урд ямар нэг хэрэгт холбогдож байгаагүй. Иймд миний ар гэрийн байдал, амьдрал ахуй, гэм буруутай үйлдэлдээ дүгнэлт хийсэн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн тогтоож, надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө гэж чин сэтгэлээсээ хүсч давж заалдах гомдол гаргаж байна. Ялтан Б.******* миний давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

           Хяналтын прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцсэн. шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан тухайн эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй байна. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасны дагуу прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд тухайн хэргийг шийдвэрлэсэн. Мөн хулийн 39.7 дугаар зүйл буюу хуулийг буруу хэрэглэсэн, 39.8 дугаар зүйл буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт холбогдох болсон шалтгаан би түрүү булчирхайн шохойжилттой. Үүнээсээ болж сэтгэл санаагаар их унасан. Энэ өвчнийхөө талаар Н. ахад хэлэхэд ийм өвс байдаг талаар надад хэлсэн. Мөн үүнийг гадаад эрэгтэйчүүдийн өвчинд хэргэлдэг талаар болон сэтгэл санаа тайвшруулдаг гэж хэлсэн. Энэ өвчнөө эдгээх хүсэлтэй байсан тул тухайн ургамлын талаар судалж эхэлсэн. Тухайн ургамлыг гадаад сайтуудаас судалсан болохоор өөрийгөө ийм хэрэгт унагаж босгосон амьдралаа нураана гэж бодоогүй. 2023 он 09 дүгээр сард Улаанбаатар хот ороод буцах замд Төв аймгийн ойролцоо зорчиж явсан машины дугуй хагарч 20-30 минут саатсан. Тэр үед замын хажууд ургасан өвс дунд интернетээс харсан тухайн ургамалтай адилхан ургамал харагдахаар нь түүж авч **************д байрлах өөрийнхөө өрөөнд хадгалсан. Тухайн ургамлыг мөн бишийг нь мэдэхээр 2023 оны 12 дугаар сарын сүүлээр Н. ахтай уулзаад түүсэн ургамлаа харуултал мөн байна гэсэн. Тухайн ургамлаа яаж хэрэглэх талаар интернет болон Н. ахаас асууж 3 арга мэдэж авсан. Тэгээд миний өвчний зовуурь илрэх үед ганц нэг хэрэглэсэн. Тэгээд маргааш нь Н. ах нөгөө ургамлаасаа өгчих гэж мессеж бичсэн. Би орой нь Н. ахад өгөөд бид 2 гэх зоогийн газарт үлдээсэн. Тэгээд маргааш нь ******* ******* компанийн аюулгүйн алба болон ******* сумын мөрдөн шалгах албанаас ирж намайг баривчилсан. Өөрийн буруутай үйлдлийн улмаас 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэг жил хорих ялаар шийтгүүлсэн. Хоригдож байх хугацаандаа өөрийн буруутай үйлдлээ маш сайн ухаарсан. Энэ өвс ургамлыг маш ихээр жигшиж байгаа. Мөн дахин ийм төрлийн гэмт хэрэгт орооцолдохгүй гэдгээ амлаж байна. Мөн би ажил хийж байхдаа сард 2 000 000 төгрөгийн зээл төлдөг байсан. Намайг энэ хэрэгт холбогдсоноос хойш миний зээлийг ээж, аав 2 маань төлөх гэж маш их зүдэрч байгаа. Манай ээж, аав хоёр малчин хүмүүс. Жилдээ ганц орлоготой. Тэр нь ойр зуурын хэрэглээндээ таардаг. Миний эрүүл мэндийн байдал болон ар гэрийн байдлыг харгалзан үзээд дахин нэг боломж олгож ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч цагдан хоригдож байхдаа өдрийн тэмдэглэл хөтөлж байгаа. Миний үйлчлүүлэгч хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Бусдад төлөх төлбөргүй. Мөн өөрийн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн хэлэлцүүлгийн шат хүртэл хүлээн мэдүүлгүүдээ өгч байсан. Мөн шүүгдэгч түрүү булчирхайн шохойжилт, томролт гэсэн оноштой. Цагдан хоригдож эхэлснээс хойш өвчин нь сэдэрч, хүндэрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст эмчилгээ хийлгэж байгаа баримтуудыг нь хавтаст хэргийн материалд гаргаж өгсөн байгаа. Хорих ялыг хөнгөрүүлж, зорчих эрхийг хязгаарлахаар ялаар сольж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч түрүү булчирхайн шохойжилт, томролт гэсэн өвчнөөр өвчилснөөсөө болоод сэтгэл санааны гутралд ороод өөрийгөө нийгмээс тусгаарлах болсон. Мөн энэ өвчнийхөө талаар аав ээждээ ч хэлж чадалгүй шаналж явахдаа буруу хүмүүсийн ятгалагт орж мансууруулах ургамлыг худалдах зорилгогүйгээр биедээ авч явж энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Мөн Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн төрлийн гэмт хэрэг байна. Тиймээс анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчийг заавал нийгмээс тусгаарлан хорих шаардлагатай эсэх дээр шүүх эрх зүйн дүгнэлт хийж үзээсэй гэж хүсэж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Мөн шүүгдэгчийн өвчин улам сэдэрч хүнд хэцүү байгаа. Зөвхөн өвчин намдаах лаагаар шүүгдэгчийн өвчнийг намдааж байгаа. Тиймээс миний үйлчлүүлэгчийн ар гэрийн байдал болон хувийн байдал зэргийг нь харгалзаж үзээд хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэв.

         Прокуророос шүүгдэгч Б.*******г 2023 оны 12 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ХК-ний байранд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.

         Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

        Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг  зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй гэмт хэрэг тул гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах...зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг бүрэн хэрэгжүүлэх нь хуулиар хүлээсэн үүрэг билээ.  

         Прокурор яллах дүгнэлтдээ:...“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц. Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.

         Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг “хууль бус" гэж үзнэ.

         Хүний төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлөл үзүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бус аргаар, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр, хэрэглэхэд бэлэн болгосон аливаа үйлдлийг өөрөөр хэлбэл, мансууруулах бодисын зүйлийг гарган авах, түүний дотор бусад нийлмэл бодисоос цэвэршүүлэх, нэг төрлийн мансууруулах бодисоор өөр төрлийн мансууруулах бодис гарган авч байгаа бүх үйл явц, байгальд ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг түүж цуглуулсан, цэвэршүүлснээс гадна тэдгээрийг дахин боловсруулж, хувирган өөрчилсөн, тун орцыг нэмэгдүүлсэн буюу багасгасан, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авахыг хууль бусаар бэлтгэсэн гэж үзнэ.

         Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байрнаас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

         Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр, төлбөргүй буюу хариу төлбөртэйгөөр олж авах, бэлтгэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, илгээх, худалдан борлуулах зэрэг аливаа хэлбэрээр бусдад түгээж байгаа хууль бус үйлдэл хийсэн үеэс төгссөнд тооцогддог нийгэмд аюултай олон улсын чанартай үндэстэн дамнасан гэмт хэргийн нэг юм....гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

       Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.*******... миний бие нь 2023 оны 9 сарын 12-ны хавьцаа Улаанбаатар хот руу явсан юм. Тэгээд хотод 5-6 хоноод буцаж ирэх замдаа замын унаагаар явж байгаад Төв аймгийн тэнд дугуй нөхөх хооронд ажиглагдсан, замын хажууд ургасан ургамал байсан. Тэрийг болохоор гэдэг залуугаас сонсож байсан. Бас фэйсбүүк, инстаграм ер нь оймс болон футболк дээр зургууд нь байдаг. Тэндээс мэдэгдэхүүнтэй болсон. Тэгээд таньж мэдээд түүсэн. Тэгээд түүгээд ажил руугаа 9 сарын 20-д хавьцаа явсан байх. Тэгээд ажил дээрээ хадгалж байгаад 12 сард баригдсан...гэх мэдүүлэг өгсөн бол,

        Мөрдөн шалгах ажиллагааны үед:...Би 2023 оны 09 дүгээр сард Улаанбаатар ...хотод 5 хоносон байх. Тэгээд Өмнөговь аймаг руу буцах замдаа Төв аймгийн нутаг дэвсгэрт замын хажуу хэсэгт канабес төрлийн өвс байгааг харж ажигласан. Тэгээд би өвсийг хэдэн ширхгийг түүж зулгааж өвсийг аваад Өмнөговь аймаг руу авч явсан. Тэгээд би түүсэн өвсийг өөрийнхөө гар цүнхэнд байнга авч явсан, уг өвсийг өөрийн ажиллаж байрладаг “******* Толгой” ХХК-ийн байрандаа хадгалсан. Боломж гарах үед өвсийг тамхи ороодог цаасанд ороож хэрэглэсэн, гаансаар хэрэглэсэн. Хуванцар сав ашиглан хэрэглэх гэсэн боловч би хэрэглэж чадахгүй байсан.    

                 ...2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ах бид хоёр “*******  *******” ХХК-ийн тамхины цэг дээр уулзаж өвсийг татаж хэрэглэсэн байсан.  Өчигдөр 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өөрийн танил ах болох тэй фейсбүүк чатаар холбогдсон бөгөөд ах надаас өвс байна уу /бид нар хоорондоо ярихдаа өвсийг хэрэглэхдээ нөгөө юм чинь байна уу/ үг хэрэглэж хоорондоо ярилцдаг. надаас өвсийг хэрэглүүлчих гэсэн. Тэгээд би шөнийн ээлжид ажилладаг болохоор хоолны кемпийн гээсэн юмаа аваарай гээд самбарт үлдээхээр болсон. 11 цагийн үед хоолонд орохдоо авна гэж байсан. Би 2023 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 07 цагийн үед ажлаасаа буугаад хоолонд орж дуусаад гарахдаа гээсэн юмаа аваарай гэсэн самбарт цагаан өнгийн гялгар чихрийн уутанд хийсэн байсан өвсийг үлдээгээд явсан. Уг өвс нь миний гар цүнхэнд байсныг гаргаад үлдээсэн. Тэгээд үлдээсэн зургийг Н.гийн фейсбүүк чат руу явуулсан. /хх-н  84-р хуудас/ гэж тус тус мэдүүлжээ.

          Дээрх мэдүүлгүүдээс дүгнэхэд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисын төрөл болох өвсийг шүүгдэгч Б.******* нь “Төв аймгийн нутаг дэвсгэрээс түүж зулгаасан” талаараа удаа дараа тогтвортой мэдүүлдэг ба шүүгдэгчийн энэхүү өвсийг түүсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан 1 дэх хэсэгт заасан...сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн...шинжтэй эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

         Өөрөөр хэлвэл каннабес төрлийн өвсийг “Төв аймгийн нутаг дэвсгэрээс түүж зулгаасан” гэх шүүгдэгч Б.*******н мэдүүлэг дэх үйл баримт нь прокурорын яллах дүгнэлтэд “сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бус аргаар, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр, хэрэглэхэд бэлэн болгосон аливаа үйлдлийг”... “байгальд ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг түүж цуглуулсан, цэвэршүүлснээс гадна тэдгээрийг дахин боловсруулж, хувирган өөрчилсөн, тун орцыг нэмэгдүүлсэн буюу багасгасан, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авахыг хууль бусаар бэлтгэсэн гэж үзнэ” хэмээн тайлбарласантай нийцэж буй эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байна.  

            Түүнчлэн гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Би 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр *******т кемпийн тамхины цэг дээр *******тай таарсан. Бид хоёр ер нь хоорондоо холбоотой байдаг. ******* бид хоёр *******т кемпийн тамхины цэг дээр уулзаж байхад би *******гаас байна уу гэж асуухад байна гээд ******* өөрийнхөө өмсөж байсан гадуур хувцасны халааснаас гялгар уутанд бага хэмжээний өвстэй явж байсан. Тэгээд бид хоёр утаат тамхины дотор тамхийг гаргаж байгаад гаднах цаасанд ороож өвс ургамал хувааж татсан. Тэгээд бид хоёр салсан. Маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 09-ний өглөө *******гаас фейсбүүк чатаар юм байна уу /өвс байна уу/ байвал жоохныг өгчих гэсэн. ******* надад байгаа, байгаа заа гэсэн. Тэгээд бид хоёрын ажлын цаг таарахгүйгээр зөрж байсан учраас хоорондоо энэ талаар чатаар бичсэн, тэгээд ярилцаж байгаад кемпийн буюу ажилчдын хоолны газрын гарах хаалганы хэсэгт байх гээсэн, хаясан зүйлийг үлдээдэг хананы хайрцагт ******* үлдээчихлээ гээд чат бичээд зургийг нь над руу явуулсан. Тэгээд би 2023 оны 12 дугаар сарын 09-ний өглөөний 11 цагийн цайны цагаар кемп дээр цайгаа уучхаад гарахдаа гээсэн, хаясан эд зүйл байх хананы хайрцаг үзэхэд *******гийн үлдээсэн байсан чихрийн ууттай өвс байхгүй байсан. Гар утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд орой ажил тарах үерээ буюу 17 цагийн үед *******гаас үлдээсэн өвс байхгүй байсан талаар хэлэхэд өө яасан юм бол гэж хэлэхээр нь *******г худлаа хэлсэн гэж бодсон. Тэгээд би *******д хандаж чатаар өвс байвал өгөөч гэхэд байхгүй гэсэн. Ингээд оройны хоол идчихээд гараад явж байтал ******* Толгой ХХК-ийн Бамбай хамгаалалтын албаны алба хаагч нар тодруулах зүйл байна гээд цагдаагийн алба хаагчид хүлээлгэж өгсөн.../ХХ-ийн 42-р хуудас/  гэх мэдүүлэг өгсөн ба Н.гийн үйлдэл нь прокурорын яллах дүгнэлтэд тайлбарласанчлан “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр, төлбөргүй буюу хариу төлбөртэйгөөр олж авах” үйлдэл мөн эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.

        Н.гийн үйлдэлд зөрчлийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол хавтаст хэргийн 162–р хуудсанд авагдсан байх боловч түүнд зөрчлийн шийтгэл оногдуулсан эсэх нь тодорхойгүй байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй.

Б.*******н талаар хавтаст хэргийн 154,155 дугаар хуудсанд түүний холбогдсон гэмт хэрэгтэй ижил төрлийн зөрчлийн хэрэгт шийтгүүлсэн талаарх мэдээлэл авагдсан байх бөгөөд тухайн шийтгэврүүд хэрэгт авагдаагүйн улмаас түүний хувийн байдалд дүгнэлт хийхэд учир дутагдалтай байгааг дурдах нь зүйтэй.

        Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхив.

         Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Б.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

2. шүүгдэгч Б.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.

         3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

          5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

                                  ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                                             Л.УГТАХБАЯР